Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 477

 

Ш.Н-ын нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Хөдөлмөр,

халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны  2  дугаар сарын  06-ны өдрийн Б/06  дугаар тушаалыг  хүчингүй  болгох, Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0497 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ш.Н

Хариуцагчийн өмгөөлөгч: О.М нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ш.Н-ыг ажлаас халах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Н-ыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ш.Н-ын ажилгүй байсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 120 хоногийн олговор 4906991 /дөрвөн сая есөн зуун зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0497 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 118/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжиннямын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын гомдол: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан үндэслэлээ “1-рт Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөөгүй, 2-рт Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн хяналтанд байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  нөхцөл байдлын үнэлгээ хийж тайлан, жагсаалтыг хугацаандаа ирүүлээгүй, 3-рт Ахмадын сувилалд графикийн дагуу ахмадыг амрааж, сувилуулах арга хэмжээг зохион байгуулаагүй, 4-рт 2017 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлт, тайланг хугацаанд нь ирүүлээгүй” гэсэн 4 удаа үр дүнгийн   гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж 2018 оны 02 сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас халсан. Уг тушаал дээр дурдсан “сахилгын шийтгэлтэй байсан, 2017 оны хагас жилийн тайлан, илтгэх хуудсаар “D” буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн” гэсэн нөхцөл байдлууд нь тушаалын үндэслэлүүд биш бөгөөд гагцхүү ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс тушаалыг гаргахдаа ийм нөхцөл байдлууд байсаар байхад ажилтан буюу нэхэмжлэгч алдаа дутагдлаа засах эрмэлзэлгүй, ажилдаа хайхрамжгүй хандсаар байсан буюу өөрөөр хэлбэл зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, тохирсон шийтгэл хүлээлгэж тушаал гаргаж байгаа гэдгийг дурдсан байдал ба анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанууд дээр үүнийг сануулж хэлж байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “сахилгын шийтгэлтэй байсан, 2017 оны хагас жилийн тайлан, илтгэх хуудсаар “D” буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн” нөхцөл байдлуудыг тушаалын үндэслэл болсон мэтээр эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэж шийдвэрлэсэн нь буруу юм.

4. Анхан шатны шүүх шийдвэртээ “Ахмадын сувилалд графикийн дагуу ахмадыг амрааж, сувилуулах арга хэмжээг зохион байгуулаагүй” нь зөрчил гэж үзсэн, харин давж заалдах шатны шүүх магадлалдаа “Ахмадын сувилалд  графикийн дагуу ахмадыг амрааж, сувилуулах арга хэмжээг зохион байгуулаагүй” нь зөрчил гэж үзээгүй, “Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн  хяналтанд байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж тайлан, жагсаалтыг хугацаандаа ирүүлээгүй” нь зөрчил гэж үзэж зөрчил гаргаснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзжээ. Хоёр шатны шүүх гаргасан зөрчлүүдийг ийнхүү 2 өөрөөр ойлгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болох юм. “Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн хяналтанд байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж тайлан ирүүлэх” чиг үүрэг нь Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд 2.2-т тусгагдсан, “Ахмадын сувилалд графикийн дагуу ахмадыг амрааж, сувилуулах арга хэмжээг зохион байгуулах” чиг үүрэг нь үр дүнгийн гэрээний “нэгжийн ажил үйлчилгээ 2.5” гэсэн хэсэгт тусгагдсан байдаг бөгөөд эдгээр чиг үүргүүдээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн   хяналтад байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын    үнэлгээ хийж, тайлан ирүүлэх үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс байгууллагад ямар хохирол учирсан нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч шалгаагүй хэмээн ажилтны албан үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, ажлын хариуцлага алдсан буруутай үйлдлийг байгууллагад хохирол учраагүй байна хэмээн зөвтгөж, ажил олгогчид хохирол учраагүй л бол ажилтанг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй мэтээр тайлбарлаж буй нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Нэхэмжлэгч ч анхан шатны шүүх хуралдаан дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх байгууллагад хохирол, хор уршиг учруулахгүй бол ажилтан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байж болно гэж ойлгогдохоор дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, буруу дүгнэлт юм. Харин давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал” хэсэгт “... нэхэмжлэгчээс ахмадуудыг амрааж, сувилуулах арга хэмжээ зохион байгуулах чиг үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа Завхан аймгийн Дөрвөлжин сумын 17 ахмад настан ахмадын сувилалд амраад байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч албан үүргээ биелүүлээгүй болохыг тодорхой харуулж байгаа юм.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь 2017 жилийн үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангаа хугацаандаа өгөөгүйг зөрчил гэж үзээгүй нь үндэслэлгүй бөгөөд 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнүүлэх ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний 4.2-т заасан хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тайлангаа бэлэн болгосон гэдгээ өөрөө анхан шатны шүүх хурал дээр хэлж хүлээн зөвшөөрсөн байдаг. Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 7-д “...хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь өөрөө хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба үр дүнгийн гэрээний 4.2-т заасан хугацаанд тайлагнаагүй, бүүр дүгнэх хугацаа өнгөрсний дараа тайлангаа өгч байгаа нь хугацаа хэтрүүлж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэл болж байгаа юм.

6. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.2-т “Менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй”  гэсэн заалтыг үндэслэж, нэхэмжлэгчид  шаардлага  тавиагүй,  хэрэгжилтийг хангуулахаар талаар арга хэмжээ аваагүй учраас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй гэж үзжээ. Гэтэл уг заалт нь эрхтэй болох талаар дурдсан бөгөөд уг журмын 2.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй”, 2.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө менежерт өгөөгүй нь  холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан байна.

7. Иймд, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 497 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            8. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан, “... сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг 3 удаа биелүүлээгүй, 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлан, илтгэх хуудсаар “D” буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн, 2017 оны жилийн эцсийн ажлын тайлан, илтгэх хуудсыг хугацаандаа гаргаж өгөөгүй, дүгнүүлээгүй зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Н-ыг үүрэгт ажлаас нь халсан, нэхэмжлэгчээс “... 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа... албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, ... зарим хугацаатай албан бичгүүдийн хариуг хугацаа хоцроож өгсөн нь үнэн боловч үүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халсан нь ... /хууль зөрчсөн/” гэж маргажээ.

10. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “...удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах/”-аар заасан, нэхэмжлэгч, хариуцагч нараас уг хуульд заасан төрийн албанаас халах урьдчилсан нөхцөл болох “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үйл баримт тогтоогдсон эсэх талаар маргаж байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх”-ээр, 19.З-т “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтоох”-оор тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг баталсан, уг журмын 1.1-д “... байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга... төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх”-ээр, 1.5-д “...гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь ...төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн ... болох”-оор тус тус заажээ.

12. Эндээс үзэхэд төрийн албан хаагчийн “албан үүргээ хангалттай биелүүлсэн эсэх” нь түүний үйл ажиллагааны үр дүн, “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтэд өгсөн үнэлгээгээр тогтоогдохоор байна.

13. Түүнчлэн дээрх журмын 2.3-т зааснаар харъяалах нэгжийн дарга нь “...гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн  тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 6.1-т “...гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийж, гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах”, 7.1-т “..гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн...”, “F” буюу хангалтгүй үнэлгээ авсан бол “төрийн албанаас халах” саналаа эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлэх байжээ.

14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ш.Н нь 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн илтгэх хуудсыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр багтаан дүгнэх эрх бүхий этгээдэд ирүүлэх үүргийг “Үр дүнгийн гэрээ”-гээр хүлээсэн боловч илтгэх хуудсыг “... 7 хоног хоцроож” ирүүлсэн, талууд уг үйл баримттай маргаагүй, тухайн тохиолдолд, хариуцагч “... хугацаа хоцроож ирүүлсэн” гэх үндэслэлээр Ш.Нын 2017 оны гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж, ажлаас халсан нь дээрх хууль, журмын заалтууд нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

15. Өөрөөр хэлбэл, “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх” нь тухайн албан хаагчийн Үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэсний үр дүнд тогтоогдох бөгөөд 2017 оны ажлын тайлангаа өгөх ёстой хугацаанаас “7 хоног хоцроож өгсөн” нь Үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тайланг хугацаанд тайлагнаагүй, бүүр дүгнэх хугацаа өнгөрсний дараа тайлангаа өгч байгаа нь хугацаа хэтрүүлж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

16. Түүнчлэн, “... Ахмадын сувилалд графикийн дагуу ахмадыг амрааж, сувилуулах арга хэмжээг зохион байгуулаагүй”, “...Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн  хяналтанд байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж тайлан, жагсаалтыг хугацаандаа ирүүлээгүй”, “... хуулийн төсөлд санал өгөөгүй” гэх зэрэг үйл баримтууд нь төрийн албан хаагчийн “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд хамааралтай, төрийн албан хаагч дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл, эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхдээ харгалзан үзэх үзүүлэлт болохоос бус шууд ажлаас халах үндэслэл болохгүй юм. 

17. Тухайн тохиолдолд, хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь Ш.Н-ын 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг жилийн эцэст дүгнээгүй атлаа “... үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргүүдээ биелүүлээгүй” гэж ажлаас халсан нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...  үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргүүдээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад шүүх зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

            18. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0497 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА