| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2203002820406 |
| Дугаар | 2023/ДШМ/28 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/28
Н.Ш, Ж.Унарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
өсвөр насны яллагдагч Н.Ш, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Нарантуяа, өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
яллагдагч Ж.Уын өмгөөлөгч П.Алтанчимэг,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/1880 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Н.Ш, Ж.Унарт холбогдох эрүүгийн 2203002820406 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй;
2. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй;
Өсвөр насны яллагдагч Н.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Hyundai Sonata 5” маркийн 09-92 БУН улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Цыг /32 настай, эрэгтэй/ мөргөж, хүний амь нас хохирсон,
улмаар мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,
яллагдагч Ж.У нь 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Sinotruck 223257” маркийн 78-70 УАТ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч П.Цыг /32 настай, эрэгтэй/ дайрч, хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Өсвөр насны яллагдагч Н.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Ж.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М. нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч- шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд оролцон цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлдэж, ...жолооч, явган зорчигч нарыг Замын хөдөлөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн талаар гэм буруугийн талаар дүгнэлт гаргажээ.
Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч, шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно. Мөрдөгч М.ын гаргасан мөрдөгчийн магадлагааг судалж үзэхэд тэрээр жолооч Н.Ш, Ж.У, явган зорчигч П.Ц нар Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн боловч жолооч Н.Шын хувьд хэдэн км/цаг-ийн хурдтай явсан, зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг ямар зайнаас харах боломжтой байсан, жолооч Ж.У нь тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч, самбаачлах хугацааны дотор зогсоох арга хэмжээ авахад явган зорчигчийг дайрахгүйгээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэхгүй орхигдуулсан байна. Иймд яллагдагч Н.Ш, Ж.Унарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ.
Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн талаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт 2 удаа дурдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн хуулийн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ...гэж үзвэл магадлагаа гаргаж болно" гэж хуульчилсны дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М. нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г гаргасан.
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа"-гаар жолооч Н.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн,
Улмаар мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үндэслэлтэй байна гэж,
Жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэх магадлагааг гаргасан.
Мөрдөгчийн магадлагаа нь хэрэгт цугларсан үйл баримтуудтай харилцан хамааралтай, уялдаа холбоотой, хоорондоо зөрүүгүй тул түүнийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, мөн хэргийн оролцогч нарт танилцуулахад магадлагааг эс зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгч нь уг тодорхойлолтод хамаарахгүй этгээд тул “...мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчиж магадлагаа гаргасан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Өсвөр насны яллагдагч Н.Ш тус шүүх хуралдаанд “Тайлбаргүй” гэв.
Өсвөр насны яллагдагч Н.Шын хууль ёсны төлөөлөгч Б.Нарантуяа тус шүүх хуралдаанд: “Хэлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны яллагдагч Н.Шын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгээс буцаасан. Шүүгч өөрийн дотоод итгэл, хуулийн зүйл, заалтаар хурд тодорхойлох шинжээч томилоогүй байна гэсэн. Шүүгчийн буцаасан үндэслэлийг дэмжиж байгаа” гэв.
Яллагдагч Ж.Уын өмгөөлөгч П.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьдчилсан хэлэлцүүлгийг хүсэлтийг Ж.Уын хүсэл зоригийн үндсэн дээр гаргаагүй. Шүүгчийн захирамжид дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах талаар өмгөөлөгч хүсэлт гаргахад прокуророос 9 дүгээр сарын 09-ний өдөр “тормосын мөр байхгүй, камерын бичлэг хангалттай бүрэн харагдахгүй байх тул хариу мэдэгдэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу заавал тогтоогдох нөхцөл байдал байсан, “Hyundai Sonata 5” загварын автомашины хурдыг тогтоох ажиллагаа хийх нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэх хүсэлтийг гаргасан. Энэ байр суурь хэвээр байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Н.Ш, Ж.Унарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн тус хэргийн мөрдөгчийн магадлагаанд хийсэн “...зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч, шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр ...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлджээ. ...” гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г гаргасан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М. нь эрх зүйч мэргэжилтэй, мөрдөгчөөр 2 жил ажилласан туршлагатай байх тул жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийг тогтооход /хувь жолоочид, тээврийн хэрэгсэлд, замын нөхцөл байдалд, орчны нөлөөлөл зэрэг бүхий л хүчин зүйлүүдийг үндэслэдэг/ тогтоох тусгай мэдлэгийг эзэмшсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Мөн тус 2022 оны 8 дугаар сарын 10-ны мөрдөгчийн магадлагааг зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургууд, хохирогч П.Б, гэрч Н.Ш, шинжээчийн 1489 дугаартай дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлага зэргийг л үндэслэсэн гаргасан байна. Гэтэл хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд /1хх 160-161, 173-174, 184-185, 197-198, 210-211, 222-226, 235-238, 248-250/, шинжээчийн тайлбар /1хх 128-129/, камерын бичлэг /1хх 32-36/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-24/, Н.Шын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж цуг явсан насанд хүрээгүй Г.А /1хх 71/, С.Т /1хх 76-77/ нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, Ж.Уын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж цуг явсан Б.Оын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх 112-113/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд бэхжүүлэгджээ.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэн хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Гэхдээ анхан шатны шүүхийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд оролцон цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлджээ...” гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас...” гэж заасан байдаг ба тус гэмт хэргийн:
субъект болох “Авто тээврийн хэрэгслийн жолооч”-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар “...“жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг;...” гэж,
жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийг тогтооход /хувь жолоочид, тээврийн хэрэгсэлд, замын нөхцөл байдалд, орчны нөлөөлөл зэрэг бүхий л хүчин зүйлүүдийг үндэслэдэг/ тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэж шинжилгээ хийлгэх шаардлага үүсдэг ба энэхүү тусгай мэдлэг бүхий этгээд нь шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гэсэн нотлох баримтыг гаргах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27.1 дүгээр зүйл, 27.11 дүгээр зүйлд заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж зааснаар өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэгт мөрдөгчийн магадлагаа гаргах хууль зүйн үндэслэлтэй ба анхан шатны шүүхийн “...энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М. нь ...өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд оролцон цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлдсэн...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/1880 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Ариунаагийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ