Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2022/07229/И |
Дугаар | 101/ШШ2024/01567 |
Огноо | 2024-03-21 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/01567
2024 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2024/01567 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод байрлах, өргөө уран ХХК-нд холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:
Нэхэмжлэгч Ц.*******ийн 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуанг ХХК-ийн Ц.*******, Д. нарын хууль бус эзэмшлээс 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., түүний өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие өргөө уран ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* сумын 11А-55 тоот хаягийн өөрийн газар дээр амины орон сууц бариулахаар "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Тухайн гэрээнд нийт ажил гүйцэтгэх үнийн дүнг 132.000.000 /нэг зуун гучин хоёр сая төгрөг/-өөр хоорондоо тохиролцсон бөгөөд үүний 50.000.000 /тавин сая/ төгрөгт Subaru outback маркийн автомашиныг тооцож, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөө уран ХХК-ийн гүйцэтгэх захирал Дагидмаагийн гийн нэр руу Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгсөн. Автомашиныг ******* аймагт ирж өөрийн нэр дэр шилжүүлж авснаас хойш тус компанийн ажилтнууд барилгын ажлыг дутуу гүйцэтгэж, орхиж явсан. Барилгын зөвхөн суурийн хэсгийг цутгасан байсан бөгөөд энэ нь чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүмүүсээр гүйцэтгүүлсэн. Тухайн үед автомашинаас гадна 55.231.000 төгрөгийг нэмж шилжүүлээд байв. Улмаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаар захирал Д.тай тохирч, барилгын суурийн цутгалтын зардалд 47.231.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үнэлж, үлдэгдэл 58.000.000 төгрөгийг надад буцаан өгөхөөр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 50.000.000 сая төгрөг тооцож шилжүүлсэн 4448 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн автомашиныг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний нэр дээр буцаан шилжүүлж, үлдэгдэл 8 сая төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тусгасан боловч хариуцагч тал мөн л утсаа авах гуйлга болсон. Тухайн үед Улаанбаатар хотод байрлах компанийн хаяг руу өөрийн ахыг явуулж машинаа авхуулсан боловч автомашиныг хуанг ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллагад 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байв. ******* аймгийн Цагдаагийн газарт эрхээ хамгаалуулахаар хандсан боловч талууд хоорондоо байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр миний гомдлыг хүлээн аваагүй. 2022 оны 09 дүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надтай холбогдож, 4448 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн автомашиныг өгөхийг шаардсан. Очиж уулзаад учир шалтгааныг сонсоход хуанг ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болсныг олж мэдсэн. Бидний зүгээс холбогдох баримт, материал болсон үйл явдлыг тайлбарлаж хэлэхэд шүүхээр өөрийн өмчлөлийг сэргээсэн тохиолдолд та автомашинаа тухай зээлийн төлбөрт хураалгахгүй талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөө өмчлөх, ашиглах эрх зөрчигдсөн тул бусдын хууль бус өмчлөлд байгаа 4448 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн автомашиныг Ц.******* миний өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 9 дүгээр сард иргэн *******той хувийн байшин барихаар гэрээ хийсэн. Төлбөрийн 50 хувьд машин бартердсан. Машиныг өөрийн нэр дээр болгосон. Барилгын явцад мөнгө хэрэгтэй болсон. Машиныг банк бусад тавьсан. Машиныг банк бусад тавих гэсээр хугацаа их алдсан гэрэгээ цуцалъя гэсэн тэгээд цуцалсан. *******ийн машиныг буцааж өгсөн, банк бусын төлбөрийг би төлж дуусгах болохоор *******т хамраалгүй. Машин *******ийн өмч мөн. Миний буруугаас болсон болохоор машины төлбөрийг би төлж дуусгана гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
хуанг ХХК нь 2018, 2019, 2020, 2021 онуудад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэнд явуулж байсан ба энэ хугацаанд Д. нь үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт хэрэгтэй байгаа тул өөрийн өмчлөлийн 4448 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр манай байгууллагын нэр дээр шилжүүлж зээлийн үүргийн гүйцэтгэлийн биелүүлээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээл авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зааснаар төлбөрийн графикийг зөрчсөн тохиолдолд манай байгууллагаас тээврийн хэрэгслийг хураах зохицуулалттай ба энэ хүрээнд тээврийн хэрэгслийг хураах гэсэн боловч Б. нь Ц.******* аваад явсан байна лээ надад байхгүй гээд өгөөгүй манай байгууллагаас Ц.*******ийг мэдэхгүй танихгүй утсаар холбоо тогтоосон боловч учир шалтгаанаа хэлэхэд тэр үеэс утсаа авахаа байсан. Манай байгууллагаас зээл олгох үед тухайн тээврийн хэрэгсэл Д.гийн өмчлөл болоод байсан тул бид үзэж харж нягтлаад зээлийг олгож тээврийн хэрэгслийг авсан. Гэвч бид өмчлөгчийн хувьд одоо хүртэл өөрийн тээврийн хэрэгслээ ашиглаж чадахгүй хохироод байна. Иймд Ц.*******, Д. нарын хууль бус эзэмшлээс 4448УНУ Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж хуанг ХХК-нд олгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас 2020 оны 8 дугаар сарын 29-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр худалдах худалдан авах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээг,
Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01072 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 07370 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 00721 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Прокурорын газраас ХХК-ийн гомдолтой Д.д холбогдох хэргийн материалаас ХХК-ийн захирал С.Янжинцэвэлийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, Д.гийн гэрч, холбогдогчоор өгсөн бүх мэдүүлэг, Ц.*******ийн гэрч, холбогдогчоор өгсөн мэдүүлэг, 44-48 УНУ улсын дугаартай Subaru outback маркийн автомашиныг эрэн сурвалжилсан баримт, хэргийг хаасан прокурорын тогтоол зэргийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч өргөө уран ХХК-нд холбогдуулан 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуанг ХХК нь Ц.*******, Д. нарын хууль бус эзэмшлээс 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргасан.
Нэхэмжлэгчийн 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг талууд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний төлбөрт 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн байсан бөгөөд улмаар гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг гэж тодорхойлсон.
3.2. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч өргөө уран ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу өргөө уран ХХК нь амины орон сууц барьж гүйцэтгэх, захиалагч Ц.******* нь ажлын хөлс 132,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээж, ажлын хөлсний 50,000,000 төгрөгт Subaru маркийн автомашин тооцон өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4-7 дахь талд/
Ийнхүү тус гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч өргөө уран ХХК-ийн захирал Д. нар 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож, тээврийн хэрэгслийг Д.гийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг Д. нь хуанг ХХК-нд фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 11, 65-67 дахь талд/
3.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан агуулгад талуудын байгуулсан гэрээний хүсэл зориг нийцэж байна.
Тодруулбал, нэг талаас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх нөгөө талаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
3.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон хариуцагчийн гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд тус эвлэрлийн гэрээний 2.1 дэх хэсэгт хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчоос авсан 2018 оны мөнгөлөг өнгөтэй Субару Аутбак машиныг ГХО ХХК-ны банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж машиныг хохирогчийн нэр дээр шилжүүлэн өгнө гэжээ. /х.х-ийн 13-14 дэх талд/
Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар зохицуулж мөн зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон амины орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь бүрэн барьж гүйцэтгээгүй үндэслэлээр тус гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзан гарсан үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үүргийн эрх зүйн хувьд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй харин эд юмсын эрх зүйн хүрээнд өмчлөгч мөн болохыг тогтоолгоно гэснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тайлбарлавал, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгох бөгөөд хариуцагч өргөө уран ХХК нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийн 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ц.******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Бие даасан шаардлагын үндэслэлийг ... Д.тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч Д. нь Ц.******* тээврийн хэрэгслийг авсан гэж хэлээд өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслийг гаргуулна гэж тайлбарласан.
4.2. Хэрэгт авагдсан баримтаар хуанг ХХК нь Д.гаас зээлийн гэрээний үүрэгт 20,932,524 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01072 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Д. нь 20,932,524 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 07370 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 00721 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 58-62 дахь талд/
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01072 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт ... Д. нь 2020-09-28 ны өдөр 11 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээл ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020-09-28-ны өдрийн 11 тоот фидуцийн гэрээ байгуулсан ... гэжээ.
4.3. Хариуцагч Д. нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг хуанг ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 65 дахь талд/
Үүнээс үзэхэд Д. хуанг ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүргийг хангуулахаар 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.4. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Фидуцийн гэрээний агуулга нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх зорилготой бөгөөд уг гэрээ нь үндсэн үүргийг хангуулах зорилготой дагалдах үүрэг бүхий гэрээ юм.
Тодруулбал, үүрэг гүйцэтгүүлэгч нь үндсэн үүргээ найдвартай хангуулахын тулд хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн нь түүнд шууд өмчлөх эрх үүсгэхгүй.
4.5. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан үндэслэл буюу хуанг ХХК-ийг 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул тус хөрөнгийг Ц.*******, Д. нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 407,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуанг ХХК-аас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.*******ийн 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуанг ХХК-ийн 44-48 УНУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг Ц.*******, Д. нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 407,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуанг ХХК-аас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ