Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 110/ШШ2024/0034

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би,  тус аймгийн нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сансар эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэх тухай” А/677 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагатай  захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

1.1.Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/677 дугаар “Сансар” эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэх тухай” захирамжийг илт хууль бус бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Тухайн асуудлаар аймгийн Засаг даргатай эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлдээ татгалзаж байна. Энэхүү асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг сайн ойлгож мэдлээ.

Иймд манай байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс   Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сансар эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэх тухай” А/677 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох   шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг нь   шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сансар эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэх тухай” А/677 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” тухай  нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                              М.РИЗА