Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2024/0028

 

Баян-Өлгий аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Еркеш би  Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдох, “Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0145428 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг  тус тус хүчингүй болгох” гомдлын шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Тус газраас Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0145428 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд гаргасан энэхүү гомдлоосоо сайн дураар татгалзаж байна.

Гомдлоосоо татгалзсаны үр дагаврыг сайн ойлгож байгаа бөгөөд дахин энэхүү асуудлаар шүүхэд хандахгүй болно.

Иймд манай байгууллагын гомдлоосоо татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь   “Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0145428 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг  тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид  холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ