Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1206

 

О.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,                    

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Н.Баасанбат, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1529 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-ий гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2206 00000 1239 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ийн Т, 1991 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож байсан;

О.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин “Цагаан хуаран” хотхоны ... байрны ... тоот айлын үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үүрийн 06:00 цагийн үед хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Т.Ү-той “найз М-тай чинь унтах гэж байхад өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Т.Ү-ийн биед ахуйн хэрэглээний хутгаар 11 удаа хутгалж, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: О.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ий урьд цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохиролтой холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Т-ээс жич нэрэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, шаргал өнгийн металл гинж 1 ширхэг, хар өнгийн “LV” гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, улаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, хар өнгийн урдаа цахилгаантай цамц 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-т олгож, цайвар ногоон өнгийн хавтастай ном 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, ногоон өнгийн хантааз 1 ширхэг, цайвар өнгийн пальто 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оруулгатай, хар өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, металл халбага 1 ширхэг, цэнхэр өнгийн арчуур 1 ширхэг, цайван өнгийн хөнжил 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгаж, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амьдрал минь дөнгөж эхэлж байхад би хүний алтан аминд хүрч, өрөөлийг шар махтай нь хатааж, өр зүрхийг нь идэж орхиж. Хөгшин эхийнхээ нүүрийг түлж, энэ насанд нь тэвчихийн аргагүй зовлонд унагаж, эгч дүүс, амраг садан, бурхны өмнө хүний үйлдэж болох хамгийн нүгэлт хэргийг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна. Үхэн үхтлээ өөрийгөө яллаж, эхлээд хуулиар түүний араас үхэл гэгдэгч, тэгээд араас нь там залгана. Надтай хамт хайртай хүмүүс минь яллагдаж байна. Хормын төдийд нүд ирмэх зуур, тэр ч бүү хэл ухаан бодол минь хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлаж чадахааргүй гэнэтийн цочирдол, үйл явдал өнгөрөн, сэтгэл зүйн гацалтад орсон гэдгээ ухамсарлаж сууна. Хүн өөрт ирсэн зовлонг туулах, нүүр тулах сонголтгүй зовлон гачланд үлдэхэд өөрийгөө бус ар гэр, хайртай хүмүүс болон надаас болж нөхөж баршгүй зовлонд унасан хүмүүсийн төлөө санаа чилээдэг юм байна. Ухаарал олон жилийн уртад бус хормын төдийд ч ирж болно. Хаалттай шоронд засрал хүмүүжил олно гэхээсээ илүү дордох ч талтай, улсаар тэжээлгэнэ. Мөн хаалттай анги нь эргэлт, уулзалтаас эхлээд нээлттэй ангиас тэнгэр газар шиг ялгаатай байдаг нь хөгшин эхийнхээ элгийг дэвтээж, санааг амраахад хүндрэл учирч байна. Давхар ар гэрээ зовоож байна. аль болох хурдан гарч эх орныхоо сайн иргэн болж, миний мунхаг буруутай үйлдлээс болж өнчирч хоцорсон талийгаачийн хоёр нялх үрд нь тус дэм болж явахыг хүсэж байна. Тэтгэврийн хөгшин эх, эхийн минь асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй эгч хоёрыгоо амьд сэрүүнд нь эрх чөлөөнд гарахыг хүсэж байна. Би мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн бүх шатанд, зарим гэрч нарын үнэнээс зөрсөн ташаа мэдүүлэгт нэмэлт тайлбар өгөлгүй гэм буруугаа хүлээж байсан. Иймд миний гэм буруугаа хүлээж, буруутай үйлдэлдээ гэмшиж байгааг, мөн хохиролгүй, ар гэрийнхнийг нь давхар яллахгүй байх зэргийг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж, дэглэм бууруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Т анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй. Өөрөөр хэлбэл, олон тооны хутганы шархтайгаар Т.Ү-ийн амь насыг хохироосон үйлдэл дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “О.Т-ийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дурдсан. Мөн учирсан хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, дүгнэж шийдвэрлэсэн. Онц харгис хэрцгийгээр олон тооны гэмтэл, шарх учруулж бусдыг санаатай алах үйлдэл дээр О.Т-ийн хувьд 461 дүгээр хорих ангид байхдаа уг дүгнэлтийг үзчихээд “би ийм олон удаа хутгалчихсан юм уу” гэж сэтгэлийн цочролд орж, тухайн өдөр мэдүүлэг өгч чадаагүй. Улсын Дээд шүүхээс “онц харгис хэрцгий” гэх ойлголтыг тайлбарлахдаа “хүсэж үйлдсэн, тарчлаан зовоож байгааг мэдсэн байх” гэж дурдсан байдаг. Иймд энэ талаар анхаарч, дүгнэж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч О.Т-ийн зүгээс хохирогчийн оршуулгын болон бусад зардлыг төлсөн. ...Уг хэрэгт хохирогчийн хууль бус үйлдлүүд харагддаг. Анхан шатны шүүхээс Э.М-тай холбоотой буюу шууд хутгалагдсан асуудлыг шалтгаант холбоо гэж дүгнэсэн. Миний зүгээс шалтгаан холбоог өөр талаас нь харж байна. Учир нь, хохирогч Т.Ү нь тухайн цаг хугацаанд болсон үл ойлголцлоос үүдэн О.Т-г зодсон асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж харагддаг. Мөн хэрэгт амь хохирогч цагдаа дуудсан баримт байдаг бөгөөд зугтааж яваад эргэж ирсэн шалтгаан нь уг үйл баримттай холбоотой байх хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүх бүрэлдэхүүнийг хэргийн үйл баримтад дүн шинжилгээ хийж өгнө үү гэж хүсэж байна. Мөн О.Т-г хоригдож байх хугацаанд түүний эх эрүүл мэндийн шалтгааны улмаас мэс засалд орсон. Үүнтэй холбоотой 6 хуудас бүхий баримтыг гарган өгч байна. Анхан шатны шүүхээс онц харгис хэрцгийгээр буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн боловч хөнгөрүүлэх үйл баримт байгаа. Эрүүгийн хариуцлагын хугацаа буюу 18 жилийн хорих хугацаанаас 2 жилийн хугацааг ч болов хасах, хорих ангийн дэглэмийг буруулж, нээлттэй хорих байгууллагад ялыг нь эдлүүлэх хуулийн зохицуулалт байгаа тул энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Анхан шатны шүүхээс О.Т-д эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ял оногдуулсан. Хэдийгээр, шүүгдэгч хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй боловч хэт өөрийгөө өмөөрсөн байдалтай гомдол гаргасан нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Учир нь, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн болон хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино. Шүүгдэгчийн хувьд урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хүний амийг хохироосон зүйл ангийн тухайд нэгэнт хүний амь нас эрсэдсэн тул хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Уг гэмт хэргийн хор уршиг өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Амь хохирогчийн хувьд бага насны 2 хүүхэдтэй байсан. 2 хүүхдэд эцэггүй ирээдүйг бий болгох нөхцөл байдал, асран хамгаалуулах эрхээ алдсан хүүхдүүдийн сэтгэл зүй болон ах, дүү, хамаатан садны хувьд өнөөдрийг хүртэл нөхцөл байдал хүнд байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүнийг нийгэмшүүлэхэд тохирсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн хорих ангийн дэглэмийг нээлттэй болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан гомдолтой танилцахад шүүгдэгч өөрийнхөө гэр бүлийг нэгт тавьсан байх бөгөөд “эх, эгч минь шар махтайгаа хатаж байна” гэж бичсэн нь үнэхээр таалдагдсангүй. Өөрийнх нь гэр бүл шар махтайгаа хатаж, зовж байгаа бол бидэнд ямар хэцүү байна гэж бодож байна. Эсхүл шидтэн юм уу, шорооноос нь босгоод өг. Мөн давж заалдах шатны шүүхээс магадлалдаа өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Найз Э.М-тай чинь унтах гэж байхад өмөөрлөө” гэж бичсэн. Миний дүү тухайн өдөр А.Х-аас түлхүүр авах гэж очсон. Энэ талаар би анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Оршуулгын зардлыг төлж барагдуулсан тул ялын багасгаж өгөөч” гэж олон удаа сонслоо. Хэрвээ дүү минь нас бараагүй бол дүү минь амьд оршуулгын зардал гарах ёсгүй байсан. Хүний амь бүрэлгэсэн залууд хэлэх үг олдохгүй байна. Айлын нэг баганыг нь хугалж, баганагүй болгочихоод “Би оронд нь багана болъё” гэж яаж хэлж чадаж байна. Бид сэтгэл санааны болон бусад хохирлыг нэхэмжлэхээр Монгол Улсын хууль инээдтэй юм. Үр хүүхдийг нь 18 нас хүртэл нь ивээн тэтгэх асуудлыг шийдмээр байгаа боловч шоронд орсон хүнээс бид юу нэхэх вэ. Бид 2 хүүхдийг нь эхнэртэй нь аваад явж чадна. Гэтэл шүүх хуралдаан бүрт шүүгдэгч талаас оршуулгын зардал төлсөн эсхүл найз Э.М-тай нь унтсан гэж ярьдаг. Миний эмзэглэж байгаа зүйл бол дүүгийн минь 2 хүүхэд том болохоор цахим сүлжээ хөгжсөн цагт “Миний эцэг яаж хүнд алуулсан юм бол” гэж шүүгээд үзэхэд агуулгын хувьд алдаа гарахвий гэж бодож байна. Иймд өөрчлөлт хийх боломжтой бол энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Энэ хэргийг үйлдсэн тохиолдолд олон улсад яаж шийддэг талаар би судалсан. Сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй, үр хүүхдийнх нь амьжиргааны түвшинг шийдээгүй, 11 удаа хутгаар онц харгис хэрцгийгээр санаатайгаар хутгалсан. Миний дүү 50 минут амьд байхад эмнэлэг рүү аваад гүйх нь яасан юм. Эргэн тойронд байгаа хүмүүс нь яагаад тусалж чадаагүй юм. Энэ тохиолдолд олон улсад 150-200 жил, хамгийн багадаа 110 жилийн хатуу ял оноодог зарчимтай юм байна. Гэтэл манай улсын Эрүүгийн хуульд байхгүй. Анх хэргийн газар дагуулж очиж тусламж хүсэж очсон залуу, айлын орон сууц хөлсөлж байсан 2 залуу, бага насны хүүхэдтэй эрэгтэй бага насны насанд хүрээгүй эмэгтэйг дагуулж орж байгаа эрэгтэй залуу хаалга онгойлсон учраас шүүгдэгч орсон. Энэ нөхцөлийг бүрдүүлсэн байхад Монгол Улсын Эрүүгийн хуульд огт энэ талаар авч хэлэлцдэггүй. Би дахин дүүгийнхээ нэрийг дуудуулмааргүй байна. Мөн хэргийн үйл баримтын тухайд агуулгын алдаатай байгаа учраас залруулга хийж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн дүү минь 2020 онд цар тахлын улмаас гэрлэлтээ батлуулах боломжгүй байсан. Дүүг минь нас барахад бага хүү нь 2 сартай, том хүү нь 2 настай байсан. Дүү минь эхнэртэйгээ хуримаа хийсэн. Ах дүү нар нь бүгд очсон. Гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч албан ёсны гэр бүл. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатарын яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд сэргээн дүрсэлж, тогтоосон байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан сэргээн дүрсэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч О.Т-ий үйлдэл хөдөлбөргүй тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагууд болох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэрэгтэй тохирсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан 18 жилийн хугацаатайгаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгтэй тохирсон байна. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар шүүх шийтгэх тогтоолдоо тусгайлан дүгнэж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж, бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн: “...Миний хүү зугтаачихгүй, эсхүл цохиод унагаачихгүй яав даа гэж бодоод, харамсаж байна. ...Ар гэрийнхний сэтгэл санааны хохирол, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. ...” /1хх 113-116/,

гэмт хэргийн талаарх дуудлагын дагуу хэргийн газарт очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, гэрч Т.С-ийн: “...2022  оны 3 дугаар сарын 28-нд 06 цаг 09 минутад 95хххххх дугаарын утаснаас “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуарангийн хх-х-хх тоот орцонд манай найзыг таньдаг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авсан.  ...А.Х гэх эрэгтэй хүн тосч аваад хэргийн газар руу очих явцдаа юу болсон талаар асуухад “Манай найзыг танил О.Т гэх залуу хутгалаад зугтаачихлаа” гэж хэлсэн. ххх байрны х давхарт гарахад орцонд нил цус болсон байсан ба хх тоот байранд ороход амь хохирогч залуу шалан дээр цээж нүцгэн, дээшээ хараад хэвтэж байсан. ...Хэрэг явдал болсны дараа А.Х-аас юу болсон талаар асуухад “О.Т нэг охинтой нь унтана, хэвтэнэ гэхэд унтахгүй гэснээс болж маргаан болсны дараа унтахаар хэвтэж байхад О.Т А.Х-ыг ална гэх мэтээр салаавч гаргаж, агсам согтуу тавьсан” гэж хэлсэн. ...” /1хх 118-119/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхоны ххх дугаар байрны хх тоот хаалганы үүдэнд О.Т нь сууж байгаад тухайн орон байранд оршин сууж байсан М.Т, Т.Т нарыг ороход нь “Э.М-ийн найз байна” гэж хэлээд дагаж орсон талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Т.Т, гэрч М.Т нарын мэдүүлгүүд /1хх 125-126, 129-130/,

гэрч Э.М-ийн: “...О.Т ирээд “Би чамтай цуг унтана, хоёулаа хамт унтана” гээд дайраад байсан. Тэгээд надад үг хэлэх болгондоо над руу улам дөхөж ирээд биеэрээ ойртоод байхаар нь би “Чи яагаад байгаа юм бэ” гээд жоохон чанга дуугараад өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэгсэн чинь “Чи яагаад надтай ингэж харьцаж байгаа юм, би бөө шүү, чамайг яаж л бол яаж ч чадна” гээд сонин сонин юм яриад байсан. Тэр үед А.Х, Т.Ү хоёр буйдан дээр сууж байсан ба А.Х “Чи болиоч ээ, угаасаа тус тусдаа унтана шүү дээ, юу яриад байгаа юм бэ, бид нар угаасаа хааяа ирж хонохдоо тусдаа унтдаг юм, чи зүгээр хонож чадахгүй бол харьсан нь дээр” гэж хэлсэн. Тэгсэн чинь О.Т нь “Чи тэгээд ер нь яах гээд байгаа юм” гээд л гэнэт өөр хүн шиг зан гаргаад л эхэлсэн. Маргаан бол яг үүнээс болж эхлээд О.Т А.Х руу нэлээд үг хэлээрээ дайрч давшилж эхэлсэн. ...Тэгээд ерөөсөө маргаан тасрахгүй, үргэлжлээд байсан тул багцаагаар шөнийн 02 цаг өнгөрч л байсан байх Т.Ү, А.Х хоёр “Жоохон хүүхэдтэй айлд хүндрэл учруулаад яах вэ, гаръя” гэж хэлсэн чинь нөгөө О.Т нь “Тэгье гаръя, гарч байгаад учраа олъё” гээд учиргүй зодолдох гэж байгаа юм шиг ааш зан гаргаад тэр гурав хамт гараад явсан. ...Цонхоор хартал Т.Ү О.Т-г доош нь дараад дээр нь суучихсан байсан. А.Х хажууд нь зогсчихсон, О.Т сарваганаад л “Авраарай авраарай, хүн аллаа” гээд аймар чанга орилж байсан. ...Т.Ү, А.Х нар эргээд ороод ирсэн. Тэгээд “Цаадах чинь явчих шиг боллоо” гэж хэлээд унтацгаая гээд байцгааж байтал А.Х-ын утсанд мессеж ирээд байсан. Тэр үед А.Х “О.Т яваагүй байрны гадаа байна, намайг гараад ир гээд бараг дарамтлаад байгаа юм биш үү" гэж хэлсэн. Тэр хооронд л би ер нь түрүүлээд унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чанга дуу, чимээ гарах шиг болохоор нь сэрээд хартал Т.Ү, Х.А, А.Х нар байхгүй байхаар нь хаалга руу харсан чинь Х.А гартаа нэг юм барьчихсан ариун цэврийн өрөө рүү орж байсан. Х.А-ийг ариун цэврийн өрөө рүү дөнгөж ороход хаалга хүчтэй балбаад байхаар нь би очоод онгойлгосон чинь Т.Ү-ийн бие нь нил цус болчихсон, бараг юм ярьж чадахгүй, “Найзыгаа аваарай” гэж хэлээд, А.Х зүүн талаас нь түшсэн байдалтай орж ирсэн. Тэгээд А.Х “Цагдаа дуудаарай, түргэн дуудаарай, нэг нь утсаа өгч байгаач” гээд л орилоод эхэлсэн. Тэр үед Т.Ү-ийн цээжнийх нь зүүн хэсгээс нэлээд их цус гарч байсан. ...” /1хх 137-141/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхоны ххх дугаар байрны хх тоот орон сууцыг түрээслэн, оршин сууж байсан гэрч Х.А-ийн: “...О.Т гэдэг залуу нь манай найз Э.М-тай унтана гэхэд нь Э.М “Үгүй” гэсэн чинь бүр заавал хамт унтана гээд уурлаад байсан. Тэр үед Т.Ү, А.Х хоёр “Чи наашаа бид хоёртой унтаа, угаасаа энд тусдаа унтана” гэж хэлсэн чинь нөгөө О.Т уурлаад “За за тэгвэл би явлаа” гэж хэлээд “Гаръя, явъя” гэж татаж зулгаагаад А.Х руу салаавч гаргаад “Гараад ир, хоёулаа үзчихье” гэж маргаад байсан. ...О.Т нь хэрүүл маргаан хийгээд болохгүй байсан учраас Т.Ү, А.Х хоёр “За жоохон хүүхэд шуухад байхад хэрүүл шуугиан хийгээд найзуудаа хүндрүүлчихлээ, явлаа” гэж Э.М бид хоёроос уучлалт гуйгаад О.Т-г дагуулаад шөнийн 03 цагийн үед гараад явсан. ...О.Т, А.Х руу зодолдох гээд дайрч байхад нь Т.Ү хориглоод голоор нь орсон байсан. Дараа нь ахиад цонхоор харахад Т.Ү О.Т-г бариад авчихсан доош нь газар унагаад дарчихсан, бас нэг хүн хажууд нь очсон байхыг харсан. ...30-40 минут болсны дараа А.Х, Т.Ү хоёр эргээд ороод ирсэн. ...О.Т чинь унтуулахгүй хаалга нүдээд эхэлсэн, би хаалган дээрээ очоод “Хэн бэ” гэхээр “О.Т байна аа, нөгөө хоёрыг гаргаад ир” гэсэн. “Байхгүй шүү дээ, явчихсан” гэсэн чинь “Байгааг нь мэдэж байна аа, гаргаад ир” гэсэн. “Байхгүй ээ, байхгүй, чи яв" гэсэн боловч ерөөсөө явахгүй хаалга нүдээд байхаар нь “Чамайг явахгүй бол би цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь хэсэг хугацаанд чимээгүй болчихсон. Тэгэхээр нь явчихлаа гэж бодоод буцаад тайвшраад хэвтэх гэж байтал манай хажуу өрөөг надаас давхар түрээсэлдэг байсан М.Т гэдэг хүүхэд үүрээр 05 цагийн үед гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгсэн чинь О.Т гаднаас дагаад хамт ороод ирсэн. Тэгээд дөнгөж орж ирээд үүдний хэсэгт явган суучихаад А.Х, Т.Ү хоёрыг “Та хоёр алив гараад ир” гэсэн чинь Т.Ү “За одоо ингээд өглөө болж байна, ганц цаг амарчихаад явъя гурвуулаа, чи хувцас хунараа тайлчих, нүүр гараа угаачих, амарчих аа" гэж хэлсэн. ...О.Т  нь А.Х руу “Чи бол зүгээр байгаарай, би чамайг тэр шоронд чинь насаар чинь суулгана аа, за юу” гэж хэлсэн, А.Х ч өөдөөс нь нээх юм дуугараагүй, “Би яачихсан юм бэ” гэж хэлээд байж байтал О.Т Т.Ү руу “Чи гараад ир дээ хөөе" гээд дуудсан чинь Т.Ү ерөөсөө гарахгүй “Чи яг яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд босч ирээд суучихсан байсан чинь “Чи их зэвүүн залуу байна лээ, би чиний эхнэр хүүхэд, ээжээр чинь наадна аа за юу, эхнэр, хүүхдээ яахыг чи харж байгаарай за” гэх мэтээр сүрдүүлж ярьсан. Ер нь бол иймэрхүү байдлаар О.Т нь А.Х, Т.Ү хоёрыг нэлээд хэл амаар дайрч доромжилсон. ...Тэгээд бүр сүүлдээ Т.Ү тэсэхээ болиод “За одоо энэ гэрт жоохон хүүхэд байна аа, чи түрүүнээс хойш гаръя л гээд байх юм, гарах гээд байгаа юм бол гаръя аа” гэж хэлээд О.Т-г дагаад гараад явсан. Тэгээд дөнгөж тэр хоёр манай гэрийн хаалгаар гараад хаалга хаах үед нь би “Энэ хоёр зодолдож магадгүй, чи араас нь гар аа” гэж хэлсэн чинь А.Х хаалга хаагдангуут л араас нь пүүзээ углаад гарсан. Тэгээд ерөөсөө 1 минут ч болоогүй хэдхэн секунд болсон уу үгүй юу А.Х гаднаас хаалга онгойлгоод нэг цустай хутга барьчихсан “Май, энийг цааш нь хийгээрэй” гэж хэлээд надад өгсөн. Би тэр хутгыг нь гараараа бариад ариун цэврийн өрөөнд оруулаад угаалтуурт хийсэн. Би тэр үед ямар нэг байдлаар нэгийгээ хутгалчихлаа гэж бодоогүй. Угаалтуурт нөгөө хутгыг нь хийчихээд гараа хартал цус болсон байхаар нь гараа хальт усаар зайлаад тэр хооронд 1 минут орчим л болсон байх. Буцаад үүд рүү очтол А.Х Т.Ү-г түшчихсэн гаднаас оруулж ирсэн. Тэгэхэд Т.Ү дээгүүрээ цээж нүцгэн байсан ба биеийнх дандаа зүүн талын суга, зүрхэн тал, хавирга, хүзүү хэсгүүдэд хутганы шархнууд үүссэн байсан. ...Би гэртээ ямар нэг хутга ашигладаггүй, жижиг, том гээд 2 ширхэг заазуур л ашигладаг. ...” /1хх 148-153/,

гэрч А.Х-ын: “...Үүрээр 05-06 цагийн үед О.Т гаднаас орж ирэхдээ Т.Ү-г “шууд гараад уулзъя” гээд салахгүй байсан. Тэр үедээ харин баруун халаасандаа ямар нэг юм нуучихсан юм шиг, байсхийгээд гараа халаас руугаа явуулаад байсан. Тэгэхэд Т.Ү “Чи халаасандаа юу нуучихаад байгаа юм бэ” гэж асуусан чинь “Зүгээр, гараад уулзчихъя, эр хүн шиг учраа олчихъё” гээд элдвээр хэлээд Т.Ү-г өдөөд ерөөсөө болохгүй байсан. Тэгэхэд л О.Т гаднаас ямар нэг аргаар хутга олж аваад ирсэн юм билээ. Т.Ү гарахгүй нэлээд хэл амаар маргасан. Яг үнэндээ бас бид хоёр дагаж гарахаасаа эмээсэн байдалтай байсан. Гадаа хүн амьтан дуудчихсан юм уу, яасан юм бол гэж бодоод гарахгүй байсан. Тэгээд Т.Ү-г бүр хэл амаар өдөөд болохгүй байсан. Сүүлдээ бүр “би чиний ээж, аав, эхнэр, хүүхэд, гэр бүлээр чинь шоглоно оо, хачин болгоно, би чамаас ойрын 10 жилдээ салахгүй ээ” гэх мэтээр аймар аймар юм яриад байсан. Тэгээд Т.Ү тэсэхгүй очоод барьцалдаж аваад, тэр хоёр хаалгаар ноцолдоод гарсан. Би араас нь гутлаа өмсөөд гарахад л орцны хана, шалаар нил цус болчихсон байсан. Т.Ү босоогоороо О.Т-тэй барьцалдаад зогсчихсон, “Хутгыг нь аваарай” гээд орилсон. Би гайхаад хартал орцны шалан дээр нэг энгийн ахуйн хэрэглээний хутга байхаар нь тэрийг нь аваад буцаж хаалга онгойлгоод шууд Х.А-д “Энийг далд хийгээрэй” гэж хэлээд өгсөн. Тэгээд эргээд хартал тэр хоёр барьцалдсан чигээрээ байж байгаад О.Т шууд гараад зугтаасан. Би Т.Ү-г түшиж гэрт оруулаад түргэн, цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 159-160/,

түргэн тусламжийн дуудлагын дагуу хэргийн газарт очсон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч, гэрч Э.Ц-ийн: “...2022 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 06:08 цагт 95хххххх дугаарын утаснаас Мэдээлэл шуурхай удирдлагын төвд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ххх байрны хх тоотод орцонд манай найзыг таньдаг хүн зүүн хавирганы хэсэгт хутгалаад зугтсан” гэх дуудлага ирээд манай зохицуулагч 06 цаг 13 минутад намайг гаргасан. ...Хэргийн газарт очоод 4 давхарт гарахад орцонд цус дуссан мөртэй, тэгээд хаалгаар ороход зочны өрөөнд 30-45 орчим насны эрэгтэй хүн цээж нүцгэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Үзлэгээр зүрх, судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, захад пүльс байхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, ил харагдах шарх сорви нь цээжний зүүн хэсэг болох зүрх орчимд 8 удаагийн гадны биетээр хутгалуулсан байдалтай, зүүн хөлийн гуяны дотор талд 1 удаа хутгалуулсан шархтай байсан. Тэгээд уг хүнийг нас барсан гэж тодорхойлоод 102 цагдаад нас барсныг тодорхойлсон бичиг хийж үлдээсэн. ...” /1хх 162-163/,

О.Т нь өөрийн найз Т.Г-ийн гэрээс хутгыг нь авч гарсан талаар гэрч Т.Г-ийн мэдүүлсэн: “...Тэр өдөр О.Т манай гэрт эхлээд 05 цагийн үед орж ирээд “Би хүнд зодуулчихлаа, аймар дээрэлхүүллээ, гараад ирээ, хамт явъя, тийшээ очоод зодъё, ерөөсөө утсаа авч байгаа хүн байхгүй байна, хэн ч утсаа авдаггүй” гэсэн утгатай юм ярихаар нь “Юу яриад байгаа юм бэ, одоо шөнө болчихсон байна, унтаж амаръя, юун зодоон цохион бэ, маргааш өглөө болъё, одоо наад цусаа угаа, унтаж амар” гэж хэлээд эргээд хэвтээд өгсөн. Тэр үед би О.Т-г нүүр гараа угаагаад унтахаар хэвтэх юм байх гэж бодсон чинь удалгүй хаалга ахиад дуугарахаар нь хартал гараад явчихсан байсан. ...Манайх тухайн үед ганцхан хутга худалдаж аваад ашиглаж байсан, тэр нь бор өнгийн модон иштэй иш нь ороод 15-17 орчим см урттай болов уу, тийм жижгэвтэр хутга байсан. Энэ зурган дээрх хутга шиг яг л ийм хутга байсан. Би бол энэ хутга мөн гэж бодож байна. ...Цагдаа ах “Танайх ер нь хэдэн хутга, заазууртай вэ” гэж асуухаар нь би “Нэг ширхэг бор өнгийн модон иштэй хутга л байдаг” гэж хэлсэн чинь манай эхнэр рүү залгаад “Хутга заазуураа шалга даа” гэсэн чинь манай эхнэр “Хутга байхгүй байна” гэж байсан. Тэгээд л би О.Т авч явсан юм байна даа гэж бодсон. ...” /1хх 170-176/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогч Т.Ү-ийн биед хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн цээжний зүүн талд 5, 6 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн 8 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр уушгины авчилт, цээжний зүүн талд 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний оройн булчингийн ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, гуянд шарх, бүсэлхийд зулгаралт гэмтэл учирч, улмаар цус алдалтын шоконд орж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1024 дугаар дүгнэлт /1хх 214-222/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Галиндэвийн: “...Эмнэлгийн яаралтай тусламжийг маш хурдан хугацаанд цаг алдалгүй үзүүлж, маш яаралтай мэс засалд орсон тохиолдолд амь насыг аврах боломжтой. Яг энэ нөхцөл байдалд бол эмнэлгийн яаралтай тусламж ирсэн ч талийгаачийг зөөвөрлөх, эмнэлэгт хүргэхэд хугацаа шаардах тул амь насыг аврах боломж багатай. ...” /2хх 57-59/ гэсэн мэдүүлэг,

цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн /1хх 87-92/, хэргийн газрыг үзлэг хийсэн /1хх 15-44/, цогцост үзлэг хийсэн /1хх 45-50/, хэрэг гарах үеийн орон сууцны орц, цахилгаан шат, гадаах орчны камерын бичлэгт үзлэг хийсэн /1хх 54-57/ тэмдэглэлүүд, гэрч А.Х-аас гаргаж өгсөн О.Т-ийн өөр рүү нь илгээсэн зурвас /1хх 59-60/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхоны ххх байрны хх тоот Х.А, Э.М нарын түрээслэн амьдарч байсан орон байранд Т.Ү, О.Т, А.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, О.Т нь Э.М-г “Хоёулаа хамт унтъя, чамтай унтмаар байна” гэхэд Т.Ү, А.Х нар нь “Боль, гэртээ харь” гэх зэргээр эсэргүүцэн өмөөрч,

гэрээс гарахад О.Т, А.Х нар муудалцан харилцан зодолдсон, Т.Ү нь зодооныг таслан зогсоож, улмаар тухайн орон сууцны гадна талбайд Т.Ү, О.Т нар нь ноцолдож, хэсэг хугацааны дараа А.Х, Т.Ү нар нь эргэж Х.А-ийн гэрт орсон,

харин О.Т нь Т.Г-ийн гэрт очиж гэрээс нь ахуйн хэрэглээнд ашигладаг хутга авч гаран, эргэн Х.А-ийн гэрт очиж А.Х-ыг “Чамайг шоронд хатаана, гараад ир, байрныхаа кодыг хэл, орж байна” гэх зэргээр гар утас руу нь зурвас бичиж дуудсан,

энэ үед тухайн орон сууцыг хамт түрээсэлж байсан М.Т, Т.Т нарыг ирэхэд дагаж гэрт орж, улмаар Т.Ү-г “Гараад ир, би эхнэр хүүхэд, ээжээр чинь наадна, эхнэр, хүүхдийг чинь яахыг харж байгаарай” гэх зэргээр доромжилж, өдөөн хатгаж, хохирогчийг орц руу дагуулан гарч түүнийг олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэл, тодруулбал хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангахгүй талаарх тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох онц харгис хэрцгий аргад гэмт этгээд хохирогчид олон тооны гэмтэл учруулсан, өвтгөн шаналгасан, зовоон тарчлаасан, ойр дотнынх нь хүний дэргэд хүч хэрэглэсэн, хүчирхийлсэн зэргийг хамруулдаг хууль хэрэглээний тогтсон ойлголт билээ.

Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 214-222/, шинжээчийн мэдүүлэг /2хх 57-59/-ээр талийгаачийн биед олон тооны буюу 11 удаа хутгалуулсны улмаас гэмтэл учирсныг тогтоож, үхлийн шалтгааныг дээрх олон тооны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шоконд орж нас барсан, “уг гэмтлийг авсан хүн аврагдах боломж бага, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” хэмээн тодорхойлсныг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-г “Хохирогчид олон тооны шарх үүсгэж, хохирогч нас барах хүртлээ удаан хугацаагаар зовж шаналах нөхцөлийг бүрдүүлэн хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үйл баримт, хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримтгүй, тэрээр өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан, хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаар дүгнэлт /2хх 49-50/-ээр тогтоогдож байх ба анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хорих ял, дэглэмийг хөнгөрүүлэхээр гаргасан шүүгдэгч О.Т-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ээс “...ирээдүйд амь хохирогчийн хүүхдүүд хэргийн баримтын талаар мэдэж болзошгүй...” хэмээн прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримтыг өөрчлүүлэх талаар санал гаргасан боловч анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь шүүгдэгч О.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт санаа зорилгыг зөв тодорхойлж дүгнэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн дүгнэлтийг өөрчлөх боломжгүй гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт нь ямар хэрэгт яллагдаж, буруутгагдаж байгаагаа мэдсэнээр илрэх бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан, хуульд заасан хэлбэр, бүтцийн шаардлагад нийцсэн, тодруулбал, тогтоогдсон хэргийн үйл баримтыг бүрэн тусгасан, түүнийг нотолж буй нотлох баримтын агуулга, оролцогчдын санал, дүгнэлт, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл, түүний үндэслэл зэргийг бүрэн тусгасан байвал зохино.

1985 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд” хэмээх баримт бичигт “Шүүхийн байгууллага нь өөрт шилжүүлсэн хэргийг алагчлалгүйгээр хэний ч нөлөөнд авталгүй, баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн ямар нэг хязгаарлал, хууль бус нөлөөлөл, сэтгэлийн хөдлөл, дарамт шахалт сүрдүүлэггүйгээр, хэний ч талаас ямар ч шалтгаантай байсан шууд ба шууд бус хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэнэ.” гэж тусгасныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч О.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1529 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1529 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ