Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1207

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2008 00607 1408 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б-ын Б, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаанд “Х” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан бетон зуурмагийн тоног төхөөрөмж, контейнерыг бусдад худалдаж, 212.639.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овгийн Б-ын Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д арван хоёр мянган нэгж буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан арван хоёр сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулж, хохирогч “Х” ХХК-ийн 8,000,000.0 төгрөгийн тээврийн зардал гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын 90,291,484 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, эрүүгийн журмаар шалгуулах, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бодит байдалд хохирогч “Х” ХХК нь шүүгдэгч Б.Б-ын хашаанд бетон зуурмагийн тоног төхөөрөмжөө шууд тээвэрлэх боломжтой байдлаар контейнерт хадгалуулсан боловч Б.Б нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “М” ХХК-ийн захирал Ц.Б-т худалдан борлуулж, тус компанийн хашаанд угсран байрлуулсан байсан. Үүнээс шалтгаалж угсарсан бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг эд анги тус бүрээр нь нэг бүрчлэн задалж, салгах, өргөгч машинаар буулгах, тээвэрлэх шаардлага бий болсон бөгөөд хохирогчийн зүгээс тусгай мэргэжлийн хүмүүсийг хөлслөн ачилт, угсралт, салгалтын ажлыг гүйцэтгүүлж тээврийн зардал нийт 8.000.000 төгрөг гаргасан. Энэхүү зардал нь зөөвөрлөх хүмүүсээс гадна мэргэжлийн инженер хөлсөлж салгалт хийлгэсэн, ажилчид, гагнуурчин, цахилгаанчин, холбооны инженер, өргөгч краны жолооч, тээвэрлэх жолооч гээд тус ажлын баг нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Иймд хохирогч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн тээвэрлэлтийн зардал 8.000.000 төгрөг  нь шүүгдэгч Б.Б-ын контейнертой тоног төхөөрөмжийг бусдад худалдаж завшсаны улмаас учирсан хор уршиг мөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хашаанд үйлдвэрээс ирсэн бүхий л иж бүрдлийн хамт 2 контейнерт шинээрээ, зөөвөрлөхөд бэлэн байсан. Ачааг шууд тээвэрлэх боломжтой байсан, олон хүний бүрэлдэхүүнтэй баг шаардагдахааргүй байсан. Харин контейнероос гаргаад угсарсан овор хэмжээ ихтэй, тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн салгах, ачих нь буулгалтын болон инженерийн хийх тусгай ажлаас гадна огт өөр нэмэгдэл зардал гарсан нь ойлгомжтой байхад 8 сая төгрөгийн зардлыг зөвхөн ачих зардал гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. хохирогч зөвхөн ачилт, тээвэрлэлт, салгалт зэргээр зогсохгүй бусад олон төрлийн зардлуудын төлбөрийг төлсөн болно.

Шүүгдэгч Б.Б нь тухайн хөрөнгийг завшин “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлснээс шалтгаалан дээрх элэгдэл хорогдол үүссэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн нэхэмжилсэн элэгдэл хорогдол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу тухайн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг юм. Хохирогч “Х” ХХК-ийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд прокурорын байгууллагад хандаж “М” ХХК нь битүүмжилсэн эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж, шинж байдлыг доройтуулж байгаа талаар гомдол гаргасан боловч энэ гомдлыг прокурорын байгууллага хүлээж аваагүй.

“М” ХХК-ийн захирал Ц.Б нь удахгүй танай компанийн мөнгийг чинь өгнө хэмээн худал хэлж, цаг хугацаа хожих явцдаа манай тоног төхөөрөмжийг байнга ашиглаж, улмаар ашиг хонжоо олж байсныг нотлох дүрс бичлэг, гэрэл зураг зэргийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн боловч шүүхийн шатанд энэхүү баримтыг шинжлэн судлаагүй. Эдгээр нотлох баримтууд нь битүүмжилсэн эд хөрөнгийг хууль бусаар удаа дараа ажиллуулж, ашиг олсон үйлдлийг нотлох баримт байтал ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхигдуулсанд гомдолтой байна. “М” ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашигласан үйлдэл нь тоног төхөөрөмжид элэгдэл, хорогдол үүсэх үндсэн шалтгаан болсон. “М” ХХК нь манай компанийн тоног төхөөрөмжийг шөнийн цагаар хүртэл ажиллуулж, шөнө цутгалт хийж байгааг тэр орчмын оршин суугчид хүртэл мэдээлж байсан. “М” ХХК манай тоног төхөөрөмжийг удаа дараа ажиллуулж, хэд хэдэн газар бетон цутгалт хийсэн, мөн олон тооны бэлдэц гарган авч, ашиг олсон байтал манай тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд, манай “Х” ХХК-ийн угсралт, тээврийн зардал болох 8.000.000 төгрөг, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын үнэ болох 90.291.484 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1270 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс нийт 2 төрлийн төлбөр нэхэмжилсэн. Нэгдүгээрт, “Х” ХХК-аас шүүгдэгч Б.Б болон иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийн тээвэрлэлтийн зардлын төлбөр байгаа. Уг төлбөрийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг хохирогч хашаанаас нь аваад тээвэрлэхэд энэ хэмжээний зардал гарна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн чингэлэгт байсан том овор хэмжээтэй тоног төхөөрөмжүүдийг иргэний хариуцагч болон шүүгдэгч нар задлаад хашаанд суурилуулсан байсан. Тухайн төхөөрөмжийн өндөр нь энэ шүүх хуралдааны танхимаас өндөр хэмжээтэй. Уг төхөөрөмжийг ачаад явах боломжгүй учраас тусгай мэргэжлийн баг хөлсөлсөн. Үүнтэй холбоотой зардал нь 8.000.000 төгрөг. Энэ талаар иргэний хариуцагч болон шүүгдэгч нар мэтгэлцээгүй. Гэтэл шүүх иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэтгэлцээгүй асуудалд дүгнэлт хийж, 8.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, элэгдэл хорогдлын хохиролд 90.298.480 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ талаар шүүх шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй гэж дүгнэсэн. Жишээлбэл, шүүхийн шийдвэрт “шинжээч дүгнэлтдээ 15 хувь, мөрдөн шалгах ажиллагаанд 23 хувь, шүүх хуралдаанд 10 хувь гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн” гэж дурдсан. Уг шүүхийн дүгнэлт нээрээ л үндэслэлтэй ч юм уу гэж харагдаж байгаа боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үзвэл шүүх шинжээчийн өгсөн мэдүүлэг болон дүгнэлтийг буруу ойлгож, тайлбарласан харагдаж байна. Шинжээч үнэлгээний дүгнэлтийг гаргахдаа Үнэлгээний олон улсын стандартын дагуу 3 төрлийн хувь хэмжээгээр элэгдүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, биет хорогдол, үйл ажиллагааны хорогдол, гадаад буюу эдийн засгийн хорогдол гэсэн 3 төрлийн хувь хэмжээг нийлүүлээд 23 хувь, биет элэгдэл нь 10 хувь, үйл ажиллагааны элэгдэл 6 хувь, эдийн засгийн хоцрогдол 6.6 хувь буюу нийлээд 23 хувь болж байгаа. Гэтэл анхан шатны шүүх 23 хувийг задалсан тооноос нь нэг тоог нь аваад шүүх хуралдаанд 10 хувь гэсэн гэж өөр тоог өөр тоотой харьцуулж, хоорондоо зөрүүтэй мэтээр ойлгож, шүүхийн шийдвэрт дурдсан. Гэтэл шинжээч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэгтээ “энэ үнэлгээний хувь хэмжээ бол 3 элэгдлийн нийлбэр, нийлээд 23 хувь” гэж тодорхой мэдүүлсэн. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад 23 хувиа задалж тайлбарласан. Иймд шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгийг буруу тайлбарласан. Хохирогчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй тул 90.000.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Одоогийн нөхцөл байдлаар хохирогч тоног төхөөрөмжөө авчихсан хохиролгүй мэт харагдаж байгаа боловч тоног төхөөрөмжийг иргэний хариуцагч компани бүтэн жилийн турш ашиглан элэгдэл, хорогдол үүсгэж буцааж өгсөн. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х” ХХК-ийн зүгээс “Мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсан. Энэ нь бидэнд гарсан хохирол” гэж тайлбарлаж байна. Тухайн үед мэргэжлийн хүмүүс огт байгаагүй. Манай байгууллагын мэргэжлийн 2 инженер өөрсдийн байгууллагын цахилгааныг хэрэглүүлж, тоног төхөөрөмжийг буулгах ажилд нь тусалсан. Мөн тээвэрлэлтийн зардал эсхүл ажлын хөлсөө нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл тухайн тоног төхөөрөмж шинээрээ чингэлэгт байсан эсэхийг бид мэдээгүй. Бид тухайн тоног төхөөрөмжийг манай хашаанд суурилуулаад өгөөч гэж Б.Б-д төлбөр төлсөн. Мөн хохирогч талаас анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг үнэлээгүй талаар тайлбарлаж байна. Гэтэл шүүгч “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүх хүн эрх чөлөөтэй байх ёстой. Хүнийг мөрдөн мөшгөх, тагнах, чагнах хориотой” гэж маш тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүхээс 90.000.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүх хуралдааны явцад би шинжээчээс “Та тухайн хөрөнгийг шинэ байсныг харсан уу” гэхэд хариулж чадаагүй. Тухайн тоног төхөөрөмж нь 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн атал шинжээчийн дүгнэлтэд 2022 онд үйлдвэрлэсэн мэтээр үнэлгээ гаргасан. Шүүгч шинжээчээс “Та энэ үнэлгээг хэдэн оноор гаргасан бэ” гэхэд “2022 оны байдлаар уг төхөөрөмж ийм үнэлгээтэй байгаа, “М” ХХК-аас хэрэглэж, энэ хэмжээний хохирлыг учруулсан” гэж хариулсан. Гэтэл бодит байдал дээр 2020 оны 4 дүгээр сард тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулдаг гол шитийг нь салгаад салгаад аваад явчихсан тул ажиллуулах ямар ч боломжгүй байсан. Хохирогч талаас цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан боловч прокурорын байгууллагаас тоног төхөөрөмжийг ажиллуулж байна гэж гомдол гаргасан. Гэтэл прокурорын байгууллагаас “Энэ төхөөрөмж ажиллах ямар ч боломжгүй учраас таны гомдлыг хангахгүй орхиж байна” гэхэд хохирогч талаас мөрдөн шалгах ажиллагааг хийх хүсэлттэй байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, 8.000.000 төгрөг нэхэмжилсэн асуудал байгаа бөгөөд хохирогч ачилт, тээвэрлэлт, салгалт зэргээр зогсохгүй бусад олон төрлийн зардал, төлбөрийг төлсөн. Яг ямар зардал, төлбөр байгаа эсэх нь тодорхой бус. Энэ асуудал нь хохирогч талын өөрсдийнх нь хариуцах цаашид хийж гүйцэтгэх, ирээдүйд болох ёстой, магадгүй өөрсдөд нь хамааралтай асуудал гэх байдлаар хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нийт 90.000.000 төгрөгийн асуудлыг хэлэлцэхгүй орхисон гэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан. Шинжээч дүгнэлтээ бүрэн гүйцэт хамгаалж чадаагүй учраас шүүх бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй гэх дүгнэлт гаргасан. Иймд иргэний журмаар нэхэмжлэх, дахин дүгнэлт гаргах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй бүрэн дүүрэн санал нийлж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хөнгөрүүлэх боломж бололцоо давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд олгогдсон. 8.000.000 төгрөгийн зардал гаргуулах, иргэний хариуцагч 90.000.000 төгрөгийг дахин хэлэлцүүлэх шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах асуудал нь хуулийн хүрээнд хүчингүй болсон учраас давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зүйлчлэлийн асуудал дээр маргаан гардаггүй. Анхан шатны шүүхээс тээвэрлэлтийн 8.000.000 төгрөг, элэгдэл, хорогдлын 90.298.480 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа бөгөөд 90.298.480 төгрөг тогтоогдохгүй байна. Тоног төхөөрөмжийг ажиллуулсан эсэх асуудал анхан шатны шүүх хуралдааны явцад яригдаж байсан. Б.Б-ын зүгээс уг тоног төхөөрөмжийг огт ажиллуулаагүй гэж тайлбарладаг бол хохирогч талаас төхөөрөмжийг ажиллуулж байсан. Зураг, бичлэг хийгдсэн гэж тайлбарладаг. Шүүхээс уг зураг, бичлэгийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж тайлбарласан. 8.000.000 төгрөгийн асуудал нь чингэлэгтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэхдээ хохирогч өөрөө авах ёстой гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг “Х” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан бетон зуурмагийн тоног төхөөрөмж, контейнерыг бусдад худалдаж, 212.639.150 төгрөгийн хохирол учруулсан буюу завших гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-ын гэм бурууг хэлэлцэж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн: “...Иргэн Б.Б нь 2006 оны үеэс манай компанийн герман хувьцаа эзэмшигч нарт хувийн болон албаны шугамаар машин унаагаар үйлчилж, жолоочоор ажилладаг байсан учир Солонгос улсаас оруулж ирсэн машин тоног төхөөрөмжийг “Өчнөөн олон жил энэ хүмүүсийн дэм тусыг хүртсэн. Эргэж хариу тус хүргэе" гэж саймширч, өөрийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд хашаандаа буулгавал хадгалж чадахаа илэрхийлж амласан байдаг. Хувьцаа эзэмшигч Ф.З түүнд итгэж, түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Тахилтад байх хашаанд нь 5 жилийн өмнө буулгаж, машин тоног төхөөрөмж тус бүрийг контейнерт хийж цоожилж үлдээсэн болно. ...2019 оны 11 сард машин тоног төхөөрөмжөө үзүүлэхээр иргэн Б.Б-ын хашаанд очтол манай бетон зуурмагийн тоног төхөөрөмжтэй 1 контейнер тэдний хашаанд байхгүй байсан.Бид тэр даруйдаа түүнийг дур мэдэн машин тоног төхөөрөмжийг бусдад худалдсан байна гэж сэжиглэн, цагдаад хандана гэж олон удаа асууж шалгаасны дүнд Б.Б нь өөрийн хамаатны ахын хашаанд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гэх тоотод аваачсан гэж хэлсэн. Б.Б-ын хэлснийх нь дагуу очиход Б.Б нь манай компанийн өмч болох машин тоног төхөөрөмжийг хадгална гэж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлж өөрийн хашаанд буулгуулан, улмаар худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа завшиж манайд 190,000 ам.долларын шууд хохирол учруулсан. ...” /1хх 60-63/,

хохирогч “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гэрч Ф.З-ийн: “...Б.Б надад хэлэхдээ “Манай хашаанд бетон зуурмагийн тоног төхөөрөмжтэй 40 тонны чингэлэг 2 ширхэг, хөнгөн блокны машинтай 20 тонны чингэлэг 1 ширхэг, нийт 3 ширхэг чингэлгийг буулгачих. Танай компанийн тоног төхөөрөмжийг би хашаандаа үнэ төлбөргүй харж байя. Та нар надад олон жил тус дэм болж, амьдралд минь тусалсан” гэж хэлэхээр нь эдгээрийг Б.Б-ын хашаанд буулгасан. ...Би Д.Б-ийн хамт 2019 оны 11 дүгээр сард Б.Б-ын хашаанд байхад нь бусдад зарах гээд хүмүүст үзүүлэхээр очих үед 40 тонны 2 чингэлэг байхгүй байсан. 20 тонны 1 чингэлэг нь байсан. Тэгэхээр нь Б.Б-аас 40 тонны 2 чингэлэгтэй тоног төхөөрөмжөө асуухад надад “Улаанбаатар хотод өөр айлын хашаанд байгаа” гэсэн. ...Б.Б 40 тонны 2 чингэлэгтэй тоног төхөөрөмжийг ашиглах, зарах зөвшөөрөл аваагүй. ...” /2хх 157-158/,

гэрч П.З-ийн: “...2018 онд Б.Б “Би танай компанийн тоног төхөөрөмжүүдийг үнэ төлбөргүй өөрийн харж өгнө” гэж хашаандаа буулгасан. ...” /2хх 211/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М” ХХК-ийн захирал Ц.Б-ын гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сард радиогоор “бетон зуурагч машин зарна” гэсэн зарын дагуу холбогдсон. Тухайн үел утсаар яриад очиж үзэхээр болсон. Нэлээн хэд хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд очиж Б.Б-тай уулзаад үзэхэд нэг хашаанд төмөр контейнерт хураасан бетон зуурмагийн Солногос Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж байсан. Б.Б-тай 140.000.000 төгрөгөөр тохирч, Б.Б өөрөө зардлыг нь гаргаж надад суурилуулж өгнө гэж хэлсэн. ...2019 оны 9 дүгээр сард Б.Б-тай утсаар холбогдоход “Зарагдаагүй байна” гэхээр нь очиж авахаар болоод урьдчилгаанд 30.0 сая төгрөг бага багаар нь цувуулж Б.Б-ын данс руу шилжүүлсэн. Тэгээд зуурмагийн төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний хойно суурилуулж эхэлсэн. ...” /1хх 71/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын гэрчээр мэдүүлсэн “...Манай байгууллага цемент зуурах төхөөрөмжийг гэрээ байгуулан Б.Б гэх хүнээс худалдаж авсан. Төлбөрт нь Б.Б-д дансаар 30.0 сая төгрөг өгсөн бөгөөд худалдан авах гэрээнд уг төхөөрөмжийг суурилуулах зардлыг Б.Б өөрөө хариуцахаар заасан. ...” /1хх 73/,

шинжээч Э.Цацралын: “...Энэ тоног төхөөрөмжийн үнэ нь 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гаалийн мэдүүлгээр 115.900 ам.доллар байгаа бөгөөд төгрөгөөр 132.855.011 төгрөг байна. Энэ дээр гааль, татвар, тээврийн зардал нэмэгдээд 172.508.450 төгрөг болж байна. ...” /3хх 109/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Б, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 140.0 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ /2хх 119/, “Arima Properties” ХХК-ийн тоног төхөөрөмжийн үнэлгээний тайлан /3хх 50-74/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “М” ХХК-ийн хашаанд байх тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-31/ болон бусад нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Б.Б нь “Х” ХХК-ийн өмчлөлийн “Kunkang Plant Industry” загварын бетон зуурмагийн чингэлэгтэй тоног төхөөрөмжийг “Би хашаандаа хадгалж байя” хэмээн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаандаа итгэмжлэн хариуцан хадгалж байхдаа бусдад зарж борлуулах эрхгүй атлаа “М” ХХК-ийн захирал Ц.Б-тай 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилгаа 5 сая төгрөг, 55 сая төгрөгт автомашин, 80 сая төгрөгийг 2019 онд төлж барагдуулахаар харилцан тохиролцон худалдах худалдан авах гэрээ байгуулан зарж, хохирогч “Х” ХХК-д 176.008.450 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нотлох баримтад үндэслэн 176.008.450 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл бүхий болсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүрэг, зөвшөөрөл, итгэмжлэлийн хүрээнд эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, эсхүл хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог бөгөөд “Х” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан буюу хадгалуулахаар Б.Б-д шилжүүлсэн тоног төхөөрөмж, чингэлгийг Б.Б нь дур мэдэн бусдад худалдсан хууль бус үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг хуульд зааснаар “их хэмжээний хохирол”-д хамааруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн, ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон хөрөнгө орлогын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дараах зөрчлийг гаргасан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заасан.

Хохирогч “Х” ХХК нь өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М” ХХК-ийн хашаанд угсарсан байсныг буцааж авах, задлах, зөөвөрлүүлэхээр “H” ХХК-аас 8 сая төгрөгийн үйлчилгээ авсан /3хх 82-98/ баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг “Б.Б-ын хашаанд хадгалуулж байгаад буцаан авах үед ч мөн адил тээврийн зардал гарах байсан” хэмээн бодит байдалд нийцээгүй явцуу дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, хэрэв ийнхүү сэргээх боломжгүй бол хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тоног төхөөрөмжийг “М” ХХК-ийн хашаанаас задалж буулгах, тээвэрлэхэд зардал гарсан нь шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэв.

Иймд, хохирогч “Х” ХХК-аас тоног төхөөрөмж задалж буулгах, тээвэрлэхэд гарсан зардал 8.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин, анхан шатны шүүх хохирогчоос иргэний хариуцагч “М” ХХК-ийг битүүмжилсэн хөрөнгийг ашигласны улмаас хохирол учирсан үндэслэлээр 90.291.484 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасан байхад анхан шатны шүүх “...эрүүгийн журмаар шалгуулах, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.” хэмээн хуульд байхгүй нэр томъёо хэрэглэснийг хуульд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах хэм хэмжээг хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б нь “Х” ХХК-ийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг “М” ХХК-тай худалдан, худалдан авах гэрээ байгуулж 30 сая төгрөгийн орлого олсон нь хэргийн 2 дугаар хавтасны 120-121 дүгээр талд авагдсан дансны шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна.

Гэтэл, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор энэ талаар саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй, анхан шатны шүүх энэ талаар зохих дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж зааснаар давж заалдах шатны шүүх энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Харин Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл ...өөрийн санаачилгаар ...иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор ...оролцоно” гэж заасны дагуу бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үүргийг энэхүү магадлалд дурдах замаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1270 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1270 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулж хохирогч “Х” ХХК-д олгож, хохирогч “Х” ХХК-аас тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдолд 90.291.484 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ