| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/04746/И |
| Дугаар | 101/ШШ2024/04545 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2024/04545
| 2024 10 04 | 101/ШШ2024/04545 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,4 тоотод оршин суух, Авга овогт ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* 22 дугаар хороо,,*******, тоотод оршин суух, Шарайд овогт ******* /рд:/-д холбогдох,
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдуулан өмнөх байдалд нь шилжүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан олгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-тай 21/05|/19-2 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж *******, 22 дугаар хороо City view apartment, А блок,*******,*******,******* тоотод орших 2 өрөө 65.21 м.кв орон сууцыг төлбөрийг бүрэн төлж авсан болно. Үүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.******* нь дээрх орон сууцныг нийт 178,000,000 төгрөгөөр худалдан авахаар надад санал тавьж, мөн түүний зүгээс айлын хашаанд түр оршин сууж байх тул одоо шууд байрандаа оруулаач хэмээн гуйж тухайн өдөр надаас орон сууцыг хүлээн авч нүүж орсон болно. Үүнээс хойш тухайн өдрөө надад 3,000,000 төгрөгийг дансаар төлж дараа нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл 175,000,000 төгрөгөөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар батлуулан урьдчилгаа 55,000,000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэгдэл 120,000,000 төгрөгийг банкнаас зээл авч 2024 оны 05 дугаар 04-ний дотор төлж барагдуулахаар тохирсон болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа 55,000,000 төгрөгөө дансанд байршуулаагүй мөн үлдэгдэл 120,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй болно. Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээнд заасанд хугацаанд төлбөрөө төлөөгүй тул миний зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцлах хүсэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г цуцалж, гэрээг цуцалсантай холбогдуулан өмнөх байдалд нь шилжүүлж, тухайн орон сууцны өмчлөх эрхийг надад буцаан олгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү
гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний Г.*******тэй 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, түүний ******* ХХК-иас 97,162,900 төгрөгөөр захиалсан *******,*******,*******,*******,*******,******* тоотод орших 2 өрөө 65.21 м.кв орон сууцыг 178,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Би уг орон сууцанд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орж амьдарсан, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Г.*******тэй байгуулсан гэрээнд орон сууцны төлбөрийг Голомт банкны зээлээр төлнө гэж тохирсон. Би Голомт банкинд зээлээ судлуулж, 140,000,000 төгрөгийн зээл гарах шийдвэр гарсан. Харин банкны зүгээр зээл олгохын тулд миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байх шаардлагатай гэсэн. Ингээд ******* ХХК-д гэрчилгээ гаргуулахаар хандахад Г.*******гийн зүгээс бид шүүх дээр маргаантай байгаа тул надад гэрчилгээг битгий гаргаж өгөөрэй гэж хэлсэн, та бүхэн шүүхийн маргаанаа дуусгавар болгосны дараа гаргаж өгнө гэж хэлсэн. Г.*******д банкнаас зээл аваад төлбөрийг төлөх гэж байхад тэрээр өөрөө саад хийсэн. Мөн банкны зүгээс 178,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч байгаа тул банкнаас 140,000,000 төгрөгийн зээл гарна. Иймд зөрүү 38,000,000 төгрөгийг урьдчилгаанд байршуулах шаардлага тавьсан тул би уг мөнгөн хөрөнгийг дансандаа байршуулсан байгаа. Би уг орон сууцыг худалдаж авах хүсэл, сонирхол хэвээрээ байгаа ба банк одоо ч надад өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад ирвэл зээл олгох хэвээрээ гэсэн. Одоо орон сууцны үнэ нэмэгдэхээр Г.******* гэрээнээсээ татгалзаж байгааг зөвшөөрөхгүй. Би гэрээний үүргийг ноцтой зөрчөөгүй тул бидний хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж, орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн албан бичиг, Голомт банкны албан бичиг, хэлцэл,
3.2 хариуцагчаас гаргасан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, дансны хуулга,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, Голомт банкны албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдуулан өмнөх байдалд нь шилжүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан олгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-иас 97,162,900 төгрөгөөр захиалсан орон сууцаа Б.*******д 178,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. Б.******* нь орон сууцны төлбөрт 3,000,000 төгрөг төлөөд үлдэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул түүнтэй байгуулсан гэрээг цуцлана гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Г.*******тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээгээр орон сууцны төлбөрийг Голомт банкны зээлээр төлнө гэж тохирсон. Голомт банк надад 140,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарч, би зөрүү 38,000,000 төгрөгийг дансандаа байршуулсан байсан. Банк зээл олгохын тулд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарах шаардлагатай байсан. Гэтэл Г.*******гээс ******* ХХК-д очиж надад гэрчилгээ битгий гаргаарай, бид гэрээгээ цуцалж байгаа гэж мэдэгдсэнээс үүдэн компани надад гэрчилгээ олгоогүй байгаагаас банкны зээл хүлээгдэж байна гэж тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Зохигчдын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.******* нь ******* ХХК-иас захиалсан *******,*******,*******,*******,*******,*******, тоотод байрлах, 65.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхээ шилжүүлэх, Б.******* нь орон сууцны үнэд 178,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна.
Дээрх гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл урьдчилгаа төлбөрт 55,000,000 төгрөгийг банкны дансанд байршуулж, үлдэгдэл төлбөр 120,000,000 төгрөгийг Голомт банкны орон сууцны зээлээр төлөх нөхцөлтэй гэж тохирчээ.
3.1 Талуудын хэн аль нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Г.******* нь ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг 97,162,900 төгрөгөөр захиалсан, тэрээр орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тайлбарлаж, уг үйл баримтад маргаагүй.
Дээрх үйл баримт нь ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолтод ...Г.******* нь байрны төлбөр 97,162,900 төгрөгийг бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй болно гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Мөн талуудын хэн аль нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний дагуу Б.******* нь ******* ХХК-тай тус өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан үйл баримтыг тайлбарлаж, маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд зохигчид 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Г.******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй бол шүүхийн журмаар бүрдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл талууд уг баримтаа хэрэгт гаргаагүй.
Хэргийн оролцогч нь тайлбар, татгалзалтай холбоотой баримтаа өөрөө шүүхэд цуглуулж гаргах үүрэгтэй ба шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй.
Гэвч дээрх үйл баримтуудад талууд маргаагүй, хэн аль нь тайлбарлаж байна.
3.2 Хариуцагч Б.******* нь Голомт банкинд хандан орон сууцны зээлийн гэрээ байгуулах хүсэлтээ гаргасныг банк зээлийн хорооны хурлаар 140,000,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгө олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал,
Голомт банкны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10/192 тоот албан бичгээр Г.*******д ...Иргэн Б.******* орон сууцны зээл 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар батлагдсан юм. Дээрх зээлийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Б.*******гийн нэр дээр гаргуулан Голомт банктай уг орон сууцыг бартцаалах гэрээг байгуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг зохих ёсоор хийлгэж, баримт бичгийн бүрдэлийн аливаа зөрчилгүй байх нөхцөлд 140,000,000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэв гэх хариу өгсөн байна.
Мөн хариуцагч Б.******* Голомт банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансанд урьдчилгаа 37,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар байршуулсан байгаа болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдсон.
3.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...Б.******* гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул түүнтэй байгуулсан эрх шилжүүлэх гэрээг цуцалж, захиалсан орон сууцаа бид өөрсдөө буцаан авах болсон тухайгаа ******* ХХК-д мэдэгдсэн. Ингээд ******* ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******д гаргаж өгөөгүй нь үнэн. Шүүхийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хэнд өгөх нь тодорхой болно гэж хариулсан.
4. Зохигчдын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх нэртэй гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр харилцаа үүссэн байна. Тодруулбал, худалдагч Г.******* нь *******,*******,*******,*******,*******,*******, тоотод байрлах, 65.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Б.******* нь орон сууцны үнэд 178,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
4.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Талуудын байгуулсан гэрээний 3.3-т зааснаар худалдан авагч Б.******* нь орон сууцны төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байна. Уг хугацаа дуусаагүй үед буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банкнаас Г.*******д хандан орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг Б.*******д гаргаж өгснөөр 140,000,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг олгох боломжтой болохыг мэдэгдсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч Г.******* нь энэ хугацаанд ******* ХХК-д хандан Б.*******д орон сууцны захиалгын эрхийг шилжүүлсэн гэрээг цуцалж, өөрөө орон сууцаа буцаан авах хүсэлттэй байгаагаа илэрхийлснээр уг компаниас өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******д олгоогүй байна. Үүнээс үүдэн худалдагч Б.******* нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн байна.
Талууд худалдах-худалдан авах гэрээгээр төлбөрийг Голомт банкны орон сууцны зээлээр төлөх нөхцөлтэй гэж болзол тавьж хариу үүргийн төлбөрийг төлөх арга замыг тохиролцсон атлаа худалдагч Г.*******гийн үйлдлээс үүдэн худалдан авагч Б.******* төлбөрөө хугацаандаа төлөх боломжийг алдагдуулсан байна. Иймд хариуцагч Б.*******г гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан.
Худалдах-худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгүүлэгч Г.******* нь өөрөө саад хийх үйлдэл гаргасан байх тул тэрээр гэрээнээс татгалзах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн Б.*******тай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдуулан өмнөх байдалд нь шилжүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан олгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,047,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******д холбогдох 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдуулан өмнөх байдалд нь шилжүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан олгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,047,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ