Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2024/0035

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.К,

              Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Ж.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ж.А,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С. Н нарын хоорондын   төрийн аудитын газрын акттай  холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан,  хариуцагч  аймаг дахь Төрийн аудитын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, аудитор Ж.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

             1. Нэхэмжлэгч Х. К нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, аудитор нарт холбогдуулан, “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 26/БӨА-2024/98/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгох”–оор маргаж байна.

              2. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас  хууль тогтоомж зөрчиж олгосон 8959450 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг  нэхэмжлэгч Х.К нөхөн төлүүлэхээр  акт тогтоож, уг актын биелэлтийг хангахыг аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, нягтлан бодогчид хариуцуулсан байна.

              3. Маргаан бүхий  захиргааны актыг  эс зөвшөөрч гаргасан гомдолд Үндэсний аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09/988 дугаар  албан бичгээр  “төлбөрийн акт үндэслэлтэй”  гэсэн хариу өгснөөр  нэхэмжлэгчээс тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

             4. Нэхэмжлэгч Х. К нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Миний бие Х.К нь Монгол хэл бичгийн дээд сургуулийг 2002 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, магистр зэрэгтэй. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2003 оны 02 дугаар  сарын 27-ны өдрийн 12 дугаартай тушаалаар “цагийн багшаар”, 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тушаалаар “цагийн багшаар”, 2004 оны 9 дүгээр  сарын 16-ны өдрийн 22 дугаар тушаалаар үндсэн багшаар тус тус томилогдож, одоогийн байдлаар тус сургуульд 21 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Ажилласан хугацаанд алдаа дутагдал гаргаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажилласан байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах зохицуулалтыг тусгасан бөгөөд 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан.

Гэтэл актад үндэслэл болгосон 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр баталсан Боловсролын тухай хууль болон 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудыг Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар тус тус хүчингүй болгосон байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлд зааснаар захиргааны акттай холбогдсон шийдвэр гаргах ажиллагаанд захиргаанаас акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно.

Миний бие 2018 оны 3 дугаар сард Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийг төлөөлж баруун бүсийн спортын их наадамд оролцохоор сургуульдаа бэлтгэл хийж байхдаа зүүн хөлийн ахиллын шөрмөс тасарч хагалгаанд орж байсан. Хөлөө бүрэн эдгэртэл буюу эмчлүүлэх зорилгоор 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл захиргааны чөлөө авч байсан юм. Үүнийг эрх бүхий этгээд маргаан бүхий актыг гаргахдаа анхаараагүй явдалд гомдолтой байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: 35.1.3. эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй: 36.1.1 .үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн” гэж тус тус заасан байдаг.

Холбогдох хууль, журамд зааснаар ажилтан эмчийн магадалгаатай буюу захиргааны чөлөөтэй байгаа тохиолдлыг ажил тасалсан, завсардсан гэж үзэхгүй юм байна

Дээрхээс дүгнэхэд эрх бүхий этгээдээс маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус  хэрэгжүүлж ажиллаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарласнаас гадна хүчингүй болсон хуулийг актын үндэслэл болгосон тул маргаан бүхий акт хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд  Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26/БӨА-2024/98/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална гэж хуульд заасан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална” гэж заасан. Мөн Ерөнхий аудиторын  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалын хавсралт “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.дэх хэсэгт “Аудитын баг санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ Төрийн аудитын тухай хуульд заасан үндсэн зарчим болон Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Аудитын тулгуур зарчмуудыг баримтлахаас гадна Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан дүрэм, журам, заавар, бусад хэм хэмжээг баримтална” гэж, мөн журмын 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Аудитын баг санхүүгийн тайлангийн аудитын үе шатны ажлын гүйцэтгэл, үр дүнг аудитын ажлын баримт, хуулийн хүчин төгөлдөр нотлох зүйлсээр баримтжуулна. Энэхүү шаардлагыг биелүүлэхэд дараах нөхцөлийг харгалзан үзнэ. Үүнд: 29.2.1.Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл болон захиргааны шийдвэр гаргах, нотлох баримт цуглуулахтай холбоотой бусад зүйл заалтыг баримтлах” зэрэг 7 үндэслэлийг дурдсан.

Нэхэмжлэгч Х.К сонсох ажиллагаанд буюу төлбөрийн акт тогтоохоос өмнө миний оролцоог хангах ёстой байсан гэж нэхэмжлэл дээр дурдсан. Захиргааны ерөнхий хуульд заасан эрх хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлоод, хууль заасны дагуу эрх, үүргийг тайлбарлаж өгөх ёстой. Мөн тайлбар гаргах боломжит хугацаа олгох ёстой байсан. Хариуцагч нар тус сургуулийн захирал Н, нягтлан А, нэхэмжлэгч Х.К нарт  төлбөрийн акт тогтоосон талаар 2024 оны  03 дугаар сарын 05-ны өдөр  мэдэгдэх хуудас өгсөн гээд байна. Гэвч  2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Х.К мэдэгдэх хуудас өгөөгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мэдэгдэх хуудсыг сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт өгсөн байгаа. Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлээс харахад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18:42 цагт ажлын бус цаг байдаг. Тухайн үед Х.К эмнэлэгт үзүүлсэн баримтыг үзүүлсэн юм шиг байна. Тэрийг хариуцагч нар үгүйсгээгүй байгаа. Төлбөрийн акт гарсны дараа нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдахгүй.

Өмгөөлөгчийн зүгээс дараах дүгнэлтийг хэлж байна. Төрийн аудитын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт шалгагдагч этгээдийг  заасан.  Энэ тохиолдолд шалгагдагч этгээд нь Х.К биш юм. Харин шалгагдагч этгээд нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасан. Байгууллагад акт тогтоохоор хуульчилсан. Тэгэхээр ажилтан буюу багшид төлбөрийн акт тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдлыг  Хөдөлмөрийн хууль болон  бусад хууль тогтоомжийн актаар зохицуулдаг. Х.К 2018-2019 онд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Тухайн үед 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар захиргааны чөлөөтэй байсан, ажил нь хэвээрээ хадгалагдсан этгээд мөн байна. Хэрвээ хариуцагч тал  Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлж нөхцөл байдлыг судлаад нэхэмжлэгч Х.К өвчтэй байсан байдлыг тогтоосон бол магадгүй энэ акт гарахгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11-т “Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно” гэсэн заасан. Энэ дээр сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан гэсэн үг байхгүй байна,мөн 5 жил тутам гэсэн үг байхгүй. Энэ тогтоол маргаан бүхий актын үндэслэл болсон. Тэгэхээр хариуцагч нар хуулийг буруу тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Х.К 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэмж аваад, үүнээс хойш 2023 оны 04 дүгээр сард тэтгэмж авсан байдаг Энэ хооронд Х.К Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвд 71 сар ажилласан. Өөрөөр хэлбэл 5 жил , 11 сар ажилласан, тус байгууллагад  нийт 19 жил ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна. “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын  4.2.3.3-т зааснаар акт тогтоосон. Гэтэл тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон тухайн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

            5. Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Ж.Назгүл хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газраас Мэргэжлийн боловсролын сургуулийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд баталгаажуулах аудит хийсэн.

Мэргэжлийн сургалт ,үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/34 дүгээр “Тэтгэмж олгох тухай” тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг үндэслэж таван жил тасралтгүй ажилласан монгол хэл, уран зохиолын багш Х.К 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон ба тус хууль 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон. Иймд төлбөрийн актыг тухайн үеийн хүчин төгөлдөр хуулийг үндэслэж тогтоосон болно.

Нэхэмжлэгч Х.К надад захиргааны акт гаргахаас өмнө танилцуулаагүй гэж нэхэмжлэл дээр бичсэн байна. Бид тухайн шалгагдагч байгууллагын нягтлан бодогчтой тооцоо нийлээд гарсан алдаа зөрчлийг тухайн бүрд нь танилцуулж явж байсан. Мөн эрх ашиг нь зөрчигдөж байгаа Х.К мэдэгдэж танилцуулахыг тус байгууллагын захирал болон нягтлан бодогч нар хэлсэн байсан. Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Н, ерөнхий нягтлан бодогч Т.А, монгол хэл, уран зохиолын багш Х.К нарт аудитаар илэрсэн зөрчлийг танилцуулах, төлбөрийн акт тогтоох талаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Тухайн актыг сонсох ажиллагаа хийснээс хойш 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байгаа.Төсвийн тухай хуулийн цаглавар хугацааг баримтлахын тулд төлбөрийн актад 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэж огноог бичсэн боловч нэхэмжлэгчид танилцуулсны дараа тус актыг тогтоосон болно.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн аудитаар гарсан зөрчлийг танилцуулахаар хариуцагч болох сургуулийн захирал Х.Н, ерөнхий нягтлан бодогч Т.А, монгол хэл, уран зохиолын багш Х.К нарыг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын 105 тоот өрөөнд биечлэн уулзаж, алдаа зөрчлийн нэгтгэл болон албан шаардлага, төлбөрийн актын бүртгэл, хяналтын хуудсыг танилцуулсан.

Сургуулийн захирал, ерөнхий нягтлан бодогч нар нь танилцаж гарын үсэг зурсан боловч монгол хэл, уран зохиолын багш Х.К төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөөгүй, сонсох ажиллагааны тэмдэглэлд танилцаж гарын үсэг зураагүй, тайлбар өгөхөөс татгалзсан тул энэ талаар тайлбар бичиж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлж баримтжуулсан бөгөөд энэ нь түүнд мэдэгдэж, сонсох ажиллагаа хийснийг нотолж байгаа болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно”, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Багш нийгмийн дараах баталгаагаар хангагдана: 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж тухайн үед хүчин төгөлдөр хуульд заасан.

Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11-т “Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно” гэж тайлбарласан байна. Үүний дагуу тус багшийн тэтгэмж авахаас өмнөх 5 жилийн ажилласан байдлыг шалгаж үзэхэд эмчилгээ хийлгэхээр 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл захиргааны чөлөөтэй байсан гэх боловч санхүүгийн баримтад нотлох баримт хавсаргаагүй, гарсан зөрчлийг танилцуулахад хариуцагч нотлох баримтыг ирүүлээгүй. Мөн 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлөгдөөгүй байгаа нь 5 жил тасралтгүй ажилласан байх хууль, журмын заалтыг зөрчиж байгаа тул төлбөрийн акт тогтоох үндэслэл болсон.

Иймд дээрх байдлыг үндэслэн тус Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №26/БӨА-2024/98/НА-СТА-ТШЗ дугаар төлбөрийн актын 5 жил тутамд нэг удаа олгох 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 8,959,450 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг хууль, журам зөрчиж олгож төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсныг төсөвт төлүүлэхээр тогтоосон төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ж.А хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Аудитор Ж.Н  хүргүүлсэн хариу тайлбарыг дэмжиж байна.Өөр нэмэлт тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 26/БӨА-2024/98/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах заалтыг үндэслэн  багш Х.К “тасралтгүй 5 жил ажилласан” гэсэн үндэслэлээр 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснээр 8959450 төгрөгийн мөнгөн тэтгэмж нэхэмжлэгч Х.К олгогджээ /Хавтаст хэргийн 60,61,62 дах тал/.

3. Маргаан бүхий захиргааны актаар  “тасралтгүй 5 жил ажилласан байх нөхцөлийг хангаагүй байхад  хууль зөрчиж  мөнгөн тэтгэмж олгосон” гэсэн үндэслэлээр мөнгөн тэтгэмжийн 8959450 төгрөгийг нэхэмжлэгч Х.К нөхөн төлүүлэх тухай актын  биелэлтийг хангахыг Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, нягтлан бодогчид хариуцуулсан байх ба нэхэмжлэгчээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмчийн магадалгаагаар болон  захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан тул эмчийн магадалгаатай буюу захиргааны чөлөөтэй байгаа тохиолдлыг ажил завсардсан гэж үзэхгүй” гэж  маргасан.

4. Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиуд  нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд дээрх тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  Боловсролын тухай хууль /2002 он/-ийн  43 дугаар зүйлийн 43.1-т “Багш нийгмийн дараах баталгаагаар хангагдана: 43.1.7.Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /2009 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэж тус тус  заасан ба Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг “багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгох”-оор /УДШ, Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 2007, тогтоол №25, мөр 11/ зохицуулжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 40-43,55,56,57,58,59,80 дэх тал/ нэхэмжлэгч Х.К нь аймаг дах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 77 дугаар тушаалаар 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авснаас хойш 2015 оны 10-12 дугаар сар, 2016 оны 1-12 дугаар сар, 2017 оны 1-12 дугаар сар, 2018 оны 1-8 дугаар сард ажиллаж, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн  2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар цалингүй чөлөө авсан.

Уг цалингүй чөлөөний хугацаа дууссанаар 2019 оны 9-11 дүгээр сард ажиллаж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дахин цалингүй чөлөө авч, улмаар 2020 оны 9-12 дугаар сар, 2021 оны 1-12 дугаар сар,2022 оны 1-12 дугаар сар, 2023 оны 1-3 дугаар сард ажилласан  болох нь тус тус тогтоогдож байна.

6. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн  80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно”, 80.2-т  “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна” гэж тус тус заасан байх  ба нэхэмжлэгч Х.К нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн  2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл,  2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус цалингүй чөлөө авах хүсэлт гаргаснаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын  шийдвэрээр цалингүй чөлөө олгосон буюу тухайн хугацаанд тэтгэмж олгогдоогүй үйл баримт тогтоогдож байгаа.

Мөн нэхэмжлэгч Х.К  нь цалингүй чөлөө авсан  дээрх 1 жил 8  сарын хугацааны 2018 оны 9-12 дугаар сар, 2019 оны 1-3 дугаар сарын буюу 7 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн сайн дурын даатгуулагчийн хувиар төлсөн, үлдсэн хугацааны шимтгэл төлөгдөөгүй болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 40-43 дэх тал/ нотлогдсон болно.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн  3 дугаар зүйлийн 3-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 7/хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа”, 17 дугаар зүйлийн  1-д “Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй”,  19 дүгээр зүйлийн 1-д “Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно”, 5-д “Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно” гэж  тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааг эрх бүхий этгээд тогтоосноор   хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж   авах эрх үүсэж, улмаар төр, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас нь  тухайн хөдөлмөрийн чадвар түр алдсан  хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор  зохицуулжээ.

 

8. Нэхэмжлэгчээс “эмчилгээ хийлгэхээр цалингүй чөлөө авсан  тул  уг хугацааг ажил завсардсан гэж үзэхгүй” гэж маргасан боловч түүнд эмчийн магадалгааны үндсэн дээр биш, харин хүсэлтийн дагуу цалингүй чөлөө олгосон болох нь өөрийнх нь хүсэлт, сургуулийн захирлын тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Үүнээс гадна  тэрээр цалингүй чөлөөтэй байсан 1 жил 8 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж  аваагүй нь тогтоогдож байгаа ба уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг  төр болон ажил олгогч байгууллагад  нь үүсэхгүй тул дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд түүний цалингүй чөлөөтэй байсан  хугацааг “тасралтгүй ажилласан жил”-д хамааруулан үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, “5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах” нийгмийн баталгаагаар багш нь “тасралтгүй 5 жил ажилласан” нөхцөлд хангагдахаар зохицуулсан  бөгөөд “тасралтгүй ажиллах” гэдгийг  “дундаа үе үе зогсох, болих, тасрахгүйгээр цаг үргэлжид, байнга, тасралтгүй ажиллах”  гэж ойлгохоор байгаа /Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь,х.524,525 (1966)/, гэтэл  нэхэмжлэгч Х.К нь 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх, 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэлх 1 жил 8 сарын хугацаанд өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч, ажиллаагүй байх тул  2015 онд мөнгөн тэтгэмж авснаас хойш 2023 онд мөнгөн тэтгэмж олгох  хүртэлх хугацаанд тасралтгүй 5 жил ажиллаагүй байна гэж үзлээ.

Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд “Тухайн тасарсан үеийн буюу чөлөөтэй байсан хугацаанд өвчтэй байсныг нотлох баримт гаргаж өгч чадаагүй” гэж тайлбарласан ба 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн огноотой “Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл”-д “... Багш Х.К төлбөрийн актыг танилцуулах  сонсох ажиллагаа хийсний дараа ...1 ууттай өвчтэй байсан үеийн эмчилгээний хуудаснуудыг үзүүлсэн.Уг баримтууд нь тухайн үед өвчтэй байсныг нотлох  баримт биш байсан тул буцааж өгсөн болно” гэж тусгасан байгаагаас гадна нэхэмжлэгчээс тухайн үндэслэлээр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртөө эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой  нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн гаргаж өгөх боломжгүй  нотлох баримтын эх сурвалжийг зааж нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаагүй  болохыг дурдах нь зүйтэй.

9. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 35 дугаар зүйл нь ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай асуудлыг зохицуулсан бөгөөд энэхүү маргаан нь ажил, албан тушаалыг хэвээр хадгалахтай холбоотой маргаан   биш тул уг зохицуулалт нь хамааралгүй юм.

Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн  өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль,политехник коллежийн багш, ажилтанд  мөнгөн тэтгэмж олгож журам”-ыг баталж, “тасралтгүй ажилласан жил”-д ямар хугацааг хамааруулан тооцох талаар  тодорхой зохицуулалт хийж, багш, ажилтанд илүү тааламжтай, ашигтай нөхцөлийг олгосон байх ба энэхүү багш, ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн журамд зааснаар  эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлсэн зөвхөн 3 сарын хугацааг “тасралтгүй ажилласан жил”-д хамааруулан тооцохоор  зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй.

10. Төрийн аудитын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ”,  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын  1.3-т “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна”, 4.2.3-т “Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана. Үүнд: 4.2.3.3.цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон; 4.2.3.8.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн” гэж тус тус заажээ.

11. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчаас  аймаг дах Мэргэжлийн боловсролын сургуулийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “тасралтгүй 5 жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй багш Х.К  10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний  мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн тус сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/34 дүгээр тушаал нь  Боловсролын тухай хууль /2002 он/-ийн  43 дугаар зүйлийн 43.1.7, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /2009 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэг болон Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4.1. “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”,  16 дугаар зүйлийн 16.5.5. “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг тус тус  зөрчсөн гэсэн үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Мөн уг актаар хууль зөрчиж олгосон мөнгөн тэтгэмжийн 8959450 төгрөгийг багш Х.К нөхөн төлүүлж, Төрийн аудитын газрын дансанд оруулахыг сургуулийн захирал, нягтлан бодогчид хариуцуулсан нь   Төрийн аудитын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-т заасантай тус тус нийцсэн байна.

Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл хариуцагч тус аймаг дах Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26/БӨА-2024/98/НА-СТА-ТШЗ дугаартай  акт нь хуульд нийцсэн ба маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

12. Нэхэмжлэгч талаасХариуцагч тал  төлбөрийн акт тогтоохоос өмнө сонсох ажиллагаа явуулж, Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлж нөхцөл байдлыг судлаад Х.К өвчтэй байсан байдлыг тогтоосон бол энэ акт гарахгүй байх боломжтой байсан” гэж маргасан.

Хариуцагчаас “Тухайн актыг сонсох ажиллагаа хийснээс хойш 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байгаа. Төсвийн тухай хуулийн цаглавар хугацааг баримтлахын тулд төлбөрийн актад 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэж огноог бичсэн боловч нэхэмжлэгчид танилцуулсны дараа тус актыг тогтоосон болно” гэсэн тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох  нэхэмжлэгч Х.К тайлбар, санал авсан буюу сонсох ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байгаа.

Гэвч дээр дурдсанаар маргаан бүхий захиргааны актыг танилцуулах үед нэхэмжлэгчээс өвчтэй байсан талаарх нотлох баримт гаргаж өгсөн боловч энэ нь  цалингүй чөлөөтэй байсан хугацаанд хамаарахгүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр  тогтоогдож байгаа.

Мөн эмчилгээ хийлгэсэн талаарх  нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна нэхэмжлэгч Х.К нь эмчийн магадалгаагаар биш өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч 1 жил 8 сарын хугацаанд ажиллаагүй, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж  аваагүй, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу “тасралтгүй 5 жил ажилласан байх” нөхцөлийг хангаагүй учир маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй энэ тохиолдолд  сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулаагүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.К шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба  нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хийх талаар  хүсэлт гаргаснаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5, 91.6-д  тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хууль /2002 он/-ийн  43 дугаар зүйлийн  43.1.7, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /2009 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.К “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай”  26/БӨА-2024/98/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ