Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/04147

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 05

101/ШШ2024/04147

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух, Дээрхи овогт Батбаярын Нарантуяа /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, *******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэрээр ББСБ ХХК-д 106,650,000 төгрөг олгож шийдвэрлэсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 18/Ш дугаартай 2024 оны 05 сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна Үүнд: Миний өмчлөлийн Улаанбаатар хот*******,*******/13311/ Хүннүгийн гудаж, тоот хаягт байрлах, 108.75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 315,947,200 төгрөгөөр үнэлсэн болохыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн болно. Өмчлөгч миний бие өөрийн тус орон сууцаа 450,000,000 төгрөгөөр үнэлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Ингэхдээ зах зээлийн үнийг орон сууцны нүүр номын групп, орон сууцны зар байршсан сайтуудад үнэлгээг харж хүсэлт гаргасан юм. Гэтэл үнэлгээг гаргахдаа зах зээлийн өртөг үнийг буруу тогтоож үнэлгээний жишиг аргачлалыг хэрэглээгүй нь буруу болсон байна.

 

Үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоохдоо үнэгүй сайтаас судалгааг гаргах нь өрөөсгөл бөгөөд ипотекийн зээлийн судалгаа, орон сууцны чанар, байрлалаас хамааран тус орон сууцны нүүр номонд байрлах үнэ, зуулчлалын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээс бүсчилсэн үнийн судалгаа гаргуулан авч үнэлгээний тайланг гаргасан бол бодит нөхцөл байдалтай нийцэх байсан. Гэтэл үнэлгээчин нь ганц үнэгүй сайтаас үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ нь хууль тогтоомжид нийцсэн байх мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэпгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дахъ хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно зэрэг хуульд заасан зарчим журмуудыг зөрчиж, авто машины эдэлгээ, элэгдэл бага байдлыг харгалзан үзэлгүй хэт багаар үнэлсэн хуульд нийцэхгүй байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 18/Ш дугаартай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийдвэрээр Батбаярын Нарантуяагаас 101,650,000 төгрөг, улсын тэмдэнгтийн хураамжид 368,200 төгрөг нийт 102,018,200 төгрөгийг гаргуулж ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийн үүрэг биелэгдээгүй тохиолдолд Б.Нарантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй************** Хүннүгийн гудамж тоот хаягт байрлах 108.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22381465 дугаартайгаар үүсгэж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан. Заасан хугацаанд төлбөрийн үүрэг биелэгдээгүй тул төлбөр төлөгч Б.Нарантуяагийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй************** Хүннүгийн гудамж тоот хаягт байрлах 108,75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22381465/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 22381465/08 дугаартай тогтоолоор хураасан. Талуудын гаргасан үнийн санал зөрүүтэй тул 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/153 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй************** Хүннүгийн гудамж тоот хаягт байрлах 108.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 315,947,200 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх хөрөнгийн үнэлгээг талуудад 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 4-165/12315 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно. Мөн төлбөр төлөгч Б.Нарантуяад өөрт нь 88119626 дугаарт нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр залгаж хөрөнгийн үнэлгээний тайлан мэдэгдлийг хүлээн авах тухай ярихад баталгаат шуудангаар гэрийн хаягтаа авмаар байна гэсний дагуу төлбөр төлөгч Б.Нарантуяагийн оршин сууж буй хаягт монгол шуудангаар 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлж танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул үнэлгээтэй холбоотой нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4-165/12315 тоот мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан,

3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дугаар захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч *******т холбогдуулан ХХК-ийн тоот хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.Нарантуяагаас 101,650,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо******* Хүннүгийн гудамж тоот хаягт байрлах 108.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/24716 дугаар захирамж, мөн өдрийн 2507 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж, Б.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо******* Хүннүгийн гудамж тоот хаягт байрлах 108.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22381465/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 22381465/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.1 Төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад талууд үнийн саналд тохиролцоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/153 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээч ХХК нь 2028 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын баримтаар тогтоогдож байна.

 

4.2 Шинжээч ХХК-иас Б.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо******* Хүннүгийн гудамж тоот хаягт байрлах 108.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 315,947,200 төгрөг болохыг тогтоосон байна.

 

4.3 Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Нарантуяад шинжээчээс гаргасан дээрх үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар дамжуулан мэдэгдсэн байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Нарантуяагийн эзэмшлийн 88119626 дугаарын утас руу холбогдож хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан болох нь утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж, 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж, 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж тус тус заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар дамжуулан төлбөр төлөгч Б.Нарантуяад хүргүүлсэн болох нь шуудангийн дардасаар тогтоогдсон тул уг өдөр үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно заасан хугацааг нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хэтрүүлж буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

4.4 Нэхэмжлэгч нь шинжээч ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

4.4а Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

 

5. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүх хуралдааны товтой танилцсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ