| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0130/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Я.Дина
Шүүгдэгч: Б.Г-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Б-н Г-дхолбогдох 1735001490070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1994 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Мон-Тува ХХК-д боривчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-67 тоотод оршин суудаг, яс үндэс дөрвөд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОЮ94090834, Зуутраг овогт Б-н Г.
Холбогдсон хэргийн талаар:Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Т.У-нмөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 8 дугаар сард Улаанбаатар хот уруу ажил хийхээр явсан бөгөөд намайг Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байтал 2015 оны 11 дүгээр сард Г мөн Улаанбаатар хотод ирсэн. Тэр цагаас хойш Г бид хоёр үерхэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1 жилийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сард би Г-н хүүхдийг гаргасан. Одоо Г бид 2-ын охин С 11 сартай бөгөөд надтай хамт амьдарч байгаа. Г бид хоёр хүүхэдтэй болсон боловч одоо болтол гэр бүлээ бүртгүүлээгүй, хамт амьдрахгүй байгаа. ...Манай ажил 21:00 цагт тарсан бөгөөд би ажлаасаа гараад дэлгүүрээс нэгж авчихаад гараад ирэхэд М, Г нар М-н машинтай хүрч ирсэн. ...Тэгээд би М-н машинд суусан. Намайг машинд суухад Г “хэдүүлээ юм яръя, улаан уул явья” гэжхэлэхээр нь би “Чи юу яриад байгаа юм бэ? Хүүхэд хэцүүдлээ, би харилаа” гэж хэлэхэд М нь машинаа асаагаад дээшээ явсан. Тэгэхээр нь би “Машинаа зогсоо, би гэртээ харимаар байна” гэж хэлэхэд М машинаа зогсоохгүй байхаар нь би явж байсан машины хаалгыг онгойлгоход М машинаа зогсоосон. Тэгээд би машинаас буугаад буцаад алхсан. Би Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Донж” үсчиний хажуугаар алхаад явж байтал Г миний араас явган гүйж ирээд, миний гарнаас барьж аваад Улаангом сумын 3 дугаар багт байрлах 2 дугаар 64 айлын орон сууцны доод талын автомашины гараж байдаг хэсэг үрүү чирсэн. Тухайн үед харанхуй болсон байсан бөгөөд Г нь намайг гаражын хажууд чирч очоод миний зүүн талын хацар уруу гараараа нэг удаа алгадсан. Тэгэхээр би уурлаад орилох гэтэл Г нь миний амыг гараараа дараад, миний хоолойг гараараа боосон. Гаражын тэр хэсэгт харанхуй байсан учраас Г бид хоёрыг хүн харах боломжгүй байсан. Намайг орилох гэхээр Г миний хоолойг гараараа базаад “Дуугүй бол, би чамайг алчихаад шоронд орсон ч чадна. Намайг ингэснийг цагдаад хэлэх юм бол маргааш ирж чамайг ална” гэж намайг сүрдүүлээд миний үснээс гараараа барьж аваад гаражын ханыг 3 удаа мөргүүлсэн. Энэ үед миний толгой хүчтэй доргиж, өвдсөн. Г нь намайг 2 цаг орчим дарамталж, утсаар яриулахгүй байсан. Хамгийн сүүлд нь би Г-с гуйсаар байгаад явахаар болсон бөгөөд Г намайг гэрт хүргэж өгсөн. Би гэрт ороод ээждээ болсон явдлын талаар хэлэхэд миний ээж Т нь Г-г уурлаж загнасан.Би өөрийнхөө эмчилгээний зардалд Г-с 300000 / гурван зуун мянга/-н төгрөг нэхэмжилнэ. Г надад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй байна. Би Г-д гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,
2. Гэрч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “Т.У бид 2 өмнө нь үерхэж байсан ба хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан. Т.У бид 2 үерхэхээ больсон цагаас хойш танилуудын хүрээнд хааяа харьцдаг, нэг нэгнээсээ мэнд асуугаад явдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Г над уруу залгаж “Би жаахан архи уучихсан байна, чамтай уулзмаар байна. Чи 3-р сургуулийн урд талын зам дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө 21-93 УВХ улсын дугаартай Теда маркийн автомашинтайгаа такси үйлчилгээнд явж байсан бөгөөд Улаангом сумын 7-р багт байрлах 3-р сургуулийн урд талын зам дээр очиход Г ганцаараа зогсож байсан. Г миний машинд суугаад “У бид хоёр хүүхэдтэй. Би хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Чи өчигдөр У-тай уулзсан байсан. Та 2 унтсан уу” гэж асуухаар нь би "надад тийм зүйл байхгүй. Би мөрөөрөө явж байгаа" гэж хэлэхэд Г “Чи У-н утас уруу залгаад дуудаад гаргаад ир. Гуравуулаа нүүр нүүрээ харж байгаад уулзъя” гэж хэлсэн. Миний ойлгосноор Г нь У бид хоёрыг хардаад уурлаад байх шиг байсан. ...Г бид 2 миний машин дотор сууж байтал У ажлаасаа гарч ирээд дэлгүүр орсон юм. Би машинаа асаагаад дэлгүүрийн үүдэнд очиход У дэлгүүрээс гарч ирээд миний машины арын суудалд суусан. Тухайн үед Г нь миний машины урд талын суудал дээр сууж байсан бөгөөд У-г суусны дараа Г “дээшээ эргээд явчих” гэж хэлсэн. Би эмнэлгийн урд талын замаар дээшээ эргээд явж байтал У Г-д хандаж “чи намайг олон удаа хуурч байсан. Машинаа зогсоо. Би буулаа” гэж хэлээд явж байсан машины хаалга онгойлгосон. Би тэр дороо машинаа зогсоонгуут У буугаад доошоо эргээд явсан. Тэгээд би тойргоор тойроод буцаад ирэхэд Г ,У нар байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
3. Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 23:00 цаг өнгөрч байх үед Г, У нар гаднаас хамт орж ирсэн. Тухайн үед Г нь бага зэрэг архи уусан байх шиг байсан . У гаднаас орж ирэхдээ уйлж байсан бөгөөд би юу болсон талаар асуухад У “Г намайг цохисон. Миний хоолойг базаад, гражын хана мөргүүлсэн” гэж хэлээд уйлж байсан бөгөөд У-н хоолойных нь арьсанд гарын ором гарч улайсан байсан. Би Г-д “Чи яагаад хүн зодож байгаа юм” гэж хэлээд хувцасных нь энгэрээс барьж авахад Г манай гэрээс гараад зугатсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
4. Гэрч Б.Г-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Бид нар аав, ээжээс 6-уулаа бөгөөд Б.Г нь дээрээсээ 4 дэх хүүхэд нь юм. Би айлын хамгийнтом хүүхэд бөгөөд миний дүү Б.Г, Б.М нар нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа. Мөн миний дүү Б.Г, Б.Г нар нь Увс аймгийн Улаангом суманд ажиллаж амьдардаг. Б.Г нь өнөөдрийг хүртэл эхнэр авч тусдаа гараагүй байгаа бөгөөд Улаангом сумын харъяат У гэдэг хүүхэдтэй үерхэдэг, хүүхэдтэй болохыг нь манай гэрийнхэн бүгд мэднэ. Г одоо манай аав, ээж нарын хамт Улаангом сумын 2 дугаар багт амьдарч байгаа. Ар гэрийн боломж бололцоо муу байгай учраас өнөөдрийг хуртэл манай аав, ээж Г-н гэрийг барьж өрх тусгаарлаж өгч чадаагүй байгаа. Г-н найз охин У болон охин Снар нь одоогооор өөрийнхөө ээжийн гэрт амьдарч байгаа. Миний дуү Г нь зан аашийн хувьд хүнд тусархаг, илэн далангүй, бусадтай нийтэч зантай. Г нь ажилд их зүтгэлтэй бөгөөд өөрийнхөө хариуцсан ажлыг чанартай сайн хийдэг, ямар ч ажлыг гололгүй хийдэг. Би түүнийг архи уучихсан байхыг харж байсан удаа байхгүй бөгөөд тамхи огт татдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
5. Гэрч Б.Г-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Би дээрээ 4 ахтай, доороо 1 дүүтэй. Миний том ах Г нь Увс аймгийн Байгаль орчны газарт, дараагийн ах Г нь Увс аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг. Миний дунд ах Г нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа. Миний бага ах Г нь Мон Тува ХХК-д ажилладаг. Миний дүүМ нь Улаанбаатар хотод сургуульд сурдаг. Би одоо өөрийн аав Б,ээж Н, ах Г нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт амьдардаг. Миний төрсөн ах Б.Г нь өнөөдрийг хүртэл эхнэр авч тусдаа гараагүй байгаа бөгөөд Улаангом сумын харъяатУ гэдэг эгчтэй үерхдэг, 1 хүүхэдтэй болохыг нь манай гэрийнхэн бүгд мэднэ. Г ах, У эгч 2-ын хүүхдийг С гэдэг бөгөөд С нь одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Миний дунд ах Г нь 2017 оны 05 дугаар сард гэрээ барьж өрх тусгаарласан учраас аав, ээжид маань мөнгөнцй боломж, бололцоо гарахгүй байгаа тул Г ахын гэрийг барьж өгч чадаагүй байгаа. Миний ах Г нь зан аашийн хувьд даруу төлөв, бусадтай нийтэч зантай. Г ах хааяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. Гэхдээ архи уусан үедээ элдэв янзын зан авир гаргаж, агсам согтуутавиад байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
6. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ныөдрийн 653 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Т.У-н биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хүзүүний урд хэсэгт өнгөц зулгаралт, улайлт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/,
7. Б.Г-г урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/,
8. ШүүгдэгчБ.Г-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 35-41-р тал/,
9. Шүүгдэгч Б.Г-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2011-2013 оны хооронд Улаангом политехникийн коллежийн авто засвар ангид суралцаж, төгссөн. Би тус сургуульд сурч байхдаа Т.У-тай анх танилцаж байсан. Тэгээд У бид 2 хааяа уулздаг, утсаар ярьдаг болсон бөгөөд би 2014 оны 10 дугаар сард хугацаат цэргийн алба хаахаар явсан. Би Баян-Өлгий аймгийн Барилгын цэргийн 0340 дүгээр ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаагаад 2015 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Намайг цэргээс халагдаж ирэхэд У нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан байсан бөгөөд би У араас Улаанбаатар хотод очсон. Тэр цагаас хойш Убид 2 үерхэдэг болсон ба 2016 оны 11 дүгээр сард миний охин С төрсөн. С нь У бид 2-ын төрсөн охин юм. У бид хоёр хүүхэдтэй болсон боловч өнөөдрийг хүртэл хамт амьдрахгүй, гэрлэлтээ батлуулаагүй байгаа. У нь өөрийн ээж Т болон охин С-хоо хамт Улаангом сумын 7 дугаар багт амьдардаг. Харин би өөрийнхөө аав, ээж, дүү нарынхаа хамт Улаангом сумын 2 дугаар багт амьдардаг. Одоо би Мон Тува ХХК-д боривчин хийж байгаа бөгөөд У нь Сарнай ресторанд тогооч хийдэг. У нь надтай үерхэж эхлэхээсээ өмнө М гэдэг залуутай үерхэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотод байхдаа У,М-тай үе үе утсаар ярьж, мессеж бичдэг байсан. Би заримдаа У-н утсыг санамсаргүй аваад үзэхээр М-с ирсэн дуудлага, мессежүүд утсан дээр хадгалагдсан байдаг байсан. Би У-г М-тай холбоотой байдаг талаараа надад өөрөө хэлэх боловуу гэж хүлээдэг боловч У нь тэр тухай огт юу ч хэлдэггүй, надаас нуугаад байдаг. Би найзуудаараа дамжуулж М-н гэрийн хаяг болон утасны дугаарыг нь олж авсан. Би М, У нартай уулзаж байгаад энэ асуудлыг нэг тийш шийдье гэж бодсон. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн орчимд М уруу утсаар залгаж “Би У-н нөхөр Г байна. Би 3 дугаар сургуулийн хажууд явж байна. Чамтай уулзах хэрэг байна. Чи энд хүрээд ир” гэж дуудахад М өөрийнхөө машинтай хүрч ирсэн. Би М-тай уулзаад “У бид 2 үерхдэгийг чи мэднэ. У бид хоёр хүүхэдтэй. Чи яагаад У-тай утсаар ярьж мессеж бичээд байдаг юм. У 3-уулаа уулзаж байгаад энэ асуудлыг нэг тийш шийдье” гэж хэлээд би У-н утас уруу залгаад “Ажил чинь тарах болж байна уу” гэж асуухад У надад “Миний ажил тарах болоогүй байна. Оройтох юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М-д хандаж “Чи нэг залгаад яриадахаач” гэж хэлэхэд М өөрийнхөө утсаар У руу залгаад “Би чамтай уулзах гэсэн юм. Ажлын чинь гадаа ирчихсэн байна, Ажил чинь тарах болж байна уу” гэж асуухад У миний ажил удахгүй тарна. Чи тур хүлээж бай” гэж хэлсэн. М бид 2 машин дотор сууж байтал удалгүй У ажлаасаа гарч ирээд дэлгүүр орсон.Би тэр хооронд М-н утсыг аваад У-н дугаар уруу “Би чамайг маш их санаж байна” гэж мессеж бичихэд У-с “Би ч бас маш их санаж байна. Удахгүй уулзъя” гэсэн мессеж ирсэн. М бид 2 дэлгүүрийн үүдэнд очиход У дэлгүүрээс гарч ирээд М-н машины арын суудалд суусан. Тухайн үед би машины урд талын суудал дээр сууж байсан бөгөөд У руу эргэж хараад “сайн уу” гэж асуухад У сандраад “Чи энд юу хийж байгаа юм бэ? Зайлаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “3-уулаа учраа олъё дээшээ эргээд явчих” гэж хэлэхэд М машинаа асаагаад явсан бөгөөд энэ үед У “Би буумаар байна. Гэртээ харимаар байна. Намайг буулга” гэж хэлээд явж байсан машины хаалга онгойлгосон. М тэр дороо машинаа зогсоосон бөгөөд У буугаад доошоо эргээд явсан. Би М-н машинаас буугаад У-н араас явсан бөгөөд Улаангом сумын 3 дугаар багт байрлах Донж үсчиний хажууд явж байхад нь гүйцэж очсон. Би У-д хандаж “2-уулаа уулзаад учраа олъё” гэж хэлээд араас нь татаад Улаангом сумын 3 дугаар багт байрлах 2 дугаар 64 айлын орон сууцны доод талын гаражын хажууд очсон. Тухайн үед би У-д маш их гомдож байсан учраас У-н зүүн хацар уруу гараараа 1 удаа алгадсан. Гэтэл У уурлаад, орилох гээд байхаар нь би У-н хоолойг нь гараараа базсан. У намайг эсэргүүцээд байхаар нь би У-н толгой руу гараараа түлхэхэд У толгойгоороо гаражын хана мөргөсөн. Би У-н толгой руу 2 удаа гараараа түлхсэн бөгөөд У нь толгойгоороо 2 удаа гаражын хана мөргөсөн. Тэгээд бид 2 У-н гэрүрүү явсан бөгөөд У гэртээ оронгуутаа “энэ намайг зодсон” гэж ээждээ хэлсэн. У-н ээж Т нь над уруу уурлахаар нь би тэдний гэрээс гараад явсан. Би үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байна.Тухайн үед би У-д үнэхээр их гомдсон байсан болохоор ийм зүйл болчихлоо. Дахин алдаа гаргахгүй байж чадна” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.У-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.У, гэрч Б.Т,Г.Мнарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 20-ныөдрийн 653тоотшинжээчийн дүгнэлт,шүүгдэгч Б.Г-нүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.У-н эрүүл мэндэд “Тархины доргилт, хүзүүний урд хэсэгт өнгөц зулгаралт, улайлт, зөөлөн эдийн гэмтэл”учирсан байх ба уг гэмтэл нь2017 оны 10 дугаар сарын 20-ныөдрийн 653дугаартайшинжээч эмчийн дүгнэлтээргэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч С.Т-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг шүүгдэгч Б.Г-с гаргуулна, гомдолтой гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч Т.У нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З овогт Б-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-г овогт Б-н Г-г600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Гнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.У нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-дөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА