Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 17

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Б.Нацагдорж, Г.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нарыг оролцуулан иргэн Б.Нацагдорж, Б.Цэдэндамбаа нарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчигүй болгуулах ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нацагдорж, Г.Цэдэндамбаа нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.13-т зааснаар Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5-р сарын 17-ний өдрийн 03 тоот тогтоолоор МАХН-аас нэр дэвшигч Пүлжин овогтой Чимэддавааг Цагаанчулуут 5 дугаар багт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлэх тухай МАХН-ийн тогтоолын хавсралтад 5 дугаар багийг 6 болгож өөрчлөн засварласан байх тул сонгуулийн хороо нь үүнийг хууль зөрчсөн гэж үзээд 2016 оны 5 сарын 1-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Пүлжингийн Чимэддавааг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан.

Гэтэл Баянхонгор аймгийн сонгуулийн хороо нь 2016 оны 5 сарын 28-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 2016 оны 5 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Энэ нь сонгуулийн тухай хуулийн 143.1.4, 143.1.6, 145.1, 159.1 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Цэдэндамбаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Сонгуулийн тухай хуулийн дагуу МАХН нь сонгуульд оролцохоо илэрхийлэн нэр дэвшигчдийнхээ материалыг Баянхонгор аймгийн сонгуулийн хороонд өгсөн. Тэр материалд МАХН-аас тойрог бүрт нэр дэвшигчдийн нэрийг тодорхой зааж  өгсөн бөгөөд энэхүү жагсаалтанд Пүлжин овогтой Чимэддавааг Баянхонгор сумын Цагаанчулуут 5-р багт нэр дэвшүүлэх тогтоолыг ирүүлсэн. /МАХН-аас ирүүлсэн бичиг баримтуудыг миний хувьд авах боломжгүй байгаа тул шүүхээс шалгаж, погтоох боломжтой./

Сонгуульд оролцохоор саналаа ирүүлсэн намууд болон МАХН-аас ирүүлсэн “холбогдох материал, нэр дэвшүүлэх шийдвэр зэрэг сонгуулийн тухай хуулийн 157.2-т заасан материалуудыг Баянхонгор аймгийн сонгуулийн хороо хүлээн авч мөн хуулийн 157.9-д заасны дагуу 2016.05.01-ний өдөр нэр дэвшигчдийг бүртгэсэн 15 тоот тогтоол гаргаж нэр дэвшигчдийг баталгаажуулсан.

Гэтэл МАН-аас 5 дугаар багт нэр дэвшигч Л.Доржхорлоогийн гаргасан гомдлын дагуу Пүлжин овогтой Чимэддаваагийн материалыг Баянхонгор аймгийн сонгуулийн хороо нягтлан шалгаж үзэхэд засвартай байсан тул сонгуулийн тухай хуулийн 158.1.3-т заасныг үндэслэн Сонгуулийн хорооны тоот тогтоолоор Пүлжин овогтой Чимэддавааг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан байна. /Энэхүү иргэний гомдол болон сонгуулийн хорооны тогтоолыг миний хувьд авах боломжгүй байгаа тул түүхээс шалгаж, тогтоох боломжтой./

Үүний дараа МАХН-аас тоот албан бичгээр Пүлжин овогтой Чимэддавааг 6-р гагт нэр дэвшүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянхонгор аймгийн сонгуулийн хороо 2016 оны 5 сарын 28-ний өдрийн 07 дугаар тогтоол гаргаж, өмнөх 2016.05.01-ний өдрийн 05 тоот тогтоолоо хүчингүй болгон, улмаар 08 тоот тогтоолоор Пүлжин овогтой Чимэддавааг нэр дэвшигчээр ахин бүртгэсэн байна. /МАХН-аас ирүүлсэнбичгийг миний хувьд авах бопомжгүй байгаа тул шүүхээс шалгаж, тогтоох боломжтой./

Энэ үйл явдалд Баянхонгор аймгийн сонгуулийн хороо дараах хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд:

1.Сонгуулийн тухай хуулийн 157.7-д заасны дагуу нэр дэвшигчийн бичиг баримтыг нягтлан шалгаад 158.1.3-д заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах ёстой байсан.

2.Сонгуулийн тухай хуулийн 159.1-д заасны дагуу Пүлжин овогтой Чимэддавааг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан атал ахин тогтоол гаргаж бүртгэсэн байна.

3.Сонгуулийн тухай хуульд хасагдсан нэр дэвшигчийг ахин нэр дэвшүүлэх заалт огт байхгүй атал МАХН-аас ирүүлсэн бичгийг үндэслэн нэр дэвшигчийн жагсаалтанд бүртгэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймээс Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 07, 08 тоот тогтоолууд нь сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим, агуулгад нийцээгүй байна.

Энэхүү Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны шийдвэрээс болж 6-р багт нэр дэвшиж буй Г.Цэдэндамбаа, Б.Нацагдорж бид нарын сонгогчдоос авах саналын тоо багасч, улмаар Үндсэн хуулинд заагдсан сонгогдох эрхэнд минь ноцтойгоор нөлөөлөх тул дээрх хууль зөрчсөн тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Цэдэндамбаа, Б.Нацагдорж нараас гаргасан Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасын дагуу намууд нэр дэвшигчдийн материалаа хуулийн хугацаанд ирүүлсэн бөгөөд Монгол Ардын хувьсгалт намаас Мянгатын зөвлөлийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол, тогтоолын хавсралтаар нэр дэвшигчдийн нэрс холбогдох бусад материалыг ирүүлсэн.

Аймгийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолын хавсралтаар Баянхонгор сумын 5 дугаар багт П.Чимэддавааг нэр дэвшигчээр бүртгэсэн.

Аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Л.Доржхорлоо, Д.Ууганцэцэг нарын иргэд П.Чимэддавааг Баянхонгор аймгийн 6 дугаар багт нэр дэвшсэнийг засаж өөрчлөн 5 дугаар баг болгосон байна. П.Чимэддавааг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл ирсэн. Өргөдлийн дагуу шалгаж үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолын хавсралтаар ирүүлсэн нэрсийн жагсаалтад нийт 18 хүний нэр ирсэн бөгөөд 5 дугаарт сум гэсэн хэсэгт Пүлжингийн Чимэддавааг ром тоогоор 6 гэж бичээд арын зураасыг штрикээр дарсан байсан тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг үндэслэн Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор П.Чимэддавааг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан.

Дээрх тогтоол гарсаны дараа Аймгийн Сонгуулийн хороонд Баянхонгор аймгийн Монгол Ардын хувьсгалт намаас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай албан бичиг ирсэн бөгөөд өргөдөлд П.Чимэддавааг хууль бусаар нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байна. П.Чимэддаваагийн сонгох сонгогдох эрхийг олгож өгнө үү” гэсний дагуу сонгуулийн хороо хуралдаж аймгийн МАХН-ын 2016 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 05 дугаар мянгатын хурлын тэмдэглэл, мөн өдрийн 09 дугаартай гүйцэтгэх зөвлөлийн тогтоол, уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт зэргийг нарийвчлан шалгаж хэлэлцээд П.Чимэддаваагийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгож мөн 08 дугаартай тогтоолоор 2016 оны 03 дугаартай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан П.Чимэддавааг Баянхонгор сумын 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн.

Монгол Ардын хувьсгалт намын Мянгатын зөвлөлийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэлд нийт 17 нэр дэвшигч оролцохоор шийдвэрлэсэн байдаг бөгөөд П.Чимэддавааг Баянхонгор сумын 6 дугаар багаас нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолын хавсралтаар ирүүлсэн нэрсийн жагсаалтад нийт 18 хүний нэр ирсэн бөгөөд 5 дугаарт сум гэсэн хэсэгт Пүлжингийн Чимэддавааг ром тоогоор VI гэж бичээд арын зураасыг штрикээр дарсан байдаг бөгөөд энэхүү тогтоол нь засвартай мөн МNS5140-1:2011 стандартыг зөрчсөн ром тоогоор дугаарлагдсан, тэмдэглэл болон тогтоолд дурдагдсан нэр дэвшигчийн нэр, тоо зөрүүтэй байсан тул 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийг Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д заасны дагуу шийдвэрлэсэн шийдвэр мөн Монгол Улсын МNS 5140-1:2011 стандартад нийцэж байна гэж үзэж П.Чимэддавааг 6 дугаар тойрогт бүртгэсэн гэжээ.

Гуравдагч этгээд П.Чимэддаваа шүүхэд гаргасан тайрбартаа: Миний бие тус Нэр дэвшигч Г.Цэдэндамбаа, Б.Нацагдорж нарын гаргасан нэхэмжлэлд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт нэр дэвшигч П.Чимэдаваа дараах тайлбарыг өгч байна.

1.Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4 дэх хэсэгт дааснаар иргэний миний бик сонгох, сонгогдох эрхтэй,

2.Сонгуулийн тухай хуулийн 52,67.3,70.1, 70.5.1, 70.5.10, 70.5.13, 70.5.16 дахь заалтаар нэр дэвших эрх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3.Иргэний П.Чимэддаваа миний бие чмар нэгэн зөрчил гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганд болон, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нацагдорж, Г.Цэдэндамбаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар  Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар “ Тогтоол хүчингүй болгох тухай тогтооол”  тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 28 ны өдрийн 08 дугаар “Тогтоолд нэмэлт оруулах” тухай тогтоолуудыг гаргахдаа өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлж гаргасан байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна .Нэхэмжлэгч нар Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолоор П.Чимэддавааг Баянхонгор аймгийн 5 тойрогт бүртгэж авсан бөгөөд  Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн П.Чимэддаваа нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргаснаараа нэр дэвшигч  П.Чимэддаваа нэр дэвшигчийн эрх дуусгавар болж байна. П.Чимэддаваа дахин 6 багт нэр дэвшигчээр бүртгүүлэх бол  шинээр бүх материалаа бүртгүүлэх, эсэх асуудал яригдана. Учир нь Сонгуулийн хороонд бүрдүүлж ирүүлсэн материалиас Баянхонгор аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын 2016 оны 05 дугаар сарын 01 ний өдрийн 09 дүгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай  мянгатын тогтоол , тогтоолын хавсралтын нэр дэвшигчдийн нэрсийн 5 дугаарт Пүлжингийн Чимэддавааг Баянхонгор аймаг ромбо тоогоор 5 дугаар гэж бичсэн байна. Энэ тоо нь засвартай  байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д ...“ нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу эсхүл хуурамч бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана”... гэж заасныг зөрчиж байгаа юм.

Энэ тохиолдолд Сонгуулийн хороо нь  бүртгэж авсан тогтоолоо хүчингүй болгох ёстой байсан. Гэтэл Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 28 ны өдрийн 08 дугаар” Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолд П.Чимэддаваа  6 дугаар багт нэмэлтээр оруулах нь зүйтэй гэж тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзсэн  гэжээ.

Сонгуулийн хороо нь  хуулийн хуацаанд намуудаас болон бие даагч нараас материалуудыг хүлээн авсан. Баянхонгор аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын 2016 оны 05 дугаар сарын 01 ний өдрийн 09 дүгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай  мянгатын тогтоол, тогтоолын хавсралтын нэр дэвшигчдийн нэрс 5 дугаарт Пүлжингийн Чимэддавааг Баянхонгор аймаг ромбо тоогоор 5 дугаар гэж бичсэн харагдаж бөгөөд энэ тоо нь засвартай  байсан . Харин Баянхонгор аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар мянгатын зөвлөлийн тэмдэглэлд П.Чимэддавааг Баянхонгор сум 6 багт нэр дэвшигчээр нэрийг дэвшүүлье гэсэн байсан учир Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар “ Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол” тухай тогтоолийн 1 дүгээр заалтаар аймгийн иргэдийн төлөөлөгчийн сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигчийг хасах тухай тогтоолыг хүчингүй болгож, тогтоолын 2 дугаар заалтаар П.Чимэддавааг 6 багт нэр дэвшигчээр бүртгэж ,аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 03 дугаар Нэр дэвшигч бүртгэх тухай тогтоолын хавсралтын холбогдох хэсэгт нэмэлтээр өөрчлөн оруулсугай. гэсэн тогтоол, Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 28 ны өдрийын 08 дугаар Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолд П.Чимэддаваа  6 дугаар багт нэмэлтээр оруулах нь зүйтэй тогтоолуудыг гаргаж  шийдвэрлэсэн.  гэжээ.

Шүүх  Монгол ардын хувьсгалт намын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянхонгор сумын 6 дугаар багийн зуутын хурлын тэмдэглэл/гараар бичсэн/-д Амйгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд П.Чимэддаваа С.Эрдэнэсүрэн нарын нэрийг дэвшүүлж олонхийн саналаар  П.Чимэддавааг нэрийг дэвшүүлэх нь зүйтэй гэсэн зуутын хурлын тэмдэглэл/гараар бичсэн/, Монгол ардын хувьсгалт намын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянхонгор сумын 6-р багийн  зуутын /гараар бичсэн/-д Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд П.Чимэддавааг  6 дугаар багаас дэвшүүлж байна гэсэн хурлын тогтоол,шүүх хуралдаанд гаргасан  Монгол Ардын Хувьсгалт намын мянгатын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Г.Ариунсангийн гэрчийн мэдүүлэгт ...“ 2016 оны 4 дүгээр сарын 28 ны өдөр манай мянгатын гүйцэтгэх зөвлөл хуралдсан хуралдаанаар хэлэлцээд П.Чимэддаваа Баянхонгор аймгийн 6 тойрогт нэрийг дэвшүүлсэн юм. Уг хуралдаанд П.Чимэддавааг  5 дугаар багт дэвшүүлэх санал гарсан боловч өөрөө 5 дугаарт багт дэвшихгүй гэсэн тул 6 багт нь дэвшүүлэх болсон . Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 02 ны өдөр  манай намын Мянгатын  дарга Ц.Очирбал “П.Чимэддаваа өөрөө зөвшөөрч байна, 5 дугаарт тойрогт нэрийг нь дэвшүүлье тогтоолыг нь засаад явуулъя гээд заасан” гэсэн гэрчийн мэдүүлэг, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн 13 дугаар тогтоолын  8 дугаарт хавсралтын аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулд нэр дэвшигчийн товч мэдээлэлийн 10 дугаарт  нэр дэвшиж буй тойрог  гэсэн хүснэгтэд бичмэл 6  гэж гараар бичсэн мэдээлэл, Шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээс Монгол Ардын Хувьсгалт намаас П.Чимэддаваа Баянхонгор аймгийн 6 тойрогт нэрийг дэвшүүлсэн  байх бөгөөд сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл, 128 дугаар зүйлд зааснаар хуулийн хугацаанд нэр дэвшүүлж, нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигч бүртгүүлсэн гэж үзлээ.

Баянхонгор аймгийн Монгол ардын хувьсгалт намын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай  мянгатын тогтоол, тогтоолын хавсралтын нэр дэвшигчдийн нэрс 5 дугаарт Пүлжингийн Чимэддавааг Баянхонгор аймаг ромбо тоогоор 5 дугаар гэж бичсэн харагдаж бөгөөд энэ тоо нь засвартай  байсан . гэдэгт талууд маргаагүй бөгөөд шүүх засвартай байсан нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн заасан 158.1.3 –д 158.1.3-д ...“ нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу эсхүл хуурамч бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана”... гэж заасныг зөрчсөн гэж  үзэх  үндэсгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар Сонгуулийн тухай хуулинд заагаагүй эрхийг хэрэгжүүлсэн байна гэж маргасан байх бөгөөд  Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолоор П.Чимэддавааг Баянхонгор аймгийн 5 тойрогт бүртгэж авсан,  Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай тогтоолоор П.Чимэддавааг  нэр дэвшигчийн жагсаалтаас хассан. Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар “ Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол”  тогтоолоор П.Чимэддавааг  нэр дэвшигчийн жагсаалтаас  хассан, тогтоолыг хүчингүй болгож, П.Чимэддавааг  нэр дэвшигчээр бүртгэсэн, 2016 оны 05 дугаар сарын 28 ны өдрийн 08 дугаар “Тогтоолд нэмэлт оруулах” тухай тогтоолоор  П.Чимэддавааг ийн нэрийг нэмэлтээр оруулсан нь Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д ...” Сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх түүнийг зохион байгуулах арга хэмжээ авах” 32.1.4-д...” Өөрийн эрх хэмжээнд хамааруулах асуудлаар ирүүлсэн өргөдөл албан бичигт эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шийдвэрлэх”, 32.1.8-д..” Аймаг нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүлийн 31.8, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.4, 32.1.8, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Нацагдорж, Г.Цэдэндамбаа нарын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны   2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ