Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2024/0015/З |
Дугаар | 112/ШШ2024/0026 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Тендер, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 112/ШШ2024/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “Ж г” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, хууль ёсны төлөөлөгч Ш.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гэрч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгуулахаар маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 дугаар тушаалаар Эмнэлгийн өргөтгөлийн барилгын вакум хагалгааны өрөөний засвар, мэс заслын тоног төхөөрөмж худалдан авах үнэлгээний хороог байгуулсан байна.
Улмаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, ГААНЭ/20240101001 дугаар бүхий “Мэс заслын вакум засвар, тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах ажилд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Ж г” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Ж г” ХХК-д ГААНЭ/20240101001 дугаартай “Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмж” ажилд танай ирүүлсэн 1,391,046,832 төгрөгөөр гүйцэтгэхээр 2024 оны 02 дугаар сарын 23-нд ирүүлсэн танай тендерийг хүлээн зөвшөөрснийг мэдэгдье гэжээ.
Энэхүү шийдвэрийг тендерт оролцогч “З б” ХХК нь эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасныг хянан үзээд тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2177 дугаар “... “З б” ХХК нь тендерт хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ирүүлээгүй байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх шаардлага: Шаардана” гэж заасныг хангаагүй байх тул татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Ж г” ХХК-ийн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянан үзлээ. ...3. “Ж г” ХХК нь тендерт барилга угсралтын БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5 төрлийн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байгаа нь нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т “Барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5, БА-8.1” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 96 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” гэх албан бичгийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ.
Дээрх албан бичгийг хүлээн аваад үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин хуралдаж, өмнөх үнэлгээний шийдвэр хэвээр гэж бүх гишүүд үзэн, “Ж г” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
Харин Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 03/2177 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийг үндэслэн ... ГААНЭ/20240101001 дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлд зааснаар тендерийн баримт бичгийн ТШЗ 19.3 дахь заалтад заасан барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5, БА-8.1 гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь зүйлд заасны дагуу танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна” гэх мэдэгдлийг “Ж г” ХХК-д хүргүүлжээ.
2.2. Дээрх шийдвэрйг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Ж г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай компани нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн Эмнэлэг-ээс зарласан: ГААНЭ/20240101001 дугаартай Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмжийн ажлын тендер шалгаруулалтад оролцсон.
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Захиалагчаас манай тендерийг шалгарсан гэсэн мэдэгдэл өгсөн. Гэтэл энэ тендерт оролцсон “З б” компани захиалагчийн шийдвэрт Сангийн Яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдльг хянан үзээд З б компаний тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, манай компаний тусгай зөвшөөрлийн заалт тендерийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг хянан үзэж тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгасан.
Сангийн яамнаас ирсэн мэдэгдэлийн дагуу үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж тусгай зөвшөөрлийн заалтууд тендерийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг хянан үзэж үнэлсэн байна.
Үнэлгээний хороо манай тусгай зөвшөөрлийн заалтууд тендерийн баримт бичигтэй нийцэж байгаа гэж 100% саналаар дэмжиж хурлын тэмдэглэл үйлдэн захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Хурлын тэмдэглэлтэй танилцахад: Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.2-ын дагуу манай тендерийг хянан үзэж энэ хуулийн 26.4 дэх заалтуудыг хангасан гэж шийдвэрлэсэн байна.
2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний хороо хуралдан энэ хуулийн 50.2.3-ын дагуу 28.1.1-д заасан шийдвэр гарган, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байдаг.
Захиалагч нь: 2024.04.30-ны өдөр манай компанийг тендерийн баримт бичгийн ТШЗ 19.3 дахь заалтад заасан барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА- 7.4, БА-7.5, БА-8.1 гэж заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй шалтгаанаар тендерээс татгалзсан хариу өгсөнтэй санал нийлэхгүй байна. Дээрх тендерийн ажлыг хийхэд тусгай зөвшөөрлийн шаардлагуудыг манай компани хангаж байгааг үнэлгээний хорооны гишүүд 100% саналаар хангаж байгаа гэж дүгнэсэн байдаг.
Тусгай зөвшөөрлийн заалтыг тендерийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг зөвхөн тендерийн үнэлгээний хороо ТБОНӨХБАҮХАТ хуулийн 50.2.2 заалтын дагуу үнэлэж дүгнэлт гаргах ёстой.
Гэтэл Захиалагч тал ганцаараа дүгнэлт хийн үнэлгээний хорооны зөвлөмжийг үл хэрэгсэн манай компаний дээрх тусгай зөвшөөрлүүдийн заалт шаардлага хангахгүй байгаа гэж үзэн манай тендерээс татгалзсан шийдвэр гаргасан байна.
Энэ шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөөгүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нэгдсэн Эмнэлэгт тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч “Ж г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 02 дугаар сарын 02-нд байсан байх зарлагдсан тендерт манай компани оролцсон. Энэ тендерт оролцоход нэлээн хугацаа орсон. 2024 оны 04 дүгээр сарын 30-нд манай тендерээс татгалзсан мэдэгдэл манайд хүргүүлсэн байгаа. Энэ мэдэгдэлийн гол шаардлага нь юу байна гэхээр манай тусгай зөвшөөрлийн заалт шаардлага хангаагүй гэж захиалагч тал үзсэн. Манай зүгээс хангаж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл нотлох баримт буюу Барилга хот байгуулалтын яамны сайдын тушаал, одоо холбогдож байгаа тусгай зөвшөөрлийн заалт мөн урьд нь мөрдөгдөж байсан тусгай зөвшөөрлийн заалтуудыг бүгдийг нь авчирсан. Энэ дээр харьцуулаад ярилцаад явах боломжтой. Манай хувьд худалдан авах ажиллагааг мэргэжлийн бус түвшинд зохион байгуулагдсан гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл миний ойлгосноор аймгийн Худалдан авах ажиллагааны газар мэргэжлийн ганц байгууллага бий. Энэ дээр энэ тендер зарлагдахаар байсан. Ямар шалтгаанаар мэдэхгүй, Нэгдсэн эмнэлэг энийг өөр дээрээ буцааж татаж авсан. Энийг бол би худалдан авах ажиллагааны газрын холбогдох хүмүүстэй уулзаж лавласан. Тэгэхэд бол манай талаас зарлагдахаар төлөвлөгөөнд тусгагдаад манайхаар яг зарлах энэ моментод манайхаас татаж авсан гэдэг. Энийг бол би мэдэхгүй гэсэн. Тэгээд цааш нь харахад энд захиалагч өөрөө үнэлгээний хороо байгуулах ёстой. Үнэлгээний хороо нь ямар ажил хийх вэ гэхээр энэ тендерийг үнэлэх, шалгах, хянах энэ бүх процессыг худалдан авах ажиллагааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу энэ тендерийн үйл ажиллагаа явагдах ёстой. Энэ тендерийг хуулийн дагуу үнэлгээний хороо захиалагч тал баталсан. Тэгээд үнэлгээний хороо энэ дээр ажилласан, үнэлгээний хороо үнэлэх, хянах, зөвлөмж гаргах, хуралдах энэ бүх процессоо хуулийн дагуу хийгдсэнийг нь би тендерийн шалгаруулалтын материалаас үзэж танилцсан. Гэтэл эцсийн шатдаа захиалагч бие даан шийдвэр гаргасан. Ерөөсөө энэ худалдан авах ажиллагааны тухай энэ хуулийн үндсэн зорилго бол нэг хүнээс хараат биш, өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны олонхийн шийдвэрээр шийдвэр гарч явах ёстой гээд хуульчлаад хуулийн заалтыг нь тавиад өгчихсөн байж байгаа. Тэгээд үнэлгээний хорооны 5 гишүүн бүгдээрээ манай тендерийг шаардлагад нийцэж байна гээд дэмжсэн байхад захиалагч болох нэг хүн ганцаараа бие даан шийдвэр гаргасан байгааг л бид хууль зүйн үндэсгүй байна гэж үзээд байгаа. Үнэлгээний хорооныхоо үйл ажиллагаа, хянах процесс, үнэлэх процесс, зөвлөмж гаргах процесс гээд энэ хуулийн заалтуудыг нь би хэлээд өгчихөж болно. Энэ хуулийн зохих заалтуудын дагуу захиалагч өөрөө цаг тутамд нь хяналтаа тавиад явж байх ёстой. Үндсэндээ захиалагч өөрийнхөө эрх үүрэгтэйгээ танилцсан. Энэнийхээ дагуу энэ процесс явагдсан гэж ойлгож байгаа. Тэгээд яагаад мэргэжлийн А сертификат авсан 5 хүн санал нэгдэн манай тендерийг дэмжсэн байхад энэ үнэлгээний хороон дээр үнэлэх, хянах, шалгах энэ процесст оролцохгүй хүн шууд бие даан шийдвэр гаргасан энэ байдал дээр миний хувьд хамгийн их эмзэглэж байна. Худалдан авах тухай хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн гэж харах гээд байгаа юм. Хэрэв захиалагч тал маань үнэлгээний хорооныхоо шийдвэрийг эсрэг заалт гаргаж байгаа тохиолдолд нотлох баримт, хуулийн зохих заалтуудыг яг таг бичих ёстой. Энэ мөн энэ хуулийн тодорхой заалтуудаар тавигдсан. Тухайлбал энэ хуулийн 28.4-д захиалагч бүх тендерээс татгалзсан бол гэсэн байгаа. Энэ тохиолдол захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судлах байсан. Энэ судалгаа нь энэ тендерийн материал дотор харагдахгүй байгаа. Захиалагч яг ингэж, ингэж юу яасан гэдэг юм надад харагдахгүй байгаа. Дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-д заасан шийдвэрт заана гэж байгаа юм. 28.1.3-д заасан шийдвэр нь юу байх вэ гэхээр оролцогч компанид хүргүүлж байгаа мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдэлд манай тендерээс татгалзаж байна л гэсэн болохоос биш, хэрэв татгалзсан тохиолдолд энэ тендерийг үргэлжлүүлж дахиж зарлах юм уу, зарлахгүй юм уу гэдэг тайлбар ерөөсөө энэ дээр бичигдээгүй. Гэхдээ энэ мэдэгдэл бол үндсэндээ яг тендерийнхээ хуулийн заалтуудыг зөрчөөд гарчихсан байдаг. Тэгээд бид нарын хоорондын гол маргаж байгаа юм бол ерөөсөө л энэ тусгай зөвшөөрлийн заалт дээр байгаа. Тусгай зөвшөөрлийн заалт дээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Барилга хот байгуулалтын Сайдын 217 тоот тушаал байгаа. Энэ тушаалаар тусгай зөвшөөрөл олгох процесс буюу энэ олгох гэдэг үгийг би бас онцолж хэлж байна. Олгох процессыг зааж өгсөн журам байгаа. Энэ дээрээ барилгын төвөгшлөөс нь хамааруулаад БА тэдийн тэд, тэдийн тэд гээд ялгачихсан байгаа. Би захиалагч талыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний мөрдөгдөж байсан энэ заалтуудыг тендерийн материалдаа тавьсан байна гэж харж байгаа. Угаасаа тэгж тавьсан байгаа. Энэ нотлох баримтаар авагдчихсан. Гэтэл манай компани энэ 2018 оноос хойно байгуулагдсан. Өөрөөр хэлбэл 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөн Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар мөрдөгдсөн тусгай зөвшөөрлийн заалтуудыг авсан. Тэгэхээр энэ дээр нэг юм харагдана 2018 онд тусгай зөвшөөрөл авсан компани 2021 оныхтойгоо хоорондоо дүйцэж байгаа, дүйцүүлж тооцох аргачлалыг нь Барилга хот байгуулалтын яамны тушаалаар тогтоогоод өгчихсөн. Өөрөөр хэлбэл яаж харагдаж байна вэ гэхээр 2018 онд А гэдэг хүн тусгай зөвшөөрлөө авчихсан байж байдаг, Б гэдэг хүн 2022 онд ч хамаагүй тусгай зөвшөөрлөө авчихсан байхад энэ хоёрын тусгай зөвшөөрөл буюу А-гийн тусгай зөвшөөрөл хүчинтэй, хугацаагаа дуустал хүчинтэй. Энэ сайдын тушаалаар тусгай зөвшөөрлийн эзэмшиж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон биш олгох процессыг нь хүчингүй болгож байгаа. Тэгэхээр А гэсэн 2018 оны тусгай зөвшөөрөлтэй компани 2022 оны тусгай зөвшөөрөлтэй Б компани 2024 онд тендерт орсон тохиолдолд энэ хоёр хоорондоо дүйцэгддэг. А талын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, олгох процессыг нь л хүчингүй болгосон болохоос биш нэгэнт тусгай зөвшөөрлөө авчихсан компанийн тусгай зөвшөөрөл нь хүчинтэйгээрээ явж байдаг. Хоёр компанид 2 өөр тусгай зөвшөөрлийн заалт мөрдөгдөөд тендерт ороод эхлэхлээр зэрэг энэнтэй дүйцүүлж тооцож явна гээд тусад нь дахиад зөвлөмж гаргачихсан. Энэ зөвлөмжийн дагуу үнэлгээний хороо ажиллаад манай тусгай зөвшөөрлийн заалтыг дүйцүүлж үзсэнээрээ шаардлагыг хангасан гэж үзэж тооцогдож байгаа юм. Дараагийн нэг дахиад би энэ дээр өөрийгөө зөвтгөх нэг шалтаг шалтгаан юу байна гэвэл энэ тендерийг захиалагч тал дахин зарласан байгаа. Хэргийн нотлох баримтад хавсаргачихсан байгаа дахин зарласан тусгай зөвшөөрлийн заалтыг сонирхоод харахад мөн 2021 онд мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн заалтыг тавиад өгчихсөн. Тэгэхээр энэ захиалагчийн хийгдэх гэж байгаа ажил маань 2018 оны тусгай зөвшөөрлийн заалтаар ч хийгдэж боломжтой 2021 оны тусгай зөвшөөрлийн заалтаар ч хийгдэж болох ажил гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Энэ дээрээс дахиад тусгай зөвшөөрлүүдийн заалтуудыг аваад харахад урд талын БА гээд эхний цифр л өөр болохоос биш бусад үг үсэг, утга агуулгын хувьп ерөөсөө зөрчигдөөгүй, хоорондоо бүгд таарч мөргөж байгаа. Тэр утгаараа бид энэ тендерт хэчнээн 7.1, 7.2, 7.3 гэсэн заалтууд надад байхгүй ч гэсэн надад 6.1, 6.2, 6.3, 6.4 гэсэн заалтууд байгаа учраас энэ 2018 оны дүйцүүлэх аргачлалаар би шаардлагаа хангаж байна гэж тооцоолж энэ тендерт оролцсон. Манай өрсөлдөгч болж З б гэж компани оролцсон. Хоёр компани оролцсон. З б компанийн тусгай зөвшөөрөл ч гэсэн адилхан 2021 онд мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн заалтуудтай байгаа. Үндсэн санаа бол ийм байна, асуулт ярих, тодруулах юм байгаа. Дүйцүүлэх зөвлөмж бол би яг оноор нь мэдэхгүй. Аймгийн худалдан авах ажиллагааны газраас би асуусан юм. Би 2018 онд тусгай зөвшөөрөл авсан. Өнөөдрийн байдлаар миний тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй гэж бодъё. Өнөөдөр хүртэл тусгай зөвшөөрөл дуусаагүй байж байхад би 2024 онд зарласан мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн заалтаар энэ тендерт оролцож болох уу гэхэд болно, дүйцэгдээд явдаг тусгай зөвшөөрлийн журам байгаа гэж хэлсэн. Угаасаа хар ухаанаар тэгж л байгаа юм. Би 2018 онд тусгай зөвшөөрөл авчихсан байж байлаа, миний тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй 2025 он хүртэл хүчинтэй байя гэж бодъё. Би 2024 онд яг энэ өөрийнхөө тусгай зөвшөөрлийн заалтаараа дүйцүүлэх аргачлалаараа дахиад орж байгаа. Түүнээс би дахиж энэ 2021 оны тусгай зөвшөөрөл гарч ирлээ гээд би дахиж шинээр тусгай зөвшөөрөл авахгүй. Процесс нь ийм юм байгаа юм. Тэгэхээр тендерийн материалын шийдвэрийг яаж гаргах вэ гэдэг чинь үнэлгээний хороо гээд мэргэшсэн, төрийн бус болон мэргэжлийн байгууллагаас оролцсон 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй энэ хүмүүс л шийдвэрийг гаргах эрхтэй. Гэтэл Ш.М дарга аж ахуйн албаныхаа даргатай өөр хүмүүсийг оролцуулаад энэ шийдвэрийг гаргасан гэж байна. Тэгтэл энэ шийдвэр чинь энэ хуулийнхаа заалтыг зөрччихөж байгаа юм. Ш.М дарга үндсэндээ хуулийнхаа заалтыг харалгүйгээр шийдвэр гаргасан. Үнэлгээний хороо буруу шийдвэр гаргасан байж болно. Хэрэв үнэлгээний хороог буруу шийдвэр гаргаж байгаа үүргээ буруу дутуу биелүүлж байгаа тохиолдолд захиалагч тал яг тухай бүрд нь үнэлгээний хорооны хүмүүсийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж дахиж өөр хүн томилох эрхтэй. Энэ эрхээ өөрөөр хэлбэл хэрэгжүүлээгүй, хэрэв үнэлгээний хороо буруу шийдвэр гаргаж байна гэж үзсэн бол болно. Тэгээд заавал дахиж үнэлгээний хороогоо байгуулаад дахиж тэр хүмүүсээрээ үнэлүүлж байж захиалагч шийдвэрээ гаргах ёстой. Түүнээс үнэлгээний хороо буруу юм хийчихлээ, ийм юм болчихлоо гэдэг үндэслэлээр шууд өөрөө бие даан шийдвэр гаргах хуулийн эрх байхгүй. Энэ дээрээс үнэлгээний хорооны заалтыг нь уншаад өгье. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль байгаа. Энэ хууль нэлээн урт нэртэй учраас энийг би цаашид тендерийн хууль гээд хэлээд явъя. Энэ хуулийн 52.2 дээр энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан өөрөөр хэлэх юм бол үнэлгээний хорооны ажилтан, албан тушаалтан энэ хуульд зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухай бүрд нь оролцох үүрэгтэй. Гэтэл Ш.М даргын ярьж байгаагаар үнэлгээний хороо өөрөөр хэлбэл сангийн яамнаас ирсэн шийдвэрийн дагуу үнэлгээний хороо ажиллаж өгөөгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Хэрэв ингэсэн тохиолдолд мөн энэ хуулийн 50.7-д үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан үүргээ зөрчсөн бол захиалагч, түүнийг үнэлгээний хорооны гишүүний үүргээс чөлөөлж шинэ гишүүн томилно гэсэн байгаа юм. Заавал тэгж байж шийдвэр гаргах ёстой. Үнэлгээний хорооны үүргийг 51 дүгээр зүйл дээр заагаад өгчихсөн байгаа юм. Энэ чинь заавал үнэлгээний хороогоор дамжуулж тэр мэргэжлийн улсуудаар үнэлүүлж байж захиалагч шийдвэр гаргах болохоос биш үнэлгээний ажиллаагүй учраас үнэлгээний хороонд байхгүй өөрийнхөө холбогдох хүмүүсийг цуглуулж байгаад шийдвэр гаргасан гэдэг юм харагдаж байна. Тэр Сангийн яамны мэдэгдлийг ойлгож байгаа. Сангийн яамны мэдэгдэл угаасаа манай дээр 7.1, 7.2, 7.3 гэсэн заалт байхгүй гэдгийг хэлсэн. Угаасаа манайд байхгүй. Тэгэхдээ үнэлгээний хороо дараагийн өгүүлбэрт нь юу гэж дурдсан бэ гэхээр зэрэг энэ тендерийг хүчингүй болго, дахин зарла гэж хэлээгүй, дахин үнэлж үз гэсэн байгаа. Дахин үнэлж үз гэдэг чинь энэ 2018, 2021 оны хоёр тусгай зөвшөөрлийн холбоосоо магадалж үз л гэсэн үг юм. Тэгж л Сангийн яамнаас шийдвэрээ өгсөн байгаа. Түүнээс хэрэв би тусгай зөвшөөрөлгүй давхиж орсон, эсвэл шал ондоо авто зам барих тусгай зөвшөөрлөөр барилгын ажил хийнэ гээд орсон бол холбогдох мэргэжлийн байгууллага нь шууд тусгай зөвшөөрөл байхгүй компани байна, тендерийг дахин зарла, оролцогчийг шалгаруулах боломжгүй байна гэж мэдэгдлээ өгөх ёстой. Гэтэл үнэлгээний хороо дахиж хуралдаж хянаж үз гэсэн юмыг энэ дээр хийгээд өгчихсөн байгаа. Энэ бас л хуулийн хүрээнд хууль дээрээ Барилгын тухай хууль болон тендерийн тухай хууль дээр чинь бид нарыг яг юу, юу хийх, яах вэ гэдэг дээр нь сайн заагаад өгчихсөн байгаа. Энэ дээр хуулийн 15.4 дээр энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно гэсэн байгаа юм. Гэтэл эднийх 3.1 гэсэн заалтыг тавиад өгчихсөн байгаа юм. 3.1 гэсэн заалт нь ерөөсөө л барилга барих буюу 9 давхар барилга барих гэдгийг л хэлээд байгаа. Энийг би өгүүлбэрээр нь нөхцөл шаардлагаар нь хэлээд өгчихөж болно 3.1 чинь наад 7.1, 7.2, 7.3, 7.4 гэдэг чинь дотор талын сантехник, цахилгаан холбоо, агааржуулалтын ажлыг хийх тусгай зөвшөөрөл байгаа юм. Тэгэхдээ эдний тендерийн материалд өгсөн ажлын даалгавар, зураг нотлох баримтад орчихсон байгаа эд нарыг харьцуулаад харахад энэ дээр барилга барих ажил ерөөсөө хийгдэхгүй, барьчихсан барилгын доторх 2 өрөөг засварлах л ажил байгаа юм. Тэгэхдээ 3.1 гэсэн заалтыг энэ дээр хэрэглэхийг хориглочихсон мөн 2.1 гэсэн заалтыг ч хэрэглэхийг хориглочихсон байна. Хэргийн нотлох баримт дотор байж байгаа. Энэ ажлаар юу хийгдэх вэ гээд жагсаалтууд нь байгаа. Гадна талд нь барьчихсан барилгын гадна талын фасад хийнэ, дотор талаар нь сантехникийн ажил хийнэ, агааржуулалтын ажил хийнэ, холбоо дохиолол цахилгааны ажил хийнэ. Түүнээс биш энэ дээр дам нуруу угсраад газар ухаад суурь цутгаад, цонх хаалга хийгээд дээвэр, хучилтыг нь хийдэг ажил энэ дээр ерөөсөө байхгүй. Тэгэхээр 3.1-ээр хийгдэх ажлын заалт ерөөсөө байхгүй. 15.4 дээр яг тодорхой байгаа. Ажил үүрэгтэй холбоогүй заалт хэрэглэхийг хориглоно гээд энэ хууль дээр тодорхой байгаа. Ер нь Ш.М дарга нэг юмыг л ойлгох хэрэгтэй. Ер нь бол бид нар хуульд л захирагдаж тендер шалгаруулалтын ажлыг хий гэж зааж өгсөн болохоос биш ард түмний эрх ашиг, их үнийн дүнтэй гэсэн үг, өгүүлбэр энэ хуульд чинь байхгүй. Хуулийнхаа заалтуудыг л сайн уншиж хараад энэ захиалагчийнхаа үүрэг, захиалагчийнхаа эрхийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Энэ 2024 оны 04 дүгээр сарын 30-нд өгсөн мэдэгдлийг гаргасан шийдвэрээ өөрийнхөө аж ахуйн дарга, нягтлан бодогч гээд А3 гэсэн сертификат байхгүй буюу үнэлгээний хороонд ороогүй улсуудыг цуглуулж байгаад шийдвэр гаргасан байна гэдгийг л би шүүхэд дахин дахин хэлье гэв.
3.3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Аптай аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 сарын 30 ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргуулах: Бид энэхүү шийдвэрийг Монгол улсын сангийн яамны 2024 оны 04 сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай “ албан тоотын 3-д заасан “Ж г” ХХК нь тендерт барилга угсралтын БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5 төрлийн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байгаа нь тендерт шалгаруулалтын баримт бичгийн ТШӨХ-ийн 19.3 барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5, БА-8.1 гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдэе гэсний дагуу:
Үүний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж үнэлгээний хорооны хурлын 2024 оны 04 сарын 16 өдрийн № 3 тоот хурлын тэмдэглэл зөвлөмжийн дагуу өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж сангийн яамны өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй.
2024.04.23 үнэлгээний хорооны дарга Л.О, гишүүд Г.М, Б.Д, Ц.Э нартай дахин уулзаж захиалагчийн тэмдэглэл дээр: барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5, БА-8.1 гэсэн шаардлагыг хангахгүй байна. Иймд тендерийг мэргэжлийн зөвлөгөө авч тендерийг дахин үнэлж эцсийн байдлаар хүргүүлж ажиллана уу, мөн барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар “Аргачлал батлах тухай” батлагдсан аргачлалыг буруу ашиглаж байгаа талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авахыг зөвлөсөн боловч тус хурал дээр шийдвэрийг өөрчлөх боломжгүй /протокол хавсаргав. / гэж мэдэгдэн албан хариу өгөөгүй.
Ийм учраас: ТБОНӨХБАҮХАТ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 заалт, Монгол улсын сангийн яамны 2024 оны 04 сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” албан тоотод үндэслэн шийдвэр гаргасан болно гэжээ.
3.4.Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүл мэндийн яамны төсвөөс 12 сард төсвийн төлбөр дээр орсон мөнгөөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гүйцэтгэлийн тендер зарлах эрх шилжиж ирсэн. Энэ хуулийнхаа дагуу л явсан байх. Гэхдээ энэ мөнгө төрийн мөнгө, төсвийн мөнгө, Говь-Алтайн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай сайн явуулахад шаардах шаардлагатай гэж өгсөн учраас энийг захиалж байгаа захиалагч нь болж байгаа. Сая Ж г ХХК-ийн төлөөлөгч ярьж байх шиг байна. Энэ тусгай зөвшөөрлийн асуудал юутай холбоотой вэ гэхээр ер нь захиалагч ямар юм хийлгэх вэ гэдэг үүргээ даалгавараа өгөх ёстой. Ер нь бол мэргэжлийн бус болсон гэдэг дээр би яг энэ худалдан авахаар мэргэшээгүй учраас үнэн зөв болчихсон юм байна гэж үзэж байгаа. 2 дугаарт нь энэ мэргэжлийн бус болсныг далимдуулаад энэ мэргэжлийн бус хүмүүс чинь харин тусгай зөвшөөрлийн зүйл анги дүйцүүлэх аргачлалаа бүр буруу зөвтгүүлж танилцуулаад байна. Би мэргэжлийн биш эмч хүн, энэ тусгай зөвшөөрлийг дүйцүүлэх гэсэн болохоос энэ дотор нь дүйцүүлэх гэсэн үг. Энийг эргүүлээд нэг үзээрэй. 2 дугаарт энэ тоглоомын дүрмийг чинь захиалагч гаргана. Би энийг бүр хэлье. Монгол Улсын төрийг төлөөлж энэ олон хүний өмнөөс гаргаж байгаа 1,4 тэрбум төгрөгийг хэн нь авах нь хамаагүй, шаардлага сайн хангасан компани шалгараасай гээд тэр тендерийн хороог байгуулаад, тендерийн хороонд ажлын даалгавар өгсөн. Ажлын даалгаврыг зургаар өгсөн, дээр нь дахиад чи саяын тусгай зөвшөөрөл хууль бус болсон энийг дахиж хийх ёстой гэсэн энэ үнэлгээний хорооны санал дээр ийм байх ёстой юм байна гэдгийг бүр сүүлд нь ойлголоо. Юу гэхээр саяын тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ А сертификаттай ерөнхий мэргэжлийн хүмүүс чинь үнэлэхдээ үнэлгээнийхээ аргачлалыг нэмэлт тайлбараар би гэрчээ оруулж тайлбарлуулна. Манай санхүүгийн хувьд Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газартай байнгын харилцаатай байдаг. Түүнээс биш энэ дээр зүгээр хувь хүний хувьд худалдан авах ажиллагаан дээр үнэхээр мэргэжлийн гишүүд хэрэгтэй. Яаж бодсон ч модон хийцтэй угсармал гэсэн 2 заалт л байгаа юм. Энэний энэ заалт чинь барилгын чанарт нөлөөлнө. Монголд тавхан байгуулагдсан вакум хагалгааны өрөөний асуудал яригдаж байгаа. Дэлхийн жишгийг Монголд оруулах гэж л энийг хийгээд байна. Үүнийг хийх бүтээх мөнгө Ш.Мы мөнгө биш, ер нь захиалагч гэдэг ажлынх нь даалгаврыг зургаар өгөх ёстой. Өгөх, өгөхдөө бүр энэ компаниуд тэнд нийцэж орох ёстой. 2 дугаарт нь Энэ тендерийн хороог бид байгуулсан, байгуулахдаа хүний нөөцийн дутагдалтай учраас газар газраас оруулсан байгаа. Тэгэхдээ энэ хүмүүс бас хуулийн шаардлагад нийцэх ёстой. Шаардлага гарвал бид цаад талын байгууллагуудад нь хандах шаардлага гараад байгаа. Дараагийн нэг юм бол нэг зүйлийг л та бүгдэд тодруулаад хэлчихье. Би барилгын мэргэжлийн хүн биш. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны албан бичгээр Ж г компани тендерт барилга угсралтын БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5 тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгт ТЗШТ 19.3-т барилга угсралтын тусгай зөвшөөрлийн БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5, БА-8.1 гэсэн шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна гэсэн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-н албан бичиг ирсэн. Энэ байдлыг үнэлгээний хороо хянаж, хуульд нийцүүлж барилгын тусгай зөвшөөрөл болон барилгын захиалагчийн мэргэжлийн заавар аваад явуулъя гэсэн. Үнэлэхдээ үндэслэл муутай буруу үнэлсэн үнэлгээг бид засах боломжгүй, ямар ч шийдвэр гаргаагүй гэсэн учраас би хуульд нийцээгүй тендерийг зөвшөөрөх үндэслэлгүй. Тийм учраас би өөрөө хуулийн дагуу хоёр компани хоёулаа хуульд нийцээгүй байгаа учраас би өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрийг гаргасан. Энэ компанийг тусгай зөвшөөрлийн хувьд тэнцсэн байна гээд бичиг өгснийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга миний шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгэхээр Ш.М гэдэг хүн энэ шийдвэрийг хүчингүй болгоогүй. Би хоёр зүйлийг нэмж хэлье. 2018 оны 02 дугаар сарын 13-ны 33 дугаар аргачлал, 2013 оны 05 дугаар сарын 07-ны 89 дүгээр аргачлалуудаар зааж байсан бол тэр 2013 он 2018 ондоо бүр нарийсаад стандарт нь улам өндөр болчихсон байгаа юм. Тэгэхээр мэдээж би бүр аргаа ядаад энийг тайлбарлахдаа бага эмчээр мэс заслын хагалгаа хийлгэхтэй л адил гэж хэлээд байгаа юм. Ер нь бол үндэслэл нь ийм л байна. Сая хэлж байгаа үгэн дотроос нь намайг яагаад ийм шийдвэр гаргасан гээд байна, би шийдвэр гаргаагүй. Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтгүй байгаа учраас үнэлэх боломжгүй гээд хариу өгчихсөн. Тэгэхээр комиссыг дахин үнэл, хуульд заасан байна гээд үүрэг өгсөн. Үүргээ биелүүлээгүй байхад би энийг шалгарсан байна гээд шалгаруулах боломжгүй. Хуульд нийцсэн хүрээндээ танайхыг шалгах боломжгүй байна гэснээс би тэр тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг гаргаагүй. Би өөрийнхөө хийх ёстой үүрэгтэй үйл ажиллагаа л хийсэн, хийх үүрэгтэй ажлаа хийхдээ энэ мэдээллүүдийг аваад дахин үнэлье гэсэн байхаар үнэлгээний хороог дахин үнэлэхгүй гэсэн байгаа. 11 дүгээр заалтад тендер шалгаруулах эсвэл захиалагч шийдвэрлэх эсэх, хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах гэснийг Сангийн яамны энэ бичиг дээр дурдсан байгаа. Тэгээд үнэлээгүй учраас би энэ компанийг шалгарсан гэх үзэх эрх надад байхгүй. Би танайх шалгарах боломжгүй байна л гэж хариу өгсөн. Үнэлгээний хороо тендерийн шалгуур хангаагүй учраас үнэлэгдэх боломжгүй байна л гэсэн. Тэгэхээр би хууль бус хүмүүсээр хуульд заагаагүй эрх эдлээгүй. Би хоёр компани хоёулаа шаардлага хангахгүй, тэнцэхгүй юм байна л гэдэг бичиг өгсөн. Түнээс нэгэнд нь давуу байдал үүсгээд шалгаруулаад өгчихсөн юм байхгүй. Энэ дээрээ үнэлгээний хороо өмнөх дүгнэсэн дүгнэлтээ яах учраас дахиж үнэлэх боломжгүй гээд байгаа. Би бол яг энэ хүнийг өрөөндөө суулгаж байгаад тэр бичгийг нь өгсөн, энэ нотлох баримттай байгаа. Дахиж үнэлгээ хийгдээгүй. Би энэ дахиж үнэлгээ хийгдээгүй, юм гараагүй байхад би энэ компанид давуу эрх үүсгэж бэлэглэх ямар ч боломжгүй. Хуулийн даалгаврын дагуу л ажиллаж байна гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж г компани 2021 онд тусгай зөвшөөрөл авсан байгаа. Сая нэхэмжлэгч талаас 2018 онд тусгай зөвшөөрөл авсан. Тэрийгээ дүйцүүлэх хэлбэрээр ярьж байна. Хэрвээ энэ компани үнэхээр 2021 онд тусгай зөвшөөрөл авсан бол 2018 оны Барилга хот байгуулалтын дүйцүүлэх аргыг хэрэглэхгүйгээр эднийх тусгай зөвшөөрлөө авсан бол маргах үндэслэл нь бага болно гэсэн үг. Сая өөрөө манайх тусгай зөвшөөрлөө 2018 онд авсан гэж ярилаа. Уг нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан байдаг. Мөн мэргэжлийн бус хүмүүс гэж яриад байна. Тэр хүмүүс чинь мэргэшээд сертификат авчихсан. Тендер шалгаруулах эрх бүхий хүмүүс үнэлгээний хороогоор орж тендер шалгаруулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 дугаар тушаалаар эмнэлгийн өргөтгөлийн барилгын вакум хагалгааны өрөөний засвар, мэс заслын тоног төхөөрөмж худалдан авах тендерийн үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
2. Үнэлгээний хороо нь “Мэс заслын вакум өрөөний засвар,тоног төхөөрөмж” Тендер шалгаруулалтын “ГААНЭ/20240101001” дугаартай “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг нь 1-т Тендер шалгаруулалтын зааварчилгаа, 2-т Өгөгдлийн хүснэгт, 3-т Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, 4-т Тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, 5-т Тендерийн жишиг маягт, 6-т Гэрээний нөхцөл гэсэн 6 бүлэг бүхий тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, 2024 оны 02 сарын 02-ны өдөр “Мэс заслын вакум өрөөний завсар, тоног төхөөрөмж” ГААНЭ/20240101001 дугаартай нийт төсөвт өртөг 1,400,000,000 бүхий Тендер шалгаруулалтын нээлттэй аргаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 11 цаг 00-т нээнэ, оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна гэснээр тендер шалгаруулалтыг зарласан. /цахим системд байршуулсан баримт/
3. Тендер зарласан хугацаанд “З б” ХХК, “Ж г” ХХК нар тендерийн материал ирүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ГААНЭ/20240101001 дугаартай “Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тенерийг хянаж үзэж, шаардлага хангасан тендерт оролцогчийг шалгаруулахаар тендерийн үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдсан.
4. Тус үнэлгээний хороо ГААНЭ/20240101001 дугаар бүхий “Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Ж г” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч буюу аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиралд хүргүүлсэн бөгөөд “Ж г” ХХК-д тендерийг хүлээн зөвшөөрсөн, “З б” ХХК-д тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байгаа талаар тус тус мэдэгдэл хүргүүлсэн байна.
5. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар албан бичгээр “Ж г” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ГААНЭ/20240101001 дугаартай “Мэс заслын вакум өрөөний завсар,тоног төхөөрөмж” ажилд танай ирүүлсэн 1,391,046,832 төгрөгөөр гүйцэтгэхээр 2024 оны 02 дугаар сарын 23-нд ирүүлсэн танай тендерийг хүлээн зөвшөөрснийг мэдэгдэж, энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа гэрээ байгуулж болохыг мэдэгдсэн.
6. “З б” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2177 дугаар албан бичгээр “…”З б” ХХК нь тендерт хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ирүүлээгүй байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: “Шаардана” гэж заасныг хангаагүй байх тул татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Ж г” ХХК-ийн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянан үзлээ. 1.Тендер шалгаруулалтын баримт бичигт авто кран, автомашин шаардах талаар шалгуурыг заагаагүй байх тул “Ж г” ХХК авто кран, автомашин байхгүй гэх гомдол үндэслэлгүй. 2. “Ж г” ХХК-ийн 2023 оны борлуулалтын орлого нь 720,386,267.50 төгрөг байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна” гэж заасан шаардлагыг хангасан байх тул борлуулалтын орлого шаардлага хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. 3. “Ж г” ХХК нь тендерт барилга угсралтын БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5 төрлийн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т “Барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5, БА-8.1” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 96 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” гэсэн байна.
7. “З б” ХХК-иас гаргасан гомдол хянасан тухай Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2177 дугаар албан бичгийн дагуу тендерийн үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин хуралдаж “...тендерт оролцогчдод зориулсан өгөгдлийн хүснэгтийн дагуу тендерийг хянан үзэх маягт болгож, дахин нягталж үзэхэд өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т заасан тусгай зөвшөөрлийн 7 заалтыг “Ж г” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл дэх заалтууд нь бүрэн хангаж байна гэж үнэллээ. Ингээд өмнө үнэлгээний шийдвэр хэвээр гэж бүх гишүүд үзэж байгаа тул нарийн бичгийн дарга Г.Э зөвлөмжийн санал, холбогдох материалуудыг хавсралтаар бэлдэж Нэгдсэн эмнэлгийн дарга /захиалагч/-д хүргүүлье” гэж шийдвэрлэсэн.
8. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар албан бичгээр “Ж г” ХХК-д “...Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2177 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ГААНЭ/20240101001 дугаартай ажлын тендер шалгаруулалтанд ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлд зааснаар тендерийн баримт бичгийн ТШЗ 19.3 дахь заалтад заасан барилга угсралтын тусгай зөвшөөрөл БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5, БА-8.1 гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь зүйлд заасны дагуу танай ирүүлсэн тендерийг шаардлага нийцээгүй гэж үзэн татгалзаж байна” гэсэн дээрх нөхцөл байдлууд хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-т “"тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заасан.
10. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ГААНЭ/20240101001 дугаартай “Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмж” ажлын тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т “Барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5, БА-8.1” гэсэн уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай байхаар заасан, харин “Ж г” ХХК тухайд Барилга хот байгуулалтын яамны Бу11-47/21 дугаартай БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон байна.
11. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5, БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг харьцуулан үзэхэд:
11.1. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын 2-т Бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-2.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон, модон ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил”;
3-т Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-3.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрөл олгогдох бол;
6-т Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 гэсэн тусгай зөвшөөрөл;
7-т Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, орчны тохижилт, интерьерийн ажил БА-7.1 гэсэн тусгай зөвшөөрөл олгогдож байна.
11.2. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар хүчингүй болгосон 2018 оны 12 дугар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын 2-т Бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-2.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, шинэчлэлийн ажил”;
3-т Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-3.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, шинэчлэлийн ажил”;
5-т Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-5.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил” гэсэн тусгай зөвшөөрөл олгогдох бол;
6-т Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 гэсэн;
7-т Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, орчны тохижилт, интерьерийн ажил БА-7.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 гэсэн;
8-т Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, орчны тохижилт, интерьерийн ажил БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөл олгогдож байсан байна.
11.3 Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 тушаалаар хүчингүй болгосон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-ын 2-т Бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-2.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, шинэчлэлийн ажил”;
3-т Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-3.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, шинэчлэлийн ажил”;
4-т Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-4.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, шинэчлэлийн ажил”;
5-т Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-5.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөлтгөл, шинэчлэлийн ажил”;
6-т Бага, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-6.5 гэсэн;
7-т Өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-7.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5 гэсэн;
8-т Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, орчны тохижилт, интерьерийн ажил БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөл олгогдож байсан байна.
12. Дээрх “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-д зааснаас үзэхэд бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрлөөс хамаарч барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөл олгогдож байна.
13. Гэтэл Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ГААНЭ/20240101001 дугаартай “Мэс заслын вакум өрөөний засвар,тоног төхөөрөмж” ажлын тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т Барилга угсралтын тусгай зөвшөөрөл хэсэгт БА-3.1 Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил буюу цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажлын тусгай зөвшөөрлийн шаардлага тавигдсан атлаа өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгэх БА-7.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5 гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлага /2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын 11 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт/ тавигдсан гэж үзэхээр байна.
14. Тендерийн үнэлгээний хорооны дарга Л.О гэрчээр шүүхэд өгсөн мэдүүлэгт “... “Ж г” ХХК-ийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу шаардлагууд нь дүйцэж байна гэж дүгнээд бүх шаардлагууд хангаж байна …агуулга нь адил байна гэж үзсэн…” гэсэн, тендерийн үнэлгээний хорооны гишүүн Ц.Э гэрчээр шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу “Ж г” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг тулгаж шалгаад манайхаас тавигдсан техникийн тодорхойлолтод нийцсэн, дүйцүүлж болно гэж үзсэн …анх техникийн шаардлага боловсруулахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны тушаалаар батлагдсан аргачлалыг харсан …тэгэхэд үг үсгийн хувьд зөрүүгүй байсан учраас дүйцүүлэх боломжтой гэж үзээд “Ж г” ХХК-ийг дахин шалгаруулсан” гэсэн, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Мэс заслын вакум өрөөний засвар,тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай хурлын тэмдэглэлд “…гишүүн Б.Д: Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барилгын тусгай зөвшөөрлийн “Аргачлал батлах тухай” тушаалд зааснаар доорх заалтуудыг дүйцүүлсэн үнэлгээг дахин нягталж шалгая. Уг аргачлалд БА-2.1 3.1-тэй, БА-6.1 нь БА-7.1-тэй, БА-6.2 нь 7.2-той, БА-6.3 нь 7.3-тай, БА-6.4 нь 7.4-тэй, БА-7.5 (хөргөх байгууламжийн технологийн тоног, төхөөрөмжийн угсралт) заалт нь “Ж г” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн ажил үйлчилгээний төрлийн БА-6.2 төрөлд хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт гэсэн заалттай дүйцэж байна” гэж тэмдэглэд тусгагдсан байна.
15. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т тавигдсан шаардлагыг үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан “Аргачлал батлах тухай” журмын дагуу БА-7.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 гэсэн тусгай зөвшөөрөл нь БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 гэсэн тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэх байдлаар үнэлсэн байгаа нь үндэслэлгүй байна.
16. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын 1-т Барилга хот байгуулалтын сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 11 дүгээр тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид тавих шаардлага, бүртгэх журам” батлагдаж Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 3841 дугаарт бүртгүүлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагыг Барилга, хот байгуулалтын сайдын “Журам батлах тухай” 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлсэн аргачлалыг баталсан.
17. Өөрөөр хэлбэл 2013 оны 89 дугаар тушаалаар олгогдсон байсан тусгай зөвшөөрөл 2.2.1 “барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил”-ын төрөл нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь, нөхцөл шаардлагын БА-6.1, БА-6.2, БА-7.1, БА-7.2 гэсэн тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлсэн аргачлал юм.
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, хуулийн 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасан.
19. Иймд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар албан бичгээр тендерийн баримт бичгийн ТШЗ 19.3 дахь заалтад заасан барилга угсралтын тусгай зөвшөөрөл БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5, БА-8.1 гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу “Ж г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага нийцээгүй гэж үзэн татгалзсан нь үндэслэлтэй байх бөгөөд захиалагчид тендерийн үнэлгээний хорооны гаргасан зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ж г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ