| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06002/И |
| Дугаар | 101/ШШ2024/04212 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, шүүгч Ж.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Х******* овогт Ч******* М******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, С ГХОХХК /рд:/,
Хариуцагч: *******,,,,, тоот хаягт оршин суух, Э овогт А Б /рд:УЖ/ нарт холбогдох,
М.Г эмчилгээний зардал болон эм, эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 29,932,777.00 төгрөг, М.Г хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2,290,000.00 төгрөг, Ч.М*******ын ажилгүй байсан хугацааны цалингын зөрүү 1,987,240 төгрөг, нийт 34,210,017.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ч.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, иргэдийн төлөөлөгчөөр М.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
М*******ын Ганбат нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ны цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Уг гэмтлийн улмаас хэвтэрт орж, 4 жил гаруй хугацаанд байнгын асаргаанд амьдарч байсан. Энэ хугацаанд ар гэрийн зүгээс чадах хэмжээнд эмчилгээ сувилгаа хийлгэж байсан боловч засал аваагүй, биеийн байдал нь дордож, унаж татдаг болж, 2023 оны 03 дугаар сарын 05-ны үүрээр таталт өгч, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. М.Г гэмтсэн асуудлыг шалгасан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдаг. Ч.Г гэмтсэн шалтгаан нөхцөлийг тогтоож, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Эдгээр дүгнэлтүүдэд "С" ХХК-ийн "Үйлчлүүлэгчдийн мөрдөх дүрэм" нь холбогдох хууль болон стандартад нийцээгүй, үйлчлүүлэгчдийг цанын зам дээр заавал хамгаалах хэрэгсэлтэй гаргах нөхцөлийг б*******үүлээгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тоот шийтгэх тогтоолоор "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" буюу "Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн дээрх тогтоолд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар "С" ХХК-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасан. Ч.Г хувьд энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж, тархиндаа хүнд гэмтэл авсан, 21-хэн настай, ШУТИС-ийн төгсөх ангид суралцаж байсан оюутан хүү минь өөрийн найз нөхдийн хамт, чөлөөт цагаараа Монгол улсад хамгийн найдвартай үйлчилгээтэй гэх "С" ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад хүнд гэмтсэнээр 4 жил гаруй хугацаанд хүний асаргаанд хэвтэрт байж байгаад хорвоог орхилоо. Ар гэрийн зүгээс хүүгээ байнга асарч сувилахаас гадна сэргээн эмчилгээг удаа дараа хийлгэсэн боловч үр дүнд хүрсэнгүй, эрүүл саруул, найз нөхөдтэйгөө албан ёсны зөвшөөрөлтэй цанын баазад гулгаж байгаад хүнд гэмтэж, эцэст нь уг гэмтлээсээ болж амь насаа алдсанд бид маш их гомдолтой байна. Ч.Г БНСУ-д эмчлэх эмчилгээний санал, төлбөрийн баримт ирсэн боловч шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон "С" ХХКомпани, уг компанийн гүйцэтгэх захирал А.Б нар эмчилгээний төлбөрийг төлөөгүй. Амьд байх үед хийгдсэн эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой бусад зардлыг шүүхэд нэхэмжилж, шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хохирлын 80 хувийг "С" ХХК-аар төлүүлж авсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нас барах хүртэл нь буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны эмчилгээний төлбөр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г группийн мөнгөний зөрүү, эцэг Ч.М*******ын миний сарын үндсэн цалин болон асаргааны тэтгэмжийн зөрүү буюу дараах гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс"-ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 489565 тоот шийдвэрээр М.Ганбатад хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар акт тогтоосон, сар бүр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч байсан. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс сар бүр 84500-275000 төгрөгийн асаргааны мөнгө авч байсан. М.Г эмчилгээний зардал болон эм, эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 29.932.777 төгрөг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Ганбатад "Хөдөлмөрийн чадвар алдалт"-аар тогтоогдсон 288.000-325.000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 6 сар 6*270,000 төгрөг бүгд 1.620.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 2 сар, 335.000*2 бүгд 670.000 төгрөг, нийт 2.290.000 төгрөг. Ч.М*******ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84.500-275.000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү. Ч.М******* нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 523.405 төгрөгийн цалин авч байсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30- ны өдрийг дуустал нийт 6 сар / 6* 248.405 бүгд 1.490.430 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01 хүртэл нийт 2 сар/ 248.405*2, бүгд 496.810 төгрөг. Нийт 1.987.240 төгрөг. Ингээд нийт 34.210.017 төгрөгийг нэхэмжилж байна гэв.гэжээ.
2. Нэхэмжлэчийн өмгөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ямар учраас, яагаад, гэм хорын хохирлыг энэ байгууллагаас нэхэмжилж байгаа гэдгийг дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн асуудалд нь энэ компанийн захирлыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хавсрагдсан байгаа. Байгууллагын зүгээс маш их тайлбар тавьдаг л даа. Энэ байгууллага төлбөрийн чадваргүйдээ биш, төлөхийг хүсдэггүй, гэм буруу дээрээ байнга маргаж байдаг. Тэр утгаараа гэмтсэнээс нь хойш 2 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, нэг ч удаа эргэж тойроогүй, нэг ч удаа одоо уучлалт гуйгаагүй. Тэр хүүхэд бол хэвтэж байгаад эрүүгийн шүүхээс хохирлын 10,000,000 төгрөгийг төлөхөд анх удаа Интермед эмнэлэгт тархины MRI хийлгээд, анх удаа шинжилгээгээ хийлгэж байсан. Тэр хооронд хэвтэж л байсан. Ингээд шүүх дээр үндсэндээ дөрвөн удаа мөрдөн байцаалтын шатанд маргаад, дөрвөн удаа мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүгнэлт гараад, эцэст нь гэм буруутайд тооцсон юм. Яагаад А.Б гэдэг хүнийг хариуцагчаар татаад байгаа юм бэ гэдэг дээр маргаад байсан. Иргэний шүүхээр хариуцагчаар бол А.Б татах үндэслэлгүй тул С ХХК-иас гэм хорын хохирлыг төлөхөөр шийдвэр гарч байсан. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанаар А.Б хариуцагчаар дахин татсан. Энэ хүн бол ширээнийхээ хойно сууж байгаад гэм буруутайд тооцогдсон гэж яриад байгаа. Гэтэл энэ хүн үүргээ гүйцэтгээгүй. Гүйцэтгэх захирал гэдэг чинь С ХХК-д ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг, тэндээс цалин хөлс авдаг хүнийг хэлнэ. Иймд ажил үүргээ гүйцэтгээгүй тул гэм буруутайд тооцоод байгаа юм. Гэтэл С ХХК буруутай, гүйцэтгэх захирал бол ямар ч хамаагүй, албан тушаалаар нь буруутайд тооцчихсон гэж ярьдаг. Ч.О өмгөөлөгч бол өмнөх шүүх хуралдаанд муу өмгөөлөгч авсан юм байна лээ. Өмгөөлж чадаагүй болохоор тэр хүнийг гэм буруутайд тооцсон гэж хүртэл ярьдаг. Тэгэхээр энэ байгууллагын яриад байгаа, А.Б гэдэг хүний яриад байгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаад байгаа өмгөөлөгчийнх нь яриад байгаа асуудал бол хохирогчийг үнэхээр хүнд нөхцөл байдалд оруулсаар эцэст нь энэ хүн ямар ч эмчилгээ тусламж авч чадахгүй байдалд орсон. Өмнөх шүүх хуралдаанд М.Г тэргэнцэр дээр түрээд ирж байсан. Тэргэнцэр дээр сууж ирсэн нь цахилгаан бариа хийлгэж байсан, сүлжээний эмийг уугаад энэ хүн хөл дээрээ босож байсан гэдгийг харуулах гэж ирж байсан. Үүнээс бол М.Г Монголд эмчлэхгүй гэдгийг хэлсэн, хэлээгүй газар очоогүй эмч байхгүй. Ингээд ганцхан Солонгосын Samsung эмнэлгийн байгууллагаас энэ хүнийг эмчлэх боломжтой гэсэн эмчилгээний санал ирүүлсэн. Үүнийг бид хууль ёсоор нотлох баримтын хэмжээнд б*******үүлээд DH гэсэн олон улсын буухиа шуудангаар материал ирүүлсэн. Нэг ч удаа энэ байгууллагаас эмчилгээний санал тавьж байсан удаа байхгүй. Хүний амь нас хохирчихсон байж байхад ичихгүй энэ нэхэмжлэл дээр яриад сууж байдаг юм бэ. Би бүр үнэхээр ойлгохгүй байна. Эцэг эх нь бол үнэхээрийн аймшигтай хүнд байдалд байгаа шүү дээ. Энэ байгууллага эмчилгээний зардал өгөөгүй. Тухайн үед юу ярьж байсан бэ гэхээр шунт гэдэг аппаратыг тавихад Гт 3,000,000 төгрөг байдаг юм байна гэсэн ганцхан материалыг энэ өмгөөлөгч авчирч өгөөд Монголд эмчлэгдсэн өвчин гэдэг жагсаалтад ороогүй гэх мэтчилэн тайлбараар маргаж байгаад, гадаад руу явах эмчилгээний зардал шийдэгдээгүй. 2023 оны 04 сард бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахад 06 сар хүртэл шийдэгдээгүй байж байгаад дахиад 3 сарынхаа эмчилгээний зардлыг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 10 сард шүүхийн шийдвэр гарсан. Давж заалдах шатын шүүх энэ асуудал дээр би давж давах гомдол гаргасан. Хариуцагч талаас мөн адил гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатын шүүхээс хамгийн доод хэмжээгээр эмчилгээний зардлыг нь шийдээд өгсөн. Гэтэл А.Б гэдэг хүн өөрөө Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биш, хэн нэгэн нь өмгөөлөгч нь биш зөвхөн А.Б гэдэг хүн гомдол гаргасан. Би 200,000,000 төгрөгийг мэдэхгүй ээ гэж хэлсэн. Гадаадад эмчилгээний зардал нь гарахад А.Б өөрийнхөө нэрээр давж заалдсан. Улсын дээд шүүх дээр хэлэлцэж байх үед энэ хүүхэд нас барсан. Анхан шатын шүүхийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчихсан. Энэ асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, Баянзүрх дүүргийн цагдаа шалгаад явж байгаа. Бид нар оршуулгын зардлыг эрүүгийн журмаараа нэхэмжилнэ. Хохирогчийн гэр бүлийг бол үнэхээр доромжилж байгаа. Гэмтсэн цаг үеэс тийм байсан, өнөөдөр ч яг мөн адил байна. Саяхан шүүхийн шийдвэрээр шүүх хурал хойшилоход итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн энэ хүнтэй ингээд харьцаад чи уулз гэж байнга утасддаг байсан. Ийм нөхцөл байдлаар хохирлын хэмжээг багасга, үйгүй бол хувааж төлнө гэж хэлдэг. Улсын дээд шүүхэд А.Б гэдэг хүн өөрийн нэрээр гомдол гаргасан учраас А.Б гэдэг хүнийг иргэний журмаар хариуцагчаар давхар татсан. А.Б гэдэг хүнийг эрүүгийн журмаар гэм буруутайд тооцсон, бүх хохирлыг төлнө, гадаадад эмчлэх эмчилгээний зардлыг төлнө гэж хэлээд өршөөлийн хуульд хамрагдаж гэм буруу дээрээ маргаагүй. Хариуцагч талаас 73,000,000 төгрөг төлсөн гэж хэлж байна. Гэтэл эрүүгийн журмаар 10,000,000 төгрөг төлсөн. Дараа нь иргэний журмаар 38,000,000 төгрөг төлсөн. Хүүхэд нас барсан, 10,000,000 төгрөг бариад ирсэн байсан. Үүнийгээ өглөө гэж хэлсэн байдаг. Ямар баримтаар юу өгч байгаа вэ гэхэд манай хамт олноос буцалтгүй тусламж өгч байна гэж ярьсан. Хэргийн материал дотроос харахаар буцалтгүй тусламж 11,111,000 төгрөг гэсэн тушаал гарсан байдаг юм байна лээ. Тэрнээсээ 10,000,000 төгрөгийг аваачиж өгсөн байгаа юм. Гадаадад бид нар эмчилгээ хийлгээд, дотооддоо хагалгаа хийлгэх талаар, нэг ч удаа огт ярьж байгаагүй. Хоёрхон хоног Интермед гээд өөрийнх нь салбар харьяа эмнэлэгт хэвтсэн. Бид нар А.Б захиралд албан бичгээр хандаж байнга хүсэлтээ гаргаж байсан. Гэрт нь яваад очсон, тэр шөнө нь хүүхэд нь таталт өгөөд Баянзүрхийн эмнэлэгт ирсэн байсан. Ингээд Интермед эмнэлэгт очоод хоёрхон хоног хэвтүүлээд, тэрнийхээ 3,000,000 гаруй төгрөгийг өөрсдийнхөө эмнэлэгт төлсөн. Гадаадад эмчлүүлэх зардлыг өчнөөн гуйгаад нэг ч төгрөг төлөөгүй. Магадгүй өнөөдөр ээж аав нь гадаад руу яваад эмчлүүлсэн бол гэсэн харуусалтай байдаг. Өнөөдөр 24 настай хүүхдээ жил асраад 500,000 төгрөгөөр гудамж талбай цэвэрлэдэг байсан ажлаа хаяад, хүүхдээ асарч байгаад алдчихлаа. Хүүхэд асаргааны 84,500 төгрөг сардаа авч байсан. 5 жил хүүхдээ асарсан, нийгмийн даатгалын нэг ч сар төлөгдөөгүй. Энэ хүн өнөөдөр хэдэн настай, ямар биетэй байна, тэтгэвэр тэтгэмж байхгүй, энэ гэр бүлийн амьдрал ингээд бүхэлдээ сүйрчихлээ шүү дээ. Энэ байгууллага А.Б гэдэг хүн хохирогчийг яагаад буруутай гэж үзсэн бэ гэхээр тэнд нэг гарын үсэг зурсан гэж байгаа. Үүнд гэм хохирлын буруутай үйлдэл дээр 80 хувийн буруутай, 20% нь М.Ганбат буруутай гэж үздэг. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл байгаа шүү дээ. Тухайн өдөр үйлчлэгч нь чи энэ 3 дугаар зэрэглэлтэй гулгаж чадах юм уу, чи чадна гэвэл баталгаагаа гарга гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Тэрнээс биш би үхсэн ч хамаагүй гэдэг зүйл дээр гарын үсэг зураагүй. Гэтэл 20%-ийн буруутай гэж хэлээд гэм хорын хохирлын улмаас 80%-аар тогтоосон. Ингээд энэ мөнгийг цуглуулаад энэ хүн гадаадад явах онгоцны зардал ч байхгүй, юу ч байхгүй. Ингээд Далд увидас гэдэг эмнэлэгт хэвтүүлсэн. Сүүлдээ аргаа бараад бид хандивын сан байгуулсан. Тэр сангаас ард түмнээс тусламж гуйсан, олигтой мөнгө нь нэг ч дурдаагүй. Ингээд эцэст нь амь насаараа хохирсон ийм асуудал байгаа юм. Бид нар өчнөөн санал тавьсан гэж ярьж байгаа нь үндэсгүй. Одоо хохирогчийн ар гэрт сэтгэл санааны дарамт шахалт, янз бүрийн байдалд битгий оруулаач ээ гэдгийг хэлмээр байна. Мөн хүүхдийн болгоомжгүй байдлыг үгүйсгэх юм алга. Үүн дээр гарын үсэг зурсан. Гэхдээ тэр хүүхэд өөрөө тамирчин хүүхэд байсан. Зураг, хөрөг бүх юм нь байдаг. Чи тэгээд үх гээд гулгуулж байгаа юм уу. Та нар гарын үсэг зураад энэ толгойных нь хаалт хамгаалалт байсан бол энэ хүүхэд гэмтэхгүй шүү дээ. Амь эрсдэхгүй шүү дээ. Үүнийг хийгээгүй хүн нь А.Б шүү дээ. Гэтэл өнөөдөр би буруугүй гэж хэлээд, хариуцлагаас мултарчхаад сууж байгаа юм. Эрүүгийн ял авах болохоор, худлаа зүйл амлаж өршөөлд багтдаг ийм л хүмүүс байна. Гэм хорын хохирлыг эцсийн удаа бид хэлээд зогсож байна. Нас барсан асуудал дээр шүүх шинжилгээний хариу гараад эрүүгийн асуудал нь яаж шийдэгдэх тал дээр шийдэгдэнэ. Энэ байгууллагаас ярьж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Ийм учраас хавсаргаж өгсөн баримаар хэргийг шийдвэрлэж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Юуны өмнө нэхэмжлэгч талд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хариуцагч С ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. С ХХК нь эрүүгийн хэргээр хянан шалгагдаж шүүхийн шийдвэр гармагц 10,936,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлж байсан. Мөн шүүхийн шийдвэртэй болон шийдвэргүйгээр хохирогчийг эмчлүүлэхэд зориулж удаа дараа төлбөрүүдийг шилжүүлж байсан. 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 73,090,143 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. Шүүхийн шийдвэргүйгээр хохирогчийг эмчлүүлэхэд болон ар гэрт нь зориулж 26,980,930 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлсөн байдаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу 10,936,000 төгрөгийг, 2024 оны 03 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тоот шийдвэрийн дагуу 35,173,216 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэр гарсан даруй нь яаралтай төлсөн. Энэ хэргийн анхны нэхэмжлэл 650,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл байсан. Үүнээс 35,000,000 төгрөгийг хангана гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх мөнгөн дүнг өөрчлөн 203,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг. Энэ мөнгөн дүн нь талийгаачийг эмчлүүлэх ирээдүйд гарах зардлыг шүүх ханган шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 203,000,000 төгрөгийг гаргуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хэрэгжээд явж байгаа. Скай Резорт ХХК талийгаачийг эмчлүүлэх, эмнэлэгт үзүүлэх саналуудыг удаа дараа тавьж И эмнэлэгт, Г, ГССҮТ-д эмчлүүлэх, хагалгаа хийлгэх боломжуудыг судлан нэхэмжлэгч талд уламжилж байсан ч нэхэмжлэгч тал нь манайхаас тавьсан эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэлгүйгээр "Зөвхөн өмгөөлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр хариу өгнө" гэж хэлдэг ба өөрийн өмгөөлөгчтэйгөө зөвшилцөөд эмнэлэгт хэвтүүлэхээс татгалздаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр хохирогчийн хэт болгоомжгүй хандсан нь нөлөөлсөн гэж шүүхийн шийдвэрт тусгадаг. Энэ шийдвэрийг бас харгалзан үзээсэй гэж бодож байна. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
4. Хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой байх ёстой. Тодруулбал А.Бд хэдэн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэдийг тодруулж гаргаж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан гэм буруутайд тооцогдсон. Тус шийдвэрээр гүйцэтгэх захирал А.Б хохирлыг хариуцах нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Шууд хохирол үзүүлсэн зүйл А.Батсуурийн зүгээс байхгүй. Магадлалаар энэ хэргийг компани хариуцах ёстой, шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн байдаг. Иймд А.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
5. Хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт өмнө нь гарсан байгаа. Улсын дээд шүүх хэлэлцээд татгалзаад хүчин төгөлдөр болчихсон учраас хариуцагчийн гэм буруугийн асуудал дээр бид маргахгүй.Бид хохирлын хэмжээн дээр маргаж байна. Хавсаргасан баримтын үнийн дүн, нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй байгаа. Нэхэмжлэлд хавсаргасан зарим баримтуудад хамааралгүй баримтуудыг хавсаргасан байна. Тухайлбал хавтас хэргийн нийт баримт болоод нэхэмжлэлийн үнийн дүн 668,474 төгрөг зөрж байна. Хавсаргасан баримтад нийт 29,256,980 төгрөг байгаа. Хавсралт дээр энэ хавсаргасан баримтаас зөвхөн М.Ганбат гэдэг хохирогчид холбогдох баримтыг нь түүгээд үзэх юм бол үнийн дүн нь 24 256 980 төгрөг байна. Тухайлбал, хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан 21 дугаартай баримтад Далд увидис сэргээн засах эмчилгээ 2023 оны 8 сарын 24-ний өдөр гэж бичигдсэн байна. Хэдийгээр М.Ганбатад эмчилгээ хийлгэх нэртэй боловч нийт 570,047 төгрөгийн нэхэмжилсэн байна. Гэтэл энэ үнийн дүнгээс Эрүүл мэндийн даатгалын сангаас 397,000 төгрөгийн хөнгөлсөн. Үүний дараа 22 дугаартай баримт дээр урьдчилгаа 30,000 төгрөгийг тушаасан байна. Үнийн дүн зөрүүтэй. Гэтэл энэ урьдчилгаа өгсөн мөнгө нь 574,000 төгрөгтөө орчихсон гэсэн үг. Мөн 2024 оны 10 сарын 26-ны өдрийн Ази фармын баримт34 дахь хуудсанд авагдсан 34 дахь баримт байгаа. Энэ үндсэн үнэ нь 32,400 төгрөг байгаа. Үүнээс 22,680 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлчихсөн. Хөнгөлөлттэй авсан үнийн дүнгээ биш нийт үнийн дүнгээрээ нэхэмжлэл гаргаад байгаа юм. Ийм зөрүүнүүд байна. Хоёрдугаарт тооцооллын зөрүү байна. М.Г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болоод хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан байдаг. Тэтгэмжийн дэвтэрт 2023 оны 07 сарын 15-ны өдрөөс тэтгэмжийн хувь хэмжээ нь 325,000 болсон байгаа. Өөрөөр хэлбэл 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх зардлыг нэхэмжилж байгаа. Гэтэл нэхэмжлэл дээр 288,000 төгрөгөөр тусгачихсан байсан боловч 325,000 төгрөг гаргасан. Үүнийг тооцож үзвэл нийт тэтгэмжийн хэмжээ нь 2023 оны 06 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 550,000 төгрөг байсан, үүнээс 270,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг өмнөх шүүхийн шийдвэрээр эс тооцон тэр үйл баримт өөрчлөхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал шинэчилсэн баримт авчирч өгч байгаа. Тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувь гэж тогтоосон байдаг. Нэхэмжлэл дээр мөн адил дурдсан байгаа. Энэ үйл баримт хэдийгээр нотлох баримтад чадвар алдалтын актад байхгүй боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дээр татгалзсан учраас нэгэнт тогтоогдсон гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд үндэслэн хохирлын хэмжээг бууруулж өгнө үү гэж хүсэж байнагэв.
6.Иргэдийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч Ч.М*******ын хүү М.Ганбат нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамгаалах хэрэгсэлгүй цанаар гулгаж байгаад толгойдоо хүнд гэмтэл авч, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байна.Хохирогчийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. С ХХК-ийг гэм буруутай гэж үзэж байна. Хэрвээ эмчилгээний зардлыг гаргасан бол хохирогч өнөөдөр амьд байхыг үгүйсгэхгүй. С ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах хэрэгслийг үнэгүй олгох тушаал шийдвэрээ гаргаад явсан бол ийм золгүй үйл явдал гарахгүй байсан тул хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна гэв.
7. хэрэгт авагдсан нотлох баримт:
7.1. Нэхэмжлэгч талаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ШЦТ/1261 магадлал, Итгэмжлэл, М.Г нас барсны гэрчилгээ, тэтгэмжийн дэвтэрийн хуулбар, Ч.М*******ын тэтгэмжийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн лавлагаа, тодорхойлолт, Нийслэлийн нийтлэг үйлчилгээ газрын даргын Б/66, Б/316, Б/125, Б/146, Б/191 тоот тушаал, нийгмийн даатгалыг шимтгэл төлөлтийн талаарх толорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Г эмчилгээ, эмийн зардлын баримтууд /хх-31-38/
7.2. хариуцагч талаас итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч А.Батсуурын Г.Хд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00112 магадлал,Монгол улсын дээд шүүхийн 001/ШХТ2024/00329 тогтоол, С ХХК-ийн С.Ат олгосон итгэмжлэл, хариу тайлбар, мөнгөн шилжүүлэгийн баримт /хх 76-81/, гүйцэтгэх захирлын А/13 тушаал, мөнгөн зарлагын баримт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.М******* нь өөрийн хүү М.Ганбат нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр*******, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авч нас барсны улмаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөрх хүртэлх хугацааны
-Эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан зардалд -29,932,777.00 төгрөг,
-М.Ганбатад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтоосон тэтгэмжийн зөрүү 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1,620,000.00 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 670,000.00 төгрөг, нийт 2,290,000.00 төгрөг
-Ч.М*******ын хүүхдээ асарсан асаргаа, ажилгүй байсан хугацааны цалингын зөрүү-2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1,490,430.00 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 496,810.00 төгрөг, нийт 1,987,240.00 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
2.1 Хариуцагч С ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш маргааныг эв зүйгээр, хурдан шуурхай аргаар шийдвэрлэхийг зорьж ирсэн ба энэ хугацаанд нийт 73,090,143.00 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, мөн шүүхийн шийдвэргүйгээр нийт 26,980,930.00 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн.
Нэхэмжлэгчийн эмчилгээний зардал, эмийн хэрэгсэлд зарцуулсан 29,932,777 төгрөгийн хохирол гаргуулах тухай шаардлагын зарим хэсэг нотлох баримтууд нь эргэлзээтэй, нотолгооны ач холбогдолгүй байна.Учир нь
1-т хавтаст хэргийн №31-32, 1-5, 7-17, 18-20, 22-26, 28-29, 31-35, 37-40, 45-47, дугаарт тэмдэглэсэн баримтууд нь эмч, эмнэлэгийн дүгнэлт байхгүй, талийгаач М.Г эмчилгээнд хэрэглэсэн гэх баримт байхгүй,
2-т Ч.М*******ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж болон ажилгүй байсан хугацааны цалингын зөрүү 1,987,240 төгрөг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан хуулийн хэм хэмжээнд хамаарахгүй,
3-т С ХХК нь өнгөрсөн хугацаанд талийгаачийн эмчилгээний зардал, эмчлүүлэх талаарх бүхий л арга хэрэгслийг эрэлхийлж, хагалгаа хийлгэх боломжийг судалж нэхэмжлэгч талд тавьсаар ирсэн боловч өмгөөлөгчтэй зөвшөлцөж хариу хэлнэ гэсээр өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.3 Анхан шатны шүүхээс болон давж заалдах шатны шүүхээс А.Б иргэний хувиар хариуцлага хүлээх нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн А.Б үүргээ гүйцэтгээгүй, эрүүгийн гэмт хэрэгт хариуцлага хүлээсэн гэж байна. Хэрвээ ийм хохирол үүссэн гэж үзэж байвал байгууллага тухайн хохирлыг хариуцан төлөх зохицуулалттай байдаг. С ХХК-ийн хувьд удаа дараа гэм буруу дээр маргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар А.Б нь шууд хохирол учруулаад, хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй хариуцагч тул А.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
3. Нэхэмжлэгч Ч.М******* нь хариуцагчаар С ХХК, А.Б нарыг гэм хорыг хариуцан арилгах этгээдээр тодорхойлсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч А.Батсууриас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөрөөс 668,474.00 төгрөг, М.Г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтоосон тэтгэмжийн зөрүүгээс 270,000.00 төгрөг, нийт 938,474.00 төгрөгөөр багасгасан болно.
4. Шүүх хэргийн үйл баримтын талаар болон эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
4.1 Нэхэмжлэгч Ч.М*******ын хүү М.Г эрүүл мэндэд учирсан хохирол хариуцагч нарын гэм буруу, тэдгээрийн шалтгаант холбооны талаар;
Хариуцагч А.Бт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор,
А.Б С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтын дагуу ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлээгүй, Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээнд тавигдах Монгол улсын стандартад нийцээгүй, зөрчсөн дүрэм баталж, үйлчлүүлэгчийг хамгаалалтын малгай, каск, хэрэгслээр хангаагүйн улмаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тус компанийн цанын баазын гулгах зам дээр үйлчлүүлж байсан М.Ганбат унаж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан А.Батсуурийн үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч С ХХК-иас 10,995,482 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М*******ад олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа б*******үүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний хариуцагч С ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсан байна. /хх-12-18/
Нэхэмжлэгч Ч.М*******ын хүү М.Ганбат нь С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан, С ХХК-ийн Үйлчлүүлэгчдийн мөрдөх дүрэм нь холбогдох хууль болон стандартад нийцээгүй зөрчсөн байдал тогтоогдсон, үйлчлүүлэгчийг цанын зам дээр заавал хамгаалах хэрэгсэлтэй гаргах нөхцөлийг б*******үүлээгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн үйл баримт, М.Г эрүүл мэндэд учирсан хор уршиг, хариуцагчийн гэм буруу, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон.
4.2.Эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын болон асаргааны тэтгэмжийн зөрүүгийн тухайд;
Хариуцагч А.Б, Скай ресорт ХХК нарт холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр,
Нэхэмжлэгч Ч.М*******ын хүү М.Ганбат нь дээрх ослын улмаас гавал тархины гэмтлийн улмаас байнгын хэвтрийн байдалд, бусдын асаргаанд ярьж, хөдлөх чадваргүй болсон тухай Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Ч.М******* нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан, 2019.12.30-ны өдрөөс хүү М.Г асрах, эмчлүүлэхээр ажлаасаа цалингүй чөлөө авч улмаар Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2020.08.13-ны өдрийн Б/191 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Шүүхээс хохирогч М.Ганбатад хөдөлмөрийн чадвар алдсан 2020.03.06-ны өдрөөс 2023.06.31-ний өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэмжийн зөрүүд 3,288,000.00 төгрөг,
Ч.М*******ад 2021.12.01-ний өдрөөс 2023.06.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин, асаргааны тэтгэмжийн зөрүү 8,339,195.00 төгрөг,
Эмчилгээний зардалд 32,339,321 төгрөг, нийт 43,966,516 төгрөгийг 20 хувиар бууруулж, 35,173,213 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн дээрх шийдвэр, тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт тул түүнийг дахин нотлохгүй юм.
5.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар*******т оршин суудаг иргэн М.Б нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.
Иргэдийн төлөөлөгч М.Б нь ...Ч.М*******ын хүү М.Ганбат нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамгаалах хэрэгсэлгүй цанаар гулгаж байгаад толгойдоо хүнд гэмтэл авч, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нас барсан нь С ХХК гэм буруутай гэж үзэж байна ... гэсэн дүгнэлт болон шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С ХХК нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.
5.1 Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан гэм хорын хэмжээг бууруулах тухай татгалзал, тайлбарыг учирсан гэм хорын хэр хэмжээ, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хохирогч М.Ганбат 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нас барсныг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг багасгах үндэслэлгүй гэж үзэв.
/хх-20/
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
6.1Иймээс шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, тархины гэмтлийн улмаас эмнэлгийн үзлэг, эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээний хүрээнд бодитоор хийгдсэн эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, нөхөн сэргээх эмчилгээний зардалд
-2023.06.25-ны өдрөөс 2024.03.01-ний өдрийг хүртэл хугацаанд зарцуулсан зардалд нийт 29,264,303.00 төгрөг /хх-31-38/,
-Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар Хохирогч М.Г 2023.07.01-ний өдрөөс 2023.12.31-нийг хүртэл хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэврийн зөрүүд /6*225,000/ 1,350,000.00 төгрөг, 2024.01.01-ний өдрөөс 2024.03.01-нийг /2*335,000/ 670,000.00 төгрөгөөр тооцон нийт 2,020,000.00 төгрөг,
/хх-21-23/
-Нэхэмжлэгч Ч.М*******ын 2023.07.01-ний өдрөөс 2024.03.01-ний өдөр хугацааны цалин, асаргааны тэтгэмжийн зөрүү /8*248,405/ 1,987,240.00 төгрөг, нийт 33,271,543.00 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ч.М*******ад олгох нь зүйтэй гэж үзэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 324,307.71 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хариуцагч С ХХК-иас гэм хорын хохиролд 33,271,543.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М*******ад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 324,307.71 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч Ч.М******* нь хариуцагч А.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ж.АЗБАЯР