| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/05225/И |
| Дугаар | 101/ШШ2024/04316 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/04316
| 2024 09 17 | 101/ШШ2024/04316 |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Боржигон овогт ын ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,анд байрлах, *******т холбогдох,
Гуравдагч этгээд: ,,анд байрлах, Худалдаа хөгжлийн банк ХК /рд:/,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/1251 дүгээр шийдвэрээр иргэн Б.*******гаас 103,138,458.96 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Тус шүүхийн шийдвэрт үндэслэж төлбөр төлөгч нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа хийж төлбөр төлөгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг хураах ажиллагаа хийж хураасан. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн*******,************** тоот хаягт бүртгэлтэй өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааанд 112,000,000 төгрөгөөр үнэлж ажиллагааг хийсэн. Ингэхдээ тус үнэлгээг ямар байдлаар гаргасан нь тодорхойгүй буюу хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явагдаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөн хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаж явагдах учиртай. Хөрөнгийн үнэлгээг шүүхийн шинжилгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон эсэх, хуульд нийцсэн эсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж буй этгээд хяналт тавих үүрэгтэй. Мөн түүнчлэн хөрөнгийн үнэлгээг хуулийн хүрээнд бодитой тогтоосон гэж үзсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаас харвал эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэрийг гүйцэтгэх газраас гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудад мэдэгдэх, гардуулж өгөх, тэмдэглэл үйлдэхээр хуульчилсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад үнэлгээг хэрхэн тогтоосон тухай үнэлгээний тайлан, баримт бичиг албан ёсоор гардуулж өгсөн зүйл байхгүй тул гаргаж өгөх баримт байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дүгээр зүйлд заасны дагуу орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх тухай заасан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч бие даан үнэлэх, зах зээлийн үнэлгээг тогтооход хүндрэлтэй,тохиолдолд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийх эрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг 112,000,000 төгрөгийг ямар баримт судалгаанд үндэслэн тогтоосон болох нь тодорхойгүй байна. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтмол өсөлттэй, ижил төстэй үл хөддөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс илт доогуур үнэлсэн байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн*******,*******,******* тоот хаягт байрлах 30 м.кв-тай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв .
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/1251 дүгээр шийдвэрээр Б.*******гаас 103,138,458 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг гүйцэтгэх хуудсанд тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн*******,*******,******* тоот хаягтай 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22380819 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгчид сайн дураар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгч Б.******* нь тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул тус үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22380819/03 тоот тогтоолоор битүүмжилж, дахин шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа өгсөн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2238081904 тоот тогтоолоор хурааж, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 41887948 тогтоолоор Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч талаас үнийн санал авах тухай мэдэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 7947 тоот үнийн санал авах мэдэгдлийг талуудад танилцуулахад, төлбөр төлөгч Б.******* 160,000,000 төгрөгөөр үнэлснийг Худалдаа хөгжлийн банк зөвшөөрсөн. Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4-188/5974 дугаар мэдэгдлийг Б.*******д танилцуулсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, 55.7, 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлсэн гэж байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэг болон 38.1 дэх хэсэгт заасны дагуу тус үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлсэн гэдгээ нотлоогүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1251 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1329 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 20220300424 дүгээр тогтоолоор хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 103,138,458 төгрөг гаргуулахаар, улсын тэмдэгтийн хураамжид 743,850 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд н., Б.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулж, худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлээр хангуулж шийдвэрлэсэн. Худалдаа, хөгжлийн банкнаас гүйцэтгэх хуудсыг гардаж аваад, шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хураасан байгаа. Хураасан даруйд Б.*******гаас үнийн санал ирүүлж 160,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банкнаас тус үнийн саналыг зөвшөөрсөн байгаа. Талууд Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны үнийг тохирсон гэж үзэж болохоор байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4-188/7941 тоот мэдэгдэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, ,
4.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн дүгээр тогтоол, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үнийн санал, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн дүгээр тогтоолоор Б.*******гаас 103,138,458.96 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн ё тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж, Б.*******гийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2238089/3 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22380819/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
4.1 Төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад талууд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 160,000,000 төгрөгөөр харилцан тохиролсон болох нь тэдгээрийн гаргасан үнийн саналаар тогтоогдож байна. /хх-44-45/ Шийдвэр гүйцэтгэгч талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4.2 Нэхэмжлэгч Б.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрөө эд хөрөнгийн үнийг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч уг үнийг зөвшөөрсний дагуу дуудлага худалдаагаар худалдах үнийг тогтоосон байхад тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч талуудын харилцан тохиролцсон үнээр дуудлага худалдааны үнийг тогтоосон байна.
4.3 Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.*******д талуудын харилцсан тохиролцсон үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар дамжуулан мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж, 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж, 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж тус тус заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар дамжуулан төлбөр төлөгч Б.*******д хүргүүлсэн болох нь шуудангийн дардасаар тогтоогдсон тул уг өдөр үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно заасан хугацааг нэхэмжлэгч Б.******* нь хэтрүүлж буюу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4.4 Нэхэмжлэгч нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр авагтай харилцан тохиролцож тогтоосон атлаа шийдвэр гүйцэтгэгчийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн тэрээр шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.
5. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ