Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0538

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* овогт Бгийн Ц /РД:/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.С, А.С нарын хоорондын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эргүүлэн томилж, тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Н нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Цт албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, урьд зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй нь шалгалтаар тогтоогдсон “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07-01/691 тоот албан бичгээр “... Б/1 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль, тогтоомжид нийцсэн болохыг үүгээр мэдэгдье” гэсэн байна.

1.3. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар тогтоолоор “... Б/1 дугаар тушаалыг гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосугай” гэжээ.

1.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эргүүлэн томилж, тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ахмад Б.Ц би анх 2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хянагчаар ажилд орсон. Хянагчаар ажиллаж байх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж, байгууллагын 4 удаагийн аварга болж шагнагдаж байсан. 2010 оноос эхлэн цагдаагийн академийн эчнээ эрх зүйн ангид элсэн суралцаж, 2015 онд төгссөн. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ээлжийн даргаар дэвшин томилогдож ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 30 өөрийн хүсэлтээр С******* аймгийн М дахь 433 дугаар хаалттай хорих ангийн ээлжийн даргаар шилжин томилогдож ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын -нд нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэст дэвшин томилогдож ажилласан.

Үүрэгт ажилдаа хангалттай ажилласан гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын саналыг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын саналаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр дэвшин томилогдож ажилласан. Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хариуцсан 8 шийдвэр гүйцэтгэгчийн хамтаар ял шийтгэлээс зайлсхийсэн 228 ялтан этгээдийг олж тогтоон хорих ялаар солиулах ажиллагааг удирдан зохион байгуулсан. Үүнээс дурдвал Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай ялтан Н.М нь цахим бугуйвчийг гараас салган өөрийн эхнэртээ зүүлгэн Төв аймгийн У суманд малын хулгай хийхээр явсан зөрчлийг шалган тогтоохоор шуурхай албаны ажилтан дэслэгч М.О, Т.Э нарын хамтаар явж шалгаж тогтоон ялтны эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар солиулсан. Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай ялтан Эийн Г нь зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн тул шуурхай албаны ажилтан хошууч Б.Х, дэслэгч Т.Э, дэслэгч М.О, шийдвэр гүйцэтгэгч дэслэгч У.О, Г.Б, Д.С нарын хамтаар шөнөөр эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн нийтийн байрнаас олж тогтоосон. Олж тогтоох үед ялтан Э.Г нь өөрийн амийг хорлох зорилгоор хоолойн тус газарт шил зоох оролдлого хийснийг таслан зогсоож аюулгүй байдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргүүлж, эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар солиулсан. Ялтан Э.Г нь сэтгэл зүйн байдал тогтворгүй амиа хорлох тухай яриа өгүүлэл байнга гаргадаг байсан тул эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар солиулсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Гүйцэтгэх ажлын хэлтэс”-т мэдээллийг хүргүүлж ажилласан. ******* дүүргийн харьяалалтай ялтан Оы Б нь дахин гэмт хэрэг үйлдэж, ******* дүүргийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газруудаас эрэн сурвалжлагдаж байсан. Ялтныг эрэн хайх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, С******* аймгийн Маас олж тогтоон ялтны эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар солиулж, цагдаагийн байгууллагад ялтны мэдээллийг өгч хамтран ажилласан.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Ц би өөрийн эрхэлсэн ажилдаа үнэнч байж яаралтай болон амралтын өдөр, шөнийн цагаар явуулах эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай албаны ажилтнууд болон шийдвэр гүйцэтгэгч нарын хамтаар явуулж ирсэн. Ингэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэг зөрчил дутагдал гарч, шийдвэр гүйцэтгэгч нар болон шуурхай албаны ажилтнууд гэмтэж бэртсэн зүйлгүй. Сүхбаатар дүүргийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Б******* нь өөрийн эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, ажил үүргээ туйлын хангалтгүй гүйцэтгэж байсан тул шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271.2 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар 2 удаа өгсөн боловч ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлд танилцуулж 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Цолны мөнгийг 3 сараар хураах сахилгын шийтгэл” оногдуулах арга хэмжээг авхуулсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн зөрчил арилгуулах шаардлагын хүрээнд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас албан тушаал бууруулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлснээр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ахмад Б.Ц би төрийн албаны хуулиар 2 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авсан билээ. Энэ тушаалыг үндэслэлгүй шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр гаргасанд туйлын харамсалтай байна. Прокурорын байгууллагын шаардлагад дурдсан зөрчлүүд нь шийдвэр гүйцэтгэгчийн ажил үүргийн хуваарьт заагдсан ажиллагаа гэдгийг мэдсээр байж шалгах ажиллагааг хангалтгүй явуулсан гэж үзэж байна. Албаны ахлах мэргэжилтэн А.С нь.

Ахмад Б.Ц би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/6 дугаартай тушаалаар ******* дүүргийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Ахмад Б.Ц би ******* дүүргийн хэлтсийн даргаар томилогдон ажиллахдаа ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны хүндрэлтэй шүүх хурлуудад шийдвэр гүйцэтгэгчийг ахлан өөрөө оролцож ирснээр ял эдлүүлэх ажиллагааны явцад прокурорын дүгнэлт шүүхэд хэрэгсэхгүй болсон тохиолдолд гараагүй. Прокурорын байгууллагын шаардлага өнгөрсөн оны мөн үеэс 30% буурсан эерэг үзүүлэлттэй байна. ******* дүүргийн прокурорын байгууллагатай ял эдлүүлэх ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хамтарсан зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулсан.

Мөн ******* дүүргийн прокурорын газартай хамтарч ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны явцад ял эдлэхээс зайлсхийсэн ялтнуудыг шүүхийн шатанд ирмэгц шүүх хурлыг дараалал харгалзалгүй зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж үр дүнд хүрсэн билээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Ц би ажил үүргээ хууль журмын хүрээнд зохион байгу ажиллаж ******* дүүргийн ял эдлүүлэх ажиллагаанд байгаа оргодол ялтан этгээдүүдийг тоог бууруулж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэлтсийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 8 ялтан байна. Үүний 3 ялтан нь жирэмсний учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ялтнууд юм.

Мэргэжлийн чиг удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллага хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба маань нийтэд тустай ажил хийлгэх ялтан ажиллуулах жагсаалтыг шинэчлэн батлуулаагүйн улмаас ******* дүүргийн засаг даргын тамгын газраас ялтан ажиллуулах газар заасан албан бичигтээ Нийтлэг үйлчилгээний газар буюу хот тохижуулах газрыг зааж ирүүлдэг. Хилийн хориг тавих журмыг 2020 оноос шинэчлэн батлуулаагүйн улмаас ялтнууд хилээр оргох, ял эдлэхээс зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Гэвч шийдвэр гүйцэтгэгч нар, шуурхай албаны ажилтнууд олж тогтоон ял солиулах ажиллагааг хийсээр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтнүүд нь шалгалтын ажиллагаа явуулсан боловч дүнг танилцуулаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагаагүй заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж зөрчил заасан. Ахмад Б.Ц би шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэг заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг хууль журмын хүрээнд хэрэгжүүлж, ажиллаж, шийдвэр гүйцэтгэгч нарт албан даалгавар өгөх, хариу биелэлтийг хуулийн хугацаанд авах зэрэг ажлуудыг тухай бүр зохион байгуулж ажиллаж байсан. Шалгалт явуулсан гэх боловч дүнг танилцуулахгүйгээр албан тушаал бууруулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар луу хүргүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр төрийн албаны тухай хуулиар үндсэн цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Тухайн үед холбогдох дарга нарт тайлбарлаж хэлсэн боловч ойлголцож чадаагүй, гэхдээ гомдол гаргаж яваагүй. Өөрөө хохироод үлдсэн байдаг. Гэвч уг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар албан тушаал буулгах сахилгын шийтгэл оногдуулж, ******* дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалаас бууруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын эрлийн ажилтан болгож тушаал бууруулсан. Тушаал гаргах тухай бүр шалгалтын ажиллагаа явуулж, заагдсан зөрчил дутагдлын талаар тайлбар авч, сонсох ажиллагаа хууль журмын хүрээнд явуулдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал О.А даргын нэр дээр гомдол гаргасан байхад сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг байгууллагын фейсбүүк олон нийтийн группт тавьж нэр төрд минь халдсан үйлдлийг гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн нэгж нь 6 дүүрэгтэй байхад зөвхөн намайг сонгож, шалгалтын ажиллагааны дүнг танилцуулалгүй удаа дараа зөвхөн албан тушаал бууруулах санал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлж байгаа нь алба хаагч миний эрх зүйн байдлыг дордуулж, сэтгэл санааны хохирол учруулж, нөхцөлийн эрүү шүүлт мэт санагдаж байна.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гаргасан гомдлын шалгалтын дүнг хуулийн хугацаанд танилцуулаагүй. Хугацаа хэтрүүлж 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хариу албан бичиг явуулсан гэх боловч, PDF файлаар албан бичгийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дотоод чатаар хүлээн авсан. Хяналт шалгалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн хошууч Ц.Б нь шалгасан. Шалгалт явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь ахмад Б.Ц намайг шалгасан гэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн хошууч А.Сийн хууль сахиулах их сургуулийн хамт суралцаж төгссөн ангийн хүүхэд бөгөөд холбоо хамаарал бүхий алба хаагчид гэж үзэж байна. Хошууч Ц.Б нь шалгалтын ажиллагаанаас татгалзан гарах эрхтэй байсан боловч татгалзаагүй. Шалгалтын ажиллагааг бүрэн гүйцэд хууль журмын хүрээнд зохион байгуулаагүй гэж үзэж байна. Мөн ахмад Б.Ц би ажил мэргэжлээрээ шалгарч байгууллагын ажил мэргэжлийн аварга болсон. Хурлын тэмдэглэл дээр арга хэмжээтэй хүнийг урамшуулах зорилгоор байгууллагын аварга болгосон гэх мэтээр бичсэн нь туйлын доромжлол юм. Би аварга болгоод өгөөч гэж гуйгаагүй.

Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн гэх У нь өөрийн ажлын утсаа авдаггүй. 898******* дугаарын хувийн дугаар луу нь арай гэж залгаж холбогдож ярьдаг байсан. Мөн шалгалтын ажиллагааг удаашруулж, хуулийн хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шалгалтын дүнг танилцуулах байтал шалгалтын явц удаашралтай, маргаан хянан шалгах комисс руу шилжсэн талаар 512******* дугаарын өөрийн ажлын утсаар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13:53 цагт мэдэгдсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацааг 4 өдрөөр хэтрүүлж 30 хоног сунгасан талаар мэдэгдсэн. Төрийн албаны зөвлөлийн даргад хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй. Шалгалтын ажиллагааг туйлын хангалтгүй явуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын гаргасан тушаалыг үнэн зөв гэсэн тогтоол ирүүлсэн. Төрийн албаны төв байгууллага ингэж хариуцлагагүй ажилласанд туйлын харамсалтай байна. Иймд шалгалтын ажиллагаа явуулж, үндэслэлгүй гаргасан дээрх тушаалуудыг шалган өгч ахмад Б.Ц миний эрх зүйн байдлыг дээрдүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн томилж, тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргагч Бгийн Ц би 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар төрийн албаны шийдвэр гүйцэтгэх албанд орсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 онд анх шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зорчих ял эдлүүлэх тасгийн дарга буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдсон. Мөн үүрэгт ажлаа хийж байх хугацаандаа 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн хэлтсийн даргаар томилогдож одоогоор ******* дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн орон тоогоор томилогдсон. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх тасгийн даргаар ороход нийт прокурорын шаардлагыг үндэслэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар луу илтгэх хуудас явсан байсан. Явсан илтгэх хуудасны талаар юу ч мэдээгүй, танилцаагүй, ямар агуулгатай илтгэх хуудас явсныг мэдэхгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас яриад, албан тушаал бууруулж байна, гомдолтой байна гэсэн төлөвлөгөөгөө эргэж ирээд, 20 хувиар 2 сар болголоо гэж анхны арга хэмжээг авсан. Мөн ахлах мэргэжилтнүүд 2023 оны 09 дүгээр сард зорчих ял эдлүүлэх ажиллагааны хувийн хэрэг, нийтэд тустай ял хийх, ял эдлүүлэх ажиллагааны хувийн хэргүүдийг татсан байгаа. Шалгалт хийж байна гэх удирдамжаа танилцуулаагүй, төлөвлөгөөт шалгалт хийлээ гэж хэлдэг. Мөн шалгалтын дүнг ямар нэг байдлаар танилцуулалгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 12 дугаар сарын 21-ний өдөр хүний нөөцийн ахлах мэргэжилтэн н.Сэ утсаар ярьсан, таныг албан тушаалаас бууруулах болсон байна гээд илтгэх хуудас ирсэн. Би гомдолтой гэдэг, гэтэл 12 дугаар сарын 27-ны өдөр миний албан үүргээ сайн гүйцэтгэсэн гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаал гарч, ажил, мэргэжлийн аварга болсон. 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээд шатны даргын тушаал ирснээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжлах ажилтан болсон. Эдгээр хугацаануудад мэргэжилтэн н.Сийн 12 дугаар сарын 27-ны өдөр надтай утсаар ярихдаа таны тушаал гарах гэж байна гэсэн, гэтэл тэмдэглэлд өөр утга агуулгатай, би тушаалаа хүлээн зөвшөөрч байгаа мэтээр хуурамч гомдол, баримтууд үйлдсэн тэмдэглэл байгаа.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалт явуулах журам гэж байгаа. Тус журмын 9.6 дахь хэсэгт зааснаар ямар ажиллагаа яваад, ямар шалгалт явсан, шалгалтаар Б.Ц яаж дүгнэгдсэн талаар байгууллагын нэгжийн хурлыг хийж, хуралд дэлгэрэнгүй танилцуулах заалттай. Мөн төлөвлөгөөт шалгалт хийсэн гээд манай 2 ахлах мэргэжилтэн хэлдэг. Төлөвлөгөөт шалгалт хийсэн бол тус журамд төлөвлөгөөт шалгалтаа сарын өмнө миний биеийн байдлыг эмчид үзүүлэх, миний эрх, үүргийг хангах, ямар шалгалтаар шалгалтын дүнг танилцуулж би өөрөө шалгалтад хариу нотлох баримт гаргана. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тус тус зааснаар сонсох ажиллагаа буюу миний албан тушаалыг бууруулж байгаа тохиолдолд ямар шалтгаанаар бууруулж байна, ийм алдаа, дутагдал гаргасан байна гэж дуудаж, тайлбар авч, сонсох ажиллагаа тушаал гарахаас өмнө явагдах ёстой байсан боловч миний эрх, үүргийг хангаагүй. Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт би гомдол гаргахад ахлах мэргэжилтэн, хошууч А.Сийн хамаарал бүхий ангийнх нь хүүхэд, н.Б гээд хошууч шалгалтыг хийсэн. Шалгалтыг хийгээд өргөдөл, гомдол хуульд 60 хоногийн хугацаанд надад хариу мэдэгдэх ёстой байтал 90 хоногоос хэтэрсэн хугацаанд хэлтсийн даргын албан бичгээр таны гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна гэсэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирсний дараа хариу ирсэн гэх мэт зөрчлүүд байгаа учраас нэхэмжлэл гаргаж, албан тушаалдаа эргэн очих, нэр төрөө сэргээх хүсэлтийг гаргаж, нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаагэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хайнга хандсан зүйлийн тухай ярьдаг. Ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгч нар их ачаалалтай, зөвхөн нэр дурдагдаж байгаа ялтнуудтай холбоотой баримтуудыг өгөхөд ийм байна, гэтэл цааш 3,000 орчим хүмүүсийн тухай ярьж байгаа. Манай төрийн байгууллага тусгай чиг үүргийн байгууллага хэдий ч мод тарих, олон нийтийн ажил хийдэг. Өмнөх шүүх хуралдаанд ярьж байсан зэрлэг өвс зулгаахаар нэг ажилтныг хэдэн сараар явуулдаг, ажлыг нь доголдуулах зохион байгуулалтын алдаатай зүйлүүд байна. Эдгээр зүйлсийн хариуцлага, алдаа дутагдлыг тэнд ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч гэх хүмүүст тохоод байдаг асуудал байна. Үүнийг мөн харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Нотлох баримт, өөрийнх нь хийж байгаа алба, гаргасан албан даалгавар, шалгалтын хүрээнд хийсэн ажлууд гэх мэт баримтууд гаргаж өгч байгаа. Эдгээр зүйл нь буруутгагдаж байгаа үндэслэлүүдээ тайлбарлах, нотлох талаас гаргаж өгдөг. Удирдамж, төлөвлөгөө гэдэг нь хэлсэнчлэн их байна. Зарим нь Б.Цт хамааралгүй зүйлсийг гаргаж өгсөн байна. Энэ хүнд хамааралтай юм шиг яриад байгаа зүйлүүд байдаг. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай тушаал нь мөн хууль зүйн үндэслэлгүй, хүчингүй байж болохуйц тогтоол. Учир нь тушаалын үндэслэл болж байгаа Засгийн газрын 2 дүгээр тогтоолыг харвал хүчингүй болсон тогтоол байдаг. Иймд хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн зүйлүүд байна.

Б.Цын хэлсэнчлэн шалгалттай холбогдуулж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргадаг. Гэтэл ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсээр шалгуулдаг. Үүнд ирж байгаа хариу нь эрх ашгийг нь зөрчсөн шийдвэрүүд давтан гардаг. Мөн Б.Цын танилцуулсан Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явагдаагүй. Хяналт шалгалт явуулах тухай журамд шалгуулагчийн эрх гэж байгаа. Тус шалгуулагчийн эрхийн 4, 5 эрхийг дурдаж өгснийг биелүүлээгүй, хангаагүй. Өөрийгөө сайн гээд магтаад байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлээд байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тодорхойлолтоос харвал өөрийнх нь ажил, үүрэг, шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх байгууллагад орсноос хойш юу хийж байсан, ямар ажил үүргийг яаж гүйцэтгэж байсан тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Хэрэгт авагдсан Кю Ар гээд байгаа. Б.Цын хийж гүйцэтгэсэн том ажлын нэг, улс орон даяар сайн жишгээр шалгарч, Улсын Ерөнхий прокурорт яригдсан. Ийм хэмжээний ажил хийж, сэтгэж ажиллаж байгаа албан хаагч юм.

н.Б******* гээд дурдагдаж байгаа нэг хүн байна. Тус иргэнд арга хэмжээ авсан. Шийдвэр гүйцэтгэгч нарын шууд харьяалж хийх ёстой ажлын үр дүнгээр Б.Цыг буруутгадаг зүйл байдаг. Гэвч Б.Ц нь өөрийн эрх мэдлийн хүрээнд тус хүмүүст хариуцлага тооцуулах ажлыг хийж байсан. ... Албан тушаалтнуудаа, шийдвэр гүйцэтгэгч нараа буруутгахаас гадна Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэргэжилтэн, албан хаагчдад тус системд юу болохгүй байгаа, хүмүүс албан үүргээ гүйцэтгэхэд яг юу дутагдаад байгаа юм? Үүнийг шинжлэн судалж, гаргаж ирэх ёстой. Үүнд үндэслээд хариу арга хэмжээ авах ёстой.

Өмнө нь 20 хувь бууруулсан тушаалд гомдолтой байна. Би алдаа дутагдал гаргасан зүйлгүй гэж тайлбарлаж байсан боловч тухайн хүнд байгууллагын нэр хүнд, бусдын бодоод өөрийгөө золиосолсон. Үүний талаар шүүхийн байгууллагад хандаад явсан зүйл байхгүй, үүгээр мөн хохирч байгаа ... Захиргааны байгууллага аливаа шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн сонсох ажиллагааг явуулах ёстой. Мөн өөрийг нь ийм зүйлд буруутгаж байна, шалгалт явуулсан, шалгалтаар ийм үр дүн гарсан, өөрт нь хамааралтай дүгнэлт гарсан, үүнийг дээш нь уламжлаад, ийм арга хэмжээ авах гэж байна гэх мэт бүх зүйлийг тайлагнаад, сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл сонсох ажиллагаа хийгээгүй. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, албан тушаалтанд эргүүлэн хүргүүлж, тушаал буурсан хугацаанд цалингийн зөрүүг олгуулж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын -ний өдрийн Б/177 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр, 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс ******* дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл авч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрэн сурвалжлах хэлтсийн эрэн сурвалжлах ажилтнаар томилогдсон.

Б.Цын гаргасан гомдлоор албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар хяналт шалгалтыг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын аргачилсан заавар”-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль, журамд зааснаар хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт яву, тус шалгалтаар илэрсэн 13 зөрчлийг арилгуулж, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй алба хаагч нарт сахилгын арга хэмжээ авхуулах тухай 2023 оны 03 дугаар сарын -ний өдрийн 05 дугаар Прокурорын шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад ирүүлсэн байна. Дээрх Прокурорын шаардлагын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн ажлыг шалган зааварчилсан. Тус шалгалтаар 2023 оны 03 дугаар сарын -ний өдрийн 05 дугаар Прокурорын шаардлагад дурдагдсан зөрчлүүдэд тогтоогдож Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Цт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/5 дүгээр тушаалаар “албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

2. Монгол улсын Ерөнхий прокурорын газраас “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журам болон ялтанд тогтоосон хориглолт хязгаарлалтыг техникийн хяналтын санд үнэн зөв бүртгэсэн эсэх”-ийг улсын хэмжээнд 2023 оны байдлаар нэгдсэн удирдамжаар шалгаж тус шалгалтын дүнд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар Прокурорын шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад ирүүлсэн байна. Уг прокурорын шаардлагад ахмад Б.Цын хариуцсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх тасгийн хэмжээнд ноцтой зөрчил заагдсан бөгөөд үүнийг ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт сул, хууль, журамд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

3. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх ажиллагааг шалган зааварчлах ажлыг төлөвлөсний дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Нийтэд тустай ажил хийлгэх ялтай 129, зорчих эрхийг хязгаарлах ялтай 575 ялтны хувийн хэрийг татан хянаж шалган зааварчилсан байна.

Дээрх шалгалтаар ахмад Б.Цын хариуцан ажиллаж байсан ******* дүүргийн хэлтсийн Нийтэд тустай ажил хийлгэх ял, Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам болон бусад холбогдох журам, зааврыг мөрдөж ажиллаагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт сул, шийдвэр гүйцэтгэгч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлүүд шалгагч нарын шалгалтын тайлан, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудсанд дурдагдсан.

Дээрх илтгэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Цт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад танилцуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар ахмад Б.Цт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-т заасны дагуу “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ахмад Б.Цт Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, холбогдох баримт материалыг бүрдүүлсэн нь хуульд нийцсэн болохыг хариу тайлбар болгож хүргүүлэвгэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ц 2023 оны 05 дугаар сард албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ нь зорчих эрхийг хязгаарлах ялын нөхцөл, журмыг зөрчсөн гэдэг байдлаар прокурорын шаардлага, прокурорын шалгалтын удирдамжийг үндэслэж арга хэмжээ тооцогдсон байдаг. Ахмад Б.Ц 2023 оны 10 дугаар сард хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас хийгдсэн шалгалтын хүрээнд дахин хариуцлага оногдуулсан. 1 жилд өмнөх сахилгын шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад дахин ажил үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалыг нь бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан байдаг. Б.Ц би хамгийн сайн ажилтан байсан гэх тайлбарыг өгч байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02/24422 дугаартай албан бичгээр ирүүлсэн шалгалтын хариу хүргүүлэх тухай үүргийн биелэлтийг ирүүлсэн албан бичгээс тодорхой зүйлсийг дурдъя.

Тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичигт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллага ... Тус зөвлөгөөнөөс зорчих эрхийг хязгаарлах, ял эдлүүлэх ажиллагаа, нийтэд тустай ажил хийлгэх, ял эдлүүлэх ажиллагааны хувийн хэрэгт, ялтны зургийг хавсаргахгүй байх үүргийг прокуророос өгсөн. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ орхигдуулсан зөрчлийг дахин давтан гаргахгүй байх үүргийг өгсөн гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар буюу Б.Цын ажиллаж байсан газраас ирүүлсэн хариу албан бичигт дурдсан байгаа. Иймд 11 дүгээр сард хийсэн зөвлөгөөнд ******* дүүргийн хяналтын прокурорууд нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Цт шийдвэр гүйцэтгэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ орхигдуулсан тус зөрчлийг дахин давтан битгий гарга гэдэг үүргийг прокуророос өгсөн байна. Мөн албаны шалгалттай холбоотой 11 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөө төлөвлөгөөний зорилго нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/2337 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу нийтэд тустай ажил хийх болон зорчих эрхийг хязгаарлах ялын гүйцэтгэх баримт бичигт илэрсэн зөрчлийг арилгах, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, мэдээ судалгааг үнэн зөв гаргах, мөн хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хууль журмын дагуу зохион байгуулж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан алдаа зөрчлийг арилгах чиглэлээр төлөвлөгөөгөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд хурандаа н.И******* 11 дүгээр сарын 08-ны өдөр батлан хэрэгжүүлсэн байгаа. Тус төлөвлөгөөний 3.1-д нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын гүйцэтгэх баримт бичигт илэрсэн зөрчлийг арилгасан талаарх ажлын танилцуулгыг нэгтгэж танилцуул гээд ахлахууддаа хариуцуулсан. Мөн 3.2-т илэрсэн зөрчлийг арилгасан талаарх танилцуулгыг нэгтгэн танилцуул гэсэн төлөвлөгөө баталсан. Иймд албанаас явуулсан үүргийн хүрээнд биш, тухайн нэгжийнх өөрсдийн зохион байгуулсан ажлын төлөвлөгөө болон хариу ирүүлсэн албан бичгийг дурдахад ахмад Б.Ц шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй зөрчлийг удаа дараа гаргадаг байсан байна. Тус шалгалтын дүнгээр илрүүлсэн зөрчлүүд нь үнэн бодитой байна гэдгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн үүргийн биелэлт болон тус төлөвлөгөөгөөр нотлогдоно.

Оргон зайлсан ялтан М.З болон Ц.М нарт холбогдох нотлох баримтууд байгаа. Үүнд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн удирдах ажилтан хувийн хэрэгтэй танилцсан тэмдэглэл гэдэг хуудас байдаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан маягт, загвар байдаг. Тус тэмдэглэлд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Ц нэг удаа ч хувийн хэрэгтэй танилцаагүй, гарын үсэг зурагдаагүй баримт харагдаж байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих болон мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам гээд Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан журмын 2.2.1-д ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ялтны хувийн хэрэгтэй сар бүр танилцаж, хяналт тавина, 2.2.3-т нь удирдах ажилтан нь хувийн эрхтэй танилцсан тухай тэмдэглэлийг хөтөлнө, шаардлагатай тохиолдолд илэрсэн зөрчлийг арилгах талаар шийдвэр гүйцэтгэгчийг үүрэг, чиглэлээр ханган, заавар зөвлөмжөөр хангаж ажиллана, 2.2.5-д ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэхээс гаргасан санал, хувийн хэрэгтэй танилцаж, саналаа хууль, журамд заасан хугацаанд үндэслэлтэй гаргасан болон хувийн хэргийн бүрдлийг хянана гээд хяналт тавих журамд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүргийг тодорхой заасан байдаг боловч шалгалтын явцад хувийн хэрэгтэй танилцдаг, зарим хувийн хэрэгтэй огт танилцаагүй.  Тодорхой хууль, журам зөрчсөн нь үүгээр нотлогдоно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д зааснаар харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл болон үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх ёстой гээд, 37.1.13-д зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гээд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байдаг. Тус үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй, удаа дараа өмнөх 2023 оны 05 дугаар сард гарсан сахилгын зөрчилд дүгнэлт хийгээгүй байна. Би зөвхөн даргын албан тушаалд ажиллах ёстой гэж өөрөө өөртөө бат итгэж, итгэл үнэмшилтэй ханддаг юм байна гэж ойлголоо. Иймд Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, мөн холбогдох Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улсын ерөнхий прокурорын хамтран хийсэн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журмуудыг удаа дараа зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцсон” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхий агуулга, утга санааг бэлдсэн байсан. Үүнийг Б.С дэд хурандаа танилцууллаа. н.С*******гийн талаар яагаад зөрчил гаргасан, зөрчлийг нь яагаад зөрчилд тооцсон талаар тайлбар хэлье. Б.Цын хэлээд байгаа зөв. Прокурор нь солихгүй байхад солиод, би ял солих саналаа гаргачхаад байгаа прокурор нь солихгүй арга хэмжээ авсан, прокурорын тогтоол буцаасан. Тус тогтоолд хууль зүйн үндэслэлтэй биш, зарим холбогдох ажиллагаагаа хий гэсэн.

Ахмад Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах, ял эдлүүлэх тасгийн дарга байж байхад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад ноцтой зөрчил гаргасан тул эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах талаар прокурорын шаардлага ирүүлсэн. Прокурорын шаардлагын дүгнэлт хэсэгт 2 дахь өгүүлбэр байгаа. Тус зөрчлүүд дугаарлагдсан байгаа, нийт 13 зөрчлөөс дурдсан байгаа. Ахлах шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээ нь өөрөө ахлах шийдвэр гүйцэтгэгч, давхар шийдвэр гүйцэтгэгчийн эрхтэй, мөн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах эрх үүрэгтэй байдаг. Прокурорын шаардлагын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр удирдамж гаргаад, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын баталсан удирдамж гараад, тус удирдамжаар Сүхбаатар дүүрэгт прокурорын шаардлагад заагдсан зөрчлүүд нь үндэслэлтэй байгаа эсэх нь тогтоогдсон.

6 дүүрэгт шийдвэр гүйцэтгэгч нар нэг ялаар дагнаж байгаа. Анх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, алба 2 ял ялаар, нийтэд тустай ажил хийлгэх, торгох эрх, хасах гэсэн чиглэлүүдээр 6 дүүргээ хариуцаж байсан.

Зорчих эрхийг хязгаарлах ял нийтэд тустай ажил хийлгэх ялын хяналтын хуваариас харьцангуй их байдаг. Иймд нэг дор бөөнд нь татаж, шалгалт хийх боломжгүй учраас 1-2 сарын хугацаанд нэг дүүргийг тус тусад нь татаж шалгасан. Зөрчлийн тэмдэглэл гээд байгаа. Дүүрэг бүрд, ялтан тус бүрд зөрчлийн тэмдэглэл хийгдээд явж байгаа. Тухайн хийгдсэн нэгдсэн танилцуулгад албаны даргад заагдсан тус бүрийн зөрчлүүд нь танилцуулагдаад орсон. Сүүлийн шалгалтад зөвхөн Б.Ц ахмад ганцаараа арга хэмжээнд санал ороогүй. Энэ хүнтэй дагаж Чингэлтэй дүүргийн ахлахыг шийдвэр гүйцэтгэгч өмнө нь арга хэмжээгүй байсан, яг адилхан албан тушаал бууруулах саналтайгаар бид ерөнхий газрын даргад танилцуулагдаж явсан. Нийт 3 ахлах шийдвэр гүйцэтгэгчид хариуцлагын асуудал яригдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх гээд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд нэмээд 3 үндсэн заалт байгаа. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хувьд Нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэх гэдэг нь удирдагч, манлайлагч, доороо 10 шийдвэр гүйцэтгэгчтэй, 8 шийдвэр гүйцэтгэгч, тасаг, хэлтэс хариуцаж явдаг. Орон нутагт 1-2 албан хаагчтай, тасгийн дарга гэсэн орон тоо байхгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гэдгээр. Иймд тус хүн өөрөө удирдан зохион байгуулагч. Яагаад дүрэм журмын 2.1, 2.3-т заасан ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байгаа вэ? Яагаад хэрэгцээтэй байгаа юм бэ? Шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох, тогтоол шийдвэр гаргах гэх мэт бүх ажиллагааг хариуцна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.Цаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Төлөвлөгөөт шалгалт хийж байгаа гэж хэлээд шалгалтын төлөвлөгөөгөө танилцуулаагүй, тушаал шийдвэрээ танилцуулаагүй, тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр баримт бүрдүүлж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй,

- Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, ... шалгалтын дүнг танилцуулаагүй...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын,

2.1. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/3 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилсон.

2.2. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/5 дүгээр тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Цт “албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан. 

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/6 дүгээр тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогду тус газрын алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилсны дотор Б.Цыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зорчих ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, ******* дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилсон байна. 

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Цт албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, урьд зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй нь шалгалтаар тогтоогдсон тул 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногду, мөн өдрөөс тус газрын Эрэн сурвалжлах хэлтсийн эрэн сурвалжлах ажилтнаар албан тушаал бууру томилжээ.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.2.2-т “шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах”, 271.2.4-т “гүйцэтгэх баримт бичиг, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан болон төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх, ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэн гаргах” гэж, 281 дүгээр зүйлийн 281.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь сахилгын шийтгэл оногдуулна:”, 281.1.4-т “албан тушаал бууруулах”, 282 дугаар зүйлийн 282.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэнэ” гэж заажээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”-ийг албан тушаалын тодорхойлолт гэж тодорхойлсон ба 23 дугаар зүйлийн 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж, 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, 45.1.3-т “хуульд заасан бусад үндэслэл”-ээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан ба 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхарду ногдуулахыг хориглоно”, 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан байна. 

6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна:”, 1.3.3-т “хууль  тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/96 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.1-т “Алба хаагч үйл ажиллагаандаа хууль тогтоомж, эрх зүйн актаар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, урву ашигласан, холбогдох журам, зааврыг баримталж ажиллаагүй тохиолдолд зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус журамлажээ.

7. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж буй “...албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх үндэслэл нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тохиолдлыг ойлгохоор байна.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 1/4078 албан бичгээр нотлох баримт ирүүлэхийг мэдэгдсэн боловч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/12254 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дүгээр тушаалаар батлагдсан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалын тодорхойлолтыг ирүүлээд, харин ******* дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалын тодорхойлолтыг ирүүлсэнгүй(2 дугаар хавтаст хэргийн 181 дэх тал).

9. Нэхэмжлэгчээс “... байгууллагын бүтцийн өөрчлөлтөөс хойш ******* дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалын тодорхойлолтыг батлаагүй” хэмээн тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ тухайд маргаагүй, мөн дээрх албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж гаргаж ирүүлээгүй.

10. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасаг нь нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд зөвхөн энэ ялын гүйцэтгэлийг хариуцдаг байсан бол маргаж буй ******* дүүргийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс нь тухайн дүүргийн хэмжээнд 4 төрлийн ял(нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, торгох, эрх хасах), 7 төрлийн албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хариуцдаг болсон гэж хэргийн оролцогчдоос тайлбарлав.  

11. Энэ тохиолдолд хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ямар албан үүрэг гүйцэтгэх нь тодорхой бус байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дурдаж байгаа зөрчлүүд нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай, зөрчилд тооцогдох эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

12. Өөрөөр хэлбэл, албан тушаалын тодорхойлолт батлах үүрэг нь томилох эрх бүхий этгээдэд хадгалагдаж байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, тухайн албан тушаалын гүйцэтгэх үүрэг тодорхойгүй тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй, харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/129 дүгээр тушаалаар “... 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган хамт олноо манлайлан ажилласан тул шагнаж урамшуулсугай” гэсний дотор “Ажил мэргэжлийн аварга” Б.Ц, ******* дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч гэснээс үзвэл, нэхэмжлэгч нь албан тушаалын чиг үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нь хуулиар хүлээлгэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон” гэж маргасан.

13.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг хуульчилсан байх ба “гүйцэтгэх баримт бичиг болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх, гүйцэтгэх баримт бичиг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цахим бүртгэл хөтлөх, мэдээ тайлан гаргах, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил илэрсэн тохиолдол бүрд шалгалт хийж шалтгаан, нөхцөлийг тогтоох, хуульд заасан арга хэмжээ авах энэ хуульд заасны дагуу хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хорих ялаар солих саналыг прокурорт гаргах” үүргийг шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хэн аль нь хэрэгжүүлэх боломжтой байна.

13.2. Мөн нэхэмжлэгчээс “аль шийдвэр гүйцэтгэгч ямар ял, албадлагын арга хэмжээний гүйцэтгэл хариуцахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргатай зөвшилцөж амаар хуваарилдаг, эрэн сурвалжлах ажилтан тусдаа ажилладаг, мэдээ тайланг хугацаанд нэгтгэж хүргүүлж байсан” гэж тайлбарласан.

13.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Нийтэд тустай ажил хийх, ял эдлүүлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч н.Б******* хариуцаж байгаа, ... Нэр бүхий 8 ялтанд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулаагүй, зарим ялтан дээр эрэн сурвалжлах тогтоол үйлдэгдээгүй, эрэн сурвалжлагдаж байгаа ялтнуудын судалгааг ирүүлээгүй, нуун дарагдуулсан, худал ирүүлсэн....” гэж тайлбарласан.  

13.4. Энэ тохиолдолд ялтныг эрэн сурвалжлах, уг ажлыг зохион байгуулах, тайлан судалгааг гаргах, нэгтгэх чиг үүрэг нь хэлтсийн даргаас албан үүргээ  гүйцэтгээгүй гэж үзэх шууд үндэслэл болохооргүй байна.

13.5. Өөрөөр хэлбэл, ******* дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ******* дүүрэгт хорихоос өөр төрлийн ял эдэлж буй нийт ялтан(нэхэмжлэгчээс 1000 гаруй хүн хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа гэж тайлбарласан)-ы ялын гүйцэтгэлийг биечлэн хариуцах бодит боломжгүй нь илэрхийн зэрэгцээ хуульд тодорхой төрлийн ял эдлүүлэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс гадна шийдвэр гүйцэтгэгч хэн аль нь хэрэгжүүлэхээр заасан байхад хариуцагч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хүлээсэн зарим чиг үүрэг, тодруулбал, хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.1, 271.1.6, 271.1.14-т болон 271.2-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1-д зааснаас гадна ...” гэж заасан бүрэн эрх хэрхэн хэрэгжүүлэхийг урьдчилан албан тушаалын тодорхойлолтоор тогтоож тодорхой болгоогүй атлаа уг үүргийг хэрэгжүүлээгүйд дан ганц ахлах шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах боломжгүй юм.

13.6. Иймд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх мэргэжлийн үйл ажиллагааны хэрэгжилт хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хэний буруутай үйл ажиллагаанаас хамааралтайгаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээгүй, тайлан мэдээ зөрүүтэй гарсан болохыг шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасанд нийцээгүй шийдвэр болжээ. 

 

14. Шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжил арга зүйгээр хангаагүй гэх зөрчлийн тухайд:

14.1. ******* дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Цаас шийдвэр гүйцэтгэгч Т.Э, Х.Э, Б.Б, Б.Х, Н.Н, Ж.А, У.О, Д.С, Д.А, Д.Б*******, Ч.О, Ч.О, П.О, Д.Н, М.О нарт нийт 16 удаа албан даалгаврыг,  шийдвэр гүйцэтгэгч У.Оод үүрэг хангах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан байна. Үүнд:

14.1.1. Албан даалгавар:

а. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 126 дугаар албан даалгавраар ахлах дэслэгч Т.Эт,

б. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04/178 дугаар албан даалгавраар ахлах дэслэгч Х.Э, Б.Б нарт,

в. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04/114 дугаартай албан даалгавраар дэслэгч Б.Х, Н.Н нарт,

г. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/125, 4/126 дугаар албан даалгавраар дэслэгч Ж.А, У.О нарт,

д. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/53 дугаар албан даалгавраар дэслэгч Д.С, Д.А нарт,

е. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/02, 4/03 дугаар албан даалгавраар дэслэгч Д.Ад, Д.С нарт,

ё. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/09, 4/10 дугаар албан даалгавраар дэслэгч Д.Б*******од, Ч.Оод,

ж. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4/12, 4/13 дугаар албан даалгавраар дэслэгч Ч.О, Х.Эад,

з. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар албан даалгавраар дэслэгч П.Оад,

и. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар албан даалгавраар дэслэгч Х.Э, У.О, Д.С нарт,

й. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/53 дугаар албан даалгавраар дэслэгч У.О, Д.Н нарт,

к. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04/75 дугаар албан даалгавраар дэслэгч Ч.О, М.О нарт,

14.1.2. Үүрэг:

а. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дэслэгч У.Оод,

б. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий шийдвэр гүйцэтгэгч нарт тус тус хүргүүлсэн.

14.2. Б.Цаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Д.Б*******од цэргийн цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах сахилгын шийтгэл оногдуулах санал хүргүүлсэн байна.

14.3. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Цаас дараах байдлаар илтгэх хуудсыг хүргүүлж байсан байна. Үүнд:

а. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийтийн албанд томилогдох эрх хасах ялын гүйцэтгэх баримт бичигт шалгалт явуулсан талаарх илтгэх хуудас,

б. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тэнсэх албадлага, хугацааны өмнө, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах гүйцэтгэх баримт бичигт шалгалт явуулсан талаарх илтгэх хуудас,

в. Хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нар ажил үүргээ хууль журмын хүрээнд гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгч нарт үүрэг болгосон тухай илтгэх хуудас,

г. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичигт шалгалт явуулсан талаарх илтгэх хуудас.

д. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийтийн аланд томилогдох эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнуудын гүйцэтгэх баримт бичигт шалгалт явуулсан талаарх илтгэх хуудас.

14.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.2-т заасан “шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах” талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх нь шийдвэр гүйцэтгэгчээс албан үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн болоод арга зүйн, түүнчлэн ажлын зохион байгуулалтын туслалцаа шаардлагатай болсон тохиолдолд, зөвлөх дэмжих байдлаар хэрэгжихээр байна.

14.5. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн удирдлагад ажиллаж байсан алба хаагчдаас мэргэжил арга зүйн туслалцаа хүсч байсан эсэх, Б.Ц нь шийдвэр гүйцэтгэгчийн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар ямар ажил хэрэгжүүлсэн талаарх баримтыг огт цуглуулаагүй атлаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйд буруутгах боломжгүй, энэхүү мэргэжлийн үйл ажиллагаа нь хуулиар ахлах шийдвэр гүйцэтгэгчид шууд хариуцуулсан чиг үүрэг биш юм.

 

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хяналт шалгалт явуулах журмын 3.1.1-д “Хяналт шалгалтын үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх”, 11.2-д “Шалгагч нь дараах үүргийг хүлээнэ:”, 11.2.2-т “Шалгагдсан нэгж, алба хаагчид шалгалтын дүнг танилцуулах”, 13.2-т “Шалгалтын дүнг танилцуулахдаа энэ журмын 9.6-д заасныг баримтална”, 9.6-д “Шалгалтын дүнг шалгуулсан байгууллагын хамт олны хуралд танилцуулна. Танилцуулахдаа төрийн болон албаны, хувь хүний нууц, аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд холбогдох мэдээллийг нууцалж, албан ёсны тэмдэглэл хөтлөх” гэж заажээ.

16. Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.4-т “Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу алгагч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ:”, 2.4.1-2.4.5-д сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой ...уулзаж тайлбар тодруулга авах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах, ... дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, ... зэрэг журмыг хэрэгжүүлэхээр, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцу:” заасан байхад хариуцагч захиргааны байгууллагаас уг журмыг хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлсэнгүй.

17. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын Төлөвлөгөөт шалгалт хийж байгаа гэж хэлээд шалгалтын төлөвлөгөөгөө танилцуулаагүй, тушаал шийдвэрээ танилцуулаагүй, тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр баримт бүрдүүлж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, ... сахилгын шийтгэл ногдуулах журмыг хэрэгжүүлээгүй...” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

18. Ялтны хувийн хэрэгт гарын үсэг зураагүй, хяналт тавиагүй гэх зөрчлийн тухайд:

18.1.  ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 766 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Мад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/20209 тоот албан бичгээр ялтан Ц.Мад ял солих санал хүргүүлж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 3055 дугаар захирамжаар Ц.Мад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 204 цаг тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 25 хоног хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

18.2. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1093 дугаар шийтгэх тогтоолоор М.Зд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04/21794 тоот албан бичгээр ял солих санал хүргүүлж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын -ний өдрийн 223/ШЗ/2968 дугаар захирамжаар М.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 216 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож 27 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

18.3. Ц.М, М.З нарын хувийн хэрэг дэх “Удирдах ажилтнаас хяналтын хувийн хэрэгтэй танилцсан тэмдэглэл” хүснэгтэд ахлах шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зураагүй байна.

18.4. ******* дүүргийн Прокурорын газраас,

18.4.1. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/3936 тоот албан бичгээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны хувийн хэргийг,

18.4.2. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдийн 1/5383 тоот албан бичгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтны хувийн хэргийг,

18.4.3. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/5553 тоот албан бичгээр торгох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн болон хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хувийн хэргийг ирүүлэхийг мэдэгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/5628 тоот албан бичгээр торгох ял, зорчих эрхийг хязгаарлах, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан нийт 324 хувийн хэргүүдийг буцаан хүргүүлсэн.

18.4.4. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/5983 тоот албан бичгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтнуудын хувийн хэрэг, материалыг ирүүлэхийг мэдэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/6732 тоот албан бичгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 120 ялтны хувийн хэргүүдийг татаж хянаад буцаан хүргүүлсэн.

18.4.5. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/6805 тоот албан бичгээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын гүйцэтгэх баримт бичиг, хувийн хэргүүдийг ирүүлэхийг мэдэгдсэн.

18.4.6. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/6994 тоот албан бичгээр торгох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтнуудын хувийн хэрэг болон тэнсэх албадлагын арга хэмжээ авсан нийт, хувийн хэрэг материалуудыг ирүүлэхийг мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/7261 тоот албан бичгээр торгох ялаар шийтгүүлсэн 196, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 96, эрх хасах ялаар шийтгүүлсэн 66 ялтны хувийн хэргүүдийг татаж хянаад буцаан хүргүүлсэн.

19. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудаст “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 6 дүүргийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 129, зорчих эрх хязгаарлах ялын 575 хяналтын хувийн татан төвлөрүүлж шалган зааварчлах ажиллагаа хийж гүйцэтгэлээ” гэжээ.

20. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн “... хувийн хэргүүдийн прокурор татаж хянаад тодорхойгүй хугацаагаар аваад явчихдаг, маш олон шалгалтууд хийгдэж хувийн хэргүүдийг татдаг тул тухайн ялтнуудын хувийн хэрэгтэй танилцах боломж олдоогүй” гэх агуулга бүхий тайлбарыг мөн буруутгах боломжгүй.

21. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.7-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий нэгж /алба хаагч/-тэй байна”, гэж заасны зэрэгцээ 271 дүгээр зүйлийн 271.1.14-д зааснаар “шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн этгээдийг эрэн сурвалжлах, уг зорилгоор төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ хаягийг тогтоох зорилгоор шаардлагатай лавлагаа, мэдээлэл авах” шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарч байх ба тус дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс эрэн сурвалжлах ажилтнаар н.Х ажилладаг талаар оролцогчид маргаагүй.

22. ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цид 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/20349 тоот хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлсний зэрэгцээ ял эдлэхээс зайлсхийсэн гэх нэр бүхий ялтнуудын мэдээлэл цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах системд бүртгэгдсэн байна.

23. Энэ тохиолдолд ял эдлэхээс зайлсхийсэн ялтныг эрэн сурвалжлах, мөн ажлыг зохион байгуулах ажил нь эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий алба хаагчийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байрны алиных нь чиг үүрэгт хамаарах нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн “... эрэн сурвалжлах тусгай ажилд би оролцох боломжгүй” гэх тайлбарт шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

24. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 23 дугаар зүйлийн 23.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Цаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогду гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.Цыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү олгохыг даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ