Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0576

 

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0576

Улаанбаатар хот

Нэр бүхий 27 компанийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвээнжав, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “АХ” ХХК, “ГГ” ХХК, “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн болон нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, “БэХ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Л нарын гаргасан давж заалдах гомдлоор, нэр бүхий 27 компанийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 26 дугаар зүйлийн 26.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.2, 14.4-т заасныг тус тус баримтлан “СМ” ХХК, “МУ” ХХК, “З” ХХК, “ХМ” ХХК, “ХХ” ХХК, “ХД” ХХК, “ХУ” ХХК, “ЭП” ХХК, “К” ХХК, “ЧИГ” ХХК, “С” ХХК, “БЭД” ХХК, “ТХ” ХХК, “БЭБЖ” ХХК, “ДАГ” ХХК, “ШОМ” ХХК, “БД” ХХК, “ЭГО” ХХК, “ТХ” ХХК, “ОГ” ХХК, ЭЗ ХХК, “ГШ” ХХК, “АХ” ХХК, “ИХУ” ХХК, “ГГ” ХХК, “СББ” ХХК, “БЭХ” ХХК-иудын нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /хуучин нэрээр/, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 39-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын “ЧИГ” ХХК-д холбогдох хэсэг болон нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын /хуучин нэрээр/ нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “АХ” ХХК, “ГСУ” ХХК, “СББ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

“Нэг. Шүүхийн шийдвэртээ "... нутгийн өөрөө удирдах байгууллага "дэмжихгүй" гэж санал ирүүлсэн тохиолдолд Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдэд олгох эрхгүй болно. Учир нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болох Засаг дарга хянах агуулга байхгүй, байх ч боломжгүй юм. Мөн Нийслэлийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас үндэслэл бүхий "дэмжихгүй" гэх саналыг үгүйсгэн тухайн дүүргийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг үл харгалзан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх байхгүй байна” гэжээ.

Шүүх Засаг дарга хянах агуулга байхгүй, байх ч боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөологчдиин Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саначыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ... " гэж заасан хуулийн заалттай зөрчилдөж байгаа төдийгүй үндэслэл бүхий хуулийн заалтыг удирдлага болгож шийдвэрлээгүй үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүх шийдвэртээ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг "шийдвэр" гэж хууль зүйн хувьд буруу үнэлэлт, дүгнэлт хийсэн. Түүнчлэн "Засаг дарга хянах агуулга байхгүй, байх ч боломжгүй" гэсэн нь хуулийн 14.2-т заасан Засаг дарга зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох материалын хамт тус тус гаргасан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас нэхэмжлэгч нарт дээрх өргөдлийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/209, 1/220, 1/221 тоот албан бичгээр “бүртгэгдсэн өргөдлийн талбайд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу санал авахаар хүргүүлэхэд тус дүүргийн ИТХ-н Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагын саналын дагуу танай хүсэлтээс татгалзаж байна... " гэсэн хариуг тус тус ирүүлсэн байдаг.

Уг хариуг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-д хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу Нийслэлийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/971, 02-06/972, 02-06/941 тоот албан бичгээр "... тухайн талбай байрших дүүрэг нь гаргасан шийдвэртээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжих боломжгүй гэсэн байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх шийдвэрийг зөрчин тусгай зөвшөөрөл олгох нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна... " гэсэн хариуг тус тус өгсөн байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолоор ирсэн саналыг нягтлан судлахгүйгээр шууд үндэслэл болгосон нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэл муутай байсан тул Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 6 сарын дараа хүчингүй болгож, засаж хэд хэдэн үндэслэл нэмж шинэ тогтоол гаргасан байдаг.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 6 сарын дараа засаж гаргасан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоол бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн татгалзсан шийдвэрт хууль зүйн болоод цаг хугацааны хувьд хамааралгүй юм.

Учир нь Нийслэлийн Засаг дарга 6 сарын дараа гарсан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолыг үндэслэл болгоогүй. Харин хүчингүй болсон Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурльгн тэргүүлэгчдийн 2016 оньг 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолыг үндэслэл болгож шийдвэрлэсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар хүчингүй болсон байгаа Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оньт 01 дүгээр сарын 27-ньг өдрийн 06 тоот тогтоолд "Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул зөвшөөрөл олгох боломжгүй" гэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх бодитойгоор зөрчигдөх эсэхийг шалгаж тогтоогоогүй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Учир нь хайгуул хийх нь олборлолт, ашиглалт биш юм. Хайгуулын ажил хийхэд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчихгүй юм.

Нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх хэрхэн, яаж зөрчигдөх талаар ямар ч судалгаа хийгээгүй, мэргэжлийн болон холбогдох ямар ч байгууллагын дүгнэлт, гаргуулаагүй, татгалзсан шийдвэр гаргахдаа ямар ч тооцоо судалгаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т "... Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг... " ойлгоно гэж заасан. Энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэдэг нь зөвхөн хайгуулын судалгаа үнэлгээний ажил болохыг харуулж байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч татгалзах хариу өгөх тохиолдолд хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой.

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж заасан.

Хуульд Нийслэлийн Засаг даргад "дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал"-ыг явуулах ёстой байтал Хан-Уул дүүргээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг явуулж хууль зөрчсөн. Энэ алдаагаа 6 сарын дараа засаж Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоолыг хэд хэдэн үндэслэл нэмж гаргасан. Хуулиар аймаг, нийслэлийн тухайд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авна гэсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хуулийн 14.4-т заасан "дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал"-д үндэслээгүй. Хуулиар дүүргийн хурлын саналыг авах ёстой болохоос тэргүүлэгчдийн саналыг авна гэж заагаагүй юм. Хуульд заасан "хурал", "тэргүүлэгчид" гэдэг 2 этгээд бол ялгаатай ойлголт. Хурал нь 35-41 төлөөлөгчдөөс бүрдэж байдаг, Тэргүүлэгчид нь 5-9 хүний бүрэлдэхүүнтэй, хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг. Хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авна гэж заасан тохиолдолд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, хэлэлцээд санал ирүүлэх ёстой. Иймд Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан саналд үндэслэж шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Нийслэлийн Засаг даргын үндэслэл болгосон санал бүхий Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол нь өнөөдөр хүчингүй болсон. Харин 6 сарын дараа засаж гаргасан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тоот тогтоол нь өөрөө Нийслэлийн Засаг дарга нэгэнт шийдвэрээ гаргасны дараа гарсан тул хуулийн 14.4-т заасан санал биш, хууль зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 6 тоот тогтоол нь нэг л үндэслэл заасан байхад 6 сарын дараа гаргасан ХУД-гийн ИТХ-ын тогтоол нь нэмж 5 үндэслэл заасан байгаа нь засварласан санал гэж үзэх үндэстэй.

Хоёр. Шүүхийн шийдвэртээ "... нэхэмжлэгч нарын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршилтай давхцаж байгаагаас гадна Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн ерөнхии төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэртэй давхцалтай байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна..." гэжээ.

Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөө үндэслэл болгож, тодорхой бодлого, зорилтын хүрээнд сонгон шалгаруулалт зарласан. Иймд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцээгүй гэж шүүх дүгнэх үндэс байхгүй болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.1-т "... Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно..." гэж заасан. Иймд хуульд зааснаар хуулийн шаардлага хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох ёстой.

Хуулийн 6.1-т "... Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно... " гэж заасан байдаг. Мөн хуулийн 12.2-т "... Нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.4-т заасны дагуу 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна...” гэж заасан. Энэ нь хуулийн ерөнхий шаардлагыг нэхэмжлэгч нар бүрэн хангасан юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын талбай дараах шаардлага хангасан байх ёстой гэж заасан. Үүнд: "... 17.2.1 -т дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн...", "... 17.2.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй... ", "... 17.2.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй...", "... 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайд дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно...", "... 17.3.1-т улсын хил... ", "... 17.3.2.нөөцөд авсан талбай...", "... 17'.3.3-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар... ", "... \17.3.4-т энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай... ", "... 17.3.5-т хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц...", "... 17.4-т Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна..." гэж заасан. Уг шаардлагын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгч "Ариг хүслэн" ХХК, "Гранд скай групп" ХХК, "Сод билгүүн бридж" ХХК нь ямар нэгэн давхцалгүй, зөрчилгүй байгаа юм. Гэтэл энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр буюу суурышлын бүстэй хэт ойр гэдэг үндэслэлээр олгохоос татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай, илт хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй. Энэ хуулийн 14.3-т "... Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ... " гэж заасан. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, дүгнэлт чухал ач холбогдолтой. Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 тоотоор Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад ирүүлсэн 38 аж ахуйн нэгжийн талбай, байршлын судалгаанаас харахад нэхэмжлэгч "АХ" ХХК, "ГСГ" ХХК, "СББ" ХХК-ийн хүсэлт гаргасан талбайн уг хуулийн 14.3-т заасан хязгаарлалтанд хамаарахгүй байна. Уг судалгаагаар нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь суурьшлын бүстэй хэт ойр, НИТХ-ын 2013 оны 10/39 тоот тогтоолоор батлагдсан "иргэд шинээр өмчлүүлэх байршилтай хэт ойр гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Эдгээр нь хуульд зааснаар татгалзах үндэслэл болохгүй.

Мөн мэргэжлийн байгууллага болох АМГГХЭГ нь хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг ирүүлсэн байдаг юм.

Нэхэмжлэгч "АХ" ХХК, "ГСГ" ХХК, "СББ" ХХК-ийн хүсэлт гаргасан талбайн иргэнд өмчлүүлэх газрын байршилтай давхцалгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэртэй ч гэсэн огт давхцал байхгүй бөгөөд түүнчлэн сүүлд ирүүлсэн баримтаар буюу Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 тоотоор Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад ирүүлсэн 38 аж ахуйн нэгжийн талбай, байршил дээр "хэт ойрхон" гэдэг үндэслэл байдаг гэтэл шүүх "давхцаж байна" гэж нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж буруу тайлбарлаж алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гурав. Шүүхийн шийдвэртээ "... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/227дугаар танилцуулга, тус газраас Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тус тус хүргүүлж байсан санал, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газарт хүргүүлсэн чиглэлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Нийслэлийн Засаг даргад "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт авахгүй байх, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх " чиглэл өгсөн болохыг дурдах нь зүйтэй... " гэжээ.

Нэхэмжлэгч нар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох материалын хамт гаргаж байсан юм.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа 2016 онд холбогдох байгууллага, албан тушаалтны гаргаж байсан чиглэл, зөвлөмжийг удирдлага болгож шийдвэрлэж байгаа нь алдаатай шийдвэр гаргасныг харуулж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/227 дугаар танилцуулга, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газарт хүргүүлсэн чиглэлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Нийслэлийн Засаг даргад "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт авахгүй байх, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх" чиглэл зөвлөмжийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хуульд үндэслэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0430 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

"Тодруулбал, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид тухайн дүүргийн нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх, байгаль орчин хамгаалах буюу өөрийн нутаг дэвсгэрт ашиг малмалыи хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд дараа тайлагнахаар санал өгөх эрхийг хуулиар олгосон тул түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "... дүүргийн иргэдийи төлөөлөгчийн Хурал... " гэж заасан Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эрх мэдэлд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг Хурлын тэргүүлэгчид халдсан нь хууль бус гэх нэхэмжлэгч нарын мэтгэлцээнийг шүүх хүлээн авах боломжгүй юм" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх санал авах ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан тул тус хуулийг баримтлах ёстой. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэж зааснаас үзэхэд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид санал өгөх эрх хуулиар олгогдоогүй байна.

Харин анхан шатны шүүх Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1-т заасны дагуу "тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй" гэж дүгнэн энэхүү эрхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь 20 дугаар зүйлийн 20.1-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2. "г", 18.1.2."ж", 18.1.2. "з", 18.1.3. "в", 18.1.3. "г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу хэрэгжүүлж шийдвэрлэсэн үндэслэлтэй гэжээ. Гэтэл МУЗЗТНУТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1-т энэхүү хуулийн 18.1-т заасныг хэрэгжүүлэх эрх хурлын тэргүүлэгчдэд олгогдоогүй байна.

2. Хан-Уул дүүргийн ИТХ болон Тэргүүлэгчид нь хуульд заасан үндэслэлээр

санал гаргаагүй бөгөөд "Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 02-06М91 тоот албан бичгээр ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан 38 аж ахуй нэгж байгууллагын өргөдөл гаргасан талбайн байршлын талаар хэлэлцээд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул эдгээр байршилд зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсүгэй "... гэсэн хууль зүйн үндэслэлгүй, таамагласан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шүүх дүгнэхдээ Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь
2016 оны 07 сарын 29-ны өдрийн А\04 дүгээр тогтоолыг гаргахдаа Хан-Уул
дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 09Ү719
дүгээр албан бичгээр өргөдөл гаргасан нэр бүхий компаниудын байршлын
судалгааг үндэслэж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д
заасныг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч компаниудын өргөдөл гаргасан талбайнууд нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, бусдын эзэмшил, өмчлөлийн газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй эсэх тал дээр шүүх хуралдаан даргалагчийн асуусны дагуу талууд давхцаагүй гэдэг дээр маргаагүй, үүнтэй холбоотойгоор бичгийг баримтыг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргах шаардлагагүй гэж шүүх болон талууд үзсэний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж, үүнтэй холбоотой ганц ч нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй байтал анхан шатны шүүх үнэлж, дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2016 оны 07 сарын
29-ны өдрийн А\04 тогтоолоо захиргааны үйл ажиллагаа явагдаж өнгөрсөн буюу
тухай асуудлаар шүүхэд маргаан үүсгэсний дараа өмнөх тогтоолоо хүчингүй
болгосон байхад анхан шатны шүүх "Өмнө тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг
зөв гэж үзэн бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд
дэмжихгүй гэсэн санал нь үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг хууль бус гэж үзэх
боломжгүй юм" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

ХУД-ийн ИТХ нь дээрх маргаан бүхий актыг гаргахдаа МУЗЗНДНТУТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн "ж"-д "тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох" заасныг үндэслэжээ. Энэхүү заалтаас үзэхэд Тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн бол хүчингүй болгохоор зааснаас бус өөрчлөх, утга агуулгыг нь залруулах эрх хуулиар олгогдоогүй бөгөөд тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр хууль бус болохыг ИТХ нь хүлээн зөвшөөрсөн акт гаргасан гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дах хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр татгалзана. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ" гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөлүүдийг тодорхойлжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр санал гаргаагүй ХУД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хууль бус саналыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “БЭХ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Л давж заалдах гомдолдоо: "БЭХ" ХХК нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гишүүн гэх газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох материалын хамт хүргүүлсэн. Тус газраас 2016 оны 02 сарын 29-ний өдрийн 1/231 тоот албан бичгээр "Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул танай хүсэлтийг хангахаас татгалзаж байна" гэх хариу өгсөн. Тус хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 02-06/1126 тоот албан бичгээр тухайн газар байрших дүүрэг нь гаргасан шийдвэртээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжих боломжгүй гэсэн байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх шийдвэрийг зөрчин тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм" гэсэн хариу өгсөн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т "энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ", мөн хуулийн 14.2-т "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ" заасан байна.

Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны бүртгэлд манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь "НИТХ-ын 2015 оны 30/23 тогтоолоор батлагдсан "Иргэнд шинээр газар өмчлүүлэх" байршилтай хэт ойрхон" гэж бүртгэгдсэн гэсэн хариуг дүүргийн өмч, газрын харилцааны газрын 2016.04.18-ний өдөр 09/719 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн. Мөн Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл авахаар санал авахаар хүргүүлэхэд тус газрын 2015.11.02-ны өдрийн 6/8566 тоот бичгээр манай компанид тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариу ирүүлсэн байдаг.

Иргэнд шинээр газар өмчлүүлэх байршилтай хэт ойрхон гэдэг үндэслэл нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй ба мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т зааснаар манай тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь:

  • ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон,
  • тусгай хэрэгцээ, нөөцөд авсан
  • хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцан гэх хориглосон үндэслэлүүдийн аль ч тохиолдолд хамаарахгүй юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасан байх ба дүүргийн засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх байтал Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол буюу дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан явдал нь хууль бус болсон. Хуульд саналыг авна гэж зохицуулсан байх ба саналыг зайлшгүй харгалзана гэж заагаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх тогтоолыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл бүрдсэн. Энэхүү тогтоол нь мөн л Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4, 14.4 дахь хэсгийн заалттай нийцээгүй.

Тиймээс манай компанийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 02 сарын 29-ний өдрийн 1/231 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг гаргасан болно.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 0430 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “АХ” ХХК, “ГСГ” ХХК, “СББ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, “СМ” ХХК, “МУ” ХХК, “З” ХХК, “ХМ” ХХК, “ХХ” ХХК, “ХД” ХХК, “ЧИГ” ХХК, “СТ” ХХК, “БЭД” ХХК, “ТХ” ХХК, “БЭБЖ” ХХК, “ДАГ” ХХК, “ШОМ” ХХК, “БД” ХХК, “ХУ” ХХК зэрэг 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, “БЭХ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Л нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын “Чандмань их говь” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын /хуучин нэрээр/ нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад саналаа өгөхөөр тусгажээ. Энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн тусгай зөвшөөрөл авахаар ирүүлсэн саналд тус дүүргийн холбогдох ажил хариуцсан захиргааны байгууллагаар судалгаа гаргуулж, улмаар суурьшлын хилийн бүсэд хамаарах, тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай, голын ай сав бүхий хамгаалалтын бүсэд орсон, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх зэрэг үндэслэлүүдээр татгалзсан санал гаргажээ. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн “Нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан зохицуулалтаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрийн нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд санал өгөх эрхтэй байна. Ийнхүү санал өгөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дэх хэсгийн 18.1.2/л-д “тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх” бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэж, саналаа гаргасан байна. Хүсэлт гаргасан талбай байрлаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас хуульд заасны дагуу ирүүлсэн саналыг үндэслэж Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлтэй дүгнэжээ.

Нэхэмжлэгч 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд санал өгөх эрх хуулиар олгогдоогүй” гэх гомдлын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “ ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт” хэрэгжүүлнэ гэж заасан нь иргэдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдсон байна. Иймд эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч 3 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын талбайн хангах шаардлагаас өөр үндэслэлээр буюу суурьшлын бүстэй хэт ойр гэдэг үндэслэлээр олгохоос татгалзсан нь үндэслэл муутай, илт хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэх гомдлын тухайд:

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар хуульд тусгасан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээс гадна тухайн орон нутгийн төлөвлөлт, хүн амын суурьшил зэрэгт нөлөөлөх үндэслэл байгаа эсэхийг тодруулах, улмаар энэ үндэслэлээр татгалзсан санал гаргах эрхтэйг тодорхойлох хууль зүйн зохицуулалт юм. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлүүд нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Засаг даргаас тухайн нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах боломж нөхцөлийг төлөвлөж, хангаж ажиллах үүрэгтэй байгууллага болохынхоо хувьд эдгээр үндэслэлээр татгалзах эрхтэй байна. Нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь иргэдийн амьдрах бүсэд ойр гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/л-д “тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх” гэж заасан бүрэн эрхэд хамаарч байна.

Нэхэмжлэгч 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 тогтоолоо захиргааны үйл ажиллагаа явагдаж өнгөрсөн буюу тухайн асуудлаар шүүхэд маргаан үүссэний дараа өмнөх тогтоолоо хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх “Өмнө тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг зөв гэж үзэн бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дэмжихгүй гэсэн санал нь үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэх гомдлын тухайд:

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дугаар тогтоолыг баталсантай холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгоогүй харин нэг ижил асуудлыг зохицуулж байгаа тул өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гарсан шийдвэр шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/04 дүгээр тогтоол гарснаар тухайн цаг үеэс үйлчлэлийг нь дуусгавар болгосон агуулгатай байна. Энэ нь өмнөх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байсан тухай ойлголт биш төдийгүй 06 дугаар тогтоол нь тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдүүдийн хүсэлтэд санал өгөх тухайд шинээр А/04 дүгээр тогтоол гарах хүртэлх хугацаанд хууль зүйн үйлчлэл бүхий хүчин төгөлдөр шийдвэр болох юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “АХ” ХХК, “ГГ” ХХК, “СББ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн болон нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, “БЭХ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Л нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ