Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/05200

 

 

 

 

 

 

 

 

2024 11 08

101/ШШ2024/05200

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Сэсээр овогт ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд оршин байрлах, *******,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* байранд оршин байрлах, *******д тус тус холбогдох, 

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв

 

Хариуцагч нар шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн "*******-3 ОНӨААТҮГ-т У.******* нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ачигчаа ажилд орсон.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар *******-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай тогтоолыг үндэслэн У.*******ыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны тэмдэглэлээр "Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон.

Ажил олгогч Баянзүрх дүүргийн *******-3 ОНӨААТҮГ-ын албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, үйл ажиллагаа бүрэн зогсоосон, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын дагуу татан буугдаж байгаа болон ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг олгох санхүүжилтгүй болсон тухайгаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжээ авч чадаагүй, ажил олгогч байгууллагыг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн татан буулгаснаас үүдээд тэтгэмж олгох санхүүжилтгүй болсон. Ажил олгогчийн татан буулгах шийдвэр гаргаснаас улбаалан ажилласан хугацааных нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаар Баянзүрх дүүргийн *******-3, 4 ОНӨААТҮГ-ыг татах боломжгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дараах үндэслэлээр хариуцагчаар татсан. Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй, 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан. Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж хуульчилсны дагуу хариуцагчаар тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нь нийтлэг үйлчилгээний газарт ажиллаж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 72 дугаар тогтоолыг үндэслэн ажлаасаа чөлөөлөгдсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын өмчлөгч нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Нийтлэг үйлчилгээний газрын өмчлөгчийн хувьд уг байгууллагыг үүсгэх, татан буулгах бүх эрхийг эдэлж байгаагийн хувьд энд ажиллаж байсан хүмүүсийн цалин, тэтгэмжийн асуудлыг хариуцна. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 72 дугаар тогтоолын биелэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж байгаа тул эдгээр хариуцагч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар нь хийснээрээ цалин авдаг байсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн тэдээгрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож, тус бүр дараах тэтгэмжийг гаргуулахаар шаардаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч У.******* нь 7 жил ажилласан тул дундаж цалин хөлсийг 3 сараар тооцож 6,926,919 төгрөгийн тэтгэмж гаргуулж, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу дүүргийн Засаг даргаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 а/1629 тоот албан бичгээр *******-1,2,3,4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн *******-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор ******* 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байдаг Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Засаг даргын санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Газрын удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн Засаг дарга тогтооно, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Газрын захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана гэж тус тус заасан.

Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг даргын өмнө тайлагнаж ажиллана гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт дүүргийн Засаг даргатай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. "*******-1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь *******-4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд:

*******-3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны Засаг даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.

*******-3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна. Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 Нэхэмжлэгчээс гаргасан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол,

4.2 Хариуцагчаас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны захирамж, ******* 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 41, 44 дүгээр тогтоолууд, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ******* болон *******д тус тус холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргаж, хариуцагч ******* нь хариу тайлбар бичгээр гаргаагүй.

 

2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

2.1 Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ******* 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргаж, уг тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг *******д даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолын дагуу ******* 3, 4 ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг ******* 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зогсоож, холбогдох санхүүжилт, үйл ажиллагааны зардлыг татан авсан, харилцах дансууд идэвхигүй болсон үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь тайлбарласан. Уг үйл баримт нь ******* 3 ОНӨААТҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот албан бичиг, ******* 4 ОНӨААТҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон.

 

2.2 Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн ******* 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгасантай холбоотойгоор нэхэмжлэгч У.*******ыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн болох нь ******* 3 ОНӨААТҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 тоот албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон.

 

2.3 Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор ******* 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэхдээ тус газруудад ажиллаж байсан ажилчдын ажлаас халагдсаны тэтгэмж, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаар орхигдуулсан, тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг ажил олгогч ******* 3, 4 ОНӨААТҮГ-ын төсөвт үлдээгээгүй болохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бичгээр гаргасан тайлбараар тогтоогдсон. Талууд уг үйл баримтад маргаагүй.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж зааснаар нэхэмжлэгч нар нь ******* 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос авах эрхтэй.

Гэвч ажил олгогч ******* 3, 4 ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулах, татан буулгах эрхтэй этгээд болох Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг хурлаас гарсан шийдвэрийг биелүүлж ажиллах ******* нарын гаргасан шийдвэрийн үр дагавраас үүдэн ажилтан буюу нэхэмжлэгч У.******* нь ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

3.1 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор ******* 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх ба уг дүрмийн 1.4-т Нийтлэг үйлчилгээний газрын өмчлөгч нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна гэж заажээ. Мөн дүрмийн 3.1-т зааснаар Засаг даргын санал болгосноор Иргэдийн төлөөлөгчдийн хурал газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэжээ.

 

3.1а. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-д зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.

Түүнчлэн ******* 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 3.6, 3.7-д зааснаар Засаг дарга нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн газрын дарга нь Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнахаар заасан байна.

 

3.2 Иймд нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч ******* болон *******ас тус тус шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд нэхэмжлэлийг үгүйсгэсэн хариу тайлбар, баримт гаргаж мэтгэлцээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус бүр урьдчилан хандаж, ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх маргааныг шийдвэрлүүлсэн. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлээгүй байна.

Хариуцагч нар нь ******* 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг гаргах эрхтэй этгээд нарын хувьд өөрсдийн гаргасан шийдвэрийн үр дагавар болох уг газарт ажиллаж байсан ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж болон ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх үүрэг үүссэн байна.

4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.3-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; 82.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж тус тус зааснаар ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмжийг авах эрхтэй.

 

4.1 Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлаас чөлөөлөгдсөн баримтуудыг үндэслэн түүнд олгох ажилгүйдлийн тэтгэмж 6,926,919 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

******* газрын өмчлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга нь газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул хэн алинд нь ажил олгогчийн үүргийг даалгах нь зүйтэй. Харин бичилт хийхийг даалгах гэх шаардлагыг хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийдэг болсон тул бичилт буюу бүртгэл хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын баримтаас үзвэл У.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуустал ажил олгогчоос төлж бүртгэл хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч нарт нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, бүртгэл хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иймд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 196,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 196,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 6,926,919 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.*******т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.*******ын 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч *******, ******* нарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 196,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 196,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ