Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00987

 

“Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02359 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1083 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Орхонд холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 722 859 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцны гэрчилгээ гаргуулах, 13 611 372 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, хариуцагч Д.Орхон, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Орхон, Д.Дунгаамаа нар 2014.4.29-ний өдөр тус ББСБ-аас зээлийн болон барьцааны гэрээний дагуу 20 000 ам.долларыг 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Мөн Д.Орхон 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний дагуу 5 500 ам.долларыг 3.2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 36 дугаар байр, 33 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Ингээд дээрх хоёр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бид шүүхийн явцад эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03159 дүгээр захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан. Хариуцагч уг эвлэрлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тул 13 423 504 төгрөг гаргуулж өгнө үү.Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 18 659 037 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүнд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний зээлийн хүүд 10 933 327 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 255 884 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний зээлийн хүүд 2 617 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 916 388 төгрөг, нийт 17 722 859 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Дээрх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК болон Д.Орхон нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг гэрээний үүргийн гүйцэтгэл гэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү надаас шаардах эрхгүй. Би нэхэмжлэгчид төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Би төлбөрөө төлж барагдуулсан тул барьцааны зүйл болох орон сууцны гэрчилгээг гаргуулж өгнө үү. Мөн хохиролд 4 355 600 төгрөг гаргуулж өгнө үү. Учир нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийн байрыг чөлөөлүүлэхийн тулд Д.Эрдэнэболдоос 54 445 489 төгрөг 3 хоногийн хугацаатай зээлсэн. Гэтэл “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-иас миний гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс би байраа зарж чадалгүй зээлийн хүүгээр хохирсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 13 611 372 төгрөг болгож нэмэгдүүлж байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02359 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Орхонд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 722 859 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон хууль бус эзэмшлээс орон сууцны гэрчилгээ гаргуулах, 13 611 372 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 161 032 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 93 919 төгрөгийг, хариуцагч Д.Орхоноос 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 154 839 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 163 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1083 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02359 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгчийн Д.Орхонд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 722 859 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.Орхоны 13 611 372 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 160 дугаар зүйлийн 160.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-иас улсын бүртгэлийн Ү-2205031635 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 хороо, 3-р хороолол 36-р байрны 33 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, хариуцагч Д.Орхонд олгосугай” гэж тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Д.Орхонд олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Орхоны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 889 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Зээлдэгч “Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ” ХХК нь иргэн Д.Орхон, Б.Дунгаамаа нарт 2014.4.29-ний өдрийн 3Г2014/04/07 тooт зээлийн гэрээгээр 20 000 ам.долларыг сарын 3.0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2014.7.23-ны өдрийн 3Г2014/07/05 тooт зээлийн гэрээгээр 5 500 ам.долларыг сарын 3.2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлүүлсэн боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлийн хөрөнгийг буцаан шаардаж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд талууд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудыг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулан зээлдэгч нь 54 260 774 төгрөгийг 2015.7.05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн.Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдүүлэгч нь 2015.12.10-ны өдөр эвлэрлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2016.1.12-ны өдөр зээлийн төлөлт хийсэн боловч эвлэрлийн гэрээнд заасан төлбөр бүрэн төлөгдөөгүй. Зээлдүүлэгч нь эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа буюу 2015.7.05-ны өдрөөс зээлийн төлбөр хийгдсэн 2016.1.12-ний өдөр хүртэл хугацаагаар мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 8 765 ам.доллар буюу 17 722 859 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан хоёр зээлийн гэрээ нь уг гэрээний 4-р зүйл болон Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу дүгнэлт боллоо гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг огт дүгнээгүй ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж заасан бөгөөд зээлийн гэрээний 4.3-т зээлийн гэрээг цуцлах тохиолдолд зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд хүүг хуримтлуулан тооцно гэж заасан тул үүрэг яг хэдний өдөр дуусгавар болох вэ гэдгийг шүүх дүгнээгүй.Иймд давж заалдах шатны шүүхийн 1083 тоот магадлалыг хяналтын журмаар хэлэлцэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, үндсэн болон сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлээс шийдвэрлээгүй орхигдуулсан хэсгийг хангасан нь зөв болжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20 000 ам.долларыг Д.Орхон, Б.Дунгаамаа нарт, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5 500 ам.долларыг хариуцагч Д.Орхонд тус тус зээлдүүлсэн ба эдгээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102\ШШ2015\03159 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгчийн уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зохигчдын хоорондох зээлийн гэрээний харилцаа шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон тул дуусгавар болсон гэрээний нөхцлөөр үүргийн гүйцэтгэл буюу шүүхийн шийдвэрээс хойшхи хугацааны хүү гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Барьцаагаар хангагдах шаардлага шүүхийн шийдвэрт буюу шүүгчийн захирамжид заагдсан төлбөрийг хариуцагч төлснөөр дуусгавар болсон тул давж заалдах шатны шүүх барьцааны зүйл болж байсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг дээрх үндэслэлээр хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1083 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН