Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 110/ШШ2024/0030

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос,  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан, Эрх бүхий албан тушаалтан Х.Е  2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №0219810 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Е нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0219810 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.А Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу торгох арга хэмжээ авсан. Би шийтгэлийн хуудастаа хуулийн зүйл, заалтыг дутуу бичсэн байх бөгөөд прокуророос уг шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар тус шүүхэд дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлттэй танилцаад, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар  сарын 24-ний өдрийн №0219810 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.А Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар  50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулсан байна.

            Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлүүдийг тус тусдаа заасан ба зөрчлийн холбогдогч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчил буюу улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан байх тул шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай  хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан байна.

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эрх бүхий албан тушаалтан Х.Е 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №0219810 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                          

                                               

                                                 ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ