Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1208

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1299 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн Б.М-д холбогдох 2208 01800 1334 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б-ийн М, 1989 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин  мэргэжилтэй гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

  1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
  2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим 5 сарыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан,
  3. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 89-ө дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, суллагдсан,
  4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ялыг эдэлж дууссан,
  5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/831 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ялыг биелүүлсэн,
  6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 321 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн,
  7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/879 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” баарны гадна иргэн Н.А-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн зөөлөн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, эрүү, бүсэлхий, зүүн гуяны эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, ууцанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 879 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н.А-н 200.000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж байгаа. 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байх хугацаанд нэмж нэгтгэн дахин 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийт 1400 цагийн хугацаагаар тогтоосон. Би энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэхүү ялыг эргэн харж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” , 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1299 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” баарны гадна иргэн Н.А-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн зөөлөн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, эрүү, бүсэлхий, зүүн гуяны эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, ууцанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.А-н: “...2022 оны 5 дугаар сарын 15-ны шөнийн 04 цагийн үед “В” баар руу ороод нэг пиво уугаад сууж байгаад тамхилах гээд гарсан. Гадаа найзтайгаа юм яриад инээлдээд зогсож байсан. Нэг цээж нүцгэн бейсболын цохиур барьсан залуу ирээд “Чи нөгөө залуу юу” гэхээр нь би гайхаад “Та хүн андуураад байгаа юм биш үү” гэсэн чинь “Чи намайг нэгдүгээр хороололд мэдэх үү” гэхээр нь “Та юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь шууд миний дух руу цохисон. ...Тэгээд бейсболын цохиураараа миний зүүн ташаан дээр цохиход би газар унасан. Тэгээд хамт ирсэн залуу нь миний гэдэс рүү өшиглөөд, толгой хэсэг рүү цохиход би ямар ч хөдөлгөөнгүй болсон. Тэгээд цээж нүцгэн залуу, хамт явсан нэг залуу хоёр нь намайг бие рүү нэлээн олон удаа цохисон. Би нөгөө бейсболын цохиурыг нь тас зуураад байж байхад хамт явсан залуу нь миний гараас тавиулаад шууд миний зүүн гарын булчин руу цохисон. ...Тухайн үед зодсон нэг л хүн байсан. ...Намайн зодсон гэх хүний зургийг зааж өгсөн ба бусад хоёр залуу нь намайг зодож гэмтээгээгүй. ...” /хх 16-17/,

гэрч Н.Б-ий: “...2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “В” бааранд зөөгчөөр ажиллаж байхад Б.М ах ирсэн. Ажлынхаа хажуу талын Хаан банкны АТМ дээр хоёр залуугаас тооцооныхоо мөнгийг авах гээд байсан боловч тэр хоёр залуу удаад байхаар нь Б.М ахад “тооцоо авах гэтэл тэр хоёр залуу өгөхгүй удаагаад байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.М ах ажил орж цохиур аваад тэр хоёр залуу руу явсан ба би тухайн үед ажил руугаа орчихоод эргээд гараад иртэл нэг залууг цохиураараа 2-3 удаа цохиж харагдаж байсан ба нөгөө залуу нь зугтаад явсан байсан. ...Б.М ах тэр залуугийн гуя хэсэг рүү цохиж байгаа харагдсан. ...” /хх 31/,

хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, эрүү, бүсэлхий, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, ууцанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7130 дугаар дүгнэлт /хх 33-34/,

таньж олуулах ажиллагаагаар хохирогч нь Б.М-ыг таньж, заасан тухай таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 7-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд хохирогч Н.А нь “В” бааранд үйлчлүүлж төлбөрөө төлөөгүй, төлөхгүй удсан зэрэг шалтгаан нь Б.М-ыг бусдын халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан зүй бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Б.М-д тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Ялтан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулсан ялыг нэмж нэгтгэх журмыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд хуульчилсан бөгөөд 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэмж нэгтгэсэн нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг “...нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно...” гэж нарийвчлан заасан.

Шүүгдэгч Б.М-ыг урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/879 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн бөгөөд тэрээр ялын 20 цагийг эдэлж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/18810 дугаар албан бичиг /хх 107/-ээр нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 1420 цагийн хугацаагаар тогтоон хуульд байхгүй ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргажээ.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх...” эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчлийг зөвтгөн залруулах боломжтой гэж үзэж, шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, урьд өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдэд долоон удаа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 879 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник, хэрэгслийг ойлгохоор, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр заасан.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Н.А-г бейсболын цохиураар цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар хохирогч Н.А “...бейсболын цохиураараа миний зүүн ташаан дээр цохиод би газар унасан. ...Би бейсболын цохиурыг нь тас зуураад байж байсан. ...” /хх 16/, гэрч Н.Б-ий“...Б.М ах ажил орж цохиур аваад тэр хоёр залуу руу явсан. ...” /хх 31/ гэж тус ус мэдүүлсэн байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх бейсболын цохиурыг олж авах, эд мөрийн баримтаар тооцон хураан авах ажиллагааг хийлгүй орхигдуулсан байх ба прокурор энэ тал дээр цаашид хяналтаа тавьж ажиллахыг магадлалд анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар бичсэн прокурор Г.Мөнхтүвшингийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх” талаарх шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1299 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1299 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 1.300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/879 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Шүүгдэгч нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг тус тус нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Б.М-д анхааруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ