| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/00122/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөхнүүд овогтБ .Г-т холбогдох 1735000790046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой бизнесийн удирдлага мэргэжилтэй, Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 1, Наранбулаг сумын 1 дүгээр багийн 5-07 тоотод оршин суудаг, регистрийн дугаар:0371082719, Бөхнүүд овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны орой тус аймгийн Наранбулаг 1 дүгээр багийн нутагт хэсгийн төлөөлөгч Т.Ж-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэнгэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Т.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаангом сум руу орох ажил байсан тул Улаангом суманд нэг хэрэг прокурорт шилжүүлчихээд орой 22 цагт буцаад Наранбулаг сум руу гарч сумын төв рүү орж явтал засмал зам дээр 3 үхэр хэвтэж байсан тул би сумын төв рүү орж машинаа үлдээгээд мотоциклио унаад зам дээр хэвтэж байсан 3 үхрийг сигналдаж замаас буулгаад буцаад сумын төв рүү орж явтал 38-58 УВА улсын дугаартай “пекап” загварын тус сумын тамгын газрын дарга Б.Г-н машин маш хурдтай явжтөв рүү орсон. Цаанаас нь модтой бололтой 2 машин ирж явахаар нь би тэр хоёр машиныг “Та хоёр цагдаагийн хэсгийн байранд хүрээд ирээрэй, модыг чинь шалгана” гэж хэлчихээд 38-58 УВА улсын дугаартай машины жолооч нь согтуу явж байгаа юм шиг болохоор нь тэр машиныг шалгахгүй бол болохгүй байх гэж бодоод сумын төв рүү ороход Б.Г-н 38-58 УВА улсын дугаартай автомашин З гэдэг айлын ард зогсож байсан. Тэгээд би яваад очиход машин дотор А, Г, Б, З, Г нар архи ууж байхаар нь би “Та нар дарга нар байж ингэж бөөгнөрч архи ууж явж болохгүй шүү дээ” гэж хэлээд түлхүүрийг нь аваад хэсгийн байр руу ороод ир гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд би Б.Г рүү “та өөрөө дарга хүн байж ингэж архидаж болохгүй шүү дээ, орж ирээд шалгуулчих” гэсэн. Тэгээд би хэсгийн байр руу явж байтал Б.Г миний араас ирж “чи надаар оролдоод байгаа юм уу?” гэсэн. Тэгтэл би урдаас нь таниар оролдсон зүйл байхгүй, та яваад машиндаа очоод байж бай би модтой хоёр машин ирсэн үүнийг шалгачихаад яваад очьё гэсэн. Тэгтэл миний өөдөөс “Наранбулаг суманд наймаачин цагдаа хэрэггүй, чамайг зайлуулна, надад алдах зүйл байхгүй, надад хүүхэд байхгүй, гэр бүл байхгүй. Би чамайг зайлуулчихаад алчихаад шоронд явна” гэхэд би “Та яагаад загнаад байна” гэхэд миний урдаас хуруугаа чичлээд дайраад байхаар нь би цааш нь түлхэхэд миний зүүн талын нүдний доор хацарны яс, хамарны зүүн хэсэгт цохисон. Тэгтэл Г, А, Б нар салгаад авсан. Тэгээд цааш нь явж байгаад “муу пизда, чамайг би ална, тэгээд хэргээ даагаад шоронд явна” гээд орилоод байсан. Тэр хооронд машинтай модны гоожин бичиг баримтыг шалгаж байтал миний араас “чи наадуулаа явуул пизда, арын даана” гэсэн мөн модтой машины тэвшин дээр байсан цахилгаан хөрөөг харчихаад “наад хөрөөгөө асаа, хөрөөдөөд алчихна” гээд орилж байгаад над руу хүрч ирээд энгэрээс бариад цохих гэхээр нь би Г-н гарыг нь мушгиад газар унгаахад миний араас Г нуруу руу түлхэж газар унгаахад Б.Г намайг босох гэж миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр хооронд бид хоёр барьцалдаад авахад А гээд жаахан залуу ирээд бид хоёрыг салгасантэгтэл Б.Г А-г жийгээд унагаачихаад над руу гүйж ирээд миний хөлийг авч газар унгаагаад газар дарж аваад мөрдөс аваад шидчихсэн. Тэгтэл Б хүрч ирээд Г чи ямар ядаргаатай юм бэ гээд салгаад зодоон дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
2. Гэрч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг суманд их эмчээр ажилладаг. 2017 оны 8 дугаар сарын 30-ны орой 23:50 минутын үед сумын хэсгийн төлөөлөгч Т.Ж-т бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэй ирж биед нь үзлэг хийхэд биеийн байдал дунд амин үзүүлэлт хэвийн, аюулхай орчимд гүний тэмтрэлтээр эмзэглэлтэй. Зүүн нүдний доод хэсгээр хацар яс орчимд ягаан туяатай, баруун тохойн хэсэгт зулгарсан байсан. Өөрөө хэлэхдээ хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
3. Гэрч Ц.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед сумын засаг дарга Ч.Б, тамгын газрын дарга Г нар манай хашааны гадна ирээд намайг дуудахаар нь гарч ирээд машинд суучих гэхээр нь Г-н машинд суугаад шинээр баригдаж буй газан колонкийн барилгын дэргэд очиход нэг шил Болор нэртэй архи задлаж түүний хагасыг хувааж уучихаад би одоо харихгүй бол болохгүй гэж хэлээд манай гэр үрүү ирсэн. Манайх уруу ирэхийн өмнө Г архи уучихсан байсан тул жолооч дуудна гээд Г гэдэг залуу руу залгаж дуудаад тэр хүүгээр машин бариулж урд суудал дээр нь Г сууж арын суудал дээр нь Б дарга, А бид гурав суугаад манай хашааны гадна ирээд би буугаад гэр үрүүгээ орох гэж байтал хэсгийн төлөөлөгч Т.Ж ирээд Г-г “та яагаад согтуу машин барьж байгаа юм бэ?”гээд машиных нь түлхүүрийг аваад цааш нь эргэсэн, би машинаас буугаад шууд гэр үрүүгээ яваад орчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
4. Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Сумын хэсгийн төлөөлөгч Т.Ж ирээд Б.Г ахын машины түлхүүрийг авахад Г ах Ж-с машиныхаа түлхүүр авья гэхэд Ж “та согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон байна, өгөхгүй” гэхэд Г ах би жолоочтой явж байна гэсэн. Тэгээд түлхүүр өг гэж маргалдаж Б.Г ах Ж-тай барьцалдаж аваад хоорондоо зууралцаж, тэмцэлдэж байгаад салсан. Ж-д Г-с өөр хүн ойртоогүй тул нүүр үрүү Г цохиж мөрдөсийг нь урсан байх тухайн үед харанхуй байсан болохоор сайн анзаарч хараагүй. Г дарга над уруу 22 цаг өнгөрч байхад дуудсан. Б ахын залуу Б гэдэг хүүхдийн 94973377 гэсэн дугаар уруу залгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
5. Гэрч Р.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Машин барьж явсан Г, урд талын суудалд сууж явсан Б.Г нар З-г буулгаад зогсож байтал сумын хэсгийн төлөөлөгч Т.Ж ирээд машины тулхүүрийг сугалж аваад явсан. Тэгтэл Б.Г машины түлхүүр өгчих гэхэд Т.Ж өгөхгүй гэж маргалдаад хоорондоо барьцалдаж авсан. Яг тэр хооронд З гэр үрүүгээ гүйж орсон. Б.Г, Т.Ж хоёр маргалдаж байгаад Б.Г, Т.Ж-г бариад авахад газар унасан. Тэгтэл Г очиж тэр хоёрыг салгаад зодоон салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
6. Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “....Бид нар З ахыг буулгах гээд зогсож байтал хэсгийн төлөөлөгч Т.Ж ирсэн би машины урд талын суудал дээр сууж байсан бөгөөд тэнд сууж байтал Б.Г Т.Ж-тай хэрэлдэж байгаад хоорондоо барьцалдаад авчихсан байхаар нь би машинаас бууж очиж тэр хоёрыг салгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,
7. Гэрч А.А-нмөрдөн байцаалтанд өгсөн: “...Цагдаагийн хэсгийн урд очоод зогсож байтал Т.Жхашааны араар тойроод хүмүүстэй маргалдаад бид нар руу ирж байтал Б.Г дарга Т.Ж-тай хэрэлдэж, маргалдаад тэр хоёр барьцалдаж аваад зодолдоход би гүйж очиж салгасан. ...Тэр үед Г дарга миний аав А-н машин дээр байсан хөрөөг харчихаад хөрөөдөөд ална гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
8. Гэрч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний машины татлага бага зэрэг суларч би модон дээр ачсан зүйлээ шалгаад машины тэвшин дээр гараад зогсож байтал сумын тамгын газрын дарга Б.Г надад хандаж “хөөе наад хөрөөгөө өгчих” гээд цаашаа Т.Ж-тай хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр газар унах шиг болоход миний хүү Анхбаяр тэр хоёр руу гүйж очсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
9. Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Б-ны Г нь 1971 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Эцэг, эхээс 7-уулаа бөгөөд айлын 4 дэх залуу. Дээрээ 3 ахтай, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд 8 настайдаа Увс аймгийн Наранбулаг сумын 8-н жилийн сургуулийн 8-р ангийг төгсөж 9-10-р ангиа Увс аймгийн Улаангом сумын ахлах 2 дугаар сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшисэн.10-р ангиа төгсөөд 1 жилийн цэргийн алба хааж 1990 онд халагдаж ирээд Наранбулаг сумын залуучуудын холбооны дарга, олон нийтийн байцаагчийн ажлыг тус тус хийж байгаад 2003 оэд хүн амины хэрэгт холбогдож 2012 онд гарч ирээд Улаанбаатар хотод Сити дээд сургуульд элсэн орж төгсөөд дээд боловсрол эзэмшсэн. Одоогоор Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт ганц биеэрээ оршин сууж амьдарч байна. Б.Г нь даруу төлөв, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, бусдад тусархуу, шударга, хөдөлмөрч зантай” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
10. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 01-нийөдрийн 505 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Т.Ж-н биед гэмтэл учирсан байна. Хамрын зүүн, нүдний доод хэсэгт, зүүн гарын алганд зулгаралт, зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,
11. Шүүгдэгч Б.Г-г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/,
12. Шүүгдэгч Б.Г-н хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 36-49, 52-53, 60-74-р тал /
13. Шүүгдэгч Б.Г-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт ганц бие амьдардаг. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тус аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцтэтгэгчээр томилогдон ажиллаж байна. 2017 оны 8 дугаар сарын 30-ны орой ажил тараад Засаг дарга Т.Б уруу залгаж гэртээ урьсан. Тэгээд манайд цай хоол идэж уучихаад би Ч.Б даргыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байгаад хороолол дунд З-тай тааралдаж З ах 1 шил архи байна ууя гэхэд нь шинээр баригдаж буй газан колонк буюу Дашваанжил шатахуун түгээх станцийн дэргэд зогсож байгаад бид нар нэг шил архиа хувааж уучихаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэж бодоод Г гэдэг залуу руу залгаж түүнийг дуудаж машинаа жолоодуулаад сумын төв рүү орж явтал хэсгийн төлөөлөгч Т.Ж мод ачсан 2 машин зогсоож шалгаж байсан. Тэгэхэд нь би чи наад хүмүүсээ явуул наад хүмүүс чинь зөвшөөрлөө авчихсан гэж хэлэхэд энэ хүмүүс 2 метрээр тайрах модыг 3 метрээр тайрсан байна гэсэн тэгээд би орхичихоод З-н гэрийн гадна буюу Цагдаагийн хэсгийн байртай залгаа гэр нь байдаг тул түүнийг буулгаад зогсож байтал та яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм бэ? гэсэн. Би өмнөөс нь “би машин бариагүй Г-р бариулсан” гэхэд Т.Ж Г-с машины түлхүүр булааж аваад явсан тул би түлхүүр өгөөч гэж араас нь очиход та согтуу байна гэж намайг түлхэж унагаасан. Тэгээд би газраас босож ирээд Т.Ж-г барьж авахад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад Т.Ж зарим нэг зүйлийг хэтэрхий худал дэгсдүүлж ярьсан байна. Би наймаачин цагдаа гэж хэлсэн учир нь тэр асуудлаас 4 хоногийн өмнө ачааны машинаар 83 тооны ямаа ачиж Наранбулаг сумаас Өмнөговь сум уруу оруулсан. Т.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр над уруу залгаж би явлаа та гаргаж өгөхгүй юм уу гэхэд би очиж 300,000 төгрөг 1 шил архи аваачиж өгөхөд за одоо гомдол санал байхгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны орой Увс аймгийн Наранбулаг 1 дүгээр багийн нутагт хэсгийн төлөөлөгч Т.Ж-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Т.Ж, гэрч , Г.М,Ц.З, Б.Г,Р.А, А.А, Г.А,нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 505 дугаартайшинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г-н үйлдлийн улмаас хохирогч Т.Ж-нХамрын зүүн, нүдний доод хэсэгт, зүүн гарын алганд зулгаралт, зүүн нүдний доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 505 тоот дүгнэлтээр тогтоогдсон, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хохирол шаардахгүй бөгөөд хохирогч Т.Ж нь Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгч албан тушаалтай, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Б.Г-г хууль сахиулагчийг буюу цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Ж нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-с гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-т ял оногдуулахадхөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилгасан байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөхнүүд овогт Б-ны Г-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бөхнүүд овогт Б-ны Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Г-т хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г-с гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА