Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

М.Г, С.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч М.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Г, С.О нарт холбогдох 2210 00903 0904 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Т овгийн М-н Г, 1995 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний ... дугаар ангид артиллерийн тагнуулын удирдах батарейны байр зүйч телефончноор ажиллаж байсан, одоо артиллерийн тагнуулын удирдах батарейны дуу чимээний тагнуулын удирдах салааны дуу чимээний баазын дуу чимээний оператор-жолооч ажилтай, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн ... сумын ... дүгээр баг, ...-д оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Б овгийн С-ийн О, 1995 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний ... дугаар ангид холбооны зангилгааны даргаар ажиллаж байсан, одоо Зэвсэгт хүчний ... дүгээр ангид холбооны офицер ажилтай, ам бүл ганцаар Багахангай дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

М.Г нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэргийн ангид архидан согтуурч, хугацаат цэргийн албан хаагч Б.С, А.А, Э.С нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, зодсон,

С.О нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 13-14 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэргийн ангид баяр тэмдэглэн архидан согтуурч, хугацаат цэргийн алба хаагч Б.С, А.А, Д.Д нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: М.Г, С.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт С-ийн О, Т овогт М-н Г нарыг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-ийн О, Т овогт М-н Г тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.О, М.Г нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.О, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г, С.О нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Г, С.О нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба анхны мөрдөн байцаалтаас хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа харамсаж, гэмшиж байгаа юм. М.Г, С.О нар нь Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн цолыг хурааж, тушаал бууруулан цэрэггүй салбарт шилжүүлсэн. С.О-ыг ... дүгээр ангид, М.Г-ыг Зэвсэгт хүчний ... дугаар ангидаа тушаал бууруулсан байдаг. М.Г, С.О нарын хувийн байдлын хувьд анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, ажилсан, ажил албан тушаалдаа идэвх санаачилгатай ханддаг, тэргүүний сай ажилтан, офицер нар мөн ба анги хамт олны тодорхойлолт нь үүнийг гэрчилнэ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талаас авч үзэлгүй, хэт нэг талыг барьж шийтгэх тогтоол гаргасан. Шийтгэх тогтоолын шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт хэсэгт С.О-ыг хохирогч, байлдагч Э.Сүхбатын эрүүл мэндэд зүүн завжны дотор салстад язрал гэмтэл учруулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж болохоор заасан байхад дээрхтэй холбоотой хөнгөрүүлэх нөхцөлүүдээс огт хэрэглэсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор заасан байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, С.О нарыг тус бүр 6 сарын хорих ял шийтгэсэн, шийтгэх тогтоолд зүйлчлэлд өөрчлөлт оруулахгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар ямар нэг гомдол саналгүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г, С.О нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, хамт олны дунд хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Зэвсэгт хүчний ... дугаар ангид байр зүйч радио телефончин албан тушаалд ажилладаг. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жижүүртэй байх хугацаандаа хугацаат цэргийн албан хаагчидтай дүрмийн бус харьцаж, хууль бус үйлдэл гаргасан нь үнэн болно. Би энэ болчимгүй үйлдэлдээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Миний ажилласан жил болон эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлж өгнө үү. ...Хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарлаа. Хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэг, гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар үндсэн цалинг 2 сар 20 хувь хасах, албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй, Зэвсэгт хүчний ... дүгээр анги руу албан тушаал бууруулан шилжүүлэх гэсэн гурван удаагийн захиргааны арга хэмжээ авахуулсан буюу шийтгүүлсэн.  Хохирогч нарыг өөрийн зардлаар шүүх эмнэлэг болон бусад үзлэг, эмчилгээнд хамруулсан, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болон ажил мэргэжил, албан тушаалын хувьд ажиллах хугацаандаа гүйцэтгэлийн үнэлгээг онц, сайн дүгнүүлж, ямар нэгэн захиргааны арга хэмжээ, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Мөн хуулиас гадуур зүйл хийх, хариуцлага алдах нь ямар хор уршигтай, бие болон сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг ухаарч, маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж, боломж олгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч М.Г, С.О нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзэхэд тэнсэх нөхцөл байдал харагдахгүй байна. Учир нь төрийн тусгай албан хаагчийн чиг үүргийг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цэргийн албан хаагчидтай зүй бусаар харьцан биед нь халдсан үйлдэлд нь анхан шатны шүүхээс тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч М.Г, С.О нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, төрийн тусгай албаны чиг үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн алба хаагч нартай дүрмийн бусаар харьцаж, хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх М.Г, С.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч М.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.

Хэргийг бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Э.С-ын: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай бие бүрэлдэхүүн хоол идсэний дараа ахлах дэслэгч С.О анги салбаруудыг жагсаалын талбай дээр жагсаагаад тус талбайг тойруулж гүйлгэсэн бөгөөд бага дарга нарыг жагсаалаас гаргаж ирээд “Цэргүүдээ олигтой харж анзаарч явсангүй” гэж хэлээд гараараа нүүр рүү нь бүгдийг нь цохисон. Тухайн үед С.О ахлан дэслэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үед Б.С, Д.Д, А.А нар цохиулсан. ...Мөн орой хоол идэж байх үед ахлах дэслэгч С.О хоолны газарт орж ирээд Б.С-ийг “Мөрдөсгүй явлаа, цолоо голж байна уу” гэж хэлээд бид нарын нүдэн дээр нүүрэн тус газар нь 5-6 удаа гараараа цохисон. 20 цагийн үед бид нарыг цэргийн байрандаа байж байх үед ахлагч М.Г орж ирээд бид нарыг жагсаагаад бага дарга нар болох Б.С, А.А нарыг дуудан гаргаж ирээд Б.С-ийг цолоо голсон гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад дотор хэсгээр нь 10 орчим удаа цохисон. А.А-ийг хамруулаад шалтгаангүйгээр гараараа цээж болон нүүрэн тус газар нь 10 гаруй удаа цохисон. ...Тухайн үйл явдал болж байх үед би ахлагч М.Г-ыг болиулах гэж “Та хүнийг арай ч ингэж болохгүй шүү дээ” гэж хэлэх үед М.Г ахлагч намайг жагсаалаас дуудаж гаргаж ирээд миний нүүр рүү гараараа 10 гаруй удаа цохисон. ...” /1хх 57/,

хохирогч Д.Д-ийн: “...С.О ахлах дэслэгч нэгдүгээр ээлжээр цайнд орсон цэргүүдийг гадаа талбайд жагсаасан байсан. С.О ахлах дэслэгч бүх цэргүүдийг жагсаалын талбай тойруулж гүйлгээд бага дарга нарыг жагсаалаас гаргаж Б.С, А.А бид гурвын зүүн шанаа хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. ...Б.С, А.А бид гурвын зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход амнаас нь архи үнэртэж байсан. ...” /1хх 60/,

хохирогч А.А-ийн: “...Ахлах дэслэгч С.О гар дээр сунайлгаж, зүүн эрүү рүү хоёроос гурван удаа, аймхай руу нэг удаа цохисон. ...Оройн хоолны дараа жижүүрийн ахлагч М.Г бага дарга нараас нэг шил архины мөнгө зохицуулаад өгөөч гэж гуйсан. ...Ахлагч М.Г дэд түрүүч Б.С-ийг “Жагсаалаас гар” гэсэн. Тэгээд “Чи өгсөн цол голоод байна уу” гээд нүүр рүү нь цохиж байгаа харагдаж байсан. Тэгээд бага дарга нарыг “Жагсаалаас гар” гээд жижүүрийн ширээний дэргэд зодсон. Миний чихийг ахлагч М.Г 2022 оны 02 дугаар сард цохиж гэмтээж байсан. Тэгээд “Чи одоо халагдаад надаас мөнгө нэхэх үү, чи ингээд нэхээрэй” гээд зүүн шанаа руу 10 гаруй удаа, мөн баруун шанаа руу нэг удаа цохисон. ...” /1хх 63-64/,

хохирогч Б.С-ийн: “...Тухайн үед С.О архи үнэртүүлсэн байсан. Байлдагч нарыг жагсаалын талбай тойруулан гүйлгэж, бага дарга нарыг жагсаалаас гаргаж, нэгээс хоёр удаа цээж рүү нь цохисон. Би бага дарга учир С.О ахлах дэслэгч намайг жагсаалаас гаргаж, баруун гараараа нүүрэн хэсэгт 1 удаа, цээж хэсэгт 1 удаа цохисон. ...Ахлагч М.Г над дээр ирээд “Чи яахаараа мөрдөсгүй байдаг юм, цолоо голлоо” гээд баруун гараараа зүүн шанаанд 3-аас 4 удаа цохисон. Мөн хамт байсан зарим байлдагч, бага дарга нарыг цохисон. ...Ахлах дэслэгч С.О, М.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи үнэртүүлсэн байсан. ...Э.Сүхбат, А.Ангараг, Д.Дүүрэнбилэг нарыг цохисон. ...” /1хх 67/,

шүүгдэгч С.О-ын: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 19-ний 10:00 цагийн хооронд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн хороон жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Бага дарга нарыг жагсаалаас гаргаж ирээд “Цэргүүдээ хариуцаж чадахгүй байна” гээд гар дээр суниалгасан. ...Тэгээд цэргүүдээ амраасан учраас баярын өдөр гээд нэг шил архи уугаад унтсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 148-149/,

шүүгдэгч М.Г-ын: “...Тухайн үед бүх бага дарга нарыг С.О “Хүмүүсээ хариуцаж чадахгүй байна” гээд хацар руу нь нэг нэг удаа гараа атгаж байгаад цохисон. ...Би Б.С-ийг “Чи мөрдсөө голоод байгаа юм уу” гэж хэлээн хацар руу нь нэг удаа алгадсан. Харин Э.С-ыг “Чи цэргүүдийг унтуулахгүй, амралтын цаг эхэлсэн байхад хөл хөдөлгөөнөө хянаж чадаагүй” гээд хацар руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...Тэгээд С.О надад “Нэг архи байна, уух юм уу” гэхээр нь би “За тэгье” гээд өрөөнд нь ороод нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 156-157/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч М.Г, С.О нарын албан тушаалын тодорхойлолт /121-123, 135-137/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 26-51/,

хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд “зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал” гэмтэл, хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэн, хэвлийд цус хуралт” гэмтэл, хохирогч А.А-ийн эрүүл мэндэд “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд өнгөц шарх” гэмтэл, хохирогч Э.С-ын эрүүл мэндэд “зүүн завжны дотор салстад язрал” гэмтэл учирсан болохыг тус тус тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4821, 4823, 4824, 4825 дугаар дүгнэлтүүд /1хх 74-75, 91-92, 97-98, 103-104/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.О нь Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ангийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа согтуурч, улмаар тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагч нартай “цэргүүдээ харж явсангүй, мөрдөсгүй явлаа, цолоо голлоо” зэрэг шалтгаанаар цэргийн дүрмийн бус харьцаж, зодсон, улмаар хохирогч, дэд түрүүч Б.С-ийн эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэн, хэвлийд цус хуралт” гэмтэл, хохирогч, дэд түрүүч А.А-ийн эрүүл мэндэд “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд өнгөц шарх” гэмтэл, хохирогч, байлдагч Э.С-ын эрүүл мэндэд “зүүн завжны дотор салстад язрал” гэмтэл, хохирогч, ахлах байлдагч Д.Д-ийн эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал” гэмтэл учруулсан,

шүүгдэгч М.Г нь Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангийн тийрэлтэд артиллерийн дивизоны жижүүрийн ажил үүргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэж байхдаа архидан согтуурч, улмаар тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагчидтай “мөрдөсгүй явлаа, цолоо голлоо” зэрэг шалтгаанаар дүрмийн бус харьцаж, хүч хэрэглэн хохирогч, дэд түрүүч Б.С-ийн эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэн, хэвлийд цус хуралт” гэмтэл, хохирогч, дэд түрүүч А.А-ийн эрүүл мэндэд “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд өнгөц шарх” гэмтэл, хохирогч, байлдагч Э.С-ын эрүүл мэндэд “зүүн завжны дотор салстад язрал” гэмтэл тус тус учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Дүрмийн бус байдлаар харьцана гэдгийг Монгол Улсын цэргийн дүрмээр тогтоосон журмыг илтэд зөрчиж, эрх чөлөөг нь хасан боогдуулан, дүрэмд заагаагүй үйлдэл хийлгүүлэх, үүрэг гүйцэтгүүлэхийг ойлгоно.

Цэргийн дотоод албаны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт цэргийн алба хаагч нь “эелдэг зан харилцааг эрхэмлэж, ... нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг ёсчлон сахих.” гэсэн нийтлэг үүргийг, мөн дүрмийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тасгийн захирагч нь “тасгийн бие бүрэлдэхүүний ... нэр төр, эрхийг хүндэтгэн хамгаалах, дүрмээр тогтоосон хэм хэмжээнд харьцаж удирдах” гэсэн тусгай үүргийг биелүүлэхээр тогтоожээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, ахлах дэслэгч С.О нь Зэвсэгт хүчний ... дугаар ангид холбооны зангилгааны даргын албан тушаал, ахлагч М.Г нь Зэвсэгт хүчний ... дугаар ангид артиллерийн тагнуулын удирдах батарейны байр зүйч телефончин ажилтай ба М.Г, С.О нар нь тухайн ангид жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцаж, зодсон байх бөгөөд цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн бус байдлаар өмссөн, алба хаагчид эмх замбараагүй байсан нь тэдгээрийн бусдын халдашгүй байх эрх, эрх чөлөөнд зүй бусаар халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч С.О, М.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлд заасан дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэргийн шинжийг хангасан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүгдэгч нарыг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын зүгээс “...хорих ялыг тэнсэж өгнө үү, ...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, С.О тус бүрийг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэгт тохирсон байх ба ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, энэ талаар мөн шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын “Хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, С.О нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ