Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/05001

 

 

 

 

 

 

 

 

2024 11 01

101/ШШ2024/001

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б,,, ******* ТӨҮГ ААТҮГ /рд:25466/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн , дүгээр байранд оршин байрлах, ******* нарт холбогдох,

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах МV-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4.8 га газрыг ******* ХХК нь тэргүүн ээлжид түрээслэх эрхтэй болохыг тогтоолгож,******* тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., хариуцагч ******* ТӨҮГ ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., гэрч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нзарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Алтайн Цаст Уулс ХХК нь Гаалийн хяналтын бүс ажиллуулах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2012 оноос Монголросцвөтмөт ТӨҮГ-тай түрээсийн гэрээ байгуулж тус компанийн эзэмшлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах М\/-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4,8 га газрыг (цаашид Түрээсийн талбай гэх) 2021 оныг хүртэл түрээсэлж ирсэн. Улмаар 2022 онд Түрээсийн талбайг түрээслэхдээ Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр ******* болон Монголросцвөтмөт ТӨҮГ-тай манай Алтайн Цаст Уулс ХХК нь МР-2022/04 дугаартай гурвалсан гэрээг байгуулж түрээсэлсэн бөгөөд нэг сарын төлбөр 3,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. "Алтайн Цаст Уулс" ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2022, 2023, 2024 оны эхний улирлын түрээсийн төлбөрийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл "*******" ТӨҮГ нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр 2022 онд бидний хооронд байгуулсан МР-2022/04 дугаартай гурван талт гэрээг сунгахгүй гэсэн агуулга бүхий мэдэгдлийг өгсөн. Бидний зүгээс энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч түрээсийг гэрээг сунгахаас татгалзсан үйлдэлд хариу мэдэгдэл явуулсан боловч түрээсийн талбайг хүлээлгэж өгөхийг биднээс шаардсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээний зохицуулалтад Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. Мөн хуулийн 289.7 дахь хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй гэж заасан. Хэнтий аймаг жоншны асар их нөөцтэй уурхайн бүс тул жоншны баяжуулах тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд нь ашигт малтмал олборлож, манай баталгаат агуулахад бараа бүтээгдэхүүнээ хадгалуулж, экспортод гаргах дамжлагатай үйл ажиллагаа явагддаг. Бид хадгалалтын буюу талбайн ашиглалтын гэрээ байгуулаад, ямар хэмжээний талбай ашиглаж байгаа, түүнийх нь хэмжээгээр хөлс тооцож, үйл ажиллагааныхаа орлогыг бүрдүүлж хадгалуулж байгаа жоншных нь хэмжээгээр ашиглалтын зардлаа тооцож авдаг. Хатуу хяналт дор явагддаг гаалийн баталгаат агуулахын тусгай зөвшөөрлийн бүс учраас дамжуулан түрээслэх боломжгүй. Тус үйл баримт нь талбайн ашиглалтын гэрээ болон дансны хуулгаар нотлогдоно.

Бид түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлдэг байсан, мөн тус түрээсийн талбайд нийтдээ 400 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахтай холбоотой хууль, дүрмийг чанд мөрдөж ажилладаг байсан тул түрээсийн гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй гэж үзэж байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4,8 га газрыг "Алтайн Цаст Уулс" ХХК нь тэргүүн ээлжид түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулах, хугацаа сунгахыг "*******" ТӨҮГ, ******* нарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч "*******" ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч "*******" ТӨҮГ, ******* нь нэхэмжлэгч "Алтайн Цаст Уулс" ХХК-тай 2022 онд MP/2022/04 дугаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулж тус гэрээгээр "*******" ТӨҮГ-ын төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө болох тоот тусгай зөвшөөрөлтэй 8-р хүдрийн биетийн 4,8 га талбайг ачилт буулгалтын зориулалтаар түрээсэлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолын 2.5 дахь хэсэгт "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг санхүүгийн жилээр байгуулж, баталгаажуулах" гэж заасны дагуу тус гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон. "*******" ТӨҮГ-аас 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дугаар албан бичгээр түрээсийн гэрээг 2023 онд сунгахгүй болохыг мэдэгдсэн. Мөн оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тоот, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай", 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тоот "Талбай хүлээлгэн өгөх тухай", 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/289 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр тус тус "*******" ТӨҮГ-ын тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га талбайг зохих ёсоор, бүрэн бүтэн байдалтай хүлээлгэж өгөх тухай албан бичгүүдийг нэхэмжлэгч "Алтайн Цаст Уулс" ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь "*******" ТӨҮГ-ын тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га талбайг зохих ёсоор, бүрэн бүтэн байдалтай хүлээлгэж өгөөгүй, мөн гэрээ байгуулалгүйгээр тус талбайг хууль бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. "*******" ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоол, мөн тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тоот "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичигт тус тус эзэмшлийн газар-талбай хөрөнгийг түрээслэхдээ иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай" гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй байна. Хариуцагч "*******" ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 2 дахь заалтад "төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө" төрийн өмч байхаар, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт "өөрт олгогдсон хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах" эрхтэй тул "*******" ТӨҮГ-ын тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га талбайг туүрээслүүлэх нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал юм. Түүнчлэн нэхэмжлэгч "*******" ХХК нь талбайг чөлөөлж өгсөн даруйд "*******" ТӨҮГ нь тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га талбайг түрээслүүлэхээр болвол сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ******* ТӨҮГ, ******* ХХК-ийн хооронд 2022 оны дугаартай гурван талт гэрээний хугацаа дуусаж дуусгавар болсон. ******* ХХК нь дээрх гэрээний 6.19-д заасныг зөрчиж дамжуулан түрээслэх үйл ажиллагаа явуулж Талбай ашиглалтын гэрээ байгуулж ажилласан байдаг. Уг компанийн талаарх гомдлыг тус талбайд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийн зүгээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гаргаж байсан. ******* ТӨҮГ нь 4,8 га талбайг бусад этгээдэд түрээслээгүй, газар эзэмшигч нь цаашид түрээслэхгүйгээр өөрийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэсэн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороонд хандаж нэхэмжлэгч тал дамжуулан түрээсэлдэг, төлбөрөө нэмсэн талаар гомдол гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь үүсээгүй гэж үзэж байна гэв.

3. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам", Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тоот төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолд тус тус заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаарх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь тус газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолд заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээдээс төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, зөвшөөрөл өгч байх, Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих, Түрээслэгч-түрээслүүлэгчийн хооронд байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг батлагдсан загварын дагуу баталгаажуулах, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг санхүүгийн жилээр байгуулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тоот тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх хуулийн этгээд (цаашид "түрээслүүлэгч" гэнэ) байна. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу эзэмшүүлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон төрийн өмчит шалгаруулалт явуулах эсэх асуудлыг өөрсдөө шийдвэрлэдэг бөгөөд түрээслэгч- түрээслүүлэгчийн хооронд байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хяналт тавьж ажилладаг. Түрээсийн гэрээг батлагдсан загварын дагуу баталгаажуулах, гэрээний үүргийн түрээслүүлнэ гэж заасны дагуу хөрөнгө эзэмшигч байгууллага сонгон "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.ын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 23/22 тоотоор хандсан албан бичигт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/2201 зарим арга хэмжээний тухай албан бичгээр "төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн Өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих" гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах эсэх асуудлыг хөрөнгийн эзэмшигч байгууллага өөрсдөө шийдвэрлэдэг талаар хариу өгсөн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлалтай "*******" түрээсийн асуудлаар манай байгууллагад аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа гомдол гаргасан. Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс манайд хандаж *******" компани нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жоншны үйл ажиллагаа явуулдаг аж ахун түрээсийн гэрээгээр далайлгаж аж ахуйн нэгжүүдэд эд засгийн болон ёс суртахууны маш их дарамт учруулж байгааг, үнэ тарифыг өөрсдийн дураар өсгөх, ачилт буулгалтын талбайг хашиж, харуул хамгаалалтаа тавьсан байдалтай байгаа. Иймд ******* ТӨҮГ нь ******* ХХК-тай байгуулсан тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 4,8 га талбайг ачилт буулгалтын зориулалтаар түрээслүүлэх тухай гурван талт гэрээг хянаж өгөхийг хүссэн. "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2020 оны дугаар тогтоолд зааснаар төрийн эзэмшлийн газар-талбай, хөрөнгийг түрээслэхдээ иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байна. Иймд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт хийж, шалгарсан хуулийн этгээдтэй төрийн өөрийн өмчийн түрээсийн гурвалсан гэрээг байгуулан, баталгаажуулах тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам", Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тоот төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолд тус тус заасны дагуу "*******" ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч "*******" ТӨҮГ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэнтий аймгийн "Бор-Өндөр" сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/169 тоот шийдвэрийг үндэслэн "******* ТӨҮГ-т Хэнтий аймаг "Бор-Өндөр сум, 1-р баг Үйлдвэрийн 3 гудамж, хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай 371.4149 га газрыг МѴ-000174 тоот тусгай зөвшөөрөлтэй, ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. ******* ХХК-тай 2022 онд дугаар гурван талт гэрээг байгуулж тус гэрээгээр "******* ТӨҮГ-ын МѴ-000174 тоот тусгай зөвшөөрөлтэй 8-р хүдрийн биетийн 4,8 га талбайг ачилт буулгалтын зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Уг гэрээний хугацаа дууссан ба газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь 4,8 га талбайг чөлөөлж өгөөгүй, өнөөдрийг хүртэл бүтэн 1 жил 6 сарын хугацаанд хууль бусаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч "******* ТӨҮГ-ыг тус газарт ашигт малтмал үйлдвэрлэх, борлуулах зэрэг ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн. Хууль ёсны эзэмшигч болох "******* ТӨҮГ-т хуулиар олгосон газар эзэмших, ашиглах, түүний үр шимийг хүртэх эрхийг "Алтайн Цаст уулс" ХХК нь ноцтой зөрчиж байгаа юм. Иймд "******* ТӨҮГ нь тоот тусгай зөвшөөрөлтэй 8- р хүдрийн биетийн 4,8 га талбайг бусдад түрээслэхгүйгээр өөрсдөө ашиглаж үйл ажиллагаа явуулах тул тус газрыг "Алтайн Цаст Уулс" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

5. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж байж Төрийн өмчит үйлдвэрийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Тус боломжоор хангаж өгнө үү. Улсын төсөвт орлого төвлөрүүлэх энэ үйл ажиллагаанд битгий саад учруулаач гэж хүсэж байна. ******* төрийн өмчит үйлдвэрийн газар нь өөрийн эзэмшлийн хөрөнгийг түрээслэх, эс түрээслүүлэх асуудал нь өөрийнх нь л бүрэн эрхийн асуудал юм гэв.

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ямар хуулийн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрхээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байгаа гэж үзэх юм бол хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч өөрөө тухайн газрын өмчлөгч байх, манай компанийн эзэмшил хууль бус байх, манай компанийн эзэмшилд байх ёстой. Гэтэл өмчлөгч байх шаардлагыг хангаагүй буюу тухайн маргаан бүхий 4,8 га газар нь Монгол улсын төрийн өмч юм. Төрийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ******* хэрэгжүүлдэг. Хариуцагч ******* ТӨҮГ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалт бол энэ асуудал, харилцаанд хөндөгдөнө. ******* ТӨҮГ нь өөрсдийн өмч мэтээр хандаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж байна. ******* бол төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлдэгийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус маргаан бүхий газарт шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байгаа. Энэ хүрээнд манай компанийн эзэмшил хууль бус биш. Тухайн маргаан бүхий талбай дээр манай компанийн эд хөрөнгүүд, тоног төхөөрөмж, машин механизм зэрэг зүйлс байгаа. Бид өөрсдөө зохих ёсоор үүргээ гүйцэтгэдэг түрээслэгч байсны хувьд цаашид ямар үнэ төлбөрөөр гэрээ байгуулж явах, тэр хэмжээгээр нь түрээсийн төлбөрийг төлөх боломжтой байгаа. Тэрнээс биш орлого олох эх үүсвэрийг нь хааж байгаа асуудал биш. Тийм учраас хууль бус эзэмшил гэж үзэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

7.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* ТӨҮГ-тай байгуулсан түрээсийн гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* ТӨҮГ-тай байгуулсан түрээсийн гэрээний хуулбар, 2022 оны *******, ******* ТӨҮГ-тай байгуулсан гурван талт Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хуулбар, түрээсийн төлбөр төлсөн баримтууд, *******, ******* ТӨҮГ-уудаас ирүүлж байсан болон нэхэмжлэгчээс хүргүүлж байсан албан бичгүүдийн хуулбар хувь,

7.2 хариуцагч нараас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ******* ТӨҮГ-ын дүрэм, түрээсийн гэрээ цуцлах тухай дугаар тоот, мэдэгдэл хүргүүлэх тухай дугаар тоот, хариу хүргүүлэх тухай дугаар тоот, талбай хүлээлгэн өгөх тухай дугаар тоот, мэдэгдэл хүргүүлэх тухай 1/289 дүгээр тоот, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын чиглэл хүргүүлэх тухай дугаар тоот, сонгон шалгаруулалт явуулах тухай дүгээр тоот, хүсэлт хүргүүлэх тухай 13 дугаар тоот, мэдэгдэл хүргүүлэх тухай 36 дугаар тоот албан бичгүүдийн хуулбар хувь, ажлын хэсэг байгуулах тухай А/07 дугаар тушаалын хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, МУЗГ-н 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тогтоолын хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дугаар тогтоол, 49 дүгээр тогтоолуудын хуулбар, хавсралт, сонгон шалгаруулалтын тухай дугаар тоот албан бичгийн хуулбар, дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, ХХК-иас ирүүлсэн 99 дүгээр тоот албан бичгийн хуулбар, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жоншны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс ирүүлсэн хүсэлтийн хуулбар, талбай ашиглалтын гэрээний хуулбар, гаалийн хяналтын бүсэд ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, ******* ХХК-ийн эзэмшиж байгаа гаалийн хяналтын бүсээс экспорт хийх, талбай түрээслэх гэрээ хийх аж ахуйн нэгжээс бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтын хуулбар,

7.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хас банк ХК-ийн тоот дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨҮГ ААТҮГ болон *******т тус тус холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах МV-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4.8 га газрыг тэргүүн ээлжид түрээслэх эрхтэй болохыг тогтоолгож,******* тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ТӨҮГ ААТҮГ-аас хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ******* ТӨҮГ ААТҮГ-ын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4,8 га газрыг 2012 оноос тасралтгүй түрээслэж ирсэн. Манай компани түрээсийн гэрээний хугацаанд ямар ч зөрчил гаргаж байгаагүй. Хариуцагч нар нь түрээсийг гэрээг цаашид сунгахгүй гэх үндэслэлгүй мэдэгдэл өгсөн. Хариуцагч нар 4,8 га газрыг өөр этгээдүүдэд түрээслэх гэж байна. Манай компани түрээсийн гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж,

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК нь 2012 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4,8 га газрыг тасралтгүй түрээслэсэн. Түрээсийн гэрээнд гэрээний зүйлийг бусдад дамжуулан түрээслэхийг хориглосон байхад уг үүргээ зөрчиж дамжуулан түрээслэж, гэрээний үүргийг зөрчсөн. Мөн гэрээний зүйлийг цаашид бусдад түрээслэхгүй, эзэмшигч өөрөө газраа ашиглахаар шийдвэрлэсэн. Бусдад түрээслэхээр бол журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан этгээдтэй төрийн хөрөнгийг түрээслүүлэх шаардлагатай. Гэрээний хугацаа дууссан ба одоог хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул газрыг албадан чөлөөлнө гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Монголросцветмент ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний хавсралтад заасан талбайг түр хугацаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, түрээсийн төлбөрт сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.

Талууны хэн аль нь уг гэрээгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4,8 га газрыг Монголросцветмент ХХК нь түрээслүүлэх, ******* ХХК нь 1 сарын 2,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болохыг тайлбарласан.

Дээрх гэрээний хугацаа дуусах бүрт гэрээний талууд хугацааг сунгаж явсаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монголросцветмент ХХК болон ******* ХХК нар дахин гэрээний хугацааг сунгаж, түрээсийн төлбөрийн хэмжээг нэг сард 3,000,000 төгрөг болгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор "*******" ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгож, уг хуулийн этгээдийн эд хөрөнгө, эрхийг төрийн өөрийн хөрөнгө болгосонтой холбоотойгоор *******" ТӨҮГ, *******, "Алтайн Цаст Уулс" ХХК нарын хооронд 2022 онд MP/2022/04 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гурван талт гэрээг байгуулж тус гэрээгээр "*******" ТӨҮГ-ын эд хөрөнгө болох тоот тусгай зөвшөөрөлтэй 8-р хүдрийн биетийн 4,8 га талбайг ачилт буулгалтын зориулалтаар сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байна. /хх-159-166/

Энд, талуудын хооронд байгуулагдсан 2012 оны түрээсийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуулбар хувь байх боловч талуудын хэн аль нь уг гэрээнд агуулагдсан баримтад мэдээлэлд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

3.1 Гурван талт гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш ******* ХХК нь гурван талт гэрээний хугацаа сунгах тухай хүсэлтийг *******" ТӨҮГ-т удаа дараа гаргажээ. Хүсэлтийн хариуд:

-*******" ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өдрийн тоот албан бичгээр ...тус нутаг дэвсгэрт жоншны үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж танай компанийн үйл ажиллагааны талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасан ба гомдолтой холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байгаа болно. Иймд 2023 оны түрээсийн гурван талт гэрээг сунгахгүй болохыг үүгээр мэдэгдье гэх, /хх-79/

-2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичигт ...Бидний зүгээс гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор гэрээний хүчинтэй хугацааг цаашид сунгахгүй тухайгаа 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр танайд мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тус талбайг манай талд хүлээлгэн өгөөгүй, мөн аливаа нэгэн хариуг ирүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан № тоот 3 талт гэрээний дагуу түрээсэлж байсан тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га газрыг зохих ёсоор бүрэн бүтэн байдалтайгаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэж өгнө үү гэх, /хх-80/

-2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тоот албан бичгээр ...Танай компанитай хамтран ажилладаг Бор-Өндөр сумын 30 гаруй аж ахуй нэгж байгууллагуудаас нэр бүхий 22 аж ахуй нэгж *******т гомдол гаргаж, танай компанитай байгуулсан түрээсийн гэрээг эргэн харах цуцлах талаар хүсэлт хүргүүлсэн тул түрээсийн гэрээний хугацааг сунгах боломжгүй мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га газрыг зохих ёсоор бүрэн бүтэн байдалтайгаар хүлээлгэж өгөхийг мэдэгдье гэх, /хх-81/

-2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр тус талбайг Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны дугаар тогтоолын 2.2 дахь заалтад заасны дагуу тус талбайг иргэд аж, ахуй нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан хуулийн этгээдтэй төрийн өөрийн өмчийн түрээсийн гурвалсан гэрээг байгуулах замаар түрээслүүлэх чиглэл өгсөн. Иймд тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га газрыг зохих ёсоор бүрэн бүтэн байдалтайгаар яаралтай хүлээлгэн өгнө үү гэх хариу тус тус өгсөн байна. /хх-82/

 

3.2 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр *******" ТӨҮГ-т чиглэл хүргүүлсэн байна. Үүнд, *******" ТӨҮГ нь ******* ХХК-тай тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дахь 4,8 га талбайг ачилт буулгалтын зориулалтаар түрээслүүлэх тухай дугаар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гурван талт гэрээг 2022 онд байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаа дуусгавах болоод байна. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар аьах зарим арга хэмжээний тухай 2020 оны дугаар тогтоолын 2.2 дахь заалтад Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих гэх заасны дагуу танай эзэмшлийн газар-талбай хөрөнгийг түрээслэхдээ иргэд, аж ахуй нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байна. Иймд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт хийж, шалгарсан хуулийн этгээдтэй төрийн өөрийн өмчийн түрээсийн гурвалсан гэрээг байгуулан баталгаажуулахаар ирүүлнэ үү гэжээ. /хх-84/

Уг чиглэл хүргүүлэх хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн *******" ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр Бор-Өндөр УБҮ-т иргэд, аж ахуй нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар түрээслэгч этгээдийг шалгаруулж дүнг ирүүлэхийг даалгасан байна /хх-85/

 

3.3 Нэхэмжлэгч ******* ХХК-д цаашид гэрээний хугацааг сунгахгүй болохыг дээр дурдсан албан бичгүүдээр мэдэгдэж, өнөөдрийг хүртэл гэрээний хугацааг сунгаагүй, гэрээний зүйл болох 4,8 га газрыг нэхэмжлэгч компани одоог хүртэл ашиглаж байгаа болохыг талуудын хэн аль тайлбарласан.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

*******" ТӨҮГ, *******, "Алтайн Цаст Уулс" ХХК нарын хооронд 2022 онд байгуулагдсан MP/2022/04 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гурван талт гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, цаашид гэрээний хугацааг сунгахгүй болохыг хариуцагч нараас дээр дурдсан албан бичгүүдээр удаа мэдэгджээ.

 

4.1 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээний зүйл болох 4,8 га газрыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулах, хугацаа сунгахыг хариуцагч нарт даалгахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр, нэхэмжлэгч "*******" ХХК нь гэрээний зүйл болох 4,8 га газрыг 2012-2023 оныг хүртэл түрээсийн гэрээний дагуу түрээслэж, ашиглаж байсан, түрээсийн төлбөрийн зөрчил үүсгэж байгаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч энэ нь түрээсийн гэрээний хугацааг цаашид заавал дахин сунгах эрхийг олгох үндэслэл болохгүй.

 

4.2 Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан зохицуулалт нь гэрээний зүйлийг өөр этгээдэд хөлслүүлэгч хөлслөх тохиолдолд хамаарах ба хариуцагч нараас ...гэрээний зүйл болох 4,8 га газрыг цаашид өмчлөгч өөрөө эзэмшиж, ашиглахаар шийдвэрлэсэн. Мөн бусдад түрээслүүлэх тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж шалгарсан иргэн, аж ахуй нэгжид түрээслүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 2.2 дахь хэсэгт Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих гэж заасан байна. Дээр дүгнэснээр *******" ТӨҮГ-ын эд хөрөнгө, хөрөнгийн эрх нь төрийн өмчийн хөрөнгө болсонтой холбоотойгоор маргааны зүйл болох 4,8 га газрыг бусдад түрээслэхдээ иргэд, аж ахуй нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар шалгарсан этгээдэд түрээслүүлэх хуулийн шаардлагатай болсон байна.

Нэхэмжлэгч "*******" ХХК нь урт хугацаанд гэрээний зүйлийг түрээслэсэн гэх үндэслэлээр төрийн хөрөнгийг иргэд, аж ахуй нэгжид нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар түрээслүүлэх талаарх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үгүйсгэх, гэрээг ганц тус компанитай байгуулах давуу байдлыг эдлэх эрхгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч "*******" ХХК нь маргааны зүйл болох газрыг түрээслүүлэх нээлттэй сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд уг сонгон шалгаруулалтад журмыг дагуу оролцож, газрыг түрээслэх эрх нь нээлттэй байна.

 

4.3 Хариуцагч *******" ТӨҮГ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ...гэрээний зүйл болох 4,8 га газрыг одоогоор бусдад түрээслэхгүй, төр өөрөө ашиглахаар шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Үүнээс дүгнэвэл шүүх талуудын гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх болон Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж заасныг үгүйсгэж, гэрээний талуудын чөлөөт байдалд халдах замаар нэхэмжлэгч "*******" ХХК-тай түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах боломжгүй.

 

4.4 Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т түрээслэсэн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх, барьцаалах, шилжүүлэх, баталгаа гаргахыг хориглоно гэж, 6.19-д түрээсэлсэн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, барьцаалах, бусдад шилжүүлэх, баталгаа гаргахыг хориглоно гэж тус тус заажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч ******* ХХК-иас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4,8 га газрыг бусад хуулийн этгээдтэй байгуулсан талбайн ашиглалтын гэрээг хэрэг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг захирамжаар шаардсан баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хариуцагч талын хүсэлтээр ******* ХХК-ийн эзэмшлийн Хас банк дахь дансны хуулгыг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар гаргуулсан. Хариуцагч тал банкнаас дансны хуулга гаргуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс бусад хуулийн этгээдтэй байгуулсан талбайн ашиглалтын гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан.

Хас банкаас ирүүлсэн дансны хуулгаас үзвэл нэр бүхий хэд хэдэн этгээд нараас удаа дараа давтамжтай ...түрээсийн төлбөр гэх гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийг ******* ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Эдгээр үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч тал хэрэгт өөрийн компанийн бусад этгээд нартай байгуулсан талбайн ашиглалтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгөх бүрэн боломжтой атлаа гаргаж өгөөгүй, бусдаас түрээсийн төлбөр гэх гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан байгаа нь маргааны зүйл болох газрыг бусдад дамжуулан түрээслэх замаар гэрээний үүргийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...бусад этгээдэд газар дээр байгаа агуулахыг хадгалалтын гэрээний зориулалтаар ашиглаж байсан, дамжуулан түрээслээгүй гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Б. оролцож, тэрээр ...Манай ХХК нь ******* ХХК-ийн талбайд гаалийн хилээр гарах барааг төлбөр төлж хадгалуулдаг байсан гэж мэдүүлсэн боловч уг иргэний мэдүүлгээр бусад этгээд нараас түрээсийн төлбөр гэх гүйлгээгээр ******* ХХК-д шилжсэн мөнгөн хөрөнгийг хадгалалтын гэрээний дагуу шилжүүлсэн үйл баримтыг нотлохгүй.

 

4.5 Нэр бүхий аж ахуй нэгж байгууллагуудаас *******т ******* ХХК-д тоот лицензээр эзэмшүүлж байгаа газрыг тус байгууллага түрээслэхдээ бусад байгууллагуудын төмөр замыг ашиглах боломж олгохгүй байгаа тул тус компанитай байгуулсан түрээсийн гэрээг хянаж өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтийг гаргасан байна. /хх-187, 198-200/

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүргийг зөрчсөн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан, уг хугацааг цаашид сунгах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах МV-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4.8 га газрыг тэргүүн ээлжид түрээслэх эрхтэй болохыг тогтоолгож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг ******* ТӨҮГ, болон *******т тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/169 тоот шийдвэрийг үндэслэн ******* ТӨҮГ-ийн харьяа *******,, хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 3714149.0/371,4149 гар газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 40 жилийн хугацааны эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. /хх-97/

Мөн Ашигт малтмал ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлөөр ******* нэгдэлд ******* тоот гэрчилгээтэй газрыг 30 жилийн хугацаагаар 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон байна. /хх-167/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан ч гэрээний зүйлийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ******* ХХК эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

Гурван талт гэрээний 3.6-д гэрээ дуусгавар болмогц талбайг чөлөөлж, түрээслэгчид буцаан хүлээлгэн өгнө гэж тохирсон байна. ******* ТӨҮГ-аас удаа дараа 4,8 га газрыг чөлөөлж өгөхийг албан бичгээр мэдэгдсэн байх боловч ******* ХХК нь чөлөөлж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж тус тус заасан.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч ******* ХХК нь маргааны зүйл болох Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах МV-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4.8 га газрыг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар чөлөөлж өгөх үүрэгтэй.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагч тус тус хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч ******* ТӨҮГ-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ТӨҮГ болон *******т тус тус холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах МV-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4.8 га газрыг тэргүүн ээлжид түрээслэх эрхтэй болохыг тогтоолгож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг даалгах  тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах МV-000174 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төмөр замын бүсэд харьяалагдах 4.8 га газрыг нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, уг газрын эзэмшлийг хариуцагч ******* ТӨҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч ******* ТӨҮГ-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ