Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09-ний өдөр                    2023/ДШМ/04                       Хэрлэн сум

 

Х.П-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2022/0074

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Ө,  

Шүүгдэгч Х.П,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.П-ын  гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239003200333 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.....................................................

 

Х.П-нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын ....... багт байрлах “Хэнтий.......” ХХК-ийн хашаанд байсан А.О-ын эзэмшлийн модон байшингийн 2 ширхэг вакум цонхыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.О-д 385.900  төгрөгийн хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ө-с Х.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.П-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж,  1 /нэг/ жил, 9  /ес/ сар, 1 /нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч А.О нь засвар үйлчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.П- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “ 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 цонхны хэмжээг 107 см-68 см, 120 см-68 см харьцаатай гэж хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 хуудас/, эд зүйлд холбогдуулан үнэлгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт, “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 хуудас/ зэрэгт бичиж тэмдэглэсэн боловч энэ нь 2 цонхны харьцааг нарийвчлан метрээр хэмжиж тогтоогоогүй, таамаг байдлаар бичсэн байна.

Миний бие дээрх цонхыг 107 см-68 см, 120 см-68 см хэмжээтэй байсан гэхэд эргэлзэж байна. Тухайн 2 цонхны хэмжээ нь жижигхэн байсан бөгөөд том цонхны салхивчны хэмжээтэй нэг цонхны шил нь хагархай байсан.  “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр цонхны шил нь бүтэн алдагдсан гэх цонхноос 2 дахин том вакум цонхны зургийг интернэтээс татаж, тухайн 2 цонхны биет байдал болон хэмжээ, харьцааг харалгүй 385.900 төгрөг гэж үнэлсэн нь зах зээлийн үнэлгээний бодит байдалтай нийцэхгүй байна.

Надад холбогдох хэргийг шалгахдаа мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх анзаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байх тул шүүхийн шатнаас дахин хохирлын үнэлгээг тогтоолгох шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна. Цонхны хэмжээ хүрэхгүй байх гэж бодож байна.

 2. Миний бие 86 настай төрсөн эх А-г г асран хамгаалж ам бүл хоёулаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дугаар багт оршин суудаг. Одоо өндөр настай эх маань ганцаараа амьдарч байгаа. Миний бие 2021 оны 10 дугаар сард Дорнод аймаг руу өөрийн санаачилгаар архины эмчилгээнд явсан түүнээс хойш нэг ч удаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, өөрийн хөдөлмөрөөр амьдрал ахуйгаа залгуулахын тулд ажил хийж байгаа, өмнө 2 удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлэхдээ архины хамааралтай байсан. Цаашид өөрийн муу зуршлыг засаж зөв замаар амьдарна гэдэгтээ итгэлтэй байна.

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жил 11 сар 01 хоногийн хорих ял нь миний үлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохироогүй хүнд ял оногдуулсан гэж үзэж байна.

Хэрэв давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзвэл надад оногдуулсан хорих ялыг миний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж ялыг багасгаж өгнө үү. ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хулгайд алдагдсан гэх 2 цонхны хохирлын хэмжээ нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, зах зээлийн үнэлгээ өндөр гарсан гэж үзэж байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тогтоол, “Фэйр валуэшн” ХХК-ийн хохирлын үнэлгээ зэрэгт цонхны хэмжээг 170 см-68 см, 120 см-68 см гэх хэмжээ бичигдсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цонхыг хурааж авахдаа хэмжээг метрлээгүй  байна. Үүнээс дүгнэхэд таамаг байдлаар цонхны хэмжээг бичсэн гэж ойлгож байна. Цонхны хэмжээг буруу тогтоосон учир зах зээлийн үнэлгээ өндөр гарсан гэж үзэж байна. “Фэйр валуэшн” ХХК нь үнэлгээг гаргахдаа мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 170 см-68 см, 120 см-68 см хэмжээгээр гаргаагүй, харин интернэтээс шил нь бүтэн цонхыг татаж авч, түүнтэй харьцуулан үнэлгээг гаргасан байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх объектив талын шинж болох хохирол хор уршгийн шинжийг тогтоож чадаагүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн баримт юм. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлүүдэд заасан зарчмууд алдагдаагүй. Хэрэг нотлогдсон. Х.П-давж заалдах гомдолдоо “гэм буруугүй” гэх боловч 2 дахь заалтад “би гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул  хэвээр үлдээж өгнө үү.” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-ын  гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Х.П-нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Хэнтий.......” ХХК-ийн хашаанд байсан А.О-н эзэмшлийн модон байшингийн 2 ширхэг вакум цонхыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 385.900  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-12/,

           - Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх15-16/,

           - Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-18/,

           - Камерын бичлэг хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20/,

           - Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн ХЖ-32 дугаартай: “хулгайд алдсан  2 ширхэг вакум цонх 385.900 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хх 46-48/,

            - Хохирогч А.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед “Хэнтий Хангай” ХХК-ийн барилга дээр очиход цагаан байрны баруун талын модон амбаарын 2 ширхэг вакум цонхыг хулгайд алдсан байсан. Би хулгайд алдсан 2 ширхэг вакум цонхыг зах зээлийн үнээр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

           - Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дээр хуучны танил Х.П-гараа өргөөд зогсож байсан,таксины мөнгийг өгье урд байдаг өөрийн байшингаас 2 ширхэг вакум цонх авах гэсэн юм хүргээд өг гэж надаас гуйхаар нь би зөвшөөрсөн...30 минутын дараа Х.П-болчихлоо намайг ирээд авчих гэхээр нь буулгасан газраа очиход “Харгуй” ХХК-ийн зүүн талын хуучны барилгын баруун талд байсан хуучны модон амбаарын хажууд ухарч зогсоолгоод 2 ширхэг вакум цонх ачсан. Тэгээд муурын байшингийн урд талд хоёр цонхоо буулгаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх 31-32/,

          - Х.П-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Хэнтий....” ХХК-ийн хашаанд байсан модон байшингийн 2 ширхэг вакум цонхыг хулгайлсан. Миний хувьд хулгайлсан цонхыг ашиглаагүй байхдаа цагдаагийн байгууллагад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 56-57/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Х.П-ын  үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

             Шүүгдэгч Х.П-“хохирлын үнэлгээг дахин гаргуулах, ял хөнгөрүүлэх”  агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

      1. Хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэлд  “...107 см-68 см харьцаатай, 120 см-68 см харьцаатай 2 ширхэг вакум цонхыг хураан авав.” /хх15-16/ гэж, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “107 см-68 см харьцаатай, 120 см-68 см харьцаатай 2 ширхэг вакум цонхыг хохирогч А.О-д 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 25 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” /хх 17-18/ гэж, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоолд “107 см-68 см харьцаатай, 120 см-68 см харьцаатай 2 ширхэг вакум цонх...” /хх 13/ гэж,  хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн ХЖ-32 дугаартай дүгнэлтэд “...107 см-68 см харьцаатай, 120 см-68 см  харьцаатай цонхыг зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд вакум цонхны зах зээлийн үнэлгээ 385.900 төгрөг байх боломжтой” /хх 46-48/ гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хулгайд алдагдсан 2 ширхэг вакум цонхны хэмжээ 107-68 см, 120-68 см харьцаатай болох нь тогтоогдсон байна.

      Түүнчлэн “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн үнэлгээний тооцоололд “вакум цонхны зах зээлийн дундаж үнэ 250000, тохируулга хийсэн үнэ 107 см-68 см харьцаатай вакум цонх-181900, 120 см-68 см харьцаатай вакум цонх-204000, нийт үнэ 385900 төгрөг”  /хх-47/ гэж хохирлын үнэлгээг гаргасан байх ба уг шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч Х.П хохирогч Л.Н  нарт /хх-50,49/ танилцуулахад хэн аль нь санал хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтэд маргаагүй байна.

       Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн ХЖ-32 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул хулгайд алдагдсан 2 ширхэг вакум цонхны хохирлын үнэлгээг дахин гаргуулах шаардлагагүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноороо  шударга ёсны зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.П-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 жил  9 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж, 1 жил 9 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт  3 жил 11 сар 01 хоногийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу,  хувийн байдалд  тохирсон, энэ нь  эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан,  шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “11 /арван нэг/” гэсний дараа “сар” гэж бичилгүй орхигдуулсныг зөвтгөж, зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Х.П-ын  шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.П-г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 1 /нэг/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж,  1 /нэг/ жил 9  /ес/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ 01 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.П-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 1 /нэг/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж,  1 /нэг/ жил 9  /ес/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж,

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-ын  цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Х.П-ын гаргасан “хохирлын үнэлгээг дахин гаргуулах, ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                          

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                             Г.БОЛОРМАА