Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/04521

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03

101/ШШ2024/04521

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,,, тоотод оршин суух, Боржигин овогт ийн ******* /рс:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, Минжүүр овогт гийн ******* /рд:/-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,586,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие бидэ суултуурыг худалдан борлуулдаг. Уг ажлаа *******, Ш.******* нартай баг болж, худалдан борлуулж, захиалсан газар нь очиж суурилуулж өгдөг. У.******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 850,000 төгрөгийн үнэтэй Novita-sh610 брэндийн бидэ суултуурыг 10 хувь хямдруулан нэг ширхэгийг 765,000 төгрөгөөр тооцрн нийт 5 ширхэгийг зээлээр худалдсан авсан. Урьдчилгаанд 825,000 төгрөг төлөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай авсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Одоо болтол бидэ суултуурын үлдэх төлбөрөө төлөхгүй байна. Би У.*******д уг бидэг худалдсан ба түүний түрээслэж байсан газартаа суурилуулсан эсэх нь надад хамааралгүй. Иймд бидэний үлдэх үнэ 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 86,950 төгрөг, нийт 4,586,950 төгрөгийг У.*******ас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Тухайн үед миний бие У.******* нь 2022 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах МАРКЬЮ баарыг түрээслэн ажиллуулж байсан. Уг 5 ширхэг бидэ суултуурыг тус байгууллагын хэрэгцээнд ашиглуулахаар төлбөрийн зарим хэсгийг төлсөн болно. Жич уг бидэ суултуурууд тус бааранд суурилагдсан бөгөөд буцаах боломжгүй бараанд тооцогддог. Би 2022 оны 9 дүгээр сард уг баарыг хүлээлгэн өгч ажлаас гарсан. Иймд би хувь хүнийхээ хувьд 5 ширхэг суултуурыг авч ашиглаагүй бөгөөд миний дараагийн хүмүүс дээрхи төлбөрийг төлөх ёстой. Иймд дээрхи нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, зээлээр худалдах-худалдан авах гэрээ, утсаар харилцсан гэх захидал,

3.2 хариуцагчаас гаргасан ******* ХХК-ийн захирлын тушаал, итгэмжлэл, түрээсийн гэрээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,586,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчдын хооронд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М.******* нь Novita-sh610 брэндийн 5 ширхэг бидэ суултуурыг хүлээлгэн өгөх, У.******* нь нийт 3,825,000 төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа 825,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд сар бүр 600,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-3/

 

3.1 Дээрх гэрээнд М.*******г төлөөлөн н.******* гарын үсэг зурсан байгааг хариуцагчийн өмгөөлөгчөөс ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Гэрээг н.******* байгуулсан байна гэж татгалзсан нь үндэслэлгүй. Уг гэрээний удиртгал хэсэгт худалдагч тал М.******* гэж тусгасан байна.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. Гэрээнд М.*******г төлөөлөн н.******* гарын үсэг зурсныг төлөөлүүлэгч М.******* өөрөө хүлээн зөвшөөрч байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Хариуцагч У.******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...5 ширхэг бидэ суултуурыг худалдаж авсан болохоо тайлбарлаж, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нийт 3,825,000 төгрөгөөр бидэ суултуур хүлээн авсан болохыг тайлбарлаж, үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг байгаа үйл баримтад маргаагүй.

Харин хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас ...бидэ суултуурыг өөрийн ажиллаж байсан газартаа үлдээсэн тул бидэ суултуурны үнийг төлөх үндэслэлгүй, бидэ суултуурыг авч үлдсэн байгууллага төлнө, жинхэнэ хариуцагч биш гэж маргасан.

 

4.1 Худалдах-худалдан авах гэрээ нь М.*******, У.******* нарын хооронд байгуулагдсан, уг гэрээнд У.******* нь хуулийн этгээдийг төлөөлөн гэрээ байгуулсан талаар баримтад мэдээлэл агуулагдаагүй байна.

Мөн худалдан авагч У.******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...Маркью баарыг түрээслэн ажиллуулж байсан. Уг 5 ширхэг бидэ суултуурыг тус байгууллагын хэрэгцээнд ашиглуулахаар төлбөрийн зарим хэсгийг төлсөн болно. Уг бидэ суултуурууд тус бааранд суурилагдсан бөгөөд буцаах боломжгүй бараанд тооцогддог гэжээ. Худалдан авагч У.******* нь өөрийн худалдан авсан эд хөрөнгийг өөртөө ашиглах эсэх, бусдад ашиглуулахаар өгөх эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд өөрийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан газарт бидэ суултуурыг үлдээсэн эсэх нь түүнийг худалдах-худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд зүйлийн үнийг худалдан авсан этгээд төлнө.

 

4.2 Иймд хариуцагч У.*******ас гэрээний үндсэн үүргийн үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

4.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д Худалдан авагч тал хэсэгчлэн төлөх төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн нэг өдрийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

Хариуцагч У.******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, тэрээр өнөөдрийг хүртэл 24 сарын хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон алдангийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцсэн байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч У.*******ас 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан нэхэмжлэлээ тодорхойлсон нь учир дутагдалтай. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваариладаг ба дээр дүгнэснээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн тул шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээр шаардсан 86,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.*******ас 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ