Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01721

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.П-ын хамт Т ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд зээлээ төлж чадаагүй тул Т ХХК-иас Ж.П бид хоёрт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01774 захирамжаар бид нараас нийт 41 273 358 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1847 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18260223 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Ингээд бидний барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоот хаягт байрлалтай Ү-2204005684 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авч “Баян Модот” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээчин 53 438 600 төгрөгөөр үнэлсэн. Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоот орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш нь 60-65 орчим сая төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Үүнээс үүдэж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ болох 53 438 600 төгрөгийн 70 хувь буюу 37 407 020 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1774 дүгээр захирамжаар Ж.П, Д.Ц нараас 41 273 358 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.П, Д.Ц нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол 16-р байрны 38 тоот 18 м.кв 1 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18260223/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18260223/04 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч Д.Ц өмчлөгч Б.Б, Д.Оюунцэцэг нар барьцаа орон сууцаа 80 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Ж.П төлбөр авагч Төрийн банк нар шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилон “Баян-Модот” ХХК-иар үнэлүүлэхэд уг орон сууцыг 53 438 600 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5439, 4/5440, дугаартай албан бичгийг гардуулан өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 37 407 020 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11250, 4/11251 дугаартай мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 26 719 300 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16166, 4/16167 дугаартай мэдэгдэл тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 9460 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ж.П-ын хамт Т ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд зээлээ төлж чадаагүй тул Т ХХК-иас Ж.П бид хоёрт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01774 захирамжаар бид нараас нийт 41 273 358 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1847 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Ингээд бидний барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байрны 38 тоот хаягт баярлалтай Ү-2204005684 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авч “Баян Модот" ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээчин 53 438 600 төгрөгөөр үнэлсэн. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12-дугаар хороолол, 16 дугаар байрны 38 тоот орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш нь 60-65 орчим сая төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Үүнээс үүдэж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ болох 53 438 600 төгрөгийн 70 хувь болох 37 407 020 төгрөгөөр анхан албадан дуудлага худалдаа зарлагдсанаар байраа алдахад хүрээд байна. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох гомдлыг гаргасан боловч хүлээн аваагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо тус шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Баян Модот” ХХК-ийн үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаар захирамжаар Д.Ц-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 273 358 төгрөгийг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг Д.Ц-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоотын 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1847 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18260223/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Д.Ц-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоотын тоотод байрлах, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005684 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18260223/04 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-30, 33-37, 45-46 дахь тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад 80 000 000 төгрөг гэж, төлбөр авагч “Төрийн банк” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоно гэх хүсэлтийг гаргажээ. /хх-51/ Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны 38 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 53 438 592 төгрөгөөр үнэлсэн нь холбогдох хуульд заасан журмыг зөрчөөгүй болно. /хх-52-65/

 

Шинжээчээр томилогдсон “Баян модот” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Баянзүрх дүүрэг дотор харьцуулалт хийж зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байхаас гадна Нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй объектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5439, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4/16166 дугаар албан бичгээр мэдэгдэж, улмаар төлбөр төлөгч буюу Д.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ./хх-1, 4, 91/

 

Нэхэмжлэгч нь “орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш нь 60-65 орчим сая төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ