Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2024/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

              Нэхэмжлэгч: Б.С

 

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын хоорондын сумын Засаг даргыг огцруулах асуудалтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

 

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахимаар/,  хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

               1. Нэхэмжлэгч Б.С Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит 17 дугаар хуралдааны 97 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан.

 

              2. Нэхэмжлэгчээс   шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

              2.1. Б.С миний бие 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн төвд ажлаар явж байх үед урьд нь нурууны хагалгаанд орсон архаг өвчин сэдэрч хүндрэлтэй болсноор эмнэлэгт хандаж, улмаар эмчийн шийдвэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

              Гэтэл 02 дугаар сарын 01-ний өдөр манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж, намайг эзгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад миний тухай асуудал буюу сумын Засаг даргыг огцруулах тухай хэлэлцэж намайг хууль бусаар огцруулсан явдалд гомдолтой байна.

              2.2. Иргэнтэй холбогдолтой асуудлыг хэлэлцэх үед тухайн иргэн өөрөө байлцаж тайлбар, саналаа хэлэх эрхтэй. Намайг байхгүй хойгуур буруутган тухайн асуудлыг хэлэлцэн надад холбогдолтой шийдвэр гаргаж байгаад нь гомдолтой байна.

              2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  6-д зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй, мөн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг зөрчиж өөрийн тухай асуудал хэлэлцэх үед миний тайлбар тавьж үг хэлэх эрхийг минь хязгаарлаж иргэн хүн өөрийн тухай аливаа асуудлыг авч хэлэлцэхэд биеэрээ байлцах ардчилсан үндсэн зарчмыг зөрчиж байна.

              2.4.  Миний бие Төсвийн тухай хуулийн 8.5.3-д заасны дагуу сумын төсвийн төслийг 12 дугаар сарын 10-аас өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн ба 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан боловч тэд төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэхгүйгээр тухайн өдөр мөн намайг огцруулах санал оруулж, олонхоор ямар ч үндэслэлгүйгээр огцруулсан.

              Миний бие төсөв баталж өгөхийг хэчнээн хүсэж, гуйсан боловч эсэргүүцэж уг асуудлыг хэлэлцээгүй хойш нь тавьсан, өнөө хүртэл батлагдаагүй 60 хоног өнгөрсөн байгаа. Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын огцруулсан тогтоолыг аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд үндэслэлгүй гэж үзэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/64 дугаартай албан бичгээр буцаасан.

              Хуулийн дагуу нэг жилийн хугацаанд Засаг даргыг огцруулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахиж тавихгүй гэж хуульд тодорхой заасан байхад дахин оруулж хэлэлцээд огцруулсан тогтоол гаргасан нь илт хууль бус үйлдэл мөн.

              2.5. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд Засаг даргын орлогч У.А болон Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга, төрийн сангийн төлөөлөгч болон бусад холбогдох хүмүүс оролцож урьд нь өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийг баталж өгөхийг хүссэн боловч Засаг даргын эзгүйд түүний орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэсэн хуулийн заалтыг тэд мэдэхгүй орлогчийг тоож үзээгүй бас л төсөв батлаагүй байна. 

              2.6. 2023 оны 12 дугаар сард болсон хуралдаанаар мөн огцруулж, тухайн огцруулсан тогтоолын хариуг аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэлээр буцааж, хүлээн авахаас татгалзсан.

              Гэтэл зарим төлөөлөгч нар хэт улс төржиж, хууль бус зүйл гаргаж байгааг эсэргүүцэж шүүхэд хандсан.

              2.7. Иймд Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит 17 дугаар хуралдааны 97 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

              3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

              3.1. Нэхэмжлэгчийн зүгээс Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

               Нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 97 дугаартай тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хуульд нийцээгүй гэх дүгнэлтийг гаргаж байна. Нотлох баримт шинжлэн судлах явцад ямар нөхцөл байдал тогтоогдож байгаа вэ гэвэл нэгт, 1 дүгээр хавтаст хэргийн 124, 125 дугаар талд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 95,96 дугаартай 2 тогтоол байна.

              3.2. Уг 2 тогтоолын агуулгаас харвал, 95 дугаартай тогтоолоор сумын Засаг даргын ажлыг “хангалтгүй” гэж өөрөөр хэлбэл, 65,4 хувьтай гэдгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүгнэж, 96 дугаар тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засаг даргыг огцруулах шийдвэр гарсан байна.

              Уг тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилж улмаар аймгийн Засаг дарга Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 96 дугаартай Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

              3.3.  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын 1/64 тоот албан бичигт “Дэлүүн сумын Засаг дарга Б.С огцруулах тухай саналтай танилцаж үзээд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хүлээн авахаас татгалзах” гэж шийдвэрлэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан.

              3.4.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатны Засаг даргаас огцруулах шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн сумын Засаг даргыг дахин 1 жилийн хугацаанд огцруулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргах эрхгүй байгаа. Үүгээрээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна.

              3.5. 1 дүгээр хавтаст хэргийн 141-151 дүгээр талд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл байна.

              Уг хурлын тэмдэглэл болон   өнөөдрийн маргаж буй тогтоолд  “... Засаг даргыг хуульд заасан чиг үүрэг болон Хурлын шийдвэрийг “хангалтгүй” биелүүлсэн” гэдэг үндэслэлээр огцруулжээ.

               3.6. Энэ тохиолдолд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т зааснаар уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл,  2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай тогтоолыг гаргахдаа Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүрэг болон Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, уг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр огцруулсан.

              3.7. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан шийдвэртэй холбогдуулан  Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүрэг болон Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэх шийдвэрийг Хурал хэзээ хэлэлцээд тогтоосон юм бэ гэхээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэсэн байна. Тэгэхээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа.

              3.8.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

              3.9. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засаг даргын ажил “хангалтгүй” гэж дүгнэснээс хойш 15 хоногийн хугацаа өнгөрсний дараа 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хурлаас гарсан шийдвэртэй холбоотой тогтоол гарч байгаа нь хуулийн дээрх заалттай нийцээгүй гэж дүгнэж байгаа.

              3.10. Иймд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна.

              3.11. Шүүхээс шийдвэр гаргахдаа маргаан бүхий тогтоолын эцсийн үр дагавар бүхий шийдвэр нь аймгийн Засаг даргаас гарсан уу, тогтоол хэрэгжсэн үү гэдэгт шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мөн адил дүгнэлт хийж явах нь зүйтэй байх гэв.

              4. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              4.1.Нэхэмжлэгч Засаг даргаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр томилогдож, дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 төлөөлөгч гарын үсэг зурж, нэхэмжлэгчийг Засаг даргад нэр дэвшүүлсэн өдрийн хуралдааны процесс хууль зөрчсөн тул хуралдааныг хүчингүй болгуулахаар дахин хуралдаан зарласан юм. Тухайн хуралдаанд Б.С Засаг дарга оролцоогүй.

              4.2. Анх Б.С нэр дэвшүүлсэн өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож, шинээр нэр дэвшүүлнэ гэж аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг даргын орлогч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т зааснаар Б.С 1 жилийн хугацаанд огцруулах талаар санал тавихгүй байх тухай захирамж гаргасан.

              4.3. Уг захирамжийн дагуу 1 жилийн дотор сумын Засаг заргыг огцруулаагүй байсан. 2023 оны 10 дугаар сарын Хурлын төлөөлөгчид ээлжит чуулган зарлаж, “... сумын Засаг даргын үйл ажиллагаа болохгүй байна” гэж уг асуудлыг авч хэлэлцэж, аймгийн Засаг даргын орлогчид дахин санал явуулсан. Засаг даргын орлогчийн хувьд уг саналыг хүлээж авахаас мөн адил татгалзсан.

              4.4.  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан зарлахаар болж, тухайн өдөр төсөв хэлэлцэхээр болоод, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр жилийн эцсийн чуулганыг хийсэн.

              Тухайн эцсийн чуулганаар хэлэлцэх эхний асуудал нь сумын Засаг даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай байсан бөгөөд төлөөлөгчид 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг нь сонсож, сумын Засаг даргын ажил үүргийг 26 төлөөлөгчийн 22 нь “хангалтгүй” гэж дүгнэсэн.

              4.5.  Нэгэнт сумын Засаг даргын ажлыг “хангалтгүй” гэж дүгнэсэн тул хуралдааныг үргэлжлүүлэхийг эсэргүүцэж, Хурлын даргад уг асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж, хариу нь ирсний дараа дараагийн асуудлаа хэлэлцэх болно гэцгээж, уг санал дэмжигдэж, огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

               4.6. Дараа нь аймгийн Засаг даргын орлогч саналыг хүлээж авахгүй, хугацаа нь болоогүй гэх агуулгатай   Засаг даргыг огцруулахаас татгалзсан хариу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай бичиг хэрэгт ирсэн.

              4.7. Тэгэхээр 1 жил болоогүй гэсэн тул дахин 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдаан зарласан. Хуралдаан эхлэхээс өмнө бидэнд мэдээлэл ирээгүй. Хуралдаан эхэлж, хуралдааны нээлт хийх үед сумын Засаг дарга маань байхгүй байсан. Сумын Засаг дарга яагаад ирээгүй болохыг тодруулахад,  “өвчтэй аймгийн төвд байгаа” гэж хэлсэн. Хол газраас ирсэн төлөөлөгчид бүгд ”...  яагаад урьдчилсан мэдээгүй вэ, эмнэлгийн бичиг баримт байгаа” эсэхийг нь асуухад гаргаж өгөөгүй байсан. Тэр талаар хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа.

              4.8. Аймгийн Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр татгалзсан хариу өгсөн. Энэ хугацаанд 2 удаа огцруулах санал гаргахад хугацаа нь болоогүй, 1 жилийн дотор гэх заалтыг зөрчиж байгаа үндэслэлээр буцаасан. Харин энэ удаад тухайн 1 жил гэх хугацаа нь болсон гэх үндэслэлээр огцруулсан. Миний хувьд төлөөлөгчдөөс гаргаж байгаа шийдвэрийг албажуулж, гарын үсэг зурж холбогдох газарт хүргүүлсэн.

              4.9. Б.С нь Засаг даргаар томилогдсон өдрөөс эхлэн хурлын байгууллагыг үл тоож, гарсан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй, төсвийн мөнгийг хууль журмын дагуу зарцуулаагүй зэрэг алдаа дутагдал гаргасан юм.

              4.10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “бүх шатны Засаг дарга хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан боловч Б.С дарга нь хэрэгжүүлээгүй юм.

              4.11. Сумын орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх нийт ажлаас 12 дугаар багт баригдах биеийн тамирын талбай барих 19.5 сая төгрөгийн ажилд гэрээ хийгээгүйгээс болж огт хэрэгжээгүй, мөн 9 дүгээр багт баригдах тус бүр нь 19.5 сая төгрөгийн өртөгтэй 2 биеийн тамирын талбай барих ажлыг “У” ХХК-д шууд гэрээгээр олгож тус ажил эхлээгүй байхад тухайн ажлын төсөвт өртгийн 50 хувийн урьдчилгааг олгосон ба одоо хүртэл хэрэгжээгүй байна.

              4.12. Аймгийн замын сангаас тус сумын Хулжаа, Зөөлхний хөтөл, Нууртын замыг засахаар тус бүр 10 сая төгрөг хуваарилагдаж ирэхэд дур мэдэн өөрөө шийдвэр гаргаж засуулж, Нууртын зам засах ажлыг Хөх үзүүрийн зам засах гэж өөрчилсний улмаас зам засварын ажлууд бүгд дутуу хийгдсэн юм. Энэ асуудлаар 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр мэдэгдэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолын дагуу ажил гүйцэтгэх тухай анхааруулсан боловч хэрэгжүүлээгүй.

              Бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас 2023 оны Засаг даргад 8 удаа мэдэгдэл чиглэл хүргүүлэх тухай албан бичиг өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй ба тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй болно.

              4.13. 2023 онд сумын байгаль хамгаалах санд 68 сая төгрөг хуваарилж зарцуулах ажлуудыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасан боловч Б.С нь өөрөө дур мэдэн зориулалтын бусаар өөр юманд зарцуулсныг төрийн аудит болон Авлигатай тэмцэх газраас шалган тогтоож, буцаан  төлүүлсэн ба энэ үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

              4.14. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл 18 удаа хуралдахад Засаг дарга Б.Серикбол нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаар хуралдаан, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр хуралдаан, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар хуралдаан, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр хуралдаан, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар хуралдаан, 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар хуралдааныг үл хүндэтгэж хуралдаанд оролцоогүй юм.

              Энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дах заалтыг зөрчиж байна. Бид удаа дараа хуралдаан тасалсан Б.Серикболд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ авч байсан билээ.

               4.15. Б.С Засаг даргаар ажиллаж буй хугацаандаа олон нийтийн газар архи ууж танхайрсан агсаж тавьж, хүн зодож Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус торгуулах ялаар шийтгүүлсэн юм.

              Энэ үйлдэл нь сумын удирдах болон сэхээтэн хүнд байж боломгүй ёс суртахууны алдаа гэж дүгнэж байна.

               4.16. Хуралдаан  болгонд, Б.С өөрийн асуудлыг авч хэлэлцэх болгонд зориуд хуралдаанд оролцдоггүй өвчтэй байна гэсэн тайлбар өгдөг. Энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажилтан С.Н тодруулахад, 17 дугаар хуралдааны урилгыг Засаг дарга Б.С ажлын өрөөнд хүргэж өгөхөд “би хуралдаанд оролцохгүй, урилга хүлээж авсан баримт бичигт гарын үсэг зурахгүй” гэж хэлсэн нь өвчний улмаас хуралдаанд оролцоогүй биш санаатай хуралдаанд оролцоогүй гэсэн санаа гэж үзэхээр байна.

              4.17. Хуралдаан болохоос хэдэн хоног эсвэл өмнөх өдөр нь яагаад хурлын албанд мэдээлж болдоггүй юм бэ, төлөөлөгчид бид 7 хоногийн өмнө зарласан хуралдааныг  заавал хийнэ гэж санал нэгтэй дэмжсэн юм.

              Бид удаа дараа ёс зүйн алдаа гаргасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биелүүлээгүй, ажлаа “хангалтгүй” хийсэн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргаж, дараа нь төсвөө батална гэсний дагуу Засаг даргыг огцруулж бусад асуудлыг дараа нь хэлэлцэхээр болсон тул одоо хүртэл сумын төсөв батлагдаагүй, аймгийн Засаг дарга хариу ирүүлээгүй манай сум хүнд байдалтай байна.

              4.18. Иймд нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн үзэж, Б.С нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

              1. Нэхэмжлэгчийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаар тогтоолыг[1] хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

             

              2. Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит XVI дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд зааснаар  сумын Засаг даргын 2023 оны ажлын тайланг сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцээд, нийт 26 төлөөлөгчийн 17 буюу 65 хувийн  саналаар түүний ажлыг “хангалтгүй” гэж дүгнэн тухайн өдрийн 95 дугаар тогтоолыг[2], мөн уг тогтоолыг үндэслэж  сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцээд 21 төлөөлөгч буюу 80.7 хувийн саналаар сумын Засаг даргыг огцруулах тухай 96 дугаар тогтоолыг[3] тус тус баталж  аймгийн Засаг даргад хүргүүлснээр аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/64 дугаартай албан бичгээр[4] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хүлээж авахаас татгалзжээ.

             

              3.  Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22 төлөөлөгчийн ирцтэйгээр  ээлжит XVII  дугаар хуралдааныг хуралдуулж, хэлэлцэх асуудалд тусгасан  сумын Засаг даргыг огцруулах асуудлыг дахин хэлэлцээд санал хураалтад оролцсон 22 төлөөлөгчийн 17 төлөөлөгч буюу 73.9 хувийн саналаар сумын Засаг дарга Б.С “...Төсвийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн нь аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон, Засаг даргын хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг болон хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах  санал бүхий тогтоолыг гаргаж Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн, аймгийн Засаг даргаас энэ саналтай холбогдуулан огцруулах эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг  гаргаагүй байна. 

             

              4. Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд биечлэн оролцож, 2023 оны сумын Засаг даргын хийсэн ажлын тайланг танилцуулсан, түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэхээс өмнө хуралдааныг орхиж гарсан,  мөн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд оролцоогүй, тухайн өдөр аймгийн Жаншарапат дотрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

             

              5. Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  хуралдааны 95,96 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэл[5], 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэл[6],  аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/64 дугаартай албан бичиг, Жаншарапат дотрын эмнэлгийн 165 дугаартай өвчний түүх[7] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             

              6. Засаг даргыг огцруулах асуудлыг  зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” гэж Хурлын бүрэн эрхэд  олгосон байх ба огцруулах үндэслэл нь хуульд заасан үндэслэл байхыг хуулиар шаарджээ.

           

7. Засаг даргыг огцруулах хуульд заасан үндэслэлүүдийн талаар хуулийн 64 дүгээр зүйлийн  64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.1-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон”, 64.2.2-т “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн”, 64.2.3-т “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан”, 64.2.4-т “Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан”, 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр, 65 дугаар зүйлийн  65.1.1-т “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.1.2-т “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэж тус тус хуульчилжээ.

           

8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.5-т “нутгийн өөрөө удирдах байгууллага ...”, 24 дүгээр зүйлийн  24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”,  25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт ...-ыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.

 

9. Энэ маргааны хувьд, хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгчийг байлцуулж сумын Засаг даргын 2023 оны ажлын тайланг хэлэлцэн “хангалтгүй” гэж дүгнэсэн боловч түүнийг огцруулах буюу түүний эрх ашиг, сонирхлыг хөндөж болзошгүй шийдвэр гаргах   үед    түүнээс тайлбар авах, санал гаргах боломж олгохгүйгээр, эрүүл мэндийн байдлын улмаас  хүндэтгэн үзэх шалтгаантай, эзгүй  байхад  нь сумын Засаг даргаас огцруулах тухай бие даасан  захиргааны  шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна..

 

10. Хариуцагчаас “ ...  Б.С сумын Засаг даргаар  нэр дэвшүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны шийдвэрийг  2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар бүхэлд нь хүчингүй болгож, сумын Засаг даргад шинээр дэвшүүлэх талаар аймгийн Засаг даргад санал гаргахад, аймгийн Засаг даргын орлогчоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2-01/63 дугаартай албан бичгээр[8] шинээр нэр дэвшүүлсэн А.Н Засаг даргаар томилох саналыг хүлээж авахаас татгалзаж, Засаг даргыг огцруулах асуудлыг 1 жилийн дотор дахин тавихгүй байх талаар мэдэгдсэн, үүний дагуу  1 жилийн хугацаа өнгөрсөн тул 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргыг огцруулах тогтоол гаргасан.

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/64 дугаартай албан бичигт  хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т зааснаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хүлээн авахаас татгалзсаныг хуульд заасан 1 жил өнгөрөөгүй гэж ойлгосон” гэж тайлбарлажээ. 

 

11. Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй” гэж заасан байх ба уг хуулийн заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үндэслэлээр  сумын Засаг даргыг огцруулах саналыг гаргаж (1), аймгийн Засаг даргад хүргүүлсэн тохиолдолд аймгийн Засаг дарга 14 хоногийн дотор огцруулах, эсхүл татгалзах шийдвэр гаргах (2) ,  хэрэв татгалзсан  тохиолдолд  1 жилийн дотор огцруулах саналыг дахин тавихгүй байх (3) асуудлуудыг нарийвчлан зохицуулжээ.

 

12. Хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын албан бичигт “... хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4.-т зааснаар Хурлын саналыг хүлээж авахаас татгалзав” гэж ерөнхий агуулгаар тусгасан байх бөгөөд сумын Засаг даргыг огцлуулах тухай анхны тогтоол гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан эсэх, эсхүл  хуульд заасан эрхийн хүрээнд уг саналыг  шинээр гаргасан санал гэж үзээд хүлээж авахаас татгалзсан эсэхийн  аль нь болох нь тодорхойгүй байна.

 

 13. Аймгийн Засаг дарга нь   хэрэв хариуцагчийн тайлбарласанчлан “... өмнөх албан бичгийн дагуу 1 жилийн дотор сумын Засаг даргыг огцруулах асуудлыг  хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад огцруулах асуудлыг дахин тавьсан үндэслэлээр татгалзсан,  уг хугацаа өнгөрсний дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан” гэх агуулгаар ойлгох тохиолдолд, энэ нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн  65.2-т  заасан “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

14. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хариуцагч нь хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т заасныг тусгасан байх бөгөөд  2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар сумын Засаг даргын 2023 оны ажлыг “хангалтгүй” гэж дүгнэсний дараа  буюу 1 сар 15 хоногийн дараа хуралдаанаар хэлэлцэж огцруулах санал гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчсөн, хуулийн дээрх заалттай нийцээгүй байх бөгөөд  энэ асуудлаар  маргасан нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

15. Түүнчлэн, хэрэв аймгийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас гарсан сумын Засаг даргыг огцруулах саналыг өмнөх хугацааны асуудлаар бус,  шинээр гаргасан санал гэж үзэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд  хүлээн авахаас татгалзсан тохиолдолд 1 жилийн дотор  уг асуудлыг дахин тавихгүй байх хуулийн шаардлагыг зөрчиж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэж  шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдэл нь мөн хууль бус байна.

 

16. Иймд, дээрх үндэслэлүүдээр  Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн сумын Засаг даргаар ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, 65 дугаар зүйлийн 65.2, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар  сарын 01-ний өдрийн 97 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 4 дүгээр тал

[2] Хэргийн 140 дүгээр тал

[3] Хэргийн 125 дугаар тал

[4] Хэргийн 123 дугаар тал

[5] Хэргийн 141-151 дүгээр тал

[6] Хэргийн 49-66 дугаар тал

[7] Хэргийн 128-137 дугаар тал

[8] Хэргийн 138 дугаар тал