Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

      Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц-н Б-дхолбогдох 1735000000081дүгээртэй эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 22настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөлмөрийн дээд сургуулийн бизнесийн эдийн засгийн 3-р дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багт оршин суудаг, ясүндэс-дөрвөд, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, РД:ОБ95062217А овогт Ц-н Б.

      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 1 тал/,
  2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Б-г тогтоосон мөрдөгчийн тогтоол, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 2-3 тал/,

     3. Насанд хүрээгүй хохирогч Д.М-нхэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Нийгэмлэгийн заалнаас гараад сургууль руугаа явж байтал замд Гивааны талбайн сагсны шийдний дэргэд Т гэх танил ах байхаар очиж мэнд ус мэдээд ойр зуурын зүйл ярилцаж байтал хажуугаас хажуугаас нэг танихгүй залуу ирээд намайг доошоо хараад зогсож байтал доороос дээш чиглэлтэй ам орчимд нэг удаа өлгөж цохисон юм. Тэгтэл миний толгой эргээд нүд харанхуйлаад доош суугаад гайгүй болохоор нь өндийж босоод харахад Т ах тэр залуу дээр очиод чи яагаад хүүхэд цохиж байгаа юм гэж хэлээд салгаж байсан. Тэр залуу зугатах гээд байхаар би зууралдаад зогсож байгаад цагдаад тушаасан юм. Ц.Б гэх тэр хүн их согтсон бололтой хөл дээрээ тогтож чадахгүй ганхаж найгаж байсан. Миний үүдэн доод шүд сэтэрсэн, дээд баруун талын шүд хугарч унасан, баруун эрүү уг орчимоороо хөндүүрлэж өвдөж байна.  Надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, шинжээчийн дүгнэлтийн мөнгө болон эмчид үзүүлсэн мөнгө 23000 төгрөг шилжүүлсэн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Миний шүдийг эмчлүүлээгүй. Улаангомд хийдэг шүднүүд нь түр зуурын аль эсвэл тагнайтай 1-3 жил болоод дахин солих шаардлагатай болдог тул би цаашид Улаанбаатар хотод шүдний эмнэлэгт үзүүлж имплант буюу насан туршийн шүд хийлгэх хүсэлтэй байна. Манай Улаангомд ийм шүдийг хийдэггүй юм байна. Имплант шүд хийлгэх болон явах, ирэх замын зардал нэхэмжилсэн боловч Ц.Б-н аав нь ирж миний шүдийг харчихаад бидэнд тийм мөнгө байхгүй хууль шүүхээрээ шийднэ биз гэж хэлээд явсан. Миний хувьд ил харагдах шүд хугарч унасан тул онгойгоод эвгүй байна. Ангийн хүүхдүүдэд үзүүлэхгүй гэж байнгын маск зүүж явж байна. Би бусдад зодуулж эрүүл мэнд болон сэтгэл санаа, гоо зүйгээрээ хохирсонд гомдолтой байна. Гэр бүлийн зүгээс миний шүдийг эмчлүүлэх мөнгө төгрөгний боломж байхгүй учир одоо хүртэл шүдээ эмчлүүлж чадаагүй явна” гэхмэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,

          4. Насанд хүрээгүй гэрч А.Б-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Тэр залуу М-г Т-тай уулзаад энгийн зүйл яриад доошоо тонгойгоод зогсож байхад хүрч ирээд хажуугаас нь шууд үгийн зөрүүгүй дээшээ өлгөөд цохичихсон. Нэг удаа л цохисон. Түүний дараа дахин цохих гэхэд нь Т салгаж авсан юм. Тухайн үед М шүд хугарчихлаа гээд уйлаад сууж байсан юм” гэхмэдүүлэг /хх-ийн7 тал/,

       5.Насанд хүрээгүй гэрч Ж.Б-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд найз Ш, М, Би нарын хамт Нийгэмлэгийн спорт зааланд тоглохоор явж байтал Хөдөлмөрийн дээд сургуулийн бололтой 5-6 залуу архи уугаад сууж байсан. Бид нар холуур өнгөрөөд зааланд орж тоглоод гарч ирээд буцаж сургууль руу явж байтал Гиваанбаатарын талбайн сагсан бөмбөгийн талбай дээр нөгөө архи ууж байсан залуучууд байсан. М тэдний нэг болох Т гэх залууг танидаг гээд түүнтэй очиж уулзсан бид хажууханд нь зогсож байтал сагсны шийдний дэргэдээс нэг согтуу залуу ирээд М нүүр үрүү нэг удаа цохисон. М доошоо хараад зогсож байсан бөгөөд тэр залуу М-н нүүр үрүү доороос нь дээшээ өлгөөд цохичихсон юм. Тэгтэл Т гэх залуу салгасан. М цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

          6. Насанд хүрээгүй гэрч Г.Ш-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “Өнөөдөр 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Нийгэмлэгийн спорт заалнаас гарч сургууль руугаа явж байтал замд Гиваанбаатарын талбайн сагсны талбай дээр М, Т гэх ахтай уулзахаар зогссон. М доошоо хараад энгийн зүйл яриад зогсож байтал Т-тай хамт зогсож байсан нэг согтуу залуу сагсны шийд үрүү явж байснаа буцаж ирэээд М-н нүүр үрүү гараараа доороос дээш чиглэлтэй цохисон юм. М цохиулаад доошоо суусан бөгөөд Т тэр залууг салгаж яагаад хүүхэд цохиж байгаа юм гэж хэлж байсан. Б нь согтуу байсан бөгөөд ямар нэгэн шалтгаангүй үг хэлэхгүй шууд ирээд М-г цохисон. М-н амнаас цус гарч байх шиг байсан. Амаа дараад байсан. Дээд шүд нь хугарсан байсан. Доод шүд нь сэтэрсэн бололтой байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

           7. Гэрч Г.А-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Бөхийн өргөөн дээр болж байгаа гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор явж байтал замд Гиваанбаатарын талбайн сагсны шийд дээр манай сургуулийн хэсэг хүүхдүүд тоглож байхыг хараад тэдэн дээр очиход Б, Т нар архи уучихсан халамцуу байсан. Би бөмбөг шидээд зогсож байтал хажууханд сандлын дэргэд хүүхдүүд зодолдох шиг болсон. Би эргэж харахад салчихсан байсан ба Б нэг хүүхдийг цохисон гэж яригдаж байсан бөгөөд нэг хүүхэд уйлаад шүд буйл өвдөж байна гэж хэлж байсан. Тэгээд зодуулсан хүүхэд утсаар цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

          8. Гэрч П.Т-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз Э-н төрсөн өдөр болсон тул хэсэг найзын хамт ганц хоёр шил архи уусан халамцуу байсан юм. Би сагс тоглож байгаад сандал дээр амраад сууж байсан. Б биднээс их согтчихсон байсан бөгөөд хажуу талын сандал дээр сууж байсан. М хэсэг хүүхдүүдийн хамт намайг харчихаад хүрч ирээд та хэзээ зааланд тоглох вэ гэх зэргээр ойр зуурын зүйл ярилцаад зогсож байтал хажуугаас Б хүрч ирэнгүүтээ юу ч ярилгүй шууд М-н нүүр үрүү нэг удаа цохисон юм. Б дахин цохих гэхээр нь би түүнийг барьж аваад цааш нь сандал дээр суулгасан. М шүд гэж ёолж байснаа гар утсаа гаргаж ирээд эгчдээ болон цагдаад болсон явдлыг хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

          9. Гэрч Б.Э-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд хэсэг найзын хамт сургуулиас гараад Нийгэмлэгийн спорт заалны хажууд очиж хоёр шил архи уучихаад буцаад Гиваанбаатарын талбай дээр ирж сагс тоглож байтал дунд сургуулийн хэсэг хүүхдүүд хүрч ирээд Т-тай уулзаад зогсож байсан. Би хажуу талын сандал дээр Б-н хамт сууж байсан. Б нилээд согтсон хөл дээрээ арай чаамай тогтож байсан бараг тасарсан байсан тул бидэнтэй сагс тоглоогүй сандал дээр зүгээр сууж байсан юм.Гэтэл нэг хүүхэд орилоод явчихсан хартал Б босож яваад нэг хүүхдийг нь цохисон бололтой хажууд нь зогсож байсан. Тэр хүүхэд миний шүд хөдөлчихлөө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

         10. Гэрч Ц.М-с хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байтал ээж маань над уруу утасдаад “Б явж байгаад хүүхэд зодчихсон байна. Зодуулсан хүүхдийн эгч нь гэх эмэгтэй утсаар ярилаа” гэж хэлэхэд нь анх болсон хэргийн талаар мэдсэн. Ц.Б нь хүлээцтэй, сэргэлэн цовоо, хүнтэй нийтэч харьцаатай ойлголцож чаддаг, уян зөөлөн, зан араншинтай хүүхэд байгаа юм.  Сул тал гэвэл хүний үгэнд автамтгай хүүхэд. Одоо Хөдөлмөрийн дээд сургуульд оюутан. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Элдэв муу зуршилгүй, архи дарс уудаггүй, гадуур тэнээд явдаггүй, сургуулийн нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцдог дуулдаг, спортоор хичээллэдэг нийгмийн идэвхи сайтай, сургуульдаа нэр хүндтэй, ар гэрийн ажилд ч сайн нямбай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 тал/,

          11. Гэрч Д.Ц-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 11 сарын 02-ны өдөр Бөхмөрөн суманд гэртээ байтал Улаангомоос Б гэх эмэгтэй над уруу утсаар яриад танай хүү Бминий дүүг зодож шүдийг нь хугалсан байна гэж хэлсэн. Би хүүгээсээ лавлаж асуухад нэг хүүхэд цохичихсон юм гэж хэлсэн. Би 5 хүүхэдтэй бөгөөд Ц.Б миний 2 дахь хүүхэд юм. Багаасаа хөдөө мал дээр өссөн Бөхмөрөн сумын сургуульд суралцаж төгсөөд үргэлжлүүлж Улаангом коллежид суралцаж төгсөөд Хөдөлмөрийн дээд сургуулийн бизнесийн эдийн засгийн ангид суралцаж байгаа. Зан араншингийн хувд эелдэг зөөлөн харьцаатай,архи дарс уудаггүй, хүнтэй боловсон харьцдаг, элдэв муу зуршилгүй, найз нөхөд олонтой, нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй, сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж уралдаан тэмцээнд их оролцдог, гайгүй дуулчихдаг тул урлагийн үзлэг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог хүүхэд байгаа юм. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Тусдаа гарч эхнэр аваагүй, бидэнтэй хамт амьдардаг, өөрийн гэсэн эд хөрөнгө, хогшил байхгүй юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 тал/,

           12. Гэрч Х.А-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “Ц.Б болон түүний эцэг Ц нь бидэнтэй ирж уулзсан. Тэдэнд М-гУлаанбаатар явуулж эмчлүүлэх имплант шүд хийлгүүлэх шаардлагатайг хэлэхэд бид нар ямар ч төлбөрийн чадвар байхгүй шүүхээр шийдүүлдэг юм байгаа биз гэж хэлээд ямар нэгэн эмчилгээний төлбөр өгөөгүй юм. Тухайн үед эмчид үзүүлсэн болон өвчин намдаах эмний үнэ, шинжээчийн дүгнэлтийн мөнгө зэрэг нийт 23000 төгрөгийг Б-н дансанд шилжүүлсэн байсан. Бид унаган шүдийг гүйцэх шүд хийлгэж чадахгүй ч аль болох дүйцэх хэмжээний олон жилийн баталгаатай шүдийг хийлгэе гэж бодсон юм. М одоо 16 настай өсвөр насны хүүхэд учраас хөгшин хүн шиг тагнайтай хиймэл шүд хийгээд явах нь зохимжгүй. Улаанбаатар хотод имплант шүд хийдэг гэж сонсоод судалж үзэхэд 1 шүд доод тал нь 1500 ам доллар гэж байна. М шүд урдаас харахад үг хэлэхэд онгойж харагдаж байгаа, түүндээ эмзэглэж байнгын масктай хичээлд явж байна. Хүү маань эрүүл мэнд, гоо үзэмж, сэтгэл санаагаар хохироод үлдэж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

         13. Гэрч М.Д-н хэрэг бүртгэлтэд өгсөн: “Д.М миний хүү юм. Хэргийн улмаас М-н нэг шүд хугарч унасан 2 шүдний паалан эмтэрсэн гэмтэл учирсан. Хугарч унасан шүд дахин ургах боломжгүй гэж эмч хэлсэн байна лээ. Ц.Б гэх тэр этгээд гудамж талбайд насанд хүрээгүй хүүхдийг архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр зодож танхайрсан үйлдэл хийж хүүгийн эхээс төрсөн унаган шүдийг хугалсан гэмт хэрэг үйлдчихээд хүүгийн шүдийг эмчлүүлэхээр Улаанбаатар хот явуулах гэхэд төлбөр, зардлын мөнгө төгрөг огт өгөөгүй. Бид унаган шүдийг гүйцэх шүд хийлгэж чадахгүй ч аль болох дүйцэх хэмжээний шүдийг хийлгэнэ гэж бодож байгаа. М одоо 16 настай өсвөр насны хүүхэд учраас хөгшин хүн шиг тагнайтай хиймэл шүд хийгээд явах нь зохимжгүй. Улаанбаатар хотод имплант шүд хийдэг гэж судалж мэдсэн. Уг шүд нь авагдахгүй олон жилийн настай баталгаатай буйл өрөмдөж хийдэг шүд юм байна лээ. Бусад шүднүүд одоо хийлгэсэн ч 3-4 жилийн настай түр зуурын шинжтэй, залуу хүүхдэд зохимж муутай дахин дахин эмчилгээ, шүд хийлгэх шаардлагатай болдог сул талай, Б энэ хүүхдэд насан туршид нь хиймэл шүд хийлгэж өгөөд байхгүй нь ойлгомжтой юм. Бид М-н шүдийг Улаанбаатар хотод имплантаар хийлгэх зардал эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ. Тиймээс М-гяаралтай эмчлүүлж гомдол тэмцэлгүй болгуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

       14. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 700 дугаартай шинжээч эмчийн: “Иргэн Д.М-н биед гэмтэл учирсан байна. Дээд эрүүний 1 шүд /12/ дунд хэсгээр хугарсан, 21, 41 дүгээр шүдний паалан эмтэрч унасан гэмтэл үүссэн байна. Дээрхигэмтэлнь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэхдүгнэлт /хх-ийн 19 тал/,

            15. Шүүгдэгч Ц.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-32 тал/,

            16. ШүүгдэгчЦ.Б-н хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 30, 33-41 тал/,

            17. Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хичээл тараад дээд дамжааны Э гэх залуугийн төрсөн өдөр болж байсан тул хэсэг найзын хамт дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн Соёрхол, Ерөөл нэртэй архи авч Нийгэмлэгийн спорт заалны ар талд хүнгүй газарт очиж хувааж уусан юм. Би архи уудаггүй тул эхний 1 шил архийг уугаад согтчихсон дараагийн архийг задлаж тойруулаад сууж байснаа бүдэг бадаг санаж байна. Түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход цагдаа нар ирчихсэн намайг авч явж эрүүлжүүлнэ гэж ярьж байсан, түүнээс хойш дахин санахгүй байна. Дахин сэргэхэд эрүүлжүүлэх байранд байсан. Д.М гэх хүүхдийг урьд өмнө танихгүй. Ямар шалтгааны улмаас Д.М-г хаана нь юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна. Найз нараас сүүлд асуухад М нь Т-тай уулзаад зогсож байтал би хажуугаас нь очиод нэг удаа цохисон юм байна лээ. Миний хувьд хохирол, төлбөрийг барагдуулах талаар аавтайгаа хамт М, түүний гэрийнхэнтэй очиж уулзсан. Уг нь энд Улаангом янзуулах боломжтой гэж эмч хэлсэн. Тэгээд энд янзлуулаад өгье гэхээр хохирогч тал зөвшөөрөхгүй байгаа. Заавал Улаанбаатар хотод имплант шүд хийлгэнэ гэж асар их мөнгө 8 сая төгрөг нэхэж байгаа. Улаанбаатар хотод 1 имплант шүд хийлгэхэд 1.500.000 төгрөг байдаг талаар судалж мэдсэн гэтэл хохирогч нь заавал 3 шүдэнд хийлгэнэ гээд бид хохирлын асуудлыг шийдэх гэсэн боловч ойлголцолд хүрч чадаагүй. Ар гэрийн боломж муу байгаа тул одоогоор Улаанбаатар хот авч явж чадаагүй, Улаангомд эмчлүүлье гэхээр зөвшөөрөхгүй байгаа юм. Би хүний биед хохирол учруулсан буруутай тул цаашид эмчилгээний зардлыг ямар байсан төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Д.М, насанд хүрээгүй гэрч А.Б, Ж.Б, Г.Ш, гэрч Г.А, П.Т, Б.Э, Х.А нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, согтуурал шалгасан магадлагаа, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 700 тоот шинжээчийн дүгнэлт,шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Ц.Бнь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ насанд хүрээгүй хохирогч Д.М-г ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодсон үйл баримт тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ц.Б-н үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.М-г“дээд эрүүний 1 шүд буюу 12 дугаар шүд дунд хэсгээр хугарсан, 21, 41 дүгээр шүдний паалан эмтэрч унасан  гэмтэл” үүссэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 700 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

            Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 11-д “байнгын 1 шүд унах 5 хувь, 2-3 шүд унах 10 хувь”-иар тус тус хөдөлмөрийн ерөнхий чадвар алдагдана гэжтогтоосон байна.

            Иймд шүүгдэгч Ц.Б-н насанд хүрээгүй хохирогч Д.М-г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулаххууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

       Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй, насанд хүрээгүй хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, шинжээчийн дүгнэлтийн мөнгө болон эмчид үзүүлсэн мөнгө 23000 төгрөг шилжүүлсэн. Миний шүдийг эмчлүүлээгүй. Улаангомд хийдэг шүднүүд нь түр зуурын аль эсвэл тагнайтай 1-3 жил болоод дахин солих шаардлагатай болдог тул би цаашид Улаанбаатар хотод шүдний эмнэлэгт үзүүлж имплант буюу насан туршийн шүд хийлгэх хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн боловч хохирол, хор уршигт яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа тодорхойгүй, энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 Шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч А овогт Ц-н Б-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Ц-н Б-г 340/гурван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-дөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА