Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуроорын орлогч прокурор Б.Баярмагнай,

Шүүгдэгч: Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн Бор овогт Ө.С д холбогдох 1735001110050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаангом сумын 6 дугаар багийн 14-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй регистрийн дугаар ЖЭ75020917, Бор овгийн Ө.С

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.С нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаангом сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Д.Сзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Д.С мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын үед Улаангом сумын 06 дугаар баг 14-08 тоотод байх гэртээ эхнэр Ц хамтаар унтаж байтал миний танил О гэх залуу манайд орж ирсэн. Тэгээд О бид хоёр манай гэрт байсан 05 литрийн архины үлдэгдэл байснаас хоёр хоёр хундагыг уугаад сууж байтал манай гудамжны Ө.С нь ганцаараа нилээд согтуу орж ирсэн. Тэгээд Ө.С уг архинаас мөн хоёр хундагыг уусан бөгөөд гэрт байсан архи дуусчихсан юм. Тэгэхээр нь би Ө.С, О хоёрт “манайд дахиад архи байхгүй, одоо харьж амарцгаа” гэж хэлсэн. Тэгээд Ө.С, О хоёр манай гэрээс гарсан юм. Би хашааны хаалгаа түгжье гэж бодоод Ө.С, Ооной нарын араас гартал манай хашаанаас 10 гаруй метрийн цаана байсан жимсний мод усалдаг усны шуудуйгаар тэд нарыг гаргаж өгсөн. Тэгээд О түрүүлээд Баруун тийшээ гэр үрүүгээ явсан. Харин Ө.С зүүн тийшээ эргээд гэр рүүгээ явах шиг болсон. Тэгээд би эргээд гэр үрүүгээ явах гээд 3 алхаж байтал гэнэт миний ар талаас Ө.С гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би газарт унасан юм. Намайг газарт унасны дараа Ө.С намайг дарж аваад миний толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би “Хүн аллаа” гэж орилсон бөгөөд удалгүй Ооной хүрч ирээд Ө.С татаж салгаж, намайг газраас босгосон. Миний бие Ө.С холбогдуулан ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р тал/,

          2. Гэрч М.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нөхрийн хамт унтаж байтал миний танил О гэх залуу манайд орж ирсэн. Тэгээд Оманай нөхөр хоёр манай гэрт байсан 05 литрийн архины үлдэгдэл байснаас уугаад сууж байтал манай гудамжны Ө.С нь ганцаараа нилээд согтуу орж ирсэн. Тэгээд Ө.С уг архинаас хоёр хундагыг уусан бөгөөд манай гэрт байсан архи дуусчихсан. Тэгээд манай нөхөр Ө.С, Охоёрт “манайд дахиад архи байхгүй, одоо харьж амарцгаа” гэж хэлсэн. Тэгээд Ө.С, О хоёр манай гэрээс гарсан юм. Нөхөр тэр хоёрыг гаргаж өгөөд хашааны хаалга цоожлоод ороод ирье гээд гарсан. Тун удалгүй хашаан дотор нөхрийн орилох чимээ сонсогдсон. Тэгээд би орноосоо босоод хувцасаа өмсөөд гэрээсээ гартал хашаан дотор манай нөхөр хүнд зодуулчихсан хоёр нүд нь хавдаж цус гарсан байсан юм. Би яасан юм гэж нөхрөөсөө асуутал нөхөр Ө.Сэргэлэнбаатар намайг цохилоо гэж хэлсэн. Би С “чи яаж байгаа юм, хөгшин хүн зоддог” гэж асуухад тэр ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгээд нөхөр Д.С цагдаад дуудлага өсгөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

       3. Гэрч Т.П мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би хашааны булан тойртол С “ах хүн аллаа, намайг авраарай” гэж орилсон. Тэгэхээр нь би сандраад гүйгээд очтол Ө.С нь Сүхбаатарыг жалганы хажуухан талд газарт дарчихсан өөрөө дээр нь гарчихсан С нүүр үрүү нь гараараа цохиж байсан юм. Тэгээд би гүйж очоод Ө.С биеэрээ түлхээд салгасан юм. Тэгчихээд би гэр үрүүгээ харьчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Ө.С бид хоёр 1981 оноос хойш найзалж байгаа бөгөөд багийн минь найз юм. Би Ө.С багаасаа хойш мэдэх бөгөөд С нь хүнтэй зөв харьцдаг, төлөв даруу зантай, бусдад үлгэр дуурайлал болдог, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн юм. Ө.С нь ээжийнхээ хамтаар Улаангом сумын 10 дугаар багийн нутагт амьдардаг, урьд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй. Ө.С айлын том хүү нь бөгөөд багаасаа хагас өнчин өссөн, доороо 3 дүүтэй. Уг 3 дүүгээ хар багаас хойш асарч өсгөж, их дээд сургуульд сургаж гэр бүрж тусад нь гаргаж өгсөн хүн юм. Ө.С нь ажилч хөдөлмөрч, шударга зантай хүн юм. Миний найз Ө.С нь урьд өмнө нь хүнд гар хүрч, хүнтэй хэрэлдэж маргалдаж байсныг би хувьдаа харж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,  

5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 572 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.С-ын биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, баруун хацар, хөмсөгний орчим дээрхи хэмжээтэй шалбарсан шархтай, толгойн хуйх, зүүн талын өгзөгний булчинд зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,

            6.  Шүүгдэгч Ө.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/,

            7. Шүүгдэгч Ө.С хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 25-29, 32-36-р тал/,

            8. Шүүгдэгч Ө.С мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18:00 цагт өөрийн танил Ц хүүгийн гэрийн бүрлэгт очсон юм. Тэгээд нэлээн согтсон байсан. Тэрнээс хойш хаагуур юу хийж явснаа санахгүй байна. Тэгээд тэр өдөр харьж яваад замаараа өөрийн гудамжны танил Д.С ахын гэрт ирж П, С нартай хамт архи хувааж уучихаад гэр үрүүгээ харьж байх замдаа С ахад агсам согтуу тавьж зодсон байсан бөгөөд энэ талаар С болон П нар маргааш нь надад хэлсэн юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон үедээ Д.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.          

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Ө.С нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаангом сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Д.С-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.С, гэрч М., Т.П шүүгдэгч Ө.С-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Ө.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.С-ын эрүүл мэндэд “Тархины доргилт, баруун хацар, хөмсөгний орчим дээрхи хэмжээтэй шалбарсан шархтай, толгойн хуйх, зүүн талын өгзөгний булчинд зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл” учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

           Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Ө.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.С нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

           Шүүгдэгч Ө.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

         Шүүгдэгч Ө.С нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Бор овогт Ө.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бор овогт Ө.С-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.С нь торгох ялыг хуулинд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ө.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.Сэргэлэнбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА