Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/05270

 

 

 

 

 

 

 

 

2024 11 12

101/ШШ2024/05270

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Юншээбүү овогт ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,1 тоотод оршин суух, Тэнгэр овогт ******* /рд:/-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, гэрч Ж.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр Б.******* 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.*******аас Toyota hilux маркийн тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөгийг Г.*******ын данс руу шилжүүлсэн. Автомашин худалдан авсанаас хойш 3 хоногийн дараа нөхөр маань бие гэнэт муудан, хүнд өвчтэй болохоо мэдсэн. Ингээд машин унах боломжгүй болсон тул Г.******* руу холбогдож машиныг худалдаж авахгүй, наймаа буцах тухайгаа хэлсэн. Машиныг нь Г.*******т танил дүү Ж.*******ээр хүргүүлсэн. Г.******* нь машины үнэд төлсөн мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 2,000,000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд Г.*******аас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Машинд зураас үүсгэсэн, тэнхлэг тохиргоог нь алдагдуулсан зүйл байхгүй. Мөнгийг 2023 оны 10 сард аваад буцааж 2024 оны 05 сард өгсөн. Энэ хугацаанд бидний мөнгийг авч ашиглачихаад одоо биднээс машин ашигласан өдрөөр тооцож үлдэх төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.*******д өөрийн эзэмшлийн Toyota hilux маркийн тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Б.******* нь 12,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн. Машиныг худалдаж авч яваад 20 гаран хоногийн дараа бие өвдсөн тул наймаагаа буцъя гэж хэлсэн. Ингээд би Да хүрээ зах дээрээс очиж машинаа буцааж авахад жолоочийн хойд талын хаалганы доор зураас үүсгэсэн байсан. Мөн тэнхлэг тохиргоог алдагдуулсан байсан. Иймд би машинд учирсан доголдлын үнэ болон машиныг 20 хоног ашигласны мөнгийг тооцоод 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2,000,000 төгрөг нь миний машинд учирсан доголдол, машин ашигласны хөлсөнд тооцогдох тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийг гаргах ёсгүй хүн гаргасан гэж үзэж байна гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хаан банкны дансны хуулга, эмнэлгийн бичиг,

3.2 хариуцагчаас гаргасан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, дансны хуулга,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нөхөр Б.******* нь Г.*******аас машин худалдаж авахаар тохироод 12,000,000 төгрөгийг өгсөн. Машин авснаас хойш 3 хоногийн дараа нөхөрийн бие муудсан тул машин авахаа больсон. Г.******* нь 10,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 2,000,000 төгрөгийг өгөхгүй байна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...машины үнэд өгсөн 10,000,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Миний машиныг 20 хоног ашигласан. Мөн машинд зураас үүсгэж, тэнхлэг тохиргоо алдагдуулсан доголдолд тооцон 2,000,000 төгрөгийг өгөхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын тайлбараар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.******* нь Г.*******аас Toyota hilux маркийн тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөг төлсөн байна.

Уг тайлбар нь Б.*******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас хариуцагч Г.*******ын эзэмшлийн ******* тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг тус тус машины үнэ гэх гүйлгээгээр, Б.*******ын эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4,800,000 төгрөгийг ******* гэх гүйлгээгээр шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

Дээрх талуудын тайлбар, баримтаас үзэхэд Б.*******, Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

4. Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч Б.******* нь өвчний учир гэрээг цуцлах санал гаргасныг худалдагч Г.******* хүлээн авч Toyota hilux маркийн тээврийн хэрэгслээ буцаан авсан болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд гэрээгээр шилжүүлэн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч Г.******* нь машины урьдчилгаа төлбөрт авсан 12,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 2,000,000 төгрөгийг машинд доголдол үүсгэсэн гэх үндэслэлээр өгөөгүй байна. Хариуцагч нь машинд доголдол үүсгэсэн, машин ашигласан төлбөрийг нэг өдрийн 200,000 төгрөгөөр тооцно гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

5. Гэвч худалдах-худалдан авах гэрээний харилцаа Б.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан ба шүүхэд Б.*******ын өмнөөс гэрээний үлдэх төлбөрийг шаардах нэхэмжлэл гаргах эрх Б.*******ад олгоогүй, уг эрхийг олгосон баримтаа хэрэгт гаргаагүй.

Иймд хариуцагч Г.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Уг шүүхийн шийдвэр Б.*******ыг Г.*******аас гэрээний үүрэг гаргуулахаар шаардах эрхийг хөндөхгүй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******т холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ