| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00543/И |
| Дугаар | 145/ШШ2024/00548 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 145/ШШ2024/00548
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 145/ШШ2024/00548 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ...............р сумын ............. дугаар баг, ............... тоотод оршин суух, Б............. овгийн У..............н Ж............н хүсэлттэй,
“Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б охиноо дөнгөж төрөнгүүт өөрийн аав Д.У, ээж Д.Ц нарт үрчлүүлсэн. Тухайн үед манай ээж 3 хүүхэдтэй байсан тул манай охиныг үрчилж аваад тэтгэвэрт гарах гэж байсан юм. Манай ээж одоо 51 настай, хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэртээ гараагүй, охиныг буцаан өгөөд, өөрийнхөө насандаа тэтгэвэртээ гаргах гэж байгаа. Охиноо үрчлүүлсэн боловч охин минь төрсөн цагаасаа эхлээд төрсөн аав, ээж болон дүү нартайгаа хамт амьдарч ирсэн. Өвөө эмээтэйгээ хамт амьдраагүй, цаашид ээж аавтайгаа амьдрах хүсэлтэй байгаа. Иймд охиноо өөрийн нэр дээр авах хүсэлтэй тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Үрчлэгч Д.У, Д.Ц нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний хүү болох У.Ж нь охин болох Н.Б.............г үчрлэн авсан ч одоо үрчлэлт хүчингүйд тооцуулж, охиноо нэр дээрээ авахыг зөвшөөрч байна гэсэн,
Үрчлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
.............. оны ............... дугаар сарын ............-ны өдөр төрсөн охин У.Б..............н төрсний гэрчилгээний хуулбар,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .............. дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн .........дугаартай тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 350 дугаартай тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4г ангийн багшийн тодорхойлолт:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч У.Ж “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” -ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ж................н Б..............г 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д............н У, Д............н Ц нар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан 0000013896-0006 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Н.Б..............н төрсний гэрчилгээний хуулбар болон үрчлэлт хийгдсэн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хийгдсэн боловч хүүхэд төрсөн эцэг, эхийн асрамжид амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 350 дугаартай тодорхойлолт, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул хүүхдийн эрх, хуул ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
5. Шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар охин Н.Б..........г төрсөн эцэг У.Ж, төрсөн эх Б.Н нарын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар ........... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр төрсөн Б........... овгийн Ж............н Б............... /РД:................./-ийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д..............н У............, Б..........н Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар ........ овгийн У............н Б............... /РД:................../-ыг төрсөн эцэг У.Ж, төрсөн эх Б.Н нарын асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА