Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 01611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т.Д.Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т.Д.Ч” ХХК хариуцагч Э.Б-д холбогдуулан 23 223 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч “Т.Д.Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Б- нь 2015 оны 06 сараас 2019 оны 03 cap хүртэл хугацаанд “Т.Д.Ч” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа компанийн эд хөрөнгө, мөнгийг хувьдаа ашиглаж, эд хөрөнгө барааг дутааж, компанид 23 223 900 төгрөгийн хохирол учруулаад байна. “Т.Д.Ч” ХХК болон Э.Б- нар нь 2019 оны 05 сарын 03-ны өдөр тооцоо нийлж. 2017 оны 10 сарын 17-оос 2019 оны 05 сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд 23 223 900 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохоо тодорхойлсон. Мөн Э.Б- нь “Т.Д.Ч” ХХК-д гаргасан хүсэлтдээ уг хохирол болох 23 223 900 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг 2019 оны 05 сарын 15-ны дотор төлж барагдуулна, үлдэгдэл 8 223 900 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэж тохирсон. Гэвч 2019 оны 05 сарын 03-аас хойш Э Бямба нь төлбөр, хохирлоо төлөх ямар нэг алхам хийгээгүй ба өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, компанид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 23 223 900 төгрөгийг хариуцагч Э.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч “Т.Д.Ч” ХХК-д олгож, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг өөртөө ашигласан зүйл огт байхгүй. “Т.Д.Ч” ХХК нь хоёр нягтлантай байсан. Эхний нягтлантай тооцоо нийлэхээр таардаг хэрнээ, нөгөө нягтлантай тооцоо нийлэхээр зөрдөг. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.

     Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Б-ас 23 223 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Д.Ч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Т.Д.Ч” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчид учирсан хохирлоо нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тооцоо нийлж, тохиролцож тогтоосон 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”, төлбөр төлөхөө илэрхийлсэн Э.Бямбын гар өргөдөл зэргээр нотолж байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.  Бямба нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалт, талууд 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.8-д заасны дагуу компанид учруулсан хохирлоо барагдуулах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

   Нэхэмжлэгч “Т.Д.Ч” ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 23 223 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

“Т.Д.Ч” ХХК 23 223 900 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “... Э.Б- нь эд хөрөнгө мөнгийг хувьдаа ашиглаж, барааг дутаасан, тооцоо нийлж үлдэгдэлээ баталгаажуулсан... ” гэж тайлбарлаж, хариуцагч нь “хувьдаа ашиглаагүй, хоёр нягтлангын тооцоо зөрүүтэй, эхний нягтлантай тооцоо нийлэхээр таардаг, нөгөө нягтлантай тооцоо нийлэхээр зөрөөд байдаг” гэх үндэслэл заан маргасан байна.  

Нэхэмжлэгч “Т.Д.Ч” ХХК-д хариуцагч Э.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай борлуулагчаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19871 тоот тушаалаар хариуцагч Э.Бямбыг шунахайн сэдлээр байгууллагын болон бусад эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /хх-46-47/

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн баримтад хариуцагчийн төлөх, төлбөрийн хэмжээг 23 223 900 төгрөг, 31 05 900 төгрөг, 26 431 100 төгрөг гэж гурван өөр дүнгээр тодорхойлсон, тайлант хугацааг өөр өөрөөр бичсэн нь цаг хугацааны болон тоон үзүүлэлтийн хувьд зөрүүтэй байхад шүүх тодруулан, маргаж буй асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. /хх-ийн 7, 47, 48 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл нь гэм хорын хохирол эсхүл хөдөлмөрийн гэрээний хариуцлагын аль нь болохыг нотлосон болон байгууллагад учирсан хохирлын хэмжээг эргэлзээгүй тодорхойлсон, хариуцагч ямар төрлийн бараанаас хэдэн ширхэгийг дутаасан, ашигласан, хулгайлсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “... шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ...” эрхээ шүүх хэрэгжүүлэх боломжтой байжээ. Хариуцагчийн гэм бурууг тогтоосон дээрх баримтууд нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хохирол учирсантай холбоотой шаардлага гаргасан байхад маргааныг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01284 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД

 

                                 ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

 

                                                                                Б.НАРМАНДАХ