Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

 

 

 

Ж.Г, Д.Энарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дүүрэнбилэг,

яллагдагч Ж.Гийн өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Мандах, Э.Нарангарав,

яллагдагч Д.Эын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1719 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Ж.Г, Д.Энарт холбогдох эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

2. 02 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Яллагдагч Д.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ........дарга буюу нийтийн албан тушаалтан Ж.Гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн найз Ц.Цын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Вазак бүтики” бэлэн хувцасны дэлгүүрээс нийт 3,830,768 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хахуульд өгсөн,

яллагдагч Ж.Г нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын вввввввввввввввввввввв даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн хууль тогтоомжийг тус тус зөрчиж, өөрийн төрсөн дүү Ж.Гийн үүсгэн байгуулсан 100 хувийн хувьцаа эзэмшигч 5216176 регистрийн дугаартай “Шилийн их баян” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 0,9 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах 2011/163 дугаар бүхий гэрчилгээ олгогдсон, хугацаа нь дуусгавар болсон газрыг иргэн Д.Эд 1,6 тэрбум төгрөгөөр үнэлж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шууд худалдан авах талаар тулган шаардсан,

улмаар Ж.Г, Д.Э нар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлцлээр “Ж.Гаас 5216176 регистрийн дугаартай “Шилийн их баян” ХХК-ийн эзэмшлийг тус компанийн эзэмшилд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уул, Арцатын аманд байрлах 2011/163 тоот гэрчилгээний дугаартай аялал жуулчлалын зориулалттай тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрх, компанийн эзэмшлийн газар дээр орших 10/10 харьцаатай 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамтаар Д.Эд 100 хувь шилжүүлэх, Д.Эаас “V” компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоонд байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхар, А корпусын 250 м.кв талбайг 1 м.кв талбайг 3,800,000 төгрөгөөр нийт 950,000,000 төгрөгөөр, “V” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 180 м.кв талбайд ноогдох орон сууцыг 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр үнэлж нийт 630,000,000 төгрөгөөр, “VН and B” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 2 машины зогсоолын 20,000,000 төгрөгөөр үнэлж дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 1,600,000,000 төгрөгөөр үнэлж Ж.Гт шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө болон хамаарал бүхий этгээд болох Ж.Гт давуу байдал бий болгосон,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалын, нэр хүнд, нөлөөг ашиг хонжоо олох зорилгодоо ашиглаж буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Ц.Аас ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Ргийн эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах оффистой болох ашиг сонирхлын үүднээс түүнтэй зээлийн гэрээ байгуулуулж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 46,000,000 төгрөгийг, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус бэлнээр болон Б.Ргийн дансаар хүлээн авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Рд 66,000,000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон,

Ц.А-ын үүсгэн байгуулсан “Э л” ХХК-ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/ Нарны зам гудамж 99 байр, 4-5 тоот орон сууцыг 282.500.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100,000,000 төгрөгт “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т байрлалтай 2017 онд гэрчилгээ нь гарсан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, ашиглах эрх нь дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн аялал жуулчлалын зориулалттай “Б т” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг Ц.А-ын эхнэр Х.Халиунаад 2020 оны 5 дугаар сард шилжүүлэн өгч, 182,500,000 төгрөгийг Хаан банкны зээлээр гаргуулан төлбөрийг төлж барагдуулан дээрх орон сууцыг өөрийн эхнэр Б.Ргийн “Н х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “Н х” ХХК-д 100,000,000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан,

нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Д.Эын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй үйл ажиллагаа явуулж та барилгын бизнес эрхлэх гэж байгаа бол энэ салбарт надтай хамтарч ажиллах шаардлагатай, та надаас нэг газар худалдаж ав, авахгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гэх мэт гэж хууль бус шаардлага тавьж, хясан боогдуулах аргаар Д.Эын найз Ц.Цын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Вазак бүтики” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 3,830,768 төгрөгийн эд зүйлсийг хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Нийслэлийн прокурорын газраас: Яллагдагч Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, яллагдагч Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул яллагдагч Д.Э, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллаж байгаа хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтын талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичихээр 4 дэх хэсгийн 4.2-т эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичихээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ гэж, 4 дэх хэсэгт хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ гэж тус тус заасан бөгөөд яллагдагч Ж.Гийн холбогдсон гэх хэргүүд хэзээ, хаана буюу аль дүүргийн нутаг дэвсгэрт эхлээд, хэзээ, хаана буюу аль дүүргийн нутаг дэвсгэрт төгсөж байгаа нь ойлгомжгүй, яллах дүгнэлтээ Ж.Гийг “Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа...” гэж түүний албан тушаалын байдлыг, Д.Этай юу ярьсан талаар бичсэнээс өөрөөр тухайн үйлдлийг хэзээ, хаана болж байгаа, тухайн үйл явдал хэзээ, хаана, хэрхэн төгссөн талаар тодорхой бичилгүйгээр орхигдуулан яллах дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч Ж.Гийн холбогдсон гэх хэрэг ерөнхий агуулгаараа бичигдээд байгаагаас өөр нарийн тодорхой зүйл бичигдээгүй нь тухайн хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзэх боломжгүйн дээр прокурор ямар үндэслэлээр тухайн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаараа дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр тухайн хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдаж байгаа нь ойлгомжгүй, учир дутагдалтай гэж шүүх үзнэ. Иймд гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг заавал нотлохоор заажээ. ...хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.А хохирогчоор тогтоож, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Хэрэгт үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээ 3 дугаар хавтаст хэргийн 217-226 дугаар талд авагдсан бөгөөд тухайн гэрээг “Ф” ХХК-ийн ерөнхий захирал А.Төгөлдөр баталж, нэг талаас тухайн компанийг төлөөлж маркетинг, борлуулалтын ажилтан Д.Б, нөгөө талаас “СН” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Р нар уг гэрээг байгуулсан, мөн хэрэгт зээлийн гэрээнүүд 3 дугаар хавтаст хэргийн 227-229 дүгээр талд авагдсан, мөн уг гэрээг нэг талаас “Ф” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч С.Д, нөгөө талаас “СН” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.Р нар байгуулсан баримтууд авагдсан байна. Ц.А гэрчээр мэдүүлэхдээ “...“Э” ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр байранд нийт 200 гаруй м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай талбайг 2018 оноос хойш өмчилж эхэлсэн. Улмаар дээрх талбайгаас 113 м.кв талбайг Б.Р захиралтай “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн...” /4хх 7/ гэсэн, гэрч А.Төгөлдөрийн “...“Ф” ХХК-ийг 2011 онд манай аав Ц.А анх үүсгэж байгуулж байсан...” /4хх 19/ гэсэн, гэрч Д.Бийн “...Тэгээд би эдийн засагчаар ажиллаж байсан Анандтай ярьж байсан 100 сая төгрөгийг оруулаад гаргаж болох уу гэхэд болно гэсэн, тэгээд тэдний данснаас манай данс руу урьдчилгаа гэж хийгээрэй гэсний дагуу Алтандуулга захирлын хүү Төгөлдөр захиралд энэ талаар чатаар хэлсэн...” /4хх 11/ гэсэн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн тухай баримт зэргээс дүгнэхэд Ц.А “Э” ХХК, эсхүл “Ф” ХХК-иудын аль компанийг үүсгэн байгуулсан, одоо аль компанийн гүйцэтгэх, эсхүл ерөнхий захирлаар ажилладаг болох нь тодорхойгүй, А.Төгөлдөр “Ф” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг эсэх, ажилладаг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдох эсэх, хэрэв тогтоогдоогүй бол Ц.А хохирогчоор оролцох итгэмжлэл өгсөн эсэх зэрэг ажиллагааг хийгээгүй, “Э” ХХК, эсхүл “Ф” ХХК-иудтай холбоотой баримтууд байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй байна. “Э” ХХК, эсхүл “Ф” ХХК-иуд хаана байрладаг, үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээнүүдийг хаана хийсэн, цаг хугацаа болон гэрээ хийсэн газраар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа, газрыг тодорхойлох боломжтой эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай, хэрэгт ач холбогдолтой, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, мухарлаж шалгаагүй байна гэж шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж, 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ.” гэж, 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж, 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” гэж тус тус заажээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2102004170243 дугаар тогтоолоор яллагдагч Ж.Гийг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ /4хх 118-122/.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 154-2102004170243 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоор яллагдагч Ж.Гийг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ /4хх 136-141/.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор яллагдагч Ж.Гт холбогдуулан эрүүгийн 2102004170243 дугаартай болон 154-2102004170243 дугаартай хэргүүдийг нэгтгээгүй, нэгтгэх талаар хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй атлаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2102004170243 дугаартай болон 154-2102004170243 дугаартай тогтоолуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг нэгтгэх талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байна шүүх дүгнэв.

Прокурорын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт прокурор нь мөрдөн байцаалтад хяналт тавихдаа эрүүгийн хэрэгт дугаар олгох эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд эрүүгийн хэргийг бүртгүүлж, эрүүгийн хэргийн дугаар олгогддог, эрүүгийн хэргийн дугаарууд нийтдээ 13 оронтой байх бөгөөд яллагдагч Ж.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 16 орон бүхий эрүүгийн 154- 2102004170243 дугаар олгогдсон нь ойлгомжгүй, яллагдагч Ж.Гийн холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэргийн дугаар олгогдсон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байна. Энэ нөхцөл байдлыг хяналтын прокурор засалгүйгээр, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. ...” гэж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүгчийн захирамжийн 20 дугаар талын 1 дэх догол мөрөнд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор яллагдагч Ж.Гт холбогдуулан эрүүгийн 2102004170243 дугаартай болон 154-2102004170243 дугаартай хэргүүдийг нэгтгээгүй, нэгтгэх талаар хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй атлаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаартай болон 2102004170243 дугаартай тогтоолуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг нэгтгэх талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна шүүх дүгнэв...” гэжээ. Эрүүгийн 2102004170243 дугаартай хэрэгт Ж.Гийг “Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж өөртөө болон хамаарал бүхий этгээд болох Ж.Гт давуу байдал бий болгосон, мөн хясан боогдуулах аргаар Д.Эаас нийт 3.830.768 төгрөгийн эд зүйлсийг хахуульд авсан” гэх үйлдэлд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2102004170243 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн 2102004170243 дугаартай хэрэгт Ж.Гийн “Ц.Аас ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Ргийн эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах оффистой болох ашиг сонирхлын үүднээс түүнтэй зээлийн гэрээ байгуулуулж өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Р, өөртөө болон “Н х” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдэлд тогтоогдсон учир прокуророос 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2102004170243 дугаартай тогтоолоор Ж.Гийг 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан дээрх 2 тогтоолд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1478 дугаартай прокурорын тогтоолоор зохих нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж хуульчилжээ. Прокурор хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх бөгөөд уг тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.34 дэх заалтад зааснаар прокурорын шийдвэр гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хавтаст хэрэг нь хэрэгт тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ...” гэж хуульчилсан тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хавтаст хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно.” гэх заалтын дагуу Ж.Гийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2102004170243 дугаартай, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2102004170243 дугаартай тогтоолуудыг нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжийн 20 дугаар талын 2 дахь догол мөрөнд “...Прокурорын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт прокурор нь мөрдөн байцаалтад хяналт тавихдаа эрүүгийн хэрэгт дугаар олгох эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд эрүүгийн хэргийг бүртгүүлж, эрүүгийн хэргийн дугаар олгогддог, эрүүгийн хэргийн дугаарууд нийтдээ 13 оронтой байх бөгөөд яллагдагч Ж.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 16 орон бүхий эрүүгийн 154- 2102004170243 дугаар олгогдсон нь ойлгомжгүй, яллагдагч Ж.Гийн холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэргийн дугаар олгогдсон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байна. Энэ нөхцөл байдлыг хяналтын прокурор засалгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны эцэст бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх заалтын дагуу прокурор эрүүгийн 102004170243 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Гийн урьд яллагдагчаар татсанаас өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тухайн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, уг тогтоолыг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан бөгөөд прокурорын байгууллагын тоо бүртгэл тогтоолыг 154 гэсэн дугаараар бүртгэсэн, уг дугаар нь хэргийн дугаар биш юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул захирамжийн дээрх заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагч Ж.Гийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1478 дугаартай прокурорын тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэг ижил дугаартай хэрнээ 2021 оны 11 дүгээр сарын 1, 16-ны өдрийн 2 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрх, үүргийг танилцуулсан гэж тайлбарладаг. Үүнийгээ зөвтгөх үүднээс эсэргүүцэл бичсэн гэж ойлгож байна. Мөн энэ үйлдэлтэй хамааралтайгаар хэргийн дугаарыг “154 гэдэг нь манай дотоод бүртгэлийн ажилтан буюу хэрэг бүртгэгч ажилтны дугаар юм” гэж тайлбарлаж байна. Гэтэл хэргийн дугаар нь 154-2102004170243 гээд бичсэн байсан. Тиймээс шүүгчийн захирамжид дүгнэсэн үндэслэл зөв гэж үзэж байна. Түүнчлэн прокурор шүүгчийн захирамжийн энэ заалтыг хүчингүй болгуулах талаар эсэргүүцэлдээ дурдаж байна. Гэвч хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүхэд эрх хэмжээ нь байгаа эсэх талаар шүүх дүгнэлт өгнө байх. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэвээр үлдэх тохиолдолд прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг 1 заалтыг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй. Нэг үйлдэл үү, хоёр үйлдэл үү гэдэг нь тодорхой харагдахгүй, мөн нэг ижил дугаараар хоёр үйлдлийг дугаарлаж, хоёр өөр цаг хугацаанд хоёр тогтоол гаргасан хэрнээ эрүүгийн 3 үйлдэл гэж бичсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг гэж дурдсан байснаа 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зөвтгөсөн гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан бөгөөд үүнийг шүүхийн шатанд засах боломжгүй. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг прокурорт буцаасан учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагч Ж.Гийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын хувьд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэдэг дээр санал нэг байгаа юм байна. Ж.Гийн үйлдэлд  2 өөр хохирогчтой, 2 өөр хэрэгт нэг дугаартай, нэг яллагдагчаар татах тогтоол үйлдээд түүнд өөрчлөлт оруулсан нь буруу гэдэг дээр тайлбар хэлье. Хэрвээ 2 өөр хохирогчтой, 2 өөр хэрэг бол тус тусад нь яллагдагчаар татаж, дараа нь нэмж нэгтгэх гэсэн өмгөөлөл зөв байгаа учраас шүүхийн буцаасан захирамжид заасан үндэслэл зөв гэсэн тайлбартай байна” гэв.

Яллагдагч Ж.Гийн өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Яллагдагч Д.Эын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тусгайлсан гаргах саналгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүх Ж.Г, Д.Энарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, “...гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа, газрыг тодорхой болгож хэргийн шүүхийн харьяаллыг тодорхой болгох, Ж.Гийг яллагдагчаар татсан эрүүгийн хэргүүдийг нэгтгээгүй, нэгтгэх талаар хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, Ц.А хохирогчоор тогтоосонтой холбоотойгоор ”Э” ХХК, “Ф” ХХК-иудтай холбоотой  мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийх...” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай хэмээн үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...эрүүгийн хэрэг үүсгэж, Ж.Гийг яллагдагчаар татсан эрүүгийн хэргүүдийг нэгтгээгүй, нэгтгэх талаар хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй...” гэсэн хэсэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хянавал;

Ж.Гийг Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2102004170243 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт /4хх 118-122/, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 154-2102004170243 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт /4хх 136-140/ тус тус яллагдагчаар татжээ.

Ж.Гийг:

1. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2102004170243 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор “...нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн хууль тогтоомжийг тус тус зөрчиж, өөрийн төрсөн дүү Ж.Гийн үүсгэн байгуулсан 100 хувийн хувьцаа эзэмшигч 5216176 регистрийн дугаартай “Шилийн их баян” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 0,9 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах 2011/163 дугаар бүхий гэрчилгээ олгогдсон, хугацаа нь дуусгавар болсон газрыг иргэн Д.Эд 1,6 тэрбум төгрөгөөр үнэлж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шууд худалдан авах талаар тулган шаардсан, улмаар Ж.Г, Д.Э нар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлцлээр “Ж.Гаас 5216176 регистрийн дугаартай “Шилийн их баян” ХХК-ийн эзэмшлийг тус компанийн эзэмшилд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уул, Арцатын аманд байрлах 2011/163 тоот гэрчилгээний дугаартай аялал жуулчлалын зориулалттай тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрх, компанийн эзэмшлийн газар дээр орших 10/10 харьцаатай 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамтаар Д.Эд 100 хувь шилжүүлэх, Д.Эаас “V” компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоонд байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхар, А корпусын 250 м.кв талбайг 1 м.кв талбайг 3,800,000 төгрөгөөр нийт 950,000,000 төгрөгөөр, “V” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 180 м.кв талбайд ноогдох орон сууцыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр үнэлж нийт 630,000,000 төгрөгөөр, “V” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 2 машины зогсоолын 20,000,000 төгрөгөөр үнэлж дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 1,600,000,000 төгрөгөөр үнэлж Ж.Гт шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн иргэн Д.Эын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хясан боогдуулсны улмаас Д.Эын найз Ц.Цын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Вазак бүтики” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Б.Ргаар “Massiomo Dutti” брэндийн шаргал өнгийн цув 1 ширхэг, “M and S” гэх брэндийн цагаан өнгийн  эмэгтэй пиджак 1 ширхэг, “COS” гэх бичвэртэй “Bakos Boutique” дэлгүүрийн  500.000 төгрөг гэх үнийн бичвэртэй ногоон өнгийн плаж 1 ширхэг, “Puma” гэсэн бичвэртэй биеийн тамирын өмд 1 ширхэг, “Ferragammo” гэх бичвэртэй шаргал өнгийн эмэгтэй хос гутал, M and S” гэх бичвэртэй хариуцагч өнгийн цэнхэр дотортой эрэгтэй куртик 1 ширхэг, “Adidas” брэндийн саарал өнгийн хос гутал зэргийг үнэ төлбөргүйгээр хахуульд авсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар...” /4хх 118-122/,

2. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 154-2102004170243 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалын, нэр хүнд, нөлөөг ашиг хонжоо олох зорилгодоо ашиглаж иргэн Ц.Аас ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Ртай зээлийн гэрээ байгуулуулж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 46.000.000 төгрөгийг, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг, мөн оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон Б.Ргийн дансаар хүлээн авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Рд 66.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон,

мөн Ц.А-ын үүсгэн байгуулсан “Э л” ХХК-ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/ Нарны зам гудамж 99 байр, 4-5 тоот орон сууцыг 282.500.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100.000.000 төгрөгт “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т байрлалтай 2017 онд гэрчилгээ нь гарсан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, ашиглах эрх нь дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн аялал жуулчлалын зориулалттай “Б т” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг Ц.А-ын эхнэр Х.Халиунаад 2020 оны 5 дугаар сард шилжүүлэн өгч, 182.500.000 төгрөгийг Хаан банкны зээлээр гаргуулан төлбөрийг төлж барагдуулан дээрх орон сууцыг өөрийн эхнэр Б.Ргийн “Н х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “Н х” ХХК-д 100.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар /4хх 136-140/  тус тус татжээ.

Ж.Гийг ингэж хоёр тусдаа “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хэд хэдэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” ,  мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” нгэж зааснаар хэргүүдийг нэгтгээгүй, нэгтгэх талаар хуульд заасан шийдвэр гаргаагүй нь хууль зүйн үндэслэлгүй.  

Нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй атлаа тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1478 дугаартай прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн /9хх 144-161/ нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1719 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхийн “...Прокурорын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт прокурор нь мөрдөн байцаалтад хяналт тавихдаа эрүүгийн хэрэгт дугаар олгох эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд эрүүгийн хэргийг бүртгүүлж, эрүүгийн хэргийн дугаар олгогддог, эрүүгийн хэргийн дугаарууд нийтдээ 13 оронтой байх бөгөөд яллагдагч Ж.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 16 орон бүхий эрүүгийн 154- 2102004170243 дугаар олгогдсон нь ойлгомжгүй, яллагдагч Ж.Гийн холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэргийн дугаар олгогдсон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байна. ...” гэсэн дүгнэлт, энэхүү дүгнэлтийг эсэргүүцэн бичсэн прокурорын “...прокурор эрүүгийн 102004170243 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Гийн урьд яллагдагчаар татсанаас өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тухайн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, уг тогтоолыг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан бөгөөд прокурорын байгууллагын тоо бүртгэл тогтоолыг 154 гэсэн дугаараар бүртгэсэн, уг дугаар нь хэргийн дугаар биш юм. ...” гэх эрүүгийн хэргийн дугаар олголт, бүртгэлийн талаарх асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1719 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ