Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
Хэргийн индекс | 101/2024/00055/И |
Дугаар | 101/ШШ2024/04485 |
Огноо | 2024-10-01 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/04485
2024 10 01 | 101/ШШ2024/04485 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , тоотод оршин суух, Боржигин овогт ы ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/,
Хариуцагч: *******,*******, тоотод оршин байрлах, Боржгон овогт гийн ******* /рд:/ нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК-тай гэрээ байгуулж, 48 м.кв талбай бүхий Канад хаусыг нийт 77,400,000 төгрөгөөр өөрийн зуслангийн газартаа бариулахаар тохирсон. Гэрээний төлбөрт 9,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн. Дараа нь 10,000,000 төгрөгийг дансаар, 1,200,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн. Хариуцагч нь барилгын суурийн ажил, гадна бохирын ажил гүйцэтгэсэн. Хана барьсан гэх боловч одоо хананы мод нь алга болоод цөөхөн хэдэн мод үлдсэн байгаа. Суурийн ажлыг доголдолтой хийсэн байсан тул цаашид барилгыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээс татгалзсан. Хариуцагчийн гүйцэтгэсэн нийт ажлын өртөг нь 9,500,000 төгрөг гэж үзэж байна. Иймд илүү төлсөн 11,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлыг нь 13,000,000 төгрөгөөр тогтоосон байх тул шаардлагаа багасгаж, 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.*******ын эх Л.******* нь манай компанийн гүйцэтгэж байсан Канад хаусыг ирж үзээд, яг ийм Канад хаус бариулах хүсэлтээ гаргасан. Хэдийгээр хүүгийнхээ нэрээр гэрээ байгуулсан боловч Л.******* нь өөрөө амьдарч суух зорилготой байгаагаа хэлж, манай компанитай Л.******* байнга холбогддог байсан. Манай компаний 48 м.кв Канад хаусыг 77,400,000 төгрөгөөр барьж өгөхөөр болсон. Ингээд барилгын суурийн ажлыг гүйцэтгэхдээ газар шорооны ажил, суурийн цутгалтын ажил, шалыг дулаалгатай нь хийж гүйцэтгэсэн. Мөн өрөө хоорондын ханыг тусгаарлаж ханыг босгосон. Гадна бохирыг дулаалгатай нь хийж гүйцэтгэсэн. Эдгээр нийт гүйцэтгэсэн ажил нь 25,000,000 төгрөгийн өртөгтэй. Нэхэмжлэгчийн өгсөн мөнгөнөөс илүү өртөгтэй ажил гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Суурийн ажлыг доголдолтой гүйцэтгээгүй, чанартай хийсэн. Л.******* нь гэрээ байгуулчихаад төлбөрөө төлөхгүй 9 сар хүртэл манай компанийг хүлээлгэсэн. Удахгүй өгнө, газраа зараад өгнө, машин зараад өгнө гэсээр хүлээлгэж байгаад гэнэт танай компаниар үргэлжлүүлж бариулахгүй гэж мэдэгдсэн. Настай хүн болохоор нь итгэж найдаад, өөрсдөөсөө зарлага гаргаад барилгыг нь барьж өгөхөөр хичээсэн байхад ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргасанд харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан мөнгөн шилжүүлгийн баримт, тэтгэврийн зээлийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, утсаар харилцсан захидал, фото зураг,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд, захидалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК, Д.******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн байшингийн суурийн ажил, гадна бохирын ажил нь нийт 9,500,000 төгрөг болно. Мөн гүйцэтгэсэн барилгын суурийн ажил нь доголдолтой болсон тул үргэлжлүүлж барилгаа бариулахаас татгалзсан. Иймд ажлын хөлсөнд илүү төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж,
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ... суурийн ажлыг доголдолтой гүйцэтгээгүй. Газар шорооны ажил, суурийн цутгалтын ажил, шалыг дулаалгатай нь хийж гүйцэтгэсэн. Мөн өрөө хоорондын ханыг тусгаарлаж босгосон. Гадна бохирыг дулаалгатай нь хийж өгсөн. Нийт гүйцэтгэсэн ажлын өртөг 25,000,000 төгрөг болно. Манай компаний ажлын хөлсөнд авсан 20,700,000 төгрөгөөс илүү ажил гүйцэтгэж өгсөн гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах газарт өвөл зуны зориулалттай 48 м.кв талбай бүхий Канад хаусыг цэвэр, бохир ус сантехникийн хамт түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж гүйцэтгэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, Б.******* нь 77,400,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7-8/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т төлбөрийн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөх бөгөөд дараа төлбөрүүдийг ажлын гүйцэтгэлээр тохирч төлнө гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч Б.*******оос ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 9,500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, бэлнээр 1,200,000 төгрөг, нийт 20,700,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.
4.2 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч ******* ХХК нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг авснаар барилгын ажлыг эхлүүлж, барилгын суурийн цутгалт, дулаалгатай шал, өрөө хоорондын хана, гадна бохирын ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтад талууд мөн маргаагүй.
Нэхэмжлэгч нь ...гүйцэтгэгч ******* ХХК нь 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд барилгын суурийн цутгалт, дулаалгатай шал, өрөө хоорондын хана, гадна бохирын ажлыг хийж гүйцэтгэсний дараа захиалагчаас дээрх гүйцэтгэсэн ажил нь доголдолтой үндэслэлээр нэмж ажлын хөлс төлөхөөс татгалзсан гэж,
Хариуцагчаас ...захиалагч ажлын гүйцэтгэлээр төлбөрөө төлөх үүрэгтэй атлаа шал цутгасны дараа төлбөрөө нэмж төлөөгүй. Ажлын хөлсийг нэмж удахгүй төлнө гэж 9 сар хүртэл хүлээлгэсэн. Ажлын хөлсөө нэмж төлөхгүй байсан тул барилгыг үргэлжлүүлж барихаас татгалзсан гэж тус тус тайлбарласнаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ 2023 оны 9 дүгээр сард цуцлагдсан байна.
5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тохиолдолд ажлын үр дүнгийн гүйцэтгэлээс илүү төлсөн ажлын хөлсийг захиалагч буцаан шаардах эрхтэй.
5.1 Гүйцэтгэгч ******* ХХК нь амины сууцны суурь, хана, гадна бохирын ажлыг ямар ч доголдолгүй хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг гүйцэтгэхэд нийт 25,000,000 төгрөгийн зардал гарсан, гэрээгээр хүлээн авсан 20,700,000 төгрөгөөс илүү ажил гүйцэтгэж өгсөн тул ажлын хөлсний зөрүү төлбөр төлөх үндэслэгүй гэж маргасан.
5.2 Шинжээч ******* ХХК-иас ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хунадайд байрлах нэхэмжлэгч Б.*******ын амины барилгын суурийн ажлын гүйцэтгэл доголдолтой байан. Суурийг цутгахдаа далий, муруй цутгасан, үүнийг засварлахаар нэмж бетон цутгасан боловч бас далий муруй болсон. Нэмж цутгасан бетон нь үндсэн суурьтай нэг цул болоогүй, зай завсар гарсан, суурь хөндлөн хагарсан, шал хагарсан зэрэг доголдолтой байна. Илэрсэн доголдлыг засварлах боломжтой байна. Засварлах зардлын дүн 4,857,600 төгрөг болно гэж дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгчээс ...суурийн ажлыг анхнаасаа доголдолтой гүйцэтгэсэн тул хариуцагчаар дахин барилгын ажлыг үргэлжлүүлж гүйцэтгүүлэхгүй. Доголдолтой гүйцэтгэсэн ажлыг нь энэ компаниар засварлуулахгүй, цаашид чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэнэ гэж итгэхгүй байна гэж тайлбарлаж, гүйцэтгэгчийн нийт гүйцэтгэсэн ажлыг 9,500,000 төгрөгт тооцон, зөрүү 11,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан байсан.
5.3 Шинжээч ******* ХХК-иас ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах, Б.*******ын амины сууцны суурь, хана, гадна бохирын ажлын материалын зардал, ажлын хөлс нийт өртөг 13,323,000 төгрөг байна гэж дүгнэлт гаргасан.
Уг шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хэмжээг 13,323,000 төгрөг болохыг тогтоосон, талуудын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээг цаашид үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, гэрээг цуцалсан болох нь дээр дүгнэснээр тогтоогдсон. Иймд захиалагчаас ажлын хөлсөнд төлсөн 20,700,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нийт гүйцэтгэсэн ажлын үнэ 13,323,000 төгрөгийг хасч, зөрүү 7,377,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.3а Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч ******* ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хийсэн ажлыг бага үнээр үнэлсэн байна гэж маргасан боловч уг дүгнэлтийг үгүйсгэж, няцаасан баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар гаргаж өгөөгүй.
5.4 Нэхэмжлэгч Б.******* нь хамтран хариуцагчаар ******* ХХК-ийн захирал Д.*******ыг тодорхойлж, түүнийг компанийн захирлын хувьд гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэж шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул иргэн Д.******* нь гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас 7,377,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 623,000 төгрөг болон хариуцагч Д.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч ******* ХХК-ийг, хариуцагчийн хүсэлтээр шинжээч ******* ХХК-ийг дүгнэлт гаргуулахаар тус тус томилсон. Шинжээч ******* ХХК-д хүсэлт гаргасан тал болох нэхэмжлэгч ажлын хөлс 1,000,000 төгрөг, шинжээч ******* ХХК-д хүсэлт гаргасан тал хариуцагч 900,000 төгрөг тус тус төлсөн. Иймд шинжээчийн ажлын хөлсийг талуудад хуваан хариуцуулах шаардлагагүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 194,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,377,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 132,982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 7,377,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 623,000 төгрөг болон хариуцагч Д.*******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 194,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 132,982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ