Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 348

 

С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1613 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 114 дүгээр магадлалтай, С.Б-д холбогдох 1806052521576 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, Г овогт С-н Б.

С.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.А-тэй үл ялих зүйлээс болж маргалдан хөл рүү нь өшиглөн хугалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-г 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-д шүүхээс оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаас, С.Б-гийн урьд цагдан хоригдсон нийт 63 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож, нийт 945 нэгж буюу 945,000 төгрөгийг торгуулийн ялаас хасаж, 9,055,000 төгрөгөөр тогтоож, хохирогч С.А-эд нийт 1,740,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-г хоёр жил хорих ял шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-гийн цагдан хоригдсон нийт 63 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй”, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гээс ажилгүй байсан хугацааны цалин 4,610,000 төгрөг гаргуулж, хохирогч С.А-эд олгосугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа бичсэн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг давж заалдах шатны шүүхээс 2 жил хорих ял болгон хүндрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэж 1 дугаартай дүгнэлт гаргажээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.1-1.4 дэх заалтуудад өөрчлөлт оруулсан нь С.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна. Иймд С.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн магадлалд өөрчлөлт оруулуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг. Хэрэв шүүхийн хэрэглэсэн хуулийн тодорхой хэм хэмжээ  Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно.    

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.  

Тодруулбал, материаллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжтэй болдог тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар хэрэглэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, процессын зарим хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэггүй, гагцхүү эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нөхцөл болдог бөгөөд энэ нь эцсийн дүндээ тухайн хэм хэмжээний холимог шинж чанарын илэрхийлэл болно.           

Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессын хэм хэмжээ хүчингүй болсонтой шууд холбоотойгоор эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирах тул үүнийг зөвтгөн өөрчлөх нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хуулиар тогтоогоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх “nullum crimen sine lege”, үүнтэй харилцан ижил агуулгаар илэрхийлдэг хуулиар тогтоогоогүй бол ял шийтгэлгүй байх "nullum poena sine lege", түүнчлэн хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зэрэг зарчмуудын агуулга, үзэл санаанд нийцнэ.

Иймд эдгээр үндэслэлүүдийг баримтлан Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор С.Б-д оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлж тогтоосон заалтуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1613 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, С.Б-д оногдуулсан ялыг хүндрүүлж тогтоосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 114 дүгээр магадлалын холбогдох заалт, хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гийн цагдан хоригдсон нийт 209 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 3,135 нэгж буюу 3,135,000 төгрөгийг хасаж, С.Б-д оногдуулсан торгох ялыг 6,865,000 төгрөгөөр тогтоосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН