Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
Хэргийн индекс | 153/2024/0005/З |
Дугаар | 125/ШШ2024/0031 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 125/ШШ2024/0031
2024 07 03 125/ШШ2024/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нарын хооронд үүссэн сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр: Хэргийн үйл баримт:
2.1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Хүний эрхийн төлөв байдлын тайланг хангалтгүй тайлагнасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******т албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.2. Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар албан ажилдаа хариуцлагагүй хандан, ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын өдөр архидан согтуурсан нь тогтоогдсон, мөн 1 жилийн дотор удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/23 дугаартай тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн дарга ******* надад цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах хууль зөрчсөн.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас үүрэг болгосны дагуу Ховд аймгийн 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланг манай хэлтсийн мэргэжилтэн ******* бэлтгэж, хэлтсийн даргын хувьд би хянаад, тухайн үед аймгийн Засаг дарга эзгүй байсан тул Засаг даргын орлогч ******* хянуулсан. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/04 дугаартай албан бичгээр Засаг даргын орлогч *******ын гарын үсэгтэй тайланг явуулсан.
Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах илтгэх журмын 2.2-т аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээний хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэх ажлыг хариуцна гэж заасан.
Ийм учраас аймгийн Засаг даргыг эзгүй үед Засаг даргыг орлогч орлодог тул Засаг даргын орлогчоор хянуулж баталгаажуулж хүргүүлсэн. Иймд албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангаагүй гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.
Хэрвээ уг тайланг Засаг даргын орлогчоор хянуулаагүй байсан бол би хариуцлага хүлээх боломжтой байсан. Миний хувьд дээд шатны албан тушаалтанд хянуулсан. Мөн Хүний эрхийг хангах үндэсний хорооноос Ховд аймгийн тайланг хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлт болон ямар нэгэн албан бичиг тухайн үед ирээгүй байсан.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаартай тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч тус хуулийн 26, 27-д заасан сонсох ажиллагааг явуулаагүй.
Уг тушаалын төслийг мэргэжилтэн ******* бэлдэж надад танилцуулсан. Би уг тушаалын төслийн Тамгын газрын дарга гийн өрөөнд авч ороод “тушаалын төсөл нь энэ байна, хэдэн сараар цалин хасах гэсэн бэ?” гэхэд 2 сараар 20 хувь цалин хасах шийтгэл оногдуулна гэж хэлсэн тул тушаалын төсөл дээр 2 сар гэж гараар бичсэн. Ингээд би уг шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ханддаг байгууллагад нь хандана гэж хэлээд тушаалын төслийг мэргэжилтэн д өгсөн.
Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө сонсох ажиллагааг хийгээгүй, Засаг дарга хариуцлага тооц гэсэн учир шууд тушаал гаргасан талаараа мэдүүлсэн. Сонсох ажиллагааг хийгээгүй гэдгийг тухайн үедээ мөн сахилгын шийтгэл хүлээсэн хууль эрх зүйн ажилтан *******, Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа нар гэрчээр мэдүүлсэн. Хариуцагчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Уг тэмдэглэлийг хүний нөөцийн мэргэжилтэн үйлдсэн байдаг. Гэвч нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг тэмдэглэл гэх баримтыг Захиргааны хэргийн шүүхээс сонсох ажиллагаатай холбоотой баримт материал ирүүл гэсэн албан бичиг ирсний дараа үйлдсэнээ зөвшөөрсөн байдаг.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дурдсан. Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаартай тушаалыг миний бие 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авсан.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж заасан байдаг. Мөн хуулийн 43.8-д захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд тухайн актыг гаргасан байгууллага актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж заасан. Хариуцагчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаартай тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 цагт гардуулж өгөхөд урж хаясан гэсэн тэмдэглэгээ бүхий сонсох ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Гэтэл Хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү тэмдэглэгээг шүүхээс нотлох баримт ирүүл гэсэн албан бичиг ирсний дараа үйлдсэн гэдгээ шүүхэд мэдүүлчихсэн. Ямар нэгэн байдлаар хуульд заасан хэлбэрээр мэдэгдсэн өөр баримт байхгүй учраас ийм баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа.
Үүнээс үзэхэд хариуцагчаас тушаалаа гардуулж өгснөө нотолж чадахгүй байна. Миний хувьд тушаалыг урж хаясан зүйл байхгүй. Яагаад гэвэл би шүүхэд гардаж авсан тушаалаа эх хувиар нь өгчихсөн байгаа. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэдэг асуудал яригдахгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэдгээ хариуцагч талын зүгээс баталж чадахгүй байгаа юм.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг тушаалаас харахад 3 үндэслэлээр намайг ажлаас халсан байдаг.
1-д Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д заасан өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээнэ гэх заалтыг үндэслэл болгосон. Би мэдлэг чадвараа хөгжүүлээгүй талаар ямар нэгэн баримт байхгүй. Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажлыг хийхэд мэдлэг чадвар дутаж байгааг тогтоосон дүгнэлт байхгүй. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд мэдлэг чадвар дутаж байна гэвэл мэргэжлийн ур чадварын комиссоос дүгнэлт гарч байж уг хуулийн заалтыг хэрэгжүүлдэг. Яг ямар ажил хийж чадаагүй, ямар ур чадвар дутсан, энэ талаар ямар дүгнэлт гарсан нь талаар ямар ч баримт байхгүй.
2-рт: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэх хуулийн заалтын баримталсан. Хариуцагчийн зүгээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн хуулийн 37.1.16-д ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэх хуулийн заалтын үндэслэл болгосон. Шүүхээс миний ажиллаж байсан үеийн сүүлийн 6 сарын цалингийн тооцоог нотлох баримтаар авсан. Энэ баримтаас харвал ажлын цаг хоног хасагдаагүй байгаа. 9 сарын ажлын хоног дээр 15 хоног ажилласан гэж бичигдсэн байгаа. Энэ үед би 8 сарын 10-нд амралтаа авсан бөгөөд амралтын 5 хоног 9 сард шилжиж ороод миний ажилласан 5 хоног хасагдчихсан байгаа юм. Түүнээс би ямар нэгэн байдлаар огт ажил таслаагүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлсэн гэдгээ хариуцагчаас нотолсон зүйл байдаггүй.
Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг Төрийн албаны тухай хуулийн 52.1, 52.2-т заасны дагуу тогтсон хугацаанд зохих журмын дагуу үнэлгээ хийсний дараа хариуцлага тооцох эсэх асуудал яригддаг. Түүнээс биш нэг өдөр чи ажлаа хийж чадахгүй байна гэж хэлээд хариуцлага тооцдог зүйл биш. 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Хууль эрх зүйн хэлтэс 90-ээс дээш хувьтайгаар тайлангаа гаргасан.
Харамсалтай нь дүгнэсэн баримт нь олдохгүй байгаа юм шиг байна. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Хууль эрх зүйн хэлтсийн ажил 90-ээс дээш хувьтай дүгнэгдсэн талаар мэдүүлэг өгсөн. Хариуцагч албан ажилдаа хариуцлагагүй хандаад ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа.
Миний бие 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг улирал, хагас жил, жилийн эцсээр дүгнэдэг. ******* дарга 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр томилогдоод ажлаа 2024 оны 2 сарын 29-ний өдөр хүлээж авсан байдаг. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хоёрхон өдрийн дотор миний ажлыг дүгнээд сахилгын шийтгэл оногдуулчихсан байдаг.
3-рт: Маргаан бүхий захиргааны актад ажлын өдөр архидан согтуурсан гэсэн үндэслэл дурдсан байна. Би ойлгохдоо 2023 оны 6 сарын 14-ний өдрийн ажлын байранд архидан согтуурсан гэж буруутгаж байгаа гэж ойлгож байгаа. Өөрөөр ямар нэгэн баримт байхгүй. Гэтэл хариуцагч тал 2024 оны 2 дугаар сард энэ баримт ил болсон гэж тайлбарлаад байгаа.
Миний хувьд шүүхэд зөв ойлголт өгөхийн тул тухайн өдрийн процессыг ярих ёстой 2023 оны 6 сарын 14-ний өдөр намайг тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэх хүн тус өдрийн 10 цагт над руу ярьсан. Би тухайн өдөр ажилдаа очоогүй байсан. Яагаад гэвэл урьд өдөр нь хот хөдөөнөөс хүмүүс би архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би ажлын байран дээр уугаагүй. Гэртээ уусан, өглөө дуудахаар нь би “чөлөө авна, өчигдөр ийм асуудал болсон, тийм учраас би очих боломжгүй” гэдэг байдлаа хэлсэн. Гэтэл “хэлтсийн бүх дарга нар ирсэн байна, яаралтай нэг асуудал шийдэх гэж байгаа юм. Энэ асуудлыг шийдчихээд чөлөөгөө аваад яваарай” гэсэн учраас би очсон. Очиход бүх хэлтсийн дарга нар сууж байсан ба цагдаа согтолтын зэрэг тогтоодог багажаа барьчихсан зогсож байсан. Тэгээд орох үед та архи уусан байна гэж хэлсэн. Би тухайн үед уусан гэдгээ хэлсэн биз дээ, асуудал хэлэлцэнэ гэсэн яасан бэ? гэхэд та үлээлгэх ёстой гэж хэлсэн. Тэгээд би драгерийг үлээсэн. Яагаад гэвэл би ажлын байранд дээр архи уугаагүй, гэрээсээ ирсэн. Мөн би ажлын цагаар архи уугаагүй өчигдөр орой нь найзуудтайгаа архи уусан. Цагдаа үлээлгэх үед 2.2 хувийн согтолттой гарсан. Гэтэл хариуцагчийн зүгээс 2024 оны 02 дугаар сард энэ баримт ил болсон гэж хариуцагч тайлбарладаг. Намайг үлээлгэх үед бүх хэлтсийн дарга нар байсан гэдгийг хэлмээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Зөрчлийг 2023 оны 6 сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагатай хамтраад тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан илрүүлсэн. Тухайн зөрчлийг илрүүлээд гарын үсэг зураад баталгаажуулчихжээ. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 1-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулахдаа уг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус. Өөрөөр хэлбэл 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 сар 13 хоног өнгөрчихсөн байхад сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
4-рт: 1 жилийн дотор 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг үндэслэл дурдсан байсан. 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг нь дангаараа сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй. Чи 2 удаа сахилгын шийтгэл авсан учир одоо чамайг ажлаас хална гэдэг агуулга байхгүй. Маргаан бүхий захиргааны актад заасан 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдоогүй тохиолдолд энэ захиргааны акт хүчингүй болно гэдгийг би шүүх анхаарч үзнэ үү.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө итгэмжлэлийн үндсэн дээр оролцож байгаа. Хариуцагчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбаруудаа бичгээр гаргасан.
Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлүүдийг тус тус хүлээсэн байна.
Хамгийн анхны сахилгын шийтгэлийг 2023 оны 5 сарын 10-ны өдрийн Б/59 тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Учир нь нэхэмжлэгч нь ажилдаа хариуцлагагүй хандсан, олон хоногоор ажил тасалсан, шүүхэд төлөөлөх чиг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тухайн үеийн Тамгын газрын даргын түр орлон сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Уг сахилгын шийтгэлтэй холбоотой нэхэмжлэгч ямар нэгэн гомдол санал гараагүй.
Дараа нь 2024 оны сарын 1 сарын 31-ний өдрийн А/23 тушаалаар Хүний эрхийн төлөв байдлын тайланг хангалтгүй тайлагнасан гэдэг үндэслэлээр Төрийн албаны хуулийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд шинээр Хүний эрхийг хангах үндэсний хороо гэх байгууллага байгуулагдсан. Уг хорооноос 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах илтгэх журам”-ыг баталсан. Уг журамд жил бүр аймгийн Засаг дарга орон нутагт байгаа хүний эрхийнхээ төлөв байдлыг илтгэнэ гэж заасан байдаг.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр 2023 оны хүний эрхийн төлөв байдлын тайланг Ховд аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 26-ны 11 цаг 30 минутаас 12 цагт 35 минутын хооронд цахимаар илтгэхээр хуваарь ирүүлсэн. Тухайн үед Хүний эрхийн төлөв байдлыг манай хэлтсийн мэргэжилтэн ******* боловсруулаад, хэлтсийн дарга ******* хянаад гарын үсэг зурсан байдаг. Үүний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тайлан танилцуулах үед тухайн тайлан нь шаардлага хангаагүй байна гэдэг зүйлийг ярьсан. Мөн тухайн үед тайланг гаргасан холбогдох хүмүүст арга хэмжээ ав гэдэг зүйлийг аймгийн Засаг дарга амаар хэлсэн. Ингээд тайлан илтгэх хурал дуусаж Засаг даргын Тамгын газрын дарга нь ******* дарга болон намайг өрөөндөө дуудаж, яагаад ийм хангалтгүй тайлан явуулсан талаар ярьж мэргэжилтэн *******, дарга *******, бид гуравт сахилгын шийтгэл оногдуулна, тушаалын төслөө бэлдэж ир гэсэн. Хэрэв сахилгын шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол энэ талаар санал тайлбараа өгөх боломжтой байсан.
2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай тушаалтай холбоотой дараах тайлбарыг хэлье. Уг тушаал нь сахилгын шийтгэл ногдуулсан 3 дахь тушаал юм.
Уг тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 48.1.4 дэх заалт буюу төрийн албанаас халах, мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 дэх заалтыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 37.1.8, 37.1.13, 37.1.16-д заасан чиг үүргээ зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн ажлын өдөр архидан согтуурсан нь тогтоогдсон, мөн нэг жилийн дотор удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр *******ийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.
Уг тушаал гарахаас өмнө сонсох ажиллагааны мэдэгдлийг ******* даргад өөрт нь өгсөн. ******* дарга уг мэдэгдэлд сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж бичсэн. Иймд нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгдсэн буюу сонсох ажиллагааг явуулах боломж нь хангагдчихсан гэж үзэж байгаа учир уг тушаалын хувьд сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэхгүй.
Ховд аймгийн Засаг дарга 2024 оны 02 сарын 26-ны өдөр “Засаг даргын Тамгын газрын дарга болон 2 хэлтсийн дарга ажилдаа ирэхгүй байна, гадуур архидан согтуураад яваад байгаа юм шиг байна. Үүнийг олж ирж ажлыг нь хийлгэ” гэдэг үүргийг Засаг даргын хувьд орлогч даргад үүрэг өгсөн бөгөөд орлогч дарга цагдаа руу уг мэдээллийг өгсөн байдаг. Тухайн үед цагдаагийн албан хаагчид Засаг даргын Тамгын газрын дарга болон хэлтсийн дарга нарын байгаа газар очиж согтолтын зэрэг тогтоосон. Харин ******* дарга тухайн газар байгаагүй тул согтолтын зэрэг тогтоогоогүй, архи уусан гэдэг нь нотлогдоогүй. Харин уг тушаал гарах болсон гол үндэслэл нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн согтолт тодорхойлсон тэмдэглэл юм.
Энэ ямар учиртай вэ гэхээр 2023 оны 6 сарын 14-ний өдөр ******* даргыг согтуу байхад нь тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан цагдаад дуудлага өгч *******ийн согтолтыг тодорхойлсон байдаг. Согтолт тодорхойлсон тэмдэглэл дээр ******* дарга өөрөө гарын үсэг зурсан. Энэ баримт нь уг Б/43 дугаартай тушаал гарах үндэслэл хамааралтай асуудал юм. Төрийн албаны хуульд тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байдаг. Зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа өнгөрөөгүй гэдэг үүднээс Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалын үндэслэл болсон. Өмнө нь уг зөрчилтэй холбоотой ******* даргад ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 3 удаа сахилгын зөрчил гарсан тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн тухайд 2023 оны Б/59 дүгээр тушаалын хувьд ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй. Харин 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 гэх тушаалуудын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна.
Нэгдүгээрт: 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна гэж үзэж байна. Уг хуулийн 37.5 дахь хэсэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны акт нь өөрөө хууль бус захиргааны актад хамаарна гэж заасан байгаа. Эрх зүйн зөрчлийн тухайд А/23 дугаар тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасныг баримталсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “сануулах сахилгын шийтгэл ногдуулах”-аар заасан. Хэрвээ цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар бол мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтыг баримтлах ёстой байсан. Төрийн алба нэн ялангуяа бичиг хэргийн стандартыг төрийн албанд мөрдөх ёстой байдаг. Гэтэл тушаал гаргах болсон үндэслэл, агуулга нь өөр, харин хариуцлага тооцож байгаа үндэслэл нь мөн үндэслэлээсээ зөрүүтэй байгаа тохиолдолд энэ нь хүний эрх ашгийг хөндсөн зөрчилтэй захиргааны актад хамаарна гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт: Уг тушаалын хувьд хөөн хэлэлцэх асуудлыг ярьдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар маргаан бүхий тушаалыг хэзээ гардуулсан бэ гэдгийг нотлох үүргийг хариуцагч тал өөрөө нотлох үүрэгтэй. Энэ талаар хариуцагчийн зүгээс тайлбар болон сүүлд нөхөж бичсэн асуудлуудыг ярьдаг. Гэтэл хариуцагч тал маань өөрөө төрийн захиргааны байгууллага байж болж явж байж аливаа зүйлд хариуцлагагүй хандаж байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчид уг тушаалыг гаруулсан талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлтэй байна.
Учир нь маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан хэрнээ нэхэмжлэгчийн 2 сарын цалин нь бүтэн орсон байдаг нь түүний 2 сарын цалингийн дэлгэрэнгүйгээс харагдаж байгаа юм. Гэтэл энэ тушаал өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл 2 сард хэрэгжихгүй байж байгаад 2024 оны 3 сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлж байна гэдэг нь уг тушаал 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөө гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Гуравдугаарт: Хүний эрхийн төлөв байдлын тайланг хангалтгүй тайлагнасан гэдэг үндэслэлийг хариуцлага тооцох үндэслэлээ болгосон байгаа. Хүний эрхийн төлөв байдлын тайлан хангалтгүй тайлагнасан гэдгийг үнэлсэн, дүгнэсэн, хангалтгүй тайлан гаргасан гэсэн Хүний эрхийн үндэсний хорооны үнэлгээ дүгнэлт юм уу, ямар нэгэн нотлох баримт байхгүй.
Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн үндэсний хорооноос 2023 оны тайланг хангалтгүй тайлагнасан гэсэн албан бичиг юм уу, өөр бусад баримт байхгүй байгаа. Аман яриагаар хангалтгүй байна шүү, гэж цаашдаа анхаараарай гэж хэлсэн гэдэг юм уу, эсхүл Засаг дарга уурласандаа хариуцлага тооц гэдэг байдлаар хариуцагчийн хариу тайлбар яригддаг.
Тэгэхээр хэн нэгэн албан тушаалтны “тайлангийн бичгийн формат таарахгүй байна гэдэг юм уу, эсхүл надад хангалтгүй санагдлаа” гэсэн хувийн дотоод итгэл үнэмшил, үзэмжээр төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага тооцож байгаа нь хууль бус.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх заалтыг баримталсан байдаг. Энэ нь нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын тухайд дараах тайлбарыг хэлье. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.16 дахь заалтуудыг баримталсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн эдгээр заалтуудад заасан төрийн албан хаагч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг нотолсон нотлох баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй байна.
Төрийн албан хаагчийн тухайд үр дүнгийн гэрээ байгуулдаг. 2023 оны үр дүнгийн гэрээгээ дүгнээд 90 хувь үнэлэгдсэн гэж тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэрчийн мэдүүлэг өгсөн.
Нэгэнт хариуцагч тал 2023 оны ажлын тайланг үнэлээгүй, дүгнээгүй гэж байгаа бол тушаалын үндэслэл болсон “ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх хууль зүйн үндэслэл нь нотлогдохгүй байна. Нэгэнт үр дүнгийн гэрээг үнэлээгүй асуудал дээр өөрсдөө үзэмжээрээ дүгнэлт өгөх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгчийг удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан гэж байна. Тэгвэл Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар ямар сахилгын зөрчил гаргасан гэж үзэж хариуцлага тооцож байгаа нь тогтоогдохгүй бөгөөд нотлогдохгүй байгаа юм. Хэрвээ удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны Б/59, 2024 оны 01 сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлийн талаар хэлж байгаа бол сахилгын шийтгэл давхардуулан ноогдуулсан гэх үндэслэл тогтоогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 сарын 31-ний өдрийн А23 дугаар тушаалаар хүний эрхийн төлөв байдлын тайлан хангалтгүй тайлагнасан гэж сахилгын шийтгэл оногдуулчихаад дахин уг үндэслэлээр сахилгын шийтгэл давхардууланэ оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.6-д заасан нэг зөрчил дээр сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.
Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр архи уусан гэх асуудал нь тухайн үед тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас халагдаад шүүхээр маргаад эхлэхээр хариуцагчийн зүгээс 2023 оны 6 сарын 14-ний өдөр архи уусан талаар зөрчлийн хэрэг нээлгэх хүсэлтээ Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Гэтэл цагдаагийн байгууллагын зүгээс албан ёсоор мэдээлэл, дуудлага өгөөгүй учир зөрчил биш гэж үзэж зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д сахилгын зөрчил ирлүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахыг хориглосон. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, уг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахыг хориглосон байхад сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчээс “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаал гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагааны тэмдэглэлийг нөхөж хийсэн, маргаан бүхий актыг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр надад гардуулсан...” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нь өөрийн биеэр тушаалын төслөө боловсруулж, Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулан, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч энэ талаар тухайн үед маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн...” гэж тус тус тайлбарлан маргана.
1.2. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцуулах хуваарийг баталж, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайланд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байна.
Уг хуваарийн дагуу Ховд аймаг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэн танилцуулж, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайланд үнэлгээ хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийн үнэлгээгээр Ховд аймаг нь нийслэл болон 21 аймгаас 19 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Улмаар Ховд аймгийн Засаг даргаас хүний эрхийн төлөв байдлын тайланг бэлтгэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрч гийн “...Ховд аймаг хүний эрхийн төлөв байдлын тайланг стандартын дагуу бичээгүй, гол үзүүлэлтийг тусгаагүй, хангалтгүй гэж дүгнэсэн, ...Ховд аймгийн Засаг даргаас Хууль эрх зүйн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдэд яаралтай хариуцлага тооцож хариу мэдэгд гэж үүрэг болгосон..., Хууль эрх зүйн хэлтсийн даргад цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа ба талууд энэхүү үйл баримттай маргаагүй, уг үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, уг актыг надад мэдэгдээгүй гэж маргаж байгаа хэдий ч Ховд аймгийн 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайлан хангалтгүй тайлагнасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулах болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, тайлбар санал гаргах боломжоор хангасан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...тушаалын төсөл дээр байгаа “2 сар” гэх гараар бичсэн зүйлийг би бичсэн. Уг бичгийг би тушаал гарсан 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичсэн. Мэргэжилтэн ******* уг тушаалын төслийг надад танилцуулсан. Би уг тушаалын төслийн Тамгын газрын дарга гийн өрөөнд авч ороод “тушаалын төсөл нь энэ байна, хэдэн сараар цалин хасах гэсэн бэ?” гэхэд 2 сараар 20 хувь цалин хасах шийтгэл оногдуулна гэж хэлсэн. Тэгэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй, ханддаг байгууллагад нь хандана гэж хэлсэн.., уг тушаалын төслийг би Мөнхзаяа мэргэжилтэнд өгсөн...” гэх тайлбар,
Гэрч гийн “...******* даргад би “Та хэлтсийн даргын хувьд хариуцлага хүлээх ёстой” гэж хэлээд *******т цалин хасах, мэргэжилтнүүдэд сануулах арга хэмжээ авсан. Надаас цалингийн 20 хувь бууруулах хугацаа хэд байх вэ гэж асуухад би 2 сараар хасна гэж хэлээд гаргасан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******ын “...Тушаалын төслийг би боловсруулсан. ******* даргад тухайн өдөр надад “Та хоёр өөрсдөдөө сануулах, надад цалин хасах сахилгын арга хэмжээ авах тушаалын төсөл боловсруулаарай” гэж хэлсний дагуу би тушаалын төслийг боловсруулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч гийн “...2024 оны 01 сарын 31-ний өдөр дээрх тушаалыг *******т гардуулж өгсөн. ******* даргыг Тамгын газрын даргын өрөөнд орох гэж байх үед гардуулж өгсөн. Гарын үсэг зуруулж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.16-д заасан чиг үүргээ зөрчиж, албан ажилдаа хариуцлагагүй хандан, ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын цагаар архидан согтуурсан нь тогтоогдсон, мөн 1 жилийн дотор удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.2. Хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаал гаргах болсон үндэслэлээ:
А. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлын байранд архидан согтуурсан тухай гомдол мэдээллийг Цагдаагийн газарт өгч, үүний дагуу Цагдаагийн албан хаагчид Засаг даргын Тамгын газрын байранд ирж согтолтын зэргийг тодорхойлоход 2.2 хувийн согтолттой байсныг тогтоосон,
Б. Ховд аймгийн 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланг хангалтгүй тайлагнасан нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, албан ажилдаа хариуцлагагүй хандсан,
В. 1 жилийн дотор удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн гэж тус тус тайлбарлан маргасан.
2.3. Маргаан бүхий актын үндэслэл болсон “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлын байранд архидан согтуурсан тухай гомдол мэдээллийг Цагдаагийн газарт өгч, үүний дагуу Цагдаагийн албан хаагчид Засаг даргын Тамгын газрын байранд ирж согтолтын зэргийг тодорхойлоход 2.2 хувийн согтолттой байсныг тогтоосон...” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа “... 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн согтолтыг тодорхойлсон тэмдэглэл нь 2024 оны 2 дугаар сард ил болсон, мөн нэхэмжлэгч нь 2024 оны 2 дугаар сард удаа дараа ажлын байранд согтуу явж байсныг холбогдох албан хаагчид хэлдэг, Засаг даргын зүгээс болон удирдах албан тушаалтнуудаас нэг бус удаа хэлж сануулсан байдаг...” гэж тайлбарласан ба шүүх хуралдааны явцад “...2024 оны 2 дугаар сард нэхэмжлэгч нь ажлын байранд согтуу явж байсан нь баримтаар тогтоогдоогүй, маргаан бүхий акт гарах болсон гол үндэслэл нь нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 14-ний архи уусан нь баримтаар тогтоогдсон..., Төрийн албаны тухай хуулийн 48.5-д зааснаар сахилгын зөрчил гарснаас хойш 12 сарын хугацаа өнгөрөөгүй байсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.
Хэрэгт авагдсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал гэх баримтаас үзвэл, тухайн үед Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Баярсүх нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******ийн согтолтыг драгер багажаар шалгаж, 2.22 хувийн согтолттой болохыг тогтоож, согтолт тодорхойлсон тэмдэглэл үйлдэн нэхэмжлэгч *******оор гарын үсэг зуруулсан байна.
2.4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ******* нь согтуу байсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч болон хариуцагч нараас энэхүү үйл баримтуудтай маргаагүй ба зөрчлийг илрүүлснээс хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 8 сар 16 хоногийн дараа уг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар...-с илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчсөн, уг үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
2.5. Маргаан бүхий актын үндэслэл болсон “...Ховд аймгийн 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланг хангалтгүй тайлагнасан нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, албан ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл нь “...Ховд аймгийн 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланг хангалтгүй тайлагнасан нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, албан ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэж тайлбарласан ба энэ зөрчилтэй холбогдуулан 2 сар 1 хоногийн өмнө буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл нэг зөрчилд хариуцлагыг давхардуулан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хөндсөн, мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэх хуулийн заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт байна.
2.6. Маргаан бүхий актын үндэслэл болсон “...1 жилийн дотор удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн...” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас дээр үндэслэлээ “...нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн буюу удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн...” гэж тайлбарласан.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл болсон “...1 жилийн дотор удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн...” гэх үндэслэл нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн, хууль бус захиргааны акт гэж үзлээ.
2.7. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5- д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус захиргааны акт тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаал хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон тул нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох нэхэмжлэлийн шаардлагад зааснаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1,106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.5, 48.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
3.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг,101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР