Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01720

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02351 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Т-гийн хариуцагч А.А-т холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Т нь нөхөр Г.О -ын эмчилгээний зардалд зориулж хандивын тоглолт хийлгэхээр харилцан тохиролцож хэлцэл хийгдсэн. А.Анхбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түүний Хаан банкны 5021197609 дансанд 1 500 000 төгрөгийг, хэд хоногийн дараа 3 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл манай нөхрийн бие гэнэт муудаж, эмнэлэгт хэвтэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан тул хандивын тоглолтыг болиулах хүсэлтийг тавьсан. Г.А нь 4 500 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буцааж өгсөн. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийг нэхэхээр хариуцагч 500 000 төгрөгийг нь тоглолтын үйл ажиллагаанд хийхэд зарцуулсан гэдэг. Түүнийг би хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч Г.А шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гээд татгалзсан. Манай нөхөртэй хамт ажиллаж байсан цагдаагийн эхнэр болох Э.А нь манай нөхрөөс авах авлагатай байсан гэхээр нь би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100 000 төгрөг, 01 дүгээр сарын 13-ны өдөр 700 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийг Э.А шилжүүлсэн тул А.Анхбаярын надад өгөх мөнгийг Э.А өгөх өрөнд шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймд А.А-аас үлдэгдэл 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 10, 11 дүгээр сард 3 хүний хандивын тоглолт зохион байгуулж өгсөн. Эмчилгээндээ яваад баярласан сэтгэлээ илэрхийлж эдгээд ирсэн. Тэгээд байж байтал 12 дугаар сард Э.А гэдэг хүүхэн утсаар холбогдож урьд эмчлүүлсэн хүнээс дугаар авсан гээд ярьж байгаад гэрт ирж уулзсан. Тухайн үед ирэхдээ н.Отгоо ахын дүү нар хамт ажиллаж байсан хүмүүс гээд над дээр ирсэн. Маш их ярилцаж байгаад тоглолт зохион байгуулж өгөх болсныг н.Отгоо гээд нөхрийн ар гэрт нь очиж уулзаад хэлсэн. Тэгээд ажилдаа орж UB паласын мөнгө, дуучдын урьдчилгаа гээд 5 000 000 төгрөг гаргаж өгсөн. Бид нар ажилдаа орсон, цаг хугацаа бага байсан болохоор реклам, зар сурталчилгаа, facebook boost хийх гээд ажил их байсан. Тэр болон тэд нараас бинзен тосны мөнгө нэхэхгүй аль болох туслаад өгчих юмсан гээд байдаг чадлаараа туслахыг хичээж явсан. Шинэ жилээр 31-ний орой хүртэл гэр орондоо баярлах байтал эмнэлэг дээр ирж өвчтөнтэй лайв хийж ард түмнээс тусламж гуйсан. Тухайн үед ашгийн тоглолт байсан бол би өөрийгөө үнэлж бас дээр нь реклам хийхдээ хүртэл мөнгө шаардах байсан. Тийм юм нэхэлгүй сэтгэлээрээ тусалж байсан. Тэгээд удалгүй 4, 5 хоноод нөгөө хүн нь өнгөрсөн. Тэр үед би хэлсэн бүх юмаа хийгээд болсон байна та нар энэ тоглолтоо хийгээд орж ирэх мөнгийг өөрсдөө болон өөр хүнд буян хийгээч гэж хүртэл хэлсэн. Би урьдчилгаа мөнгөө тараасан байсан болохоор тэд нар тоглолт шууд цуцалж би маш хэцүү байдалд орсон. Гэрээ хийгдээд мөнгө төгрөгөө өгчихсөн байдаг. Буцааж авахаар заавал гэрээний дагуу тодорхой хувь үлдэх гээд байдаг. Тийм болохоор дараагийн тоглолтоос 3 500 000 төгрөгийг өгсөн. 500 000 төгрөг реклам, билет, анонс, boost-ны зардалд өгсөн. Анх надтай холбогдсон хүүхэн надаас 1 000 000 төгрөг авсан. Ингээд ямар ч тооцоо мөнгөгүй болсон. Гэтэл одоо надаас мөнгө нэхэмжлээд байгаад би маш их гайхаж бас их гомдож байна. Хариу нэхээгүй сэтгэл зүрхээрээ тусалж байхад дээрээс нь би ямар анхнаасаа тэр Ч.Т гэгчтэй ярьсан биш. н.А гэдэг хүүхнээр дамжуулж ярьж уулзаж ажлаа хийж байсан болохоор сүүлд өгөх байсан мөнгийг надаас нэхээд авсан. Төлбөр тооцоо байхгүй байхад хүний цаг зав, ажлыг барж ингэж шүүх цагдаа гээд байгаад би маш их гомдож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч А.А-аас 1 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хүнд тусласны төлөө өрөнд орох ёстой гэж, тэр нэхэмжлээд байгаа мөнгөө анх тоглолтыг хамт зохион байгуулах ажилд анхнаасаа оролцсон Э.А гэдэг эмэгтэйг бас дуудаж оролцуул надад бас өгөх зүйл байхгүй, бүрэн барагдуулсан харин ч 50 хувийн өгөх ёсгүй. Яагаад гэвэл маш их зардал гарсан хүний сэтгэл мэдэхгүй хүмүүст маш их гомдож байна. Гомдолтой байгаа нэр, төрөө сэргээлгэж авна. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд Э.А гэдэг эмэгтэй найзтайгаа нөхөртэйгээ уулзаж энэ тоглолтын талаар ярьсан уйлж унжиж зовлон яриад байхад хүн л юм чинь туслах ухаан сэтгэл төрсөн тийм ч учраас тэр Г.О гэдэг залуутай очиж уулзаад ямар ч байсан би нийтийн дууныхаа уран бүтээлчидыг оролцуулж тоглолт зохион байгуулж өгнө маш их зардал гарна түүний 30 хувиар нь туслаж өгнө гэж ярилцсан байдаг. Тэгээд ажилдаа орсон тоглолт зохион байгуулахад 15, 20 сая орчим төгрөг ордог. Гэтэл 5 000 000 төгрөгөөр зохион байгуулахад хаана ч байхгүй, UB place гэхэд түрээс 6 000 000 төгрөг, дуучид 15 000 000 төгрөг болж байсан. Бүх уран бүтээлчтэй нь яриад урьдчилгаа өгөөд UB place-ийн өдрийг баталгаажуулчихаад байж байхад тэр хүн нь нас барсан. Тэгээд тоглолтоо хойшлуул гэхэд нь бүх юм хийгдсэн билет 60-70 хувь зарагдсан тоглолтоо хийгээд үлдэж байгаа хүмүүсдээ буян хий гэсэн хариу өгсөн. Тухайн үед байгууллагууд 50 хувь буцааж өгөхгүй гэж урьдчилгаа авч гэрээ хийсэн. Ингээд би дараагийн тоглолтоос мөнгийг гаргаж өгнө гээд хэлсэн, тэр хүмүүс нь ажил явдал гээд ярих боломжгүй байсан. Э.А гэдэг хүүхэн юу болж байгааг хэлж байсан. Гэтэл Э.А нэг өдөр ахаа хүүхэд эмнэлэг дээр бие нь муудаад байна, 1 сая төгрөг хийгээч гэхэд би өгсөн. Тэгээд хэд хоногоос үлдэгдэл мөнгийг бүрдүүлж өгөхөд тэр хүүхэн /Тоднэргүй/ мөнгө төгрөг өгөх ёсгүй байсан. Нөхрийг нь өөрөөс нь илүү асарч хайрлаж гэр бүлээрээ өвчтэй хүүхдээ орхиод тэр хүний төлөө явж байхад баярлаач байхгүй үйлдэл гаргаж одоо надаас мөнгө нэхэмжилж цаг, ажил, нэр, төр сэтгэл санааны дарамтын хохирол учруулж байгаад гомдож байна. Ийм гарсан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч А.А-т холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Т нь нөхөр Г.О -ын эмчилгээний зардлыг олохын тулд хандивын тоглолт зохион байгуулах талаар хариуцагч А.Анхбаяртай тохиролцсон байх ба уг хандивын тоглолтыг зохион байгуулахад зориулж, өөрийн зүгээс А.Анхбаярын дансанд 4 500 000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч Г.А  нь хандивын тоглолт зохион байгуулах явцад нэхэмжлэгч Ч.Т н нөхөр Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барж, нэхэмжлэгч уг тоглолтыг зохион байгуулах хүсэлтээс татгалзснаар Г.А  нь Ч.Т-д 2020 оны 1 дгээр сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Үлдэгдэл 1 500 000 төгрөгөөс хандивын тоглолт зохион байгуулахтай холбоотойгоор 500 000 төгрөг зарцуулагдсан талаар талууд маргаагүй, харин хариуцагч 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан.

 

Хариуцагч Г.А  анх надтай холбогдсон Э.А хүүхэд эмнэлэг дээр бие нь муу байна 1 000 000 төгрөг хийгээч гэхээр 1 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэгч Ч.Т-д төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Г.А  нь үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Тоднэргүйгээс зөвшөөрөл авч Э.А шилжүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнд төлөх төлбөрийг  Э.А шилжүүлсэн тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй.

 

Иймээс нэхэмжлэгч Ч.Т үлдэгдэл 1 500 000 төгрөгөөс хандивын тоглолт зохион байгуулахад зарцуулагдсан гэх 500 000 төгрөгийг хасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч А.А-аас 1 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар зөвтгөх боломжтой. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар гэрээ цуцлагдсан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “...Э.А 1 000 000 төгрөг өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.А -ыг оролцуулаагүй, надад одоо төлөх төлбөр тооцоо байхгүй” гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч тэрээр гэрч асуулгах хүсэлт гаргаагүй, Э.А 1 000 000 төгрөг өгснөөр Ч.Т-д төлөх төлбөр дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02351 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3” гэснийг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                      

                             ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ