Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/533 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.А-д холбогдох 2019 00195 0702 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Б-н А, 1969 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.А нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “И” ХХК-ийн кемп байрлах газарт урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Б-ы эрх чөлөөнд халдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацрын ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Б-н А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-өөс  4.899.020 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цус мэт хүрэн өнгийн зүйл бэхжүүлсэн даавуу 1 ширхэг, хүрэн шаргал өнгийн хос гутал, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлд болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-ийн хууль бус үйлдлийн улмаас О.Б биедээ хүнд гэмтэл авч, хоёр удаагийн тархины мэс засалд орж, улмаар биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ... Нэгэнт Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд санал хүргүүлэх үндэслэлгүй байна гээд хэргийг сэргээсэн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эцэг насаараа краны жолооч хийсэн. Зүүнбаянд явж байгаад шүүгдэгч Б.А гэх хүнд зодуулаад, толгойндоо маш хүнд гэмтэл аваад хоёр хүнд хагалгааны дараа буюу 3 сар эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Гэмтэл аваагүй байсан бол амьд байх байсан. Маш хүнд гэмтэл авсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4.900.000 төгрөгийг надад хэлэлгүй миний данс руу шилжүүлсэн байсан. Тэр мөнгө надад сонин биш. Миний аавыг алсан хүн шүүхээс ял аваагүй байж “Гомдлоо буцаагаад татчих, мөнгийг чинь шилжүүлье” гэж надад удаа дараа утсаар хэлсэн. Давж заалдах шатны шүүхэд хэрэг нь ирэхээр дуртай, дургүй мөнгөө шилжүүлсэн. Миний аавын амийг 4.900.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ мөнгө утасны л мөнгө. Ийм мөнгө өгчихөөд “гомдлоо буцаачих, би ингэмээр байна” гээд байгааг ойлгохгүй байна. Арматур төмрөөр цохисон байдаг. Хэргийн газарт очиход маш их арматур төмрийн хогтой газар байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “хатуу  мохоо зүйлээр гэмтэл учруулсан” гэсэн байдаг. Маш хүнд гэмтэл авсан тул бие нь муудсаар байгаад нас барсан. Шүүгдэгч Б.А ямар ч ёс зүйгүй. Ганц хэлдэг зүйл нь “Гомдлоо татчих, мөнгийг чинь шилжүүлье” гэдэг. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж, ялыг нь үүрүүлэх саналтай байна. Ёс зүйтэй хүн байсан бол өөр байх байсан. Маш их гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 хуудас хохирол төлсөн баримтыг гаргаж өгч байна. Төмрөөр цохисон болох нь нотлогддоггүй. Би зодож, цохиогүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаараа мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн: “...Сайншандад ирээд аавтай хамт ажиллаж байсан нэг хүнтэй уулзаж ямар асуудал болсон талаар асуухад “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бид нар Зүүнбаян багт орж архи ууцгаагаад буцаж кемп дээрээ ирж архи ууцгаасан. Кемп дээр тавуулаа байсан. Танай аав Б.А хоёр маргалдаад гадаа барилцаж авсан. Би салгаад аавыг чинь машинд оруулаад Б.А-ийг гэрт нь оруулаад би өөрөө нөгөө гэрт ороод унтсан. Инженер Т.М намайг дуудаад “Б ах гадаа уначихсан байна” гэж надад хэлсэн. Гараад очиход нүүр ам нь хөхөрчихсөн, хамар амнаас нь цус гарч нөжирсөн, ухаангүй байсан. ...” /1хх 52-53/,

гэрч О.Б-ы: “...Миний санаж байгаагаар гал тогооны гэрт архи уугаад сууж байхад нэг нь миний толгой руу цохих шиг болсон. Намайг газар унагаагаад цохиж зодоод байх шиг байсан. ...” /1хх 219-221/,

гэрч Д.Н-ийн Б.А болон О.Б нарыг муудалцан зодолдсон талаар мэдүүлсэн: “...Би О.Б-ы биед учирсан гэмтлүүдийг нүдээр үзэж харсан бөгөөд өмнөх мэдүүлгүүд дээр ямархуу байдлыг нь хэлсэн байгаа юм. Уг гэмтлүүдийг Б.А л учруулсан байх магадлалтай. Өөр хүн байхгүй. Яагаад гэхээр Б.А нь О.Б-тай өөрийнх нь эхнэр Т.Т-ыг “хоол муу хийдэг” гэж хэлснээс болж эхнэрээ өмөөрч хэд хэдэн удаа муудалцсан, бүр нэг нэг цохилцоод ч авсан. ...О.Б-ыг бусдад зодуулсан байдалтай гэмтсэн хэвтэж байхыг нь хараад Б.А-д хандаж “Чи зодсон биз дээ” гэж хэлээд уурлахад Б.А юу ч дуугараагүй. ...” /2хх 34-35/,

гэрч Б.Б-ы О.Б нь бусдад зодуулсан байдалтай хэвтэж байсан талаар мэдүүлсэн: “...Гэрээс гараад урд талын гал тогооны гэр рүү ороход краны жолооч О.Б ах цусандаа холилдчихсон, цус нь гараад хатчихсан, бусдад зодуулсан байдалтай хулдаасан шалан дээр доошоо хараад амьсгаадчихсан хэвтэж байсан. ...Л.Н Б.А-д “Чи О.Б-ыг зодсон биз дээ” гэж хэлэхэд Б.А ямар нэгэн зүйл хэлээгүй гараад явчихсан. ...” /2хх 37-39/,

гэрч Э.А-ын: “...Бие засах гээд машинаасаа гарахад гэрүүдийн баруун урд талд 1 тонн хэмжээтэй цагаан өнгийн усны савны зүүн талд нь баруун талаараа хараад хэвтчихсэн, дээгүүрээ футболктой, доогуураа өмдтэй, хөл нүцгэн, хоёр нүд нь хавдаад хамар, ам, нүүр хэсэг, хоёр гарын шуу хэсгээр цус болоод хатчихсан байдалтай байсан. ...” /2хх 41-43/,

гэрч Т.М-ийн: “...Д.Н ах ирээд О.Б-ыг “Нүүр, амнаас нь цус гарсан байдалтай гал тогооны гэрт байна” гэж хэлсэн. Тэгээд би О.Б-ыг өөрийнхөө амардаг гэрт гудас тавьж хэвтүүлэхэд хамраас нь цус гарсан, сахал хэсэгтээ цус хатсан, нүд хөхөрсөн, хоёр хөмсөг язралттай харагдсан. ...Д.Н-ээс “Яагаад ийм юм болов” гэж асуухад “Б.А-тэй маргалдсан” гэж ярьж байсан. ...” /1хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Б-ы эрүүл мэндэд хатуу, мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацар ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/0182 дугаар дүгнэлт /1хх 90-91/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Анхбаярын: “...Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 02/0182 дугаар дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоолд хавсарган ирүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн №3552 дугаартай өвчний түүхийн хуулбарыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Тухайн өвчний түүхийг шинжлэн судлахад дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон бөгөөд гэмтэл тус бүрийг ялган дүгнэлтэд тусгасан. Дүгнэлтэд тусгагдсан тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацар ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эдгээр гэмтлүүд нь өндрөөс унах, унах үедээ хатуу мохоо зүйлд цохигдох, мөн хүн хатуу мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэх боломжтой. Харин хүн зогсож байх үедээ газар унах, хүн гараар цохих үед эдгээр гэмтлүүд бүгд үүсэх боломжгүй, дүгнэлтэд тусгагдсан хөнгөн гэмтлүүд үүсгэгдэх боломжтой. ...” /2хх 53-54/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 7-14, 22-23, 180-187/ зэрэг нотлох баримтуудаар,

2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “И” ХХК-ийн кемп байрлах газарт тухайн газарт ажиллаж байсан О.Б, Т.М, Б.А, Т.Т, Д.Н нар нь архи ууж, улмаар Б.А нь О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тэдгээрийн ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, харьцуулан шинжлэн судлах замаар шүүх үнэлж, дүгнэлт хийдэг.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын зүгээс “...зэвсэг хэрэглэж гэмтэл учруулсан, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн агуулга бүхий тайлбар, гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч О.Б нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.А-ийн үйлдлийн улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар удаан хугацаанд эмчлэгдэж байсан бөгөөд удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн “архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил” өвчний улмаас зүрх судасны хурц дутагдлаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байх бөгөөд хохирогч О.Б ийнхүү нас барсан нь шүүгдэгч Б.А-ийн түүнийг зодсон үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 135 дугаар дүгнэлт /2хх 132-138/-ээр талийгаач нь удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас барсан, энэ эмгэг нь архины цочмог хордлогын хэлбэрт хамаарахгүй, архаг архисах өвчний зүрхний хэлбэрт хамаарах тул талийгаачийн цусанд согтууруулах ундааны зүйл илрэхгүй байх боломжтой болох нь тогтоогдож байгаагаас гадна талийгаачийн нас барсан шалтгаан нь 2020 оны 7 дугаар сард шүүгдэгч Б.А-ийн үйлдлийн улмаас учирсан гавал тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй, уг гэмтлүүд нь мэс заслын эмчилгээ хийгдэж эдгэрсэн болохыг тогтоожээ.

Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.

Тусгай мэдлэг бүхий шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дээрх дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А нь “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул  хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.

Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон (императив) хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол  эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөл хэлтрүүлж хуулийг зөв хэрэглэжээ.

Учир нь, дээр дурдсанчлан хуульд заасан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүгдэгч, ялтанд оногдуулсан ялыг өршөөл хэлтрүүлэх, өршөөн хасах агуулга бүхий Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээ нь императив буюу үүрэг болгосон, заавал хэрэглэх хэм хэмжээ тул ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, зүйлчлэл, эрүүгийн хариуцлагад хийсэн дүгнэлт хуульд нийцсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх ... хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах ... шүүхэд шилжүүлнэ.”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг тогтоох нийтлэг үндэслэлийг хуулиар тогтоож өгсөн.

Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг хүлээн авсан шүүгч тухайн хэргийг өөр шүүхэд харьяалагдахаар байвал харьяалах шүүхэд шилжүүлэхээр, 9 дэх хэсэгт хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчилж болох үндэслэлийг тус тус заажээ.

Гэтэл шүүгдэгч Б.А-д холбогдох хэрэг Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн харьяаллын асуудлаар буюу тус шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй эсэх асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Тодруулбал, хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагаас Дорноговь аймгийн Прокурорын газарт хандаж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллыг Улаанбаатар хотод тогтоолгох” хүсэлт гаргасныг хангаж, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/191 дугаартай тогтоолоор Б.А-д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт явуулах харьяаллыг өөрчлөн, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт тогтоож, прокурорын хяналтын харьяаллыг Баянгол дүүргийн Прокурорын газарт тогтоосон.

Улмаар Баянгол дүүргийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 223 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч тус шүүхэд шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоосон шийдвэр байхгүй, өөр шүүхийн харьяалалд хамаарах энэхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэн эрх олгогдоогүй байхад хянан шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргаж хуулиар тогтоосон шүүхийн харьяаллыг зөрчсөн зөрчил гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул энэхүү үндэслэлд хамаарахгүй, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 2022/ШТ/114 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах” давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан тул энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрчсөн гэж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай саналаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Э.Ганбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй, цахим сүлжээгээр холбогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.А нь “Өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйл байхгүй” гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 4.900.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д төлсөн болохыг магадлалд дурдав.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/533 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/533 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирол 4.900.000 (дөрвөн сая есөн зуун мянга) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д төлсөн болохыг дурдсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ