Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01666

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01666

 

 

Ё.Пын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01443 дугаар шийдвэртэй, Ё.Пын нэхэмжлэлтэй, С.Х, А.Г нарт холбогдуулан С.Хы хууль бус эзэмшлээс миний 36-85 УНЯ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер 70 маркийн автомашины кузовыг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн сэлбэгийг буцаан авахыг даалгах, хариуцагч А.Гоос кузовт төлсөн 7,500,000 төгрөг, нэмэлтээр будгийн ажлын хөлс 2 300 000 төгрөг, будаг 884 500 төгрөг, нийт 10 684 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 2 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний тухай иргэний хэргийг, хариуцагч С.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Пын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Гтой 2019 оны 9 дүгээр сарын 12-нд өөрийн Тоёота ланд круйзер-76 загварын, 36-85 улсын дугаартай автомашиныг засуулах зорилгоор тохиролцсон. А.Г нь тухайн үед машиныг засварлахад шаардлагатай кузов, рам болон бусад шаардлагатай сэлбэгийг 7,500,000 төгрөгөөр Түмээ гэх хүнээс авахаар боллоо гэж надад ойлгуулсан тул  А.Гийн Хаан банкин дахь 5077288301 тоот данс руу 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн, илүү 500,000 төгрөгийг нь ойр зуурын зарим сэлбэг авч магадгүй гэж бодож шилжүүлсэн. Тухайн үед энэ кузов, рам найдвартай биз дээ гэж А.Гоос асуухад асуудалгүй, шалгасан гэж хэлж байсан. Үүний дараа тэрээр кузов, рам будахад хэрэгтэй гээд Эрдэнэтээс будаг хийх Ганцоож гэж хүнийг дуудсан гэсэн. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 17-нд машинд шаардлагатай зарим сэлбэг болох нум, копут зэргийг авах шаардлагатай, төлбөрийг нь С.Хд төлөх ёстой гэхээр нь түүний Хаан банкин дахь 5006257750 тоот данс руу 680,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад энэ өдрөө 1,000,000 төгрөгийн ажлын хөлсийг Хаан банкны 5076140830 тоот данс руу шилжүүл гэсний дагуу төлбөрийг шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр засварын ажил хийгдэж байсан Сэлх дэх манай зусланд С.Х миний машины хуучин кузовыг авахаар ирсэн байсан бөгөөд энэ талаар А.Гоос асуухад ... урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппарат, бусад шаардлагатай сэлбэгээр миний кузовыг солихоор С.Хтай тохиролцсон талаар нь мэдсэн. 2019 оны 9 дүгээр сарын 26-нд өөрийн зуслан дээр очиж ажлын хөлсний талаар А.Гтой ярилцахад тэрээр цуг ажиллаж байгаа Боогийд 2,500,000 төгрөг, өөртөө 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гэж надад анх удаа ажлын хөлснийхөө талаар хэлэхэд арай өндөр байна гэдгийг хэлсэн. Миний зүгээс Ганцоожид ажлын хөлс 2,300,000 төгрөг, Боогийд 1,800,000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш А.Г нь ажлаа дутуу хаяад явсан тул бусад хүмүүст машиныхаа зургийг үзүүлж сураглаж явахад А.Гийн 7,500,000 төгрөгөөр авсан кузов нь Ланд круйзер 76 загварын машиных биш буруу рультэй прадо загварын машины кузовыг өвчүүгээр нь залгаж гагнаад зөв рультэй болгосон гэдгийг мэдсэн. Мөн ланд круйзер 76 загварын автомашины кузов дээрээ лүүк байдаггүй, гэтэл А.Гийн авсан кузов нь дээрээ лүүктэй байсан. Ингээд А.Гт хууртсан гэдгээ мэдээд үндсэн кузов ээ авахаар С.Хы гэрт очиход миний кузовыг бүтээсэн байсан, би кузов ээ авья, А.Гийн чамаас авсан сэлбэгүүдээ ав гэхэд С.Х ... энэ кузовыг А.Г минийх гэж надад хэлсэн, би 2 сая гаран төгрөгөөр юм хийсэн өгч чадахгүй гэж надад хэлсэн. Иймд С.Х, А.Г нарын хооронд амаар тохиролцсон автомашины сэлбэг, эд анги солилцох хэлцэл нь зохих этгээдийн буюу өмчлөгч Ё.П миний зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Мөн хариуцагч С.Хы хууль бус эзэмшлээс миний 36-85 УНЯ улсын дугаартай Тоёота ланд круйзер 76 загварын автомашины кузовыг гаргуулж өгнө үү, мөн амаар тохиролцсон хэлцлийн дагуу шилжүүлсэн сэлбэг болох урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппаратаа буцаан авахыг хариуцагч С.Хд даалгаж өгнө үү. Хариуцагч А.Гоос кузовын үнэ 7,500,000 төгрөг, будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будаг 884,500 төгрөг, нийт 10,684,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. А.Г нь Ё.Птай найзууд учир зах зээлийн ханшаас доогуур 5,000,000 төгрөгөөр ажлын хөлс хэлсэн гэжээ. А.Г нь анхнаасаа л ажлын хөлсөө тохирьё гэхэд надад үнэ хэлээгүй, хотод нэг найз маань ажилгүй байгаа, үнэ өртөг гээд сүртэй юм байхгүй, бид нар 2-3 өдөр л хийчихнэ гэж надад утсаар хэлж байсан. Миний хувьд А.Гийг ажлын хөлсөө ярилцаж тохиролцьё, ямар ямар ажлууд хийгдэж байна, ямар сэлбэгүүд авсан, миний хуучин кузов юу болсон гэхэд тэрээр дараа больё гэсэн тайлбартайгаар байнга хойшлуулж ирсэн. Ингээд гэнэт ажлын хөлсөө 5,000,000 төгрөг гэж хэлэхэд нь би өндөр байна, Мая кар, лексус засварын төвөөс зах зээлийн ханш асуухад бүтэн угсрахад 2.5-аас 3 сая төгрөгөөр угсарна гэж байна гэхэд ажлаа хаяад явсан. А.Гийн хувьд хуучин кузовыг миний зөвшөөрөлгүйгээр бусдад зарсан, өөр машины тохирохгүй кузов миний машинд тавьсан, мөн 90 хувийн гүйцэтгэлтэй гээд надаад ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Гийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд: 2019 оны 9 дүгээр сард найз Ё.П залгаад манай Голомт банкнаас Ланд круйзер 76 загварын автомашин актанд гарах гэж байна. Чи үүнийг босгоод өгч чадах уу гэж асуухаар нь би найзын хувьд мөн өмнө нь авсан Ниссан патрол загварын автомашиныг нь засаж өгч байсны хувьд боломжтой гэх хариуг өгсөн. Үүний дагуу засварын ажилд шаардлагатай сэлбэгийг хайж эхэлсэн. Түүний гэмтэлтэй кузовыг 100 айлын баталгаат засварын Орхон ахад Ё.Пын хамт очиж үзүүлэхэд 12,000,000 төгрөгөөр засварлах боломжтой гэсэн саналыг хэлэхэд Ё.П үнэтэй байна гэсэн. Ингээд би фэйсбүүкээр хайж байгаад Сүлжмэлд Ланд круйзер 76 загварын автомашины бүтэн рам, кузов байна гэхээр нь Ё.Пын хамт очиж үзэхэд 7,500,000 төгрөг гэсэн, бид 2 ярилцаж тэр үнээр нь авахаар тохиролцсон. Кузовын үнэд 5,000,000 төгрөгийг Ё.П нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр А.Гийн Хаан банкин дахь данс руу, мөн маргааш нь буюу 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг мөн А.Гийн данс руу тус тус шилжүүлсэн. Уг козовыг би найз Болорчулууны хамт ачилтын машинаар чирээд Сэлх дэх Пүрэвбатын зусланд аваачиж байшингийнх нь гражид байрлуулаад ажилдаа орсон. Хэд хоногийн дараа уг кузовыг будах шаардлагатай болсон тул Улаанбаатар хотод будгийн ажлын үнэ судалж үзэхэд 4-өөс 4.5 сая төгрөгийн үнэтэй байсан тул Эрдэнэтээс танил дүү Ганцоожийг дуудаж 2.3 сая төгрөгөөр будуулахаар болсон. Угсрах явцад зарим сэлбэг дутаж эхэлсэн, фэйсбүүкт зар тавьтал С.Х гэх залууд хэсэг сэлбэг маань байна гэсний дагуу очиж уулзсан. С.Хы гэрт очтол бидний хайж байсан бүх сэлбэг байж таарсан тул авахаар ярилцсан. Би Ё.Пад хуучин гэмтэлтэй кузовыг тасдаад зарж болно, авах хүмүүс гарч ирнэ гэж хэлж байсан учраас Ё.Пын хуучин гэмтэлтэй кузовыг хэрэгтэй байгаа сэлбэгээр солихоор тохиролцсон. Би Ё.Пад сэлбэгүүдийн зургийг явуулсан, тэрээр С.Хаас /нөгөө баачкагаас/ өөр сэлбэг авна биз дээ гэж бараг өдөр бүр асуудаг байсан. Машин угсралтын явц бараг 90 хувь дээрээ хүрсэн үед Ё.П ажлын хөлсийг 2,500,000 төгрөг гэж санал хэлэхэд нь би юу гэж дээ, хаа байсан Сэлх зусланд, гражид амьдран хэн чамд 2,500,000 төгрөгөөр машин босгож өгөх вэ дэ гэж хэлсэн. Би тухай бүр нь зураг явуулж ажлынхаа явцыг түүнд танилцуулдаг байсан. Найз Ё.Пыг залилсан зүйл надад огт байхгүй, харин ч найзын хувиар хүйтэн гэхгүй гражид нь мишоконд хонон нэг ч төгрөг авалгүй машиныг нь босгоод өгсөн. Бид ажлын хөлсөн дээрээ тохиролцолгүй ийм дээрээ хүрсэн. Авсан кузов ээ будах шаардлага гарсан тул будагны мөнгийг Отгонбаяр гэх хүний данс руу 2019 оны 9 дүгээр сарын 17-нд 479,500 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 210,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Ганцоож гэх хүнээр будгийн ажил хийлгээд 2019 оны 9 дүгээр сарын 19-нд 1,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 1,300,000 төгрөгийг Ё.П нь өөрөө шилжүүлсэн. Дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. А.Г нь Ё.Пад найзын хувьд ажлын хөлсөө зах зээлийн ханшнаас доогуур буюу 5,000,000 төгрөгөөр тохиролцох саналыг Ё.Пад хэлсэн. Хамтран ажил гүйцэтгэж байсан Болорчулуунд 1,800,000 төгрөгийн хөлсийг төлсөн атлаа А.Гт нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд ажлын хөлсөн дээрээ тохиролцоогүй тул Ё.П нь гэрээгээ цуцалсан. Одоо уг машины засвар, угсралтын ажил 90 хувьтай байгаа тул Ё.Паас 2,250,000 төгрөгийн ажлын хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Хы шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Х миний бие нь хувиараа машин засах, машины сэлбэг худалдах зэрэг жижиг бизнес эрхэлдэг. 2019 оны 9 дүгээр сард А.Г 2 найзын хамт ирээд надад хэрэгтэй сэлбэг байвал мөргөлдсөн Ланд круйзер 76 загварын машины кузовоор сольё гээд утсаа үлдээгээд явсан. Би тэр утас руу нь 7 хоногийн дараа залгаад өөртөө байгаа сэлбэг болох урд тааз 1,200,000 төгрөг, под карла 500,000 төгрөг, рулийн аппарат 1,000,000 төгрөг, урд хойд амаржин 200,000 төгрөг, урд копутны татуурга 100,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар санал тавьсан, А.Г дээрх сэлбэгийг 3,000,000 төгрөгт тооцож төлбөрийг нь бартер оролцуулж хийе гэж хэлсэн. Ингээд бид 2 харилцан тохиролцож би кузовыг авахаар портер унаад Ганзориг дээр очиход тэрээр уг хашааг өөрийнхөө хашаа гэж танилцуулаад өөрөөс гадна 4 хүний хамт 76 загварын машин засаж байсан. Тэгээд би кузовыг үзэхэд зөв талын урд талаасаа мөргөлдөж боссон, өвчүү нь боссон, зөв талын урд талаасаа багана нь гажаа үүссэн, урд багана нь гадагшаа цүлхийсэн, багана доод талаараа чихэгдэж орсон, үндсэндээ урд талыг нь тэр чигт нь тасдаж өөр хамар залгах хэмжээний кузов байсан. Намайг кузовыг ачаад явахад Ганзориг, Пүрэвбат нараас гадна 3 хүн байсан, бүгд хамт очиж өгчихөөд хариуд нь сэлбэгээ авахаар Ниссан патролтой хүнийг надтай хамт явуулсан. Би тэр жолоочид урд гупер 400,000 төгрөг, гуперийн нэмэлт гэрэл 260,000 төгрөг, гуперын таг 160,000 төгрөг, 1 ширхэг амаржин зэрэг 900,000 төгрөгийн жижиг зүйлийг өгч явуулсан. Ингээд хэд хоногийн дараа А.Г өөрөөр ирээд урт боолт 1 ширхэг, 2 хаалганы нугас 2 ширхэгийг аваад явсан. Үлдсэн дутуу сэлбэг нь гуперийн 1 ширхэг гэрэл, нүүрний буруу талын под карла 1 ширхэг байсан. Авч ирсэн кузовыг би 3 хүнээр урд таазны гажааг гаргуулсан, жолоочийн доод талыг тэр чигт нь салгаж өөр зүйл гагнуулсан, зүүн талын урд гажааг гаргаж, өвчүүг гагнаж янзлаад ажлын хөлсөнд 2 сая төгрөг төлсөн. Кузовыг янзлуулж дуусаад 4 дэх хоног дээр гэртээ хэвтэж байтал төмөр дугарах чимээ гарахаар нь цонхоороо хартал миний янзлуулсан кузовын дэргэд 1 үл таних хүн зогсож байсан. Та юун хүн бэ, яагаад хүний хөрөнгөнд дураараа халдаад байна вэ гэхэд тэр хүн би Ганзоригийн найз байна, гараад ир уулзья гэсэн. Намайг яваад очиход Пүрэвбат байсан. Тэгээд тэр хүн Ганзориг намайг хулхидсан, энэ миний кузов байгаа юм гэж хэлэхээр нь би намайг кузов авахаар очиход хориглохгүй яасан юм, өөрөө хамт ачиж өгөөд явуулсан биз дээ гэж хэлсэн. Пүрэвбат гэсэн иргэний үнэмлэхээ Голомт банкнаас 36-85 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэх маягтын хамт гаргаж ирж үзүүлсэн. Би А.Гтой наймаа хийсэн тул түүнтэй ярьж учраа олно, тухайн үед өөрөө ачиж өгч явуулчихаад зассаны дараа ийм асуудал гаргаж болохгүй, кузовыг өгөхгүй гэдгийг хэлсэн. А.Г руу залгахад тэрээр огт утсаа аваагүй, харин Ё.П нь над руу сар шахам 9909, 8811-тэй дугаараас кузов ээ авья гэж залгасан, бүр сүүлдээ миний танидаг хүмүүсээр залгуулсан, хашааны үүдэнд хүнээр мануулсан, жолоочоо хашаан дотор оруулж кузов байна уу үзьё гэж ирүүлсэн. Би А.Гтой учраа олохоор өдөр шөнөгүй залгасан, тэрээр огт утсаа авахгүй байж байгаад нэг өдөр утсаа авсан, тэгээд би болсон явдлын талаар хэлэхэд тэрээр зүгээрээ санаа зоволтгүй, би Пүрэвбаттай тооцооны асуудалтай гэж хэлсэн. Би Ё.Пын нүдэн дээр А.Гтой наймаа хийсэн, энэ кузовыг Ё.Пынх гэж би мэдээгүй, надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч А.Гоос гэрээний үүрэгт кузовын үнэ 7,500,000 төгрөг, будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будагны үнэ 689,500 төгрөг, нийт 10,489,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Пад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 195,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Хаас тоёота ланд круйзер 70 загварын, 36-85 УНЯ улсын дугаар бүхий автомашины кузовыг гаргуулж нэхэмжлэгч Ё.Пад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх А.Г, С.Х нарын хооронд амаар тохиролцсон автомашины сэлбэг, эд анги солилцох хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн сэлбэг болох урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппаратаа буцааж авахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан хариуцагч А.Гийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч Ё.Паас 2,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 326,302 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 182,782 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч С.Хаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч А.Г нь 36-85 УНЯ улсын дугаартай хуучин кузовыг нь захиран зарцуулах эрхгүй атлаа нэхэмжлэгч Ё.Пын зөвшөөрөөгүйгээр С.Хд өгч, хариуд нь урд тааз 1 200 000 төгрөг, под карла 500 000 төгрөг рулийн аппарат 1 000 000 төгрөг, урд хойд амаржин 200 000 төгрөг, урд купотны татуургыг 100 000 төгрөгөөр үнэлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн хэрнээ С.Хыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч С.Х нь дээрх эвдэрхий кузовыг сэлбэг, хэрэгслийн төлбөрт шилжүүлж байгаа этгээд болох А.Гийг кузовын өмчлөгч биш болохыг мэдээгүй тул кузовын өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж байна. Түүнчлэн кузовыг С.Х нь эвдэрхий кузовын өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох С.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ё.П нь С.Хы хууль бус эзэмшлээс өөрийн 36-85 УНЯ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер 76 маркийн автомашины кузовыг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн сэлбэгийг буцаан авахыг даалгах, хариуцагч А.Гоос кузовт төлсөн 7 500 000 төгрөг, нэмэлтээр будгийн ажлын хөлс 2 300 000 төгрөг, будаг 884 500 төгрөг, нийт 10 684 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч А.Г ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 2 250 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээний харилцаа аль нь үүссэнийг  тодруулах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин засуулахаар өгсөн, уг автомашины кузов засварлахтай холбоотой хариуцагч өөр этгээдээс кузов, бусад сэлбэг, хэрэгсэл авахыг санал болгож, үүний дагуу авсан кузов болон засварын ажил доголдолтой, шаардлага хангахгүйгээс хохирол учирсан гэж үзэн, кузов худалдаж авсан мөнгө, будгийн үнэ, ажлын хөлс зэргийг шаардаж буй агуулгаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу учирсан хохирол, шилжүүлэн өгсөн мөнгө шаардсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд хууль хэрэглээний хувьд илт алдаатай байна. Учир нь, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэрээний нэг тал хөлсөөр ажиллах үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хөлсөө шаардах, нөгөө тал хөлс төлөх  эрх, үүрэгтэй болохыг зохицуулдаг.

Мөн нэхэмжлэгчийн хоёр дахь нэхэмжлэл болох өөрийн “Тоёота ланд 76” маркийн автомашины кузовыг С.Хаас гаргуулах нэхэмжлэлийн  шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах” агуулгатай байгаа эсэхийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн нэр дээр бүлтгэлтэй автомашины кузовыг хууль бус эзэмшлээс шаардаж байгаа тохиолдолд уг эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа өмчлөх эрхгүй этгээд буюу эзэмшигчээс өмчлөгчийн хувьд эд хөрөнгөө шаардаж байгаа гэж үзэхээр  байна. Энэ тохиолдолд тухайн кузовыг эзэмшигч нь  уг эд зүйлийг шударгаар олж авсан эсэх үйл баримтыг тогтоох нь чухал ач холбогдолтой. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй, “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”-тэй холбоотой хуулийн заалт хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

Түүнчлэн, шүүх хариуцагч А.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас хөлсөөр ажиллах гэрээний агуулгаар дүгнэжээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ “хариуцагч автомашныг бүрэн гүйцэт засварлаагүй, хүлээлгэж өгөөгүй, ажлаа зохих ёсоор хийгээгүй” гэж тайлбарлажээ.

Хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажлын үр дүн шаарддаггүй, зөвхөн нэхэмжлэгчийн зааж буй ажил, үйлчилгээг гүйцэтгэх учиртай. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтуудыг оновчтой зөв сонгож хэрэглэх нөхцөл болно.

Эдгээр нөхцөл байдлын талаар болон үүргийн зөрчил байгаа эсэх, ямар эрх зүйн харилцааны улмаас үүссэн хохирол төлөх үндэслэлээ нотлох буюу үгүйсгэх замаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ