Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2024/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.Б

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хоорондын  нэг удаагийн тэтгэмжийн маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Бахытбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              1. Нэхэмжлэгч А.Б  нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан, “Тус  газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай “Тэтгэмж олгох  тухай” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн  есөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн  нэг удаагийн тэтгэмжийг А.Б надад олгохыг хариуцагчид даалгах“-аар маргасан байна.

            2. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Б Сагсай сумын “Уужим” амралтын газар болон Худалдаа бэлтгэл ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд оруулж тооцохоос татгалзсан шийдвэрийг гаргажээ.  

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 212/МА2023/00126 дугаар магадлалаар “...нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгосон субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзсэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

            3. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан байх ба тус яамны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/1690 дүгээр албан тоотоор “... таны өргөдөлд дурдсан “Уужим” амралтын газарт болон Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан хугацааг төрийн албанд ажилласанд тооцох эсэх болон Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын  даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/22 дугаартай тушаал хууль зөрчсөн эсэх талаар холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэйг танд зөвлөж байна.” гэх хариу өгчээ.

Нэхэмжлэгч А.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            4.1. А.Б би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Уужим” амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ыг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийт улсад 5 жил 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан.

4.2. Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Б надад өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,263,369 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсэж, уг саналыг аймгийн Боловсролын газарт уламжилсан. Гэтэл тус аймгийн Боловсролын газар нь А.Б миний 9,400,032 төгрөгийн тэтгэмжийг өгч, үлдсэн 3,799,988 төгрөгийг дутуу өгч хохироосон. Уг 3,799,988 төгрөг нь А.Б миний Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Уужим” амралтын газар, сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм.

4.3. Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Б миний Сагсай сумын “Уужим” амралтын газар болон Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд оруулж тооцохоос татгалзсан. Гэвч 1990-ээд оноос өмнө хувийн байгууллага гэж байгаагүй ба амралтын газар, худалдаа бэлтгэл анги нь улсаас санхүүжүүлдэг төсөвт байгууллага учраас А.Б төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзэж байна.

4.4. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Б Сагсай сумын “Уужим” амралтын газар болон Худалдаа бэлтгэл ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцохоос татгалзан тушаал гаргасан байна. Ажилтан А.Б 13,263,369 төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг тус аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс Боловсролын яаманд хүргүүлсэн  жагсаалт, Боловсролын яамнаас аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэс, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлсэн жагсаалтаар тэрээр өндөр насны тэтгэвэрт гарахад 13,263,369 төгрөгийн тэтгэмжийг авах эрхтэй болох нь нотлогдож байна.

4.5. Ингээд уг асуудлаар миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С дамжуулан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00788 дугаартай шийдвэрээр А.Б миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байсан.

А.Б миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцсэн тухай Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 212/МА2023/00126 дугаартай магадлал гарсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 Учир нь, уг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, харин уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх ёстой гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн.

А.Б миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХ2024/00108 дугаартай тогтоолоор гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарсан.

4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дээд шатны байгууллага болох Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу ирээгүй учраас тэтгэмж авах эрх маань зөрчигдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

4.7.Иймд Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А\22 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга, есөн зуун жаран найм/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг А.Б надад олгохыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгч шүүхээр яваад 3 жил болж байна. Захиргааны хэргийн шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Буянт сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. 2021 оны 6 дугаар сард тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нь нэхэмжлэгчийн ажилласан жилийг нь тооцож, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу 13,263,369 төгрөгөөр тооцож, саналыг аймгийн Төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.

5.2. Аймгийн Төрийн сангийн хэлтсээс үүнийг хянаж явуулснаар уг мөнгө нь 2021 оны 11 дугаар сард төсвөөр батлагдаж, 2022 оны 10 дугаар сард 13,263,369 төгрөг Боловсрол шинжлэх ухааны газрын дансанд ирсэн бөгөөд аймгийн Боловсрол соёл, шинжлэх ухааны газар дундаас нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/22 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гаргаж, 13,263,369 төгрөгөөс 3,799,968 төгрөгийг хасаж, 9,400,032 төгрөгийг олгосон.

5.4. Гэтэл энэ нь тухайн үед үйлчилж байсан хууль, журамд хамааралгүй. Маргаан бүхий аймгийн Боловсрол соёл, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай тушаалд хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Бид уг тушаалыг илт хууль зөрчсөн тушаал гэж ойлгож байгаа.  2019 оны Засгийн газрын 7 дугаар тогтоолын “Төрийн албан хаагчдын өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмын 3.2-т “төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудалд хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно” гэж зохицуулсан.

5.5. Мөн журмын 3.3-т “Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтыг  үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон лавлагаа эсхүл төрийн албанд ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэнэ” гэж заасан.

5.6. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр нь байна. Сүүлд зарим хугацааг шүүхээр тогтоолгосон. Мөн журмын 5.1-т “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэж заасан.

5.7. Уг тэтгэмжийг цэцэрлэгээс дамжуулан олгох ёстой байсан. Боловсрол соёл, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаар тушаал өөрийн эрх хэмжээнд хамааралгүй, шууд биечлэн хариуцуулсан заалт байхгүй байхад дундаас нь тушаал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэл муутай  гэв.

 

6. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            6.1. Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 дугаар албан бичигт 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр, аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна.

6.2. А.Б 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Пионерын Лагерьд үйлчлэгчээр ажилласан 3 сар болон 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан 5 жил 1 сар болох нийт 5 жил 4 сарыг нь төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй гэж үзсэн байгаа.

6.3. Иймд нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцуулж, баталгаажуулсан 3 жил 7 сар мөн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан 12 жил, нийт төрийн алба хаасан хугацааг нь 15 жилээр тооцож нийт 9,434,850 /есөн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга найман зуун тавин/ төгрөгийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж шилжүүлсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан “2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай “Тэтгэмж олгох  тухай” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн  есөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн  нэг удаагийн тэтгэмжийг А.Б надад олгохыг хариуцагчид даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] нэхэмжлэгч нь Сагсай сумын Пионерын лагерьт 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс   1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлэгч болон номын санчаар 3 сар 2 хоног,  Сагсай сумын худалдаа бэлтгэлийн ангид  1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл худалдагчаар 5 жил 1 сар,   Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл  12 жил 23 хоног, 0214000293 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудсаар 1991 онд  7 сар, 1992 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

3. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нь улсад  биечлэн 17 жил 25 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцсон 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийн дагуу 9 жил 7 сар, нийт 26 жил 7 сар 25 хоног ажиллажээ.

 

4. Нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр буюу  Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/22 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалыг[2]  хариуцагч гаргахдаа төрийн албанд 15 жил ажилласан, үүнээс Буянт сумын цэцэрлэгт 12 жил 23 хоног, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудсаар 3 жил 7 сар  гэж үзэн тэтгэмжийг нь 9.434.850 төгрөгөөр тооцсон байх ба харин ажиллаж байсан байгууллагын анхны төсөвлөж санал болгосон 13.234.818 төгрөгөөс 3.799.968 төгрөгийг “... Сагсай сумын Пионерын лагерьт үйлчлэгч, номын санчаар, худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсныг төрийн албанд ажилласан гэж үзэхгүй” гэсэн үндэслэлээр хасаж гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх маргаж буй 3.799.968 төгрөгийг  авах үндэслэлээ “... дээрх байгууллагууд нь улсын төсвийн байгууллага байсан тул төрд ажилласан гэж үзнэ, мөн нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарсан байгууллага нь нэг удаагийн тэтгэмжийг олгох саналд дээрх байгууллагуудад ажилласан хугацааг төрд ажилласанд тооцож 13.234.818 төгрөгөөр тусгуулсныг аймгийн төрийн сангаас хянаж явуулснаар 2021 оны 11 дугаар сард төсвөөр батлагдаж, 2022 оны 10 дугаар сард 13.234.818   төгрөг Боловсрол шинжлэх ухааны газрын дансанд ирсэн, дундаас нь дээрх 3.799.968 төгрөгийг хасах, нэхэмжлэгчид олгохгүй байх  эрх хэмжээг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт олгоогүй” гэж тодорхойлсон.

 

6. Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэсний дагуу   Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-аар нарийвчлан зохицуулжээ.

 

7. Дээрх журмын Нэгийн 1.1-т “ Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.”, 2.1-т “ Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.”, Хоёрын 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэж зааснаас гадна Гуравт Төрийн албанд ажилласанд тооцох  хугацааг тухайлан заажээ.

 

8. Журмын Гуравт зааснаар нэхэмжлэгчийн 1985 онд Сагсай сумын Пионерын лагерьт үйлчлэгч, номын санчаар, 1986-1991 онд сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсныг төрийн албанд  ажилласанд тооцох үндэслэлгүй, тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан дээрх нэр бүхий байгууллагууд нь улсын төсөвт байгууллага биш, тухайн үед аж ахуйн тооцоон дээр үйлдвэр, үйлчилгээ явуулж байсан байгууллагууд болох нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/439 дугаартай албан бичгээр[3] батлагдаж байна.

 

9. Мөн дээрх журмын Тавын 5.1-т “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана”,  5.4-т “Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус  заасан байх ба нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааг ажиллаж байсан байгууллагын  дарга, санхүү хариуцсан ажилтан, аймгийн төрийн сангийн мэргэжилтэн  үнэн зөв тооцоолох үүргээ зөрчиж нэхэмжлэгчийг төрийн албанд илүү жил ажилласнаар тооцож илүү хөрөнгийг төсвийн төсөлд санал болгосныг зөвтгөх үндэслэлгүй, тэдний анхны тооцоолсон үнээр буцалтгүй тусламжийг олгох боломжгүй гэж дүгнэлээ.

 

10. Түүнчлэн, боловсролын салбарын төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хөрөнгө нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төсөвт тусгагдсанаар тухайн байгууллагын дансанд хуваарилагдан орж ирсэн нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд, уг төсвийн шууд захирагч нь  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар  тухайн байгууллагын дарга нь мөн, тэрээр төсвийн шууд захирагчийн хувьд хуулийн 16.5.2-т заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;” бүрэн эрхээ хэрэгжүүлснийг нь буруутгах үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б  Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан “2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай “Тэтгэмж олгох  тухай” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн  есөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн  нэг удаагийн тэтгэмжийг А.Б надад олгохыг хариуцагчид даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 66,67,73, 77,82 дугаар тал

[2] Хэргийн 39-40 дүгээр тал

[3] Хэргийн 50-51 дүгээр тал