Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 110/ШШ2024/0036

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ж.А

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хоорондын төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох талаарх  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

               1. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын  газрын даргад холбогдуулан “Төрийн  захиргааны албан хаагчдад 5 жилд нэг удаа олгодог 6 сарын урамшууллыг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

              2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

              2.1. Миний бие Ж.А 2008 оноос тус аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтэст өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бодлогын хэлтэст төлөвлөлт эдийн засаг, жижиг дунд үйлдвэр хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Санхүү, төрийн сангийн хэлтэст боловсролын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтнээр нийт төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар 15 жил ажиллаж,  2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Төрийн аудитын Баян-Өлгий аймаг дах газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд шилжин томилогдсон болно.

              2.2. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасны дагуу 5 жил ажилласны 6 сарын тэтгэмжийг миний бие авах ёстой гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг  олох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан болно.

              2.3. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгоход тавигдах нөхцөлийн 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэсэн мөнгөн урамшуулал авах нөхцөлийг төрийн захиргааны албанд тасралтгүй 15 жил ажилласан тул хангасан гэж үзэж байна.

              2.4. 2024 оны төсвийг батлахдаа төрийн захиргааны бүх албан хаагчдын тэтгэмжийн мөнгийг төсөвт суулгасан. 2023 оны 12 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хуралдаад мөнгөн урамшууллын   мөнгийг баталсан ба батлагдсан  бүх мөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дансанд төвлөрүүлсэн.

              2.5. Засгийн газрын 83 дугаар тогтоолын 5.3-д “Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж, мөнгөн урамшуулах авах хүсэлт гаргасан албан хаагч нас барсан тохиолдолд мөнгөн урамшуулал түүний гэр бүлд нь олгоно” гэж заасан байдаг.

              Нас барсан хүний гэр бүлд нь хүртэл олгож байхад надад олгохгүй байх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин би төрийн албанаас халагдаагүй, шилжин ажилласан тул мөнгөн урамшууллыг надад олгох ёстой.

              2.6. 2024 онд  аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан мөнгөн урамшуулал авах төрийн захиргааны албан хаагчдын  нэрс дотор  миний нэр орсноор 2024 онд Сангийн яамнаас миний авах ёстой мөнгөн урамшуулал батлагдаж ирсэн.

              Иймд Монгол улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-т “төрийн захиргааны албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц, болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн үндсэн цалингийн дундаж төрийн жинхэнэ албан тасралтгүй хаасан хугацааг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жил ажилласны 6 сарын урамшууллыг олгохыг даалгаж өгөхийг хүсье гэв.

              3. Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

              3.1. Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-т “Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/, түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заасны дагуу тус газрын төрийн захиргааны албан тушаалд тогтвор суурьшилтай, тасралтгүй ажилласан албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон.

              3.2. Тус журам нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан бөгөөд Ж. А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсролын салбарын төсөв хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ж.А нь тус газраас чөлөөлөгдөж, өөр байгууллагад томилогдон ажиллаж байгаа тул мөнгөн урамшуулал олгох эсэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарлаа:

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны  албад  тасралтгүй 5 жил буюу 60 сараас дээш ажилласан албан хаагчид түүний албан тушаалын үндсэн цалингийн дундаж 6 сарын тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал олгохоор заасан байдаг.Үүний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын хүсэлтийг үндэслэж тухайн журамд заасан шаардлагыг хангасан албан хаагчдад нэг удаагийн урамшууллыг олгосон байсан.

4.2. Тухайн үед  нэхэмжлэгч Ж.А хүсэлт ирсэн. Ж.А нь төрийн захиргааны ажилласан хугацааны хувьд 5 жил буюу 60 сараас дээш  ажилласан нь тогтоогдсон. Харин Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  Ж.Айгүлд төрийн захиргааны албанд ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр тухайн мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэж үзээд нэг удаагийн мөнгөн урамшуулал олгогдоогүй юм.

 Энэ асуудлыг бид шүүхийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхээс хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ж.А Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн  захиргааны албан хаагчдад 5 жилд нэг удаа олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн  урамшуулал олгохыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр тушаалаар[1] аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн салбарын мэргэжилтнээр томилогдон ажилласан, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар[2] өөр албан тушаалд шатлан дэвшиж томилогдох болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж,  улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/333 дугаар тушаалаар[3] Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдсон байна.

3.  2023 оны 12 дугаар сарын  04-ний өдрийн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 221 дүгээр тогтоолын[4] Гурав дах хэсгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны төсвийг батлах явцад  хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй төрийн албан хаагчдын мөнгөн урамшууллыг 776.952.000 төгрөг гэж баталснаар аймгийн Засаг даргын Тамгын газраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 онд хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн урамшуулалд хамрагдах албан хаагчдын жагсаалтыг[5] үйлдсэн байх бөгөөд уг жагсаалтын 27 дугаар мөрд нэхэмжлэгч Ж.А нэр Боловсрол, соёлын газрын төсөв хариуцсан мэргэжилтний хувиар орсон, тэрээр төрийн захиргааны албад  15 жил ажилласан гэж тусгагдсан, цаг хугацааны хувьд тухайн үед нэхэмжлэгч нь төрийн захиргааны албыг хашиж байжээ.

4. Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ асуудлаар  маргаагүй байна.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчид төрийн захиргааны албан хаагчийн мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа үндэслэлээ “... мөнгөн урамшууллыг зөвхөн төрийн захиргааны албан хаагчид олгохоор холбогдох журамд заасан, нэхэмжлэгч одоо  төрийн захиргааны албан хаагч биш” гэж тайлбарласан.

6. Төрийн албаны тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.3-т  “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталжээ.

7. Дээрх журмын 1.1-т “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт  төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгоход энэ журмыг баримтална”, 2.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж тус тус заажээ.

8. Нэхэмжлэгчийн хувьд одоогийн ажиллаж буй албан тушаалд томилогдохоос  өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн салбарын мэргэжилтнээр буюу төрийн захиргааны албан хаагчаар  нийт 8 жил 6 сар 24 хоног  тогтвор суурьшилтай, тасралтгүй  ажилласан байх ба дээрх журамд заасан 5 жил (60 сар), түүнээс дээш жил байх шаардлагыг хангасан, хариуцагч нь анх нэхэмжлэгчийг энэ шаардлагыг хангасан гэж үзэн түүнийг  мөнгөн урамшуулал олгох албан хаагчдын жагсаалтад хамруулсан нь тогтоогджээ.

9. Түүнчлэн, журмын 5.2-т “Төрийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн төрийн захиргааны байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд  түүнд мөнгөн тусламж олгохгүй”, 5.3-т “Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж, мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан албан хаагч нас барсан тохиолдолд мөнгөн урамшууллыг түүний гэр бүлд нь олгоно” гэж мөнгөн урамшуулал олгохгүй байх, олгох  тохиолдлуудыг нарийвчлан заасан байх ба журамд заасан шаардлагыг бүрэн хангасан төрийн захиргааны албан хаагч нь төрийн өөр албан тушаалд, тодруулбал, төрийн тусгай албан тушаалд томилогдсон тохиолдолд уг мөнгөн урамшууллыг олгохгүй байх талаар журамлаагүй байх тул нэхэмжлэгчид уг мөнгөн урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь төрийн албан хаагчийн  нийтлэг эрхэд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-т  заасан “хууль тогтоомжид заасан бусад эрх”-ийг эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн гэж үзээд нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10, 51 дүгээр зүйлийн 51.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ж.А төрийн  захиргааны албан хаагчдад 5 жилд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн  урамшууллыг журмын дагуу олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 4 дүгээр тал

[2] Хэргийн 5 дугаар тал

[3] Хэргийн 6 дугаар тал

[4] Хэргийн 17-18 дугаар тал

[5] Хэргийн 19-20 дугаар тал