Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгч: Н.Готов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Борлууд овогт Н.Г-д холбогдох 1735000000051  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээж нарын хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 01 дүгээр баг “Хошт-Эрэг” гэх газарт оршин суудаг, яс үндэс баяд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОО82032013, Борлууд овогт Н.Г.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 04 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 04-ний орой намайг гэртээ эхнэр хүүхдүүд болон хамаатны С гэх эмэгтэйн хамтаар байтал Тэс суманд байдаг манай найз Н овогтой Г манайд 20 цагийн орчимд гартаа 2.5 литрийн 2 сав Боргио пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд Г бид нартай мэнд ус болоод манайд сууж байгаад хоол цай идэж уугаад ойрд уулзаагүй гээд авч ирсэн пивоо задалсан тул уг 2 сав пивийг бид хоёр хувааж уусан. Ингээд пиво дуусах үед Н.Г надад хандаж айлд очиж архи уучихаад ирье гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд би Н.Г хандаж чи согтуу байна гарч яах гэсэн юм одоо унтаж амар гэснээс Н.Г чи хүмүүсийн хажууд намайг доош нь хийлээ гээд над уруу уурлаж надтай маргалдсан. Тэгээд Н.Г босоод гараад явах гэхээр нь би түүнийг бариад автал толгойгоороо миний ам уруу нэг удаа мөргөсөн. Үүний улмаас миний доод уруулын дотно тал язарч гэмтсэн. Надад Н.Г-д ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 7 -р тал/,

          2. Гэрч В.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ нөхөр Ц, хөдөөнөөс ирсэн нөхрийн хамаатан болох С нарын хамтаар байж байтал Тэс суманд амьдардаг манай нөхөр Ц-ийн найз Н.Г гэх залуу манайд орж ирсэн ба Г гартаа 2.5 литрийн пиво барьчихсан байсан. Ингээд Г бид нартай мэнд ус болоод хоол цай идэж уугаад уг пивоо Ц хувааж уусан. Тэгээд пиво дуусах үед хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд би сууж байгаад гэрээс гарч бие засчихаад гэр үрүүгээ орох гээд явтал манайхаас С манай бага хүүхдийг тэвэрчихсэн гарч ирсэн. Ингээд хүүхдээ аваад буцаад гэртээ ороход Ц Г нар барьцалдчихсан зогссон ба Ц амнаас цус гарч байсан. Тэгээд Ц нь зүгээр байсан хүнийг зодлоо гээд Г гомдоод цагдаад дуудлага өгнө гэээд гарсаны дараа удалгүй цагдаа нар ирээд Г аваад явсан. Эмчид үзүүлэхэд Ц биед хөнгөн гэмтэл учирсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

          3. Гэрч Ч.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нагац ах Н.Г нь дуу муутай, хүнтэй ихээр яриад байдаггүй, цайлган цагаан сэтгэлтэй, бусдад тусархуу, эхнэр хүүхэдгүй тул аав ээжийнхээ хамтаар мал маллаж амьдардаг, ноён нуруутай, хүнтэй боловсон харьцаатай, төлөв даруу зантай, хамаатан садан нарынхаа дунд нэр хүндтэй, бусдын итгэл хүлээсэн, маш их ажилласаг, хөдөлмөрч амьдарлынхаа төлөө зүтгэж байгаа урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Манай ах Г архи уудаггүй тул тухайн өдөр бага зэрэг пиво ууж согтоод гэмт хэрэгт холбогдсон байсан. Н.Г ах хийсэн хэрэгтэй маш их гэмшиж найз нараасаа уучлалт гуйсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

           4. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний дүү Н.Г эхнэр хүүхэдгүй тул аав, ээжийнхээ хамт мал маллан амьдардаг. Төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй, архи тамхиийг баяр ёслолын үед хааяа хааяа хэрэглэдэг, найз нөхөд хамаатан садан нарынхаа дунд нэр хүндтэй, бусдын итгэл хүлээсэн, маш их ажилласаг, хөдөлмөрч үүгээрээ 2016 онд мянгат малчин болсон, мал маллах сонирхолтой, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

          5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 593 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ж.Ц биед гэмтэл учирсан байна. Доод уруулын дотор талд язарсан шарх үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/,

            6.  Шүүгдэгч Н.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/,

            7. Шүүгдэгч Н.Г хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 33-44-р тал/,

            8. Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Тэс сумын 1 дүгээр багт аав, ээжийнхээ хамтаар мал маллан амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хувийн ажлаар Улаангом суманд орж ирсэн. Ингээд Улаангом суманд хүргэн ах Ч-д байх явцдаа 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой найз нөхөд болох Ж.Ц очихоор болсон. Тэгээд тухайн өдрийн орой 20 цагийн орчимд би Ц үрүү очих замдаа дэлгүүрээс 2.5 литрийн 2 сав Боргио гэсэн пиво аваад тэднийд очсон. Тэднийд очиход Ц нь гэртээ эхнэр Д болон бага насны хүүхдүүд мөн Тэс сумын харъяат С гэх эмэгтэй нарын хамтаар байсан. Ингээд би тэд нартай мэнд ус болоод тэднийд сууж байгаад цай хоол идэж уугаад хонохоор болж авч очсон. 2 сав пиво Ц хувааж уусан. Пиво дуусахаар нь би Ц хандаж хамт гарч айл уруу оччихоод ирье гэхэд Ц над уруу хандаж чи согтуу байна би согтуу хүнтэй явахгүй гэснээс болж би Ц гомдож тэгвэл би өөрөө явлаа гээд босоход Ц намайг бариад авсан. Ингээд би Ц маргалдах явцдаа түүнийг нэг удаа мөргөхөд түүний амнаас цус гарсан. Тэгтэл гаднаас Ц эхнэр Д болон С нар орж ирсэн. Тухайн үед тэд нар бие засахаар гэрээс гараад явчихсан байсан. Ингээд Ц надад гомдож цагдаад хандсаны дагуу цагдаагийн алба хаагч нар очиж намайг цагдаагийн газар авч ирсэн. Би Цэцэндэлгэр болон түүний эхнэр Долгор нараас уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч Ж.Ц учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Би өндөр настай аав, ээжийнхээ хамтаар амьдардаг тул миний амьдрал байдлыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно.  

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Н.Г нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 04 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Ц, гэрч В.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 931 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Г үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Н.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ц эрүүл мэндэд “Доод уруулын дотор талд язарсан шарх үүссэн гэмтэл” учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 931 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ж.Ц нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан баталгаа зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

           Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.              

            Шүүгдэгч Н.Г нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Борлууд овогт Н.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт Н.Г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Г нь торгох ялыг хуулинд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Г өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА