Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01664

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01664

 

 

 

Н.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01788 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Бын хариуцагч БГД, ЭМТд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 212 453 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, Б.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оноос БГД, ЭМТд Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд томилогдон ажилласан. БГД, ЭМТийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00026 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 3.901.458 төгрөг олгож шийдвэрлэсэн. БГД, ЭМТийн даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/94 тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Шүүхийн шийдвэр гарсан боловч биелэгдээгүй 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний хооронд ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.212.453 төгрөгийг БГД, ЭМТөөс гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БГД, ЭМТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, Б.Гэрэлтуяа нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цалин хөлс бодох журмын дагуу бодогдоогүй гэж үзэж зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд орсон байгаа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 13 хоногийн цалин 696.031 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж 3 сарын цалингаа авсан байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнд 3 сарын цалин нь орсон байгаа тул хасуулж тооцуулна. Хариуцагчийн зүгээс 1.988.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БГД, ЭМТөөс 2.660.085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бт олгож, үлдэх 552.368 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Бын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БГД, ЭМТд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.349 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БГД, ЭМТөөс 57.511 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Б нь ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч ажилдаа сайн дураар ирээгүй. Мөн хүний нөөцийн албанаас ажилдаа ирэхийг шаардахад ирдэггүй байсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилд авахгүй байна хэмээн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлдэг. Манай байгууллага Болдбаатарыг ажилд авахгүй байсан бол тушаал гарсанаас хойш ажилд авах байсан. Гэтэл Болдбаатар нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон бөгөөд манай байгууллага ажилдаа ирсэн үед нь ажилд авсан. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин нийгмийн даатгал болон цалингийн тооцооны картаас харахад 1 066 000 төгрөг байгаа бөгөөд үүнээс хоолны зардалд сард 60 000 төгрөг, унааны зардалд 55 000 төгрөг авдаг эдгээрийг цалингаас хасахад үндсэн цалин 951 000 төгрөг болж байгаа бөгөөд ажлын 22 хоногт хуваахад нэг өдрийн цалин 43 227 төгрөг болж байгаа. Үүнийг нь ажилгүй байсан 45 хоногт тооцоход 1 945 215 төгрөг болж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 2 660 085 төгрөгөөс 1 945 215 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх 714 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч БГД, ЭМТд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 212 453 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00026 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Быг БГД, ЭМТийн Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 6-8/

            БГД, ЭМТийн даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/94 дугаар Шүүхийн шийдвэрийг хангах тухай тушаалаар Н.Быг ажилд нь эгүүлэн тогтоосон. /хх 4/

            Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

            Харин хариуцагч нь “... нэхэмжлэгч ажиллах эрхээ өөрөө хэрэгжүүлэхгүй, ажилдаа ирэхгүй байсан ...” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 45 хоног байх бөгөөд 1 өдрийн дундаж цалин хөлс 59 113 төгрөг, нийт 2 660 085 төгрөгийг БГД, ЭМТөөс гаргуулж, нэхэмжлэгч Н.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 552 368 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Шүүх ажилтаны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 59 113 төгрөгөөр буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00026 дугаар шийдвэрээр тогтоосон хэмжээгээр тооцсон нь зөв юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БГД, ЭМТ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ