| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0111/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2017-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогч: М.С,
Шүүгдэгч: З.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт З.Ч холбогдох 1735000230049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суудаг, яс үндэс баяд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОО88032611, Булгадар овогт З.Ч,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Ч нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны шөнө Улаангом сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч М.С мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 18-ны орой намайг гэртээ байтал 14 цагийн орчимд миний найз банди болох Ч манайд ирэхээр нь хамтдаа гадуур гарсан. Тэгээд явж байгаад бид хоёр “Андууд” бааранд орж бага зэрэг пиво уугаад тэндээсээ 23 цагийн орчимд гарсан. Тэгээд харих гэтэл Ч хамтдаа нэг газар хонъё гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд намайг гэр үрүү явуулахгүй болохоор нь Улаангом сумын 3 дугаар баг эмнэлэгийн чанх урд талын 64 айлын орон сууцанд байдаг хамаатан М гэх айлд хонохоор 64 айлын орон сууцны гадна очоод орц уруу орох гэтэл Ч намайг оруулахгүй зогсоож байгаад муу пизда, янхан, яатуу гэх мэтийн хараалын үгээр намайг доромжилж байгаад намайг түлхэж унагаагаад миний нүүр үрүү 3-4 удаа өшиглөхөөр нь би босоод явж байтал хойд талаас цагдаагийн машин ирж бид нарыг Цагдаагийн газарт авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид 2-ын дунд тийм сүртэй зүйл болоогүй. Хадаг сүй тавина гэж хэлэхээр нь би арай болоогүй хойшлуулъя гэхэд Ч уурлаж маргаан болсон. Хувийн эмнэлэгт хэвтэж, хотод очиж толгойны зураг авахуулсан. Эмчилгээний зардалд надад 2 сая гаруй төгрөг өгсөн. Бид 2 одоо эвлэрээд учраа олсон тул надад гомдол санал байхгүй. Надаас уучлалт гуйж дахиж ийм алдаа гаргахгүй гэсэн” гэх мэдүүлэг,
2. Гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн: “Би тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой 20 цагаас 2017 оны 7 дугаар сарын 19-ний 04 цаг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Хаш” барилгын материалын дэлгүүрийн дэргэд хоёр хүн зогсож байхаар нь явж очиход нэг залуу нэг эмэгтэйг татаж чангаагаад явж байхаар нь очиход эмэгтэй хүнийх нь хамраас цус гарсан бололтой нүүр хувцас нь цус болсон байхаар нь зодуулсан юм байна гэж бодоод цагдаагийн газарт авч ирээд жижүүрийн офицерт хүлээлгэж өгөөд буцаад үүргээ гүйцэтгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
3. Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой 20 цагаас 2017 оны 7 дугаар сарын 19-ний 04 цаг хүртэлх хугацаанд ахлах ахлагч Б.А хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Хаш” барилгын материалын дэлгүүрийн урд талын замаар явж байхад тус дэлгүүрийн дэргэд хоёр хүн зогсож байхаар нь явж очиход нэг залуу /сүүлд цагдаа дээр авч ирээд З.Ч гэдэг залуу гэдгийг нь мэдсэн/ нэг эмэгтэйг /М.С гэдгийг нь цагдаа дээр ирж мэдэх болсон/ татаж чангаагаад байхаар яваад очиход М.С нь зодуулсан бололтой дух нь зулгарсан, хамарнаас нь цус гарсан хувцас хунар нь цус болсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад дэргэд нь байсан З.Ч зодсон гэж өөрөө хэлсэн. З.Ч нь энэ эмэгтэй миний эхнэр болох гэж байгаа юм гэж ярьж байсан бөгөөд нэлээд согтсон байдалтай байсан. М.С ч гэсэн мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан. Тэгээд тэр хоёрыг цагдаагийн газарт авч ирж жижүүрт хүлээлгэж өгөөд буцаад эргүүлийнхээ үүргийг гүйцэтгэхээр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч М.С-ийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, баруун нүдний эргэн тойронд, нүдний алимны салстад, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд уруул, уруулны салст, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/,
5. Шүүгдэгч З.Ч-ийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/,
6. Шүүгдэгч З.Ч-ийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 34-46-р тал/,
7. Шүүгдэгч З.Ч-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би Тэс сумаас Улаангом суманд ирж С уулзахаар ярьсан ба би С гэрийн гадна очиж түүнийг аваад бид хоёр оройхон хоёулханаа Андууд баарны караокед орж тэндээ тус бүрдээ 3 лааз 0,5 литрийн пиво уусан Тэгээд сууж байгаад би дахин нэмж пиво ууж байгаад жаахан согтох гэж байх шиг болохоор нь тэндээс гарч бид хоёр цуг явж байгаад би С-г 64 айлын орон сууцанд байдаг М гэдэг айлд очиж хоноё гээд бид хоёр тэдний байрны гадна очоод зогсож байгаад би танай аав, ээжид хадаг сүй тавина би өөртэй чинь гэр бүл болно гэж хэлсэн. Тэгтэл М.С одоохондоо болоогүй эрт байна гэхэд нь би уурлаж пизда минь гээд түлхтэл газар унасан газар унахад нүүр үрүү нь өшиглөгдсөн. Би нүүр үрүү нь өшиглөнө гэж огт бодоогүй. Миний хөлийг тэврээд авсан тэгээд би газраас босгоод харахад хамарнаас нь цус гарч байхаар нь айж сандараад хоёулаа энд хонохоо болъёо танай гэр үрүү явъя гэж хэлээд бид хоёр Улаангом сумын 10-р багт байрлах С аавын гэр үрүү явж байтал Улаангом сумын 7-р багт байрлах “Хаш” барилгын материалын дэлгүүрийн дэргэд цагдаа нар явж байгаад бид хоёр дээр ирж бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж харамсаж байна. Би М.С уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Бид хоёр үерхээд 7 сар болж байгаа бөгөөд тухайн өдөр хадаг сүй тавина гэснээс болж маргаан үүссэн юм. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: З.Ч нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны шөнө Улаангом сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.С зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.С, гэрч Б.А, Н.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 416 тоот дүгнэлт, шүүгдэгч З.Ч-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.Ч-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.С-ийн эрүүл мэндэд “Тархины доргилт, баруун нүдний эргэн тойронд, нүдний алимны салстад, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд уруул, уруулны салст, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт гэмтэл” учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч З.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч М.С нь нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч З.Ч нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Булгадар овогт З.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар овогт З.Ч 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч З.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Ч өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА