Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00985

 

“Шаргалжуут рашаан сувилал” ХХК, “Аварга тосон рашаан

сувилал” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02588 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1112 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дайверс” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал” ХХК болон “Аварга тосон рашаан сувилал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шаргалжуут рашаан сувилал” ХХК, “Аварга Тосон рашаан сувилал” ХХК нь “Дайверс” ХХК-тай 2015.3.02-ны өдөр “Программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2015.3.09-ний өдөр Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан.Ажил гүйцэтгэх гэрээг 2015.3.01-ний өдрөөс 2015.6.01-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн, нэвтрүүлж, актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу манай компани ажил гүйцэтгэгч талд 2015.3.31-ний өдөр гэрээний 20 хувийн төлбөр болох 9 785 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэвч ажил гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу хугацаандаа, чанартай доголдолгүй ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй болно. Гэрээнд заасан хугацааны дагуу 2015.4.08-ны өдрөөс эхлэн манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд захиалгын модулийг ашиглаж эхлүүлэхээр тохиролцсон боловч хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй.Нэмэлт гэрээнд зааснаар 2015.5.05-ны өдрөөс захиалгын модулийн багахан хэсгийг туршилтаар ашиглахад олон алдаа доголдолтой программ хангамж байсан. Үүнд санхүүгийн менежментийн программ хангамж нь Сангийн яамны албан ёсны зөвшөөрөлгүй, захиалгын модул нь манай байгууллагын ашиглаж ирсэн захиалгын программтай харьцуулахад сайжруулалт хийгдээгүй, ашиглалтын үйл ажиллагаа нь удааширч, илүү хүндэрсэн, хяналтын дэлгэц буруу хийгдсэн, одоогийхоос 6 дахин олон хуваагдсан, хяналтын тогтолцоог бүрдүүлэх боломжгүй, эрхийн бичиг буруу болон давхар бичигдэх, хэвлэгдэхгүй байх, хэрэглэгчийн код давхцах, хэрэглэгч шинээр бүртгэхэд алдаа заах, сувилуулагч өрөөгөө солих боломжгүй, мөнгөн дүн 2 дахин давхардаж харагдах зэрэг алдаа, доголдол байнга давтагдаж, нэг үйлчлүүлэгчийг 3-5 цаг хүлээлгэж байсан нь манай байгууллагын нэр хүнд болон үйл ажиллагаанд ноцтой доголдлууд үүсгээд байсан. Дээрх гарч буй алдаа, доголдлыг ажил гүйцэтгэгч “Дайверс” ХХК-ийн ажилтан, гүйцэтгэх удирдлагад удаа дараа амаар болон бичгээр хэлж, ярьж тайлбарлаж байсан боловч арга хэмжээ аваагүй тул 2015.6.09-ний өдрийн 1-17 албан тоотоор “Дайверс” ХХК-д шилжүүлсэн 9 785 000 төгрөгөө буцаан шаардахад буцаан төлөх үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн.Иймд “Дайверс” ХХК-иас 2015.3.31-ний өдөр шилжүүлсэн 9 785 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Шаргалжуут рашаан сувилал” ХХК “Дайверс” ХХК-тай 2015.3.02-ны өдөр байгуулсан Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний заалтыг удаа дараа зөрчиж байсны улмаас энэхүү төсөл хэрэгжээгүй. Хэрэглэгчийн шаардлагыг гаргаж өгөхгүй хугацаа алдсан, бизнес шаардлагаа буруу гаргаж өгсөн, гаргасан шаардлагаа байнга өөрчилж байсан, 2015.3.03-ны өдрөөс 2015.5.10-ны өдрийн хооронд 70 хоногийн хугацаанд захиалагчийн төсөл хариуцсан ажилтныг 3 удаа сольсон.“Шаргалжуут рашаан сувилал” ХХК Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.5, 2.2.7, 2.2.8-д заасныг тус тус зөрчсөн. “Дайверс” ХХК-ийн ажилтанууд 2015.3.03-ны өдрөөс 2015.5.10-ны өдрийн хооронд Шаргалжуут рашаан сувилал руу явж амралтын үйл ажиллагаатай танилцан, захиалагч талын ажилтнуудтай худалдан авалт, зарлага хийх, бараа материалын орлого авах, олон нийтийн захиалга авах, засварын дуудлага хүлээн авах, гүйцэтгэх талаархи шаардлага, праграмм нэвтрүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх, менежер Цолмонгийн хамт бааз бэлдэх буюу захиалагч талын компьютерүүдэд програм суулгах, хэвлэх баримтуудын форматуудыг хэлэлцэх, баазын үндсэн бүртгэл хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог гаргах, захиалгын модулийг хөгжүүлэх, тест хийх ажлыг “Дайверс” ХХК-ийн программист 2 хүн хийж гүйцэтгэх, менежер Цолмонгийн захиалагч талын ажилтнуудад бааз шивэх сургалт, программ шинэчлэх, хэрэглэгч гэх, бааз шивүүлж дадлагажуулалт хийсэн. “Шаргалжуут” рашаан сувилал ХХК, “Аварга Тосон рашаан сувилал” ХХК-ийн үйл ажиллагаанд шинээр Плутус программ нэвтрүүлж санхүүгийн модулийн системийн тохиргоог бүрэн хийсэн, хэрэглэгч ашигласан, санхүүгийн ерөнхий дэвтэр модулийн эхний үлдэгдлийг гүйцэд зоогоогүй, хэрэглэгч бүрэн бус ашигласан, авлага, өглөгийн модулийн эхний үлдэгдлийг гүйцэд зоогоогүй, хэрэглэгч ашигласан, мөнгөн хөрөнгийн модулийг 2015 оны 01 дүгээр сараас эхлэн шивэлт хийсэн, хэрэглэгч ашигласан, рашаан сувилалд тооллого хийж байсны улмаас үндсэн хөрөнгийн модулийн бааз бэлдэх ажил удааширсан, бааз дутуу, дотоод худалдан авалтын модулийг хэрэглэгч ашигласан, 2015 оны 1 дүгээр улирлын худалдан авалт хийж эхэлсэн.Төслийн хугацаанд “Дайверс” ХХК-ийн 2 программист ажиллан, 2 хүн нэвтрүүлэлт хийж, 70 хүн өдөр ажилласан, 9 модулийг ашиглалтад оруулсан. “Шаргалжуут” рашаан сувилал ХХК-ийн ажилтнууд “Дайверс” ХХК-ийн суурилуулсан модуль программыг ашиглан 2015 оны 03 дугаар сараас “Шаргалжуут” рашаан сувилал, “Аварга Тосон” рашаан сувилалд Улаанбаатар хотоос амрах 700 гаруй амрагчийн бүртгэлийг хийж 380 000 000 орчим төгрөгийн үнийн дүн бүхий захиалга авсан. Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн санхүүгийн ажилтнууд “Дайверс” ХХК-ийн суурилуулсан модулийг ашиглан 2015 оны компанийн гүйлгээ балансыг гаргасан байсан. Манай компани тухайн ажлын 30-40 хувийн төлбөр авалгүйгээр гүйцэтгэж урьдчилгаа төлбөрөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02588 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Дайверс” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 төгрөг буцаан гаргуулахыг хүссэн Шаргалжуут рашаан сувилал ХХК болон Аварга Тосон рашаан сувилал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 600 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1112 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “225 дугаар зүйлийн 225.1” гэж нэмж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн төлсөн 171 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2016.2.03-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч “Дайверс” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ болон дүрмийг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт тавьж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Учир нь тухайн өдөр хавтаст хэрэгт хариуцагч “Дайверс” ХХК-ийг нотлох нэг ч албан ёсны баримт бичиг байхгүй байсан. Иргэний хуулийн 25, 26 болон Компанийн тухай хуулийн 16, 83 дугаар зүйл заалтуудад заасны дагуу бол ...Компанийн дүрмээр ...компанийн гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл нь албан ёсоор баталгаажиж, тодорхой болох ёстой байдаг. Мөн хавтаст хэрэг авагдсан материалууд дундаас гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал нь тодорхойгүй байдаг. Анхан шатны шүүхийн 2016.3.30-ны өдрийн шүүхийн шийдвэртээ ...нэхэмжлэгч бапгууллагууд нь “Дайверс” ХХК-ийн суурилуулсан захиалгын модулын программыг устгасан эсэх, хэзээ устгасан, одоо ямар программ ашиглаж байгаа тухайгаа баримтаар нотлоогүй байна... гэсэн байна. 2016.2.03-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын талаас ...гэрээний дагуу бэлтгэл ажлаа хийсэн эсэх,   “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн 10 компьютер дээр суулгасан программ дээр шинжээч томилуулах тухай хүсэлт... гаргасан байдаг. Шүүх хариуцагч байгууллагын шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.Хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу компьютерийн программын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулаагүй байж, энэ талаараа шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосныг шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж хоорондоо зөрчилдөж байна гэж үзэж байна. Нөгөө талаас нэхэмжлэгч байгууллагын зүгээс ...тухайн программ нь шаардлага хангах, доголдож, байнга гацаж байсан тул устгасан... гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийн нягтан бодогч Д.Сэржханд шүүх хуралдаанд удаа дараа хэлж, тайлбарлаж байсан болно.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв болсон байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал” ХХК болон “Аварга тосон рашаан сувилал” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагчид гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Зохигч талууд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Программ хангамжийн нэврүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ““Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу байгууллагын удирдлагын нөөцийн программ хангамжийг нэвтрүүлэх, захиалагч нь ажлын хөлсөд 48 925 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсоныг шүүх Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй гэж үзсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болдог байна. Мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2.-т зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлдөг.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг 4 үе шаттай байхаар гэрээгээр тохиролцсон ба 1-р үе шат буюу баазын бүртгэл хийж, программд гүйлгээ хийж эхэлснээр төлбөрийн үнийн дүнгийн 20 хувийг төлөх үүргийг захиалагч хүлээж, 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9 785 000 төгрөг төлжээ. Дараагийн 3 үе шат буюу захиалгын модулийг ашиглаж эхлэх, программын гэрээнд заасан модулиудыг ашиглаж эхлэх, компанийн гүйлгээ зүгширч, программ хангамжийг үйл ажиллагаанд бүрэн ашиглаж, программ хангамжийг хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаагүй байхад захиалагч гэрээгээ цуцласан талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн явдал гэрээг цуцлахад хүргэсэн гэх нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл баримтаар нотлогдоогүй гэж хэргийн үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар, зохигчдын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээний 1.3.-т үндсэн гэрээний 5.4. заалтад заасан нөхцлөөр гэрээг цуцлахад хүрвэл захиалагчид нэвтрүүлэлтийн ажлын хөлсийг буцааж олгохгүй байхаар талууд гэрээний баталгаа болгон тохиролцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, харин шинжээч томилуулах тухай хариуцагч “Дайверс” ХХК-ийн хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрөхгүй татгалзсан санал гаргаж байсан ба шүүх шинжээч томилуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй байна \хх-ийн 187-189 дүгээр тал\. Хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нэхэмжлэгч талын саналд хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамж нийцсэн байх тул энэ захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, гаргах үндэслэлгүй байжээ. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд томилогдоогүй шинжээчийн гараагүй дүгнэлтийг заагаагүй байхад нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “... компьютерийн программын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулаагүй байж, энэ талаараа шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосныг шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж хоорондоо зөрчилдөж байна” гэж заасан нь үндэслэлгүй болжээ.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. эсхүл 38.9.-д заасныг удирдлага болгоогүй, улмаар захирамжид гомдол гаргах эрхийг анхаараагүй нь буруу боловч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1112 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН