Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 10 сарын 12-н өдөр                    2022/

2023 оны 01 сарын 05                                2023/ДШМ/01                                   Хэрлэн сум

 

С.Э-, Г.Э-нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0078

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Ч,

Яллагдагчийн өмгөөлөгч: А.О-,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Э- /цахим/,

Яллагдагчийн өмгөөлөгч С.Н,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ийн бичсэн эсэргүүцлээр С.Э-, Г.Э-нарт холбогдох эрүүгийн 2239000000320 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            ...............................................

           

           

           .....................................................

 

Яллагдагч С.Э- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Бошго толгойн энгэр” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г.Э-тэй бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Э-ийн  эзэмшлийн хаваржааны хашаанаас 4  метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882.000 /найман зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Э-нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Бошго толгойн энгэр” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр С.Э-тэй бүлэглэж, машин механизм ........... улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Э-ийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882.000 /найман зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-с С.Э-, Г.Э-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Э, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2239000000320 дугаартай хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч .... нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч  нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт “...уг хяналт тавьж байгаа хяналтын прокурор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч С.Э-, Г.Э-нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж заасныг,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Энэ нь хэргийн оролцогч  нарын гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан байна гэжээ.

Яллагдагч нь С.Э-ийн өмгөөлөгч Б.Э-, А.О- нар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус прокурорын газарт хүсэлт гаргасан бөгөөд хяналтын прокуророос 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 43 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шийдвэрийг мөн өдөр 769 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч нарт мэдэгдсэн байна.

Өмгөөлөгч Б.Э-, А.О- нар хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан ба аймгийн ерөнхий прокурор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 26 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, хариуг мөн өдөр өмгөөлөгч нарт хүргүүлсэн байна.

Уг шийдвэрийг өмгөөлөгч Б.Э-, А.О- нар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Улсын Прокурорын газарт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан байна.

Эрүүгийн 2239000000320 дугаартай яллагдагч С.Э-, Г.Э-нарт холбогдох хэрэгт тус прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 281 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, мөн өдөр яллагдагч нарт тус бүр яллах дүгнэлтийг гардуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нар яллах дүгнэлт гардуулснаас 2 хоногийн дараа Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт үйлдэж гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...яллагдагч нь шүүх прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй...” гэж заасан.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана” гэх эрхээ эдэлж өмгөөлөгч Б.Э-, А.О- нар шат дараалан гомдлоо гаргасан болох нь дээр дурдагдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан хүсэлт, гомдлуудаас харагдаж байна.

            Үүнээс дүгнэхэд хэргийн оролцогч нарын гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна.

            Яллагдагч С.Э-, Г.Э-нар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Би Монгол хэл бичиг мэдэхгүй, үсэг мэднэ гэхдээ энэ удаагийн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Т-ыг оролцуулна...” гэж тус тус мэдүүлсэн байна. Яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан  тайлбартаа “...хуульд өмгөөлөгчөө өөрөө сонгоно гээд заагаад өгчихсөн байхад хууль зөрчсөн, өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг нь хангаагүй...” гэсэн байх тул үүнтэй холбоотой асуудлыг шалгаж тодруулах гэжээ.

            Тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б бүртгэлийн 3766 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын мэдүүлэг авах 213 тоот албан өрөөнд өмгөөлөгч Б.Т-г байлцуулан С.Э-ээс 12  цаг 00 минутад гэрчээр мэдүүлэг авсан байна.

            С.Э- нь гэрчээр мэдүүлэг өгөхийн өмнө “Би монгол хэл бичиг үсэг мэднэ гэхдээ энэ удаагийн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Т-г оролцуулна гэсэн. Мөн тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б бүртгэлийн 3766 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын мэдүүлэг авах 213 тоот албан өрөөнд өмгөөлөгч Б.Т-г байлцуулан Г.Э-с  20 цаг 20 минутад гэрчээр мэдүүлэг авсан байна.

            Г.Э-нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Б.Т-тай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд “өмгөөлөгч Б.Т, нөгөө талаас үйлчлүүлэгч Г.Э-нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан болно” гэжээ.

            Г.Э-нь гэрчээр мэдүүлэг өгөхийн өмнө “Би Монгол хэл бичиг үсэг мэднэ гэхдээ энэ удаагийн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Т-г оролцуулна” гэсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б ү нь яллагдагч С.Э-, Г.Э-с гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Б.Т-г нэр зааж тулгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж хуульчилсан байдаг.

            Яллагдагч С.Э-, Г.Э-нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож, прокурорын зүгээс үнэлээгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлж, гэмт хэрэг бусад байдлаар тогтоогдсон гэж дүгнэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч прокурор мөрдөгч тодорхой хүний нэрийг зааж тулгаж болохгүй” гэж хуульчилсан бөгөөд “гэрч” гэж заагаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 Хохирогч Н.Э нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг бичгээр гаргасан байх ба хохирогчоор 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “...би алдсан хашаагаа л олж авмаар байна...” гэх мэдүүлэг, мөн 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогчоор дахин “... Хэнтий аймгийн төвд ирээд Э-тэй  уулзсан чинь таны хашааг одоо очоод буцаагаад угсраад өгнө гэхээр нь та гомдолгүй гэж хэлээд өгөөч гэхээр нь би урьд өмнө алдсан хашааны мөнгө авна гэсэн гэтэл болно гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 19, билүү 20-ны өдөр хашааг буцаагаад барьж өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Э миний хохирол болох 3.000.000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай данс руу шилжүүлсэн...байх ба “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШД-286 дугаартай ...иргэн Н.Э-н 40 трубагаар хийсэн 7 ширхэг хашаа гэсэн эд хөрөнгүүдийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 882.000 төгрөг болно... гэх шинжээчийн дүгнэлт гарсан, мөн хашааг буцаан өгсөн байхад хохирогч 3.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр авсныг тодруулах гэжээ.

- Хохирогч Н.Э-ийн  3.000.000 сая төгрөг авсан үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байна гэж хэргийн оролцогч нар үзвэл тусад нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх нээлттэй байна. Мөн хохирогч Н.Э-ийн дээрх үйлдэл нь үндсэн хэргийн онолтой хамааралгүй тусдаа үйл баримт юм.

- Мөн Хохирогч Н.Э-ийн мэдүүлгийн зөрүү, гомдол саналгүй талаарх асуудлыг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хохирогчоос асууж, тодруулах, мэдүүлгийн зөрүүг гаргах бүрэн боломжтой юм.

 Хохирогчийн “...Миний бие хохирлыг барагдуулсан тул манай зүгээс гомдолгүй, өргөдлөө буцаах хүсэлтээ илэрхийлж байна...” гэх 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нотариатаар батлуулсан хүсэлт, уг нотариатчийн гэрчилсэн тодорхойлолтод 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэснийг засаж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болгож зассаныг ямар учраас засвар оруулсан эсэхийг тодруулах шаардлагатай.

- Хохирогч Н.Э нь хашаагаа буцааж авсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр илэрхийлж нотариатаар батлуулсан байх бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтад энэ талаар дурдсан байна.    

- Нотариатчийн баталсан баталгааны огноо засвартай байгаа нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхэд шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил биш бөгөөд шаардлагатай гэж үзвэл нотариатчаас тайлбар авах боломжтой. Мөн дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хохирогчоос асууж, тодруулах бүрэн боломжтой байсан.  

 “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарны 06-ны өдрийн №338 дугаартай...иргэн С.Э-ийн ....... улсын дугаартай HYUNDAI Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны байдлаар 9.200.000 төгрөг болно... гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба яллах дүгнэлтийн хавсралтад /үнэлгээ 9.240.772/ төгрөг гэж зөрүүтэй бичсэнийг тодруулах” гэжээ.

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 2022/ШД-338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...яллагдагч С.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ......... улсын дугаартай HYUNDAI Porter-2 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 10 дугаар сарын 06-ны байдлаар тохируулга хийсэн үнэ цэнэ 9.240.772 төгрөг болно...” гэж тусгасан байна.

- Шинжээчийн дүгнэлтийн 4.3-т Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд .......... улсын дугаартай HYUNDAI Porter-2 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 9.240.772 төгрөгийг бүхэлчлэн 9.200.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэжээ.

- Өөрөөр хэлбэл 9.200.000 төгрөг гэсэн мөнгөн дүн нь ....... улсын дугаартай “HYUNDAI” Porter-2 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ болох 9.240.772 төгрөгийг бүхэлчлэх хэлбэр юм.

           Иймд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2022/ШЗ/445 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч  А.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Бидний Улсын ерөнхий прокурорт гомдолд гаргасан гомдлын хариуг өгөөгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж байна. Прокурорын байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн босоо удирдлагатай байхаар хуульчилсан. С.Э-ээс гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаас хасаж өгөхийг хүсэж байна гэх хүсэлтийг прокурорт гаргахад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хангахаас татгалзаж, энэ талаарх мэдэгдэх хуудсыг бид хүлээн авч, 3 хоногийн дотор 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий прокурорт гомдол гаргасан ба гомдлын хариу мэдэгдэх хуудсыг авч дахин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Гэтэл прокурор хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрээ бидэнд хүргүүлээгүй байхдаа 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч С.Э-, Г.Э-нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлд зааснаар өөрсдөдөө ашигтай байдлаар зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт хяналт тавьж байгаа прокурор болон аймгийн ерөнхий прокурор хоорондоо зөвшилцөж байгаа мэт хандлага харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оролцогчийн эрхийг зөрчсөн. Улсын ерөнхий прокурорт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдлын хариу өнөөдрийг хүртэл гардаж аваагүй. Харин хавтаст хэрэгт хавсаргасан хариутай сая танилцлаа. Гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх эрхүүд зөрчигдөж байна. Гомдлын хариуг шүүх рүү шилжүүлчихсэн учраас өмгөөлөгч нар шүүхэд байгаа хэргийг татаж хянах боломжгүй гэдэг байдлаар Улсын ерөнхий прокуророос хариу өгсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан оролцогчдын эрхийг хязгаарласан үйл баримт нь ямар нэгэн байдлаар тайлбар хийж, буцаагдахгүй. Шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй юм.  Мөн С.Э-, Г.Э-нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Монгол хэл бичиг үсэг мэднэ гэхдээ энэ удаагийн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Т-г оролцуулна гэсэн байхад бичиг үсэг мэднэ гээд мэдүүлэг авч байгаа нь мэдүүлгийг ямар нөхцөл байдалтай нотлох баримтыг үйлдэж болох эсэх дээр асуудал үүсэж байна. Хохирогчийн хэлсэн үг, өргөдөл, гомдол ийм байна гэдэг байдлаар тулгаж мэдүүлэг авсан. Мэдүүлгээ засуулъя, авсан тоо хэмжээ зөрж байна гэх асуудлаар хүсэлт гаргахад эрхийг нь хязгаарлаад хангахаас татгалзсан. Прокурорын зүгээс гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгон ашиглахгүй учраас гэрчээр өгсөн мэдүүлгийг хасуулъя гэхэд яллагдагчаар татсан тогтоол буюу яллах талын нотлох баримт үйлдчихээд яллах дүгнэлтээс хасчихсан. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад мэдүүлэг өгөөгүй, өмнө өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй байна. Учир нь мөрдөгч нэг өмгөөлөгч дуудаад 50 000 төгрөгийн хөлс төлөөд мэдүүлэг авсан. Хяналт тавьж байгаа прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох тал дээр хэтэрхий хурдан, хэргийг шүүх рүү шилжүүлж байвал болно гэдэг байдлаар хандаж байна. Хэргийн бодит байдлыг тогтоож, гомдол хүсэлтийг шийдвэрлэж, юу болсон талаар мэдүүлэг авч, эрхийг нь хязгаарлахгүйгээр шалгах нь зүйтэй.

Хохирогч Н.Э нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “би алдсан хашаагаа л олж авмаар байна” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 хоногийн өмнө хашаагаа аваад бариулсан. Хашаа баригдаад зөрчигдсөн эрх, үүрэг сэргээгдсэнээс 2 хоногийн дараа дээрх мэдүүлгийг  өгсөн нь хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлэн хэрэглэж байна. Илт хууль бус гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь хайхрамжгүй хандаж болохгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсгийн заалтуудад шууд шалга гэж хэлээгүй, тодруулах гэж байгааг прокурор эсэргүүцээд байна. Хохирогч хашаагаа авчхаад 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг өгч, араас нь цагдаад өгчихнө шүү гэж хэлж, 3 000 000 төгрөгийг авсан. Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй эсэх, хохирогч хуульд заасан үүргээ зөрчсөн эсэх талаар шалгуулах шаардлагатай. Энэ асуудлыг тус тусад нь шалгана гэх байдлаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурор удаа дараа тайлбар өгч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах хуульд заасан үндэслэлүүдээс аль үндэслэлээр нь тусгаарлаж, тусад нь шалгах гээд байгаа нь ойлгомжгүй байна. 

Нотариатын гэрчилсэн тодорхойлолтод 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэснийг засаж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болгон засвар оруулсан гэх асуудал яригддаг. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийнх юм бол хохирогч хашаагаа бариулаад явахаасаа өмнө ийм байдлаар мөнгө авчихсан байсан. Нотариатын гэрчилсэн тодорхойлолтод хэн засвар оруулсан гэдэг дээр нотариатчийн гэрчилсэн үндэслэл, түүний дэвтэр дээр үзлэг хийгээд энэхүү асуудлыг шийдэх боломжтой. 300.000 төгрөгийг хохирогчид бэлэн бусаар данс руу нь шилжүүлсэн байхад ямар сонирхлоор засвар оруулж байна вэ, гэдгийг тодруулах хэрэгтэй. “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 338 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Мөрдөгч нь хавтаст хэргийн материал танилцуулсны дараа дээрх дүгнэлтийг гаргуулсан. Прокурорт хэрэг шилжүүлэхийн өмнөх өдөр С.Э-ийг өглөө нь дуудаад орой нь гарын үсгээ зур гээд зуруулаад, прокурорт хэргийг шилжүүлсэн. Энэ асуудлаа анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Анхан шатны шүүгчийн хувьд зөрүүтэй үнийн дүн байна, гэдэг байдлаар ярьсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч Б.Д нь  Б.Э- өмгөөлөгч бид хоёрыг Улаанбаатар хотоос гурван удаа дуудсан. Бид хоёр одоо Улаанбаатар хотоос гарч байна, хавтаст хэрэгтэй танилцана. Эхлээд  яллагдагчаар татсан тогтоолтой танилцъя гээд өглөө 6 цагт залгаад, 11 цагийн үед Хэнтий аймагт ирэхэд байхгүй байсан. Гэтэл Хэнтий аймагт очихын өмнөх өдөр мөрдөгч Б.Д сум руу ажлаар явчихсан байсан. Дараа нь дахин ярьж байгаад ирэхээр  өрөөндөө байхгүй ийш, тийшээ явчихсан байдаг. Эцэст нь хэлэхэд оролцогч нарын эрхийг хязгаарласан зөрчил одоо ч гэсэн арилаагүй байна. Хохирогчтой холбоотой 2-3 асуудлуудыг тодруулах шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй юм.  Нотариатчийн үйлдэлд хийсэн засвар, хэн нь засаад байгааг тодруулах нь зүйтэй. Эдгээр ажиллагаануудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

Яллагдагчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ шүүхээр гэм бурууг шийдвэрлүүлэхэд шүүхийн буцаасан 5 заалтад нөлөөлөхгүй. Гэм бурууг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэдэг байдлаар эсэргүүцэл гомдол гаргаад, шүүхэд тайлбар хэлж байна. Бидний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явагдахад хэрэг нотлогдсон эсэх, гэм буруутай эсэхэд маргаж гомдлыг гаргаагүй. Анхан шатны шүүхэд гаргасан гомдолд тухайн хэргийн оролцогчид С.Э-, Г.Э тэдгээрийн өмгөөлөгч Б.Э-, А.О-, С.Н нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж зөрчсөн асуудлууд яригддаг. Хуулиар олгогдсон эрхийг хангаж ажиллах ёстой байтал прокурор, мөрдөгч эрхийг зөрчиж байна. Энэ асуудлыг шалгуулж байж дараагийн асуудлыг шийдвэрлүүлнэ гэх талаар ярьсан. Анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэлт хийж, гардаж авсан баримтаар оролцогчдын эрхийг хязгаарласан байна, энэ асуудлыг шийдэхгүйгээр дараагийн асуудал үргэлжлэх боломжгүй гэж мөрдөн байцаалтад буцсан. Хэргийн оролцогчид, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалздаг. Гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай тогтоолд зааснаар 3 хоногийн дотор дээд шатны прокурорт дахин гомдол гаргахад мөн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, тэрхүү өдрөө хэргийг шүүхэд шилжүүлсэн.  Прокуророос 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, мөн өдөр хариу мэдэгдэх хуудсыг өмгөөлөгч нарт өгсөн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нарт хариу мэдэгдэх хуудсыг өгч 3 хоногийн дотор гомдол гаргах эрхээр хангах ёстой байсан. Гэтэл гомдол гаргах эрхээр хангахгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Хэргийн оролцогчид, өмгөөлөгч нар хуульд зааснаар гомдол гаргах, зөвшөөрөхгүй бол тухайн прокурорын шийдвэрийг дээд шатанд нь хянуулах эрхтэй. Энэхүү эрхийг зөрчсөн байна гэх асуудлыг шүүхэд гаргасан. Дараагийн эрх хязгаарласан асуудал нь хэргийн оролцогчид буюу яллагдагч С.Э-, Г.Э-нарын эрхийг зөрчсөн асуудал юм. Эдгээр хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үнэлэх эсэх асуудалд маргаагүй. Тэдгээрийн үндсэн эрх нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй, энэхүү эрхийг зөрчсөн байгаа тул шалгаж өгнө үү гэхээр прокурор шалгуулах шаардлагагүй. Яллагдагч нар өөрсдийн хүсэлтээр Б.Төгсбаяр өмгөөлөгчийг оролцуулан мэдүүлэг өгсөн байна гэх асуудлыг ярьсан. Үүнийг шүүгч тодруулан шалгаад эрх нь зөрчигдсөн байж магадгүй асуудал байна гэж үзсэн. Прокурор болохоор би үүнийг үнэлээгүй, яллах дүгнэлтдээ дурдаагүй гэж яриад байдаг. Гэтэл эсрэгээрээ баримтыг үнэлж,  бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байна гээд 2-8 жил буюу хүнд гэмт хэргээр ял сонсгоод эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэрчээр өгсөн нотлох баримтыг үнэлэх боломжгүй бол тухайн хэрэг хэзээ, хэрхэн, ямар сэдлээр, яаж үйлдэгдсэн гэх асуудал тодорхойгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан асуудал нь өмнөх баримтаар тогтоогдож байгаа тул зайлшгүй оролцогчдын эрхийг хангаж ажиллах ёстой гэж үзээд анхан шатны шүүх мөрдөн байцаалтад буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчид, өмгөөлөгч, тэдгээрийг төлөөлсөн хүн нь гомдол, хүсэлт гаргах эрхтэй, зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт хянуулах эрхтэй гэж  хуульчилсан байхад эрхийг зөрчөөд байна. Хохирогч 7 ширхэг эсвэл 30 ширхэг төмөр алдсан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч хэлэхдээ би урьд нь зөндөө олон төмөр алдсан учраас 7 ширхэг төмрийн асуудлыг төлүүлэхгүй, би алдсан төмрийн хохирлын хэмжээг авмаар байна гээд бүгдийг нь төлүүлсэн. Бодит хохирлын хэмжээ 800.000 гаруй төгрөг байсан. Хохирогч худал мэдээлэл өгсөн эсэхийг дахин шалгах шаардлагатай. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хашаагаа аваад бариулчихсан мөртлөө 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт би одоог хүртэл хашаагаа аваагүй, гомдолтой байна гэж мэдүүлсэн. Энэ нь үнэн зөв мэдүүлэг өгөх, гэрчийн мэдүүлгийн нотлох чадвар, үнэлгээний асуудал эргэлзээтэй байгаа болохоор шүүх шалгах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн аливаа шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны гарах ёстой. Өөрөөр хэлбэл хуулийг чанд сахин биелүүлэх шаардлага тавигддаг. Нэгдүгээр үндэслэлд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдол шийдвэрлэгдээгүй байхад хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснээр хэргийн оролцогчдын гомдол гаргах эрхээр хязгаарласан төдийгүй, энэ нь дээд шатны прокурорын бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл юм. Дээд шатны прокурор  гомдлын хариуг өгөх гээд байдаг. Гэтэл яллах дүгнэлтийг гардуулсан байгаа учраас гомдлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Прокурор гомдлын хариуг өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт байгаа гэж байна. Энэ нь оролцогчдын эрхийг хязгаарласан гэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Хоёрдугаар үндэслэлд, яллагдагч нарын өмгөөлөгчөө сонгох эрхийг нь зөрчсөн нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл Б.Т өмгөөлөгчийг оролцуулан мэдүүлэг авах ажиллагаа явагдсан. Тухайн үед хэргийн оролцогчдод өмгөөлөгчөө өөрөө сонгох, өмгөөлөгчтэйгөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, сонгосон өмгөөлөгчөө байлцуулж мэдүүлэг өгөх эрхтэй гэдгийг огт танилцуулаагүй. Хохирогчийн мэдүүлэгт мөрдөгчийн зүгээс асуулт, хариулт явагдаад мэдүүлгийг авсан. Прокурор хэлэхдээ яллах дүгнэлтэд дурдагдаагүй учир энэ мэдүүлэг яллах талын нотлох баримт болохгүй гэж байна. Хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд яллах талын нотлох баримт болсон гэх тайлбарыг хэлж байна. Гэтэл хохирогчийн мэдүүлэг нь эргэлзээтэй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа хашаагаа авчхаад, урьд нь хашаа алга болж байсан асуудал байгаа 3 000 000 төгрөг  өг, өгөхгүй бол Цагдаагийн байгууллагад өгнө гэдэг байдлаар худал мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл залилах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүссэн. Тус мэдүүлгийг прокурорын зүгээс яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримт болгон оруулсан. Ийм учраас хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж, мэдүүлэг нь үнэн зөв эсэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх эсвэл зөрчлийн шинжтэй үйлдэл эсэхэд эргэлзэж байна. Хохирогч нь яллагдагч нараас 3 000 000 төгрөгийг илүү авсан эсэх, тэрхүү мөнгийг заналхийлэх, хууран мэхлэх аргаар авсан эсэх эргэлзээг зайлшгүй шалгаж тодруулж, тус хэрэгтэй хамт шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эд хөрөнгийн үнэлгээний асуудал нь мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсны дараа мөрдөгчийн тогтоол үйлдэж, шинжээч томилон үйл баримтуудыг хийсэн. Хэдийгээр яллагдагч нарт мэдэгдэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шинжээч томилох ажиллагаа явагдаж, шинжээчийн дүгнэлт гарч, яллах дүгнэлт үйлдсэн асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр С.Э-, Г.Э-нарт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Прокуророос яллагдагч С.Э-ийн Г.Э бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Э-н эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882.000 төгрөгийн хохирол учруулсан болон яллагдагч Г.Э-ийн С.Э-тэй бүлэглэж, машин механизм .... А улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Энхтөрийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Б.Э-, А.О- яллагдагч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж зөрчсөн талаарх хүсэлтийг хяналтын прокурор 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хангахаас татгалзаж шийдвэрлээд энэ талаарх мэдэгдэх хуудсыг өмгөөлөгч нар хүлээн авч, 3 хоногийн дотор 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий прокурорт гомдол гаргасан ба гомдлын хариу мэдэгдэх хуудсыг 10 дугаар сарын 27-ны өдөр авч дахин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байна. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариу мэдэгдэх хуудсыг өмгөөлөгч А.О-, Б.Э- нарт хүргүүлсэн болох нь хариу мэдэгдэх хуудасны тэмдэглэгээ, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Прокурор өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрээ өмгөөлөгчид хүргүүлээгүй байхдаа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч С.Э-, Г.Э-нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “өмгөөлөгч мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах, 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй”,  15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

 

 “Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын факт”-ын 14 дүгээр зүйлийн 3 дахь заалтын b-д өмгөөлүүлэх  ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцах, мөн зүйлийн d-д хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх...”,

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 3-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй”,  

Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох”, 21 дүгээр зүйлийн 21.2,3 дах хэсэгт “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа хүсэгчид тодорхой өмгөөлөгчийн нэр зааж, тулгахыг хориглоно. Хүн, хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангахын тулд эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн мэдээлэл авах боломжоор хангах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хашааг буцаан өгсөн байхад хохирогч 3.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр авсан эсэх, дээд шатны прокурорт гомдол гаргах өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан, сэжигтэн, яллагдагч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсгийн 4-т нотариатчийн гэрчилсэн тодорхойлолтод засвар оруулсан эсэхийг шалгах, 5-д яллах дүгнэлтийн хавсралтад үнэлгээ зөрүүтэй бичсэнийг тодруулах гэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэхэд эдгээр нь ямар ач холбогдолтой талаарх дүгнэлтийг хийгээгүй байх тул эдгээр ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, яллагдагч С.Э-, Г.Э-нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох 1 дэх хэсгийн 1.2, 3-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн, хэргийн сэдэлт, зорилго”- ыг тогтоох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.   

Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-н давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэй  байх” хуулийн шаардлагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

           1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч—н  бичсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.Э-, Г.Э-тус бүрд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.ДЭНСМАА

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ГАНЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Г.БОЛОРМАА

 

                                                                                            Б.ДЭНСМАА