| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0044/З |
| Дугаар | 110/ШШ2024/0033 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 110/ШШ2024/0033
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0721835 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь, шийдвэрлэх нь хэсэгт тус тус Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлт бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Иргэний гомдлын мөрөөр 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ц” ХХК-ийн “Ц” зоогийн газарт шалгалт хийхэд илэрсэн зөрчлийн дагуу тус компанид Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 000 000 төгрөгөөр торгосон боловч 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0721835 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг бичихгүй орхигдуулсан байна.
Уг шийтгэлийн хуудасны олсон нь, шийдвэрлэх хэсэгт нь “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар” гэж нэмж өөрчлөлт оруулахаар прокурорын гаргасан дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0721835 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ц” зоогийн газрыг нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.” гэж заасан. “Ц” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчил гаргасан, эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны олсон нь, шийдвэрлэх нь хэсэгт хуулийн зүйл, хэсэг заалтыг бичээгүй орхигдуулсан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудаст нэмэлт өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргажээ.
3. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарласан ба энэ нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0721835 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь, шийдвэрлэх нь хэсэгт тус тус Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулах”-аар шүүхэд гаргасан дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлттэй, тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.РИЗА