Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2024/0436

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О*******,

Хариуцагч: Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: “Г******* м******* к*******” ХХК

Маргааны төрөл: иргэн Д.О*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө*******,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д.О*******ээс Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 1 байрны ******* тоот 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.О*******т шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөхийг Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч Д.О******* нь “Г******* м******* к*******” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр № тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Б дүүргийн 22 дугаар хороо, Дын гудамж, 1 байрны  5 давхрын ******* тоотод 2 өрөө, 53,76 м.кв талбайтай орон сууцанд 54,340,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр /төлөхөөр/, үлдэгдэл төлбөр болох 20,924,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-нд орсон сууцны гэрчилгээг авахдаа төлж барагдуулахаар гэрээнд тусгаж, улмаар “Г******* м******* к*******” нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Д.О*******ээс “Г******* м******* к*******” ХХК-д холбогдуулан Б дүүргийн 22 дугаар хороо, Дын гудамж, 1 байрны  5 давхрын ******* тоот хаягт байрлах, 53,76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01087 дугаар шийдвэрээр Д.О*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Г******* м******* к*******” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Дээрх шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01087 дугаар шийдвэрийг хариуцагч “Г******* м******* к*******” ХХК нь биелүүлээгүй байсныг  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн  00795 дугаартай гүйцэтгэх хуудсаар ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу /ШШ2022/01087 дугаар шүүгчийн захирамжид гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

5.Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 01-189/9039 дугаартай албан бичгийг Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, уг албан бичигт ... “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн 2021 оны 4-189/13725, 4/26120, 4/297*******, 2022 оны 4-152/*******5, 2-167/11007 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийн бүртгэлийн Y-22 дугаартай Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1 байранд байрлах 11, 16,*******, 39,50 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, тус байрны ...******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Д.О*******ийн өмчлөлд бүртгэж, бусад орон сууцны хоригийг хэвээр үлдээж, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэхийг мэдэгдье” гэжээ.

6.Гуравдагч этгээд “Г******* м******* к*******” ХХК-иас өөрийн барьж ашиглалтад оруулсан Б дүүргийн 22 дугаар хороо, Дын гудамж, 101А байранд захиалга өгсөн иргэдээс 100 хувь төлбөрөө төлсөн захиалагч тус бүрийн болон Д.О*******ийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулахаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 322 дугаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт, мөн оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаар,  2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар, мөн 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар, 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгүүдийг Б дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

7.Нэхэмжлэгчээс Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 байрны  ******* тоот, 2 өрөө, 53,76 м.кв талбай бүхий орон сууцыг бүртгүүлэхээр Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл хүсэлт гаргасан.

8.Харин Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр “...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, өнөөдрийн байдлаар Чингис хаан банктай 2018 онд байгуулсан №ББГ-2018/ЗГ/ тоот барьцааны гэрээ бүртгэлтэй, мөн нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2019 оны 355 тоот прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын 2022 оны 4-166/2598, 4-179/10827 дугаартай албан бичгээр дээрх газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна, “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаарт бүртгэлтэй барилгын захиалагчдын жагсаалтыг тус хэлтэст ирүүлээгүй, Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2020 оны 403 тоо прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-189/13725 тоот албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна...” гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

9.Нэхэмжлэгч Д.О******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Д.О******* нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр “Г******* м******* к*******” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Б дүүргийн 22-р  хороо  15-р

хороолол, Дамдинбазарын гудамж, 1 байрны ******* тоот хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг худалдан авсан бөгөөд гэрээний дагуу 54'340'000 /тавин дөрвөн сая г******* зуун дөчин мянга/ төгрөгийг 2019 оны 11 сарын 13-нд “Г******* м******* к*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дах 4260 тоот дансанд тушаасан. Үлдэгдэл төлбөр болох 20'925'000 /хорин сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг байрны гэрчилгээг гарахад төлөх байсан бөгөөд 2020 оны 02 сарын 11-нд байрны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг 2 талаас бүрдүүлэн Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн тул “Г******* м******* к*******” ХХК-иас үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. 2020 оны 02 сарын 12-нд “Г******* м******* к*******”  ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дах 4260 тоот дансанд үлдэгдэл 20'925'000 /хорин сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг бид шилжүүлж төлбөрийн хувьд тооцоо дууссан.

2/Гэтэл Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус байрыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан бөгөөд “Г******* м******* к*******” ХХК-нд бид шаардлага тавихад “шаардлагатай материалуудыг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн” гэсэн тул түүнээс хойш дахин улсын бүртгэлийн хэлтэст өргөдлөө өгсөн боловч мөн буцаасан байдаг.

Иймд бид Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 1087 тоот захирамжаар Д.О*******ийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарсан байдаг.

3/Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 сарын 08-нд 01-189/9039 тоот албан бичгээр Д.О******* болон бусад өр төлбөргүй нэр бүхий хүмүүсийн орон сууцны гэрчилгээг гарган өгч бусад орон сууцны хоригийг хэвээр үлдээх утга бүхий бичгийг хүргүүлсэн бөгөөд мөн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 4/809 тоот албан бичгээр тус байрны оршин суугчдын төлөөлөлд Нийслэлийн Б дүүргийн прокурорын газраас ирүүлсэн мэдэгдэлд тус байр байрлаж буй газар, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хүчингүй болсон гэсэн тайлбар ирүүлсэн байтал хуучин хүчингүй болсон шийдвэрүүдийг үндэслэл болгон Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт орон сууц бүртгүүлэх өргөдлөөс татгалзсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээр дурдсан Улсын бүртгэлийн газрын татгалзсан албан бичигт “Г******* м******* к*******” ХХК-иас барилгын захиалагчдын жагсаалт ирүүлээгүй гэсэн байгаа бөгөөд “Г******* м******* к*******” ХХК-иас удаа дараа материал бүрдүүлэн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн улсын бүртгэлийн хэлтсээс буцааж байна гэсэн мэдээлэл өгч байгаа бөгөөд 2 байгууллагын дунд бид хохирч байна.

4/Мөн албан бичигт орон сууцны байр байрлаж буй газрыг 2018 онд Чингис хаан банканд барьцаалагдсан гэсэн байх бөгөөд бид Ү-22011******* дугаартай *******50 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг л шүүхийн шийдвэрийн дагуу “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай”  хуулийн 11-р зүйлийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэн авах гэсэн болохоос уг газрын өмчлөх эрхийг нэхээгүй мөн уг газрыг Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10-р сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолын хохирол барагдуулах хэсэгт хөрөнгийг битүүмжлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн бөгөөд Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/160 тогтоолоор битүүмжийг чөлөөлж 93 айлын байрыг улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шийдвэр гарсан байтал энэ мэтээр шалтаг тоочин өргөдлийг буцааж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10-р зүйл буюу “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх” гэсэн заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд  миний  бие ямар ч бүртгэлгүй хөрөнгийн анх удаа бүртгүүлэх гэсэн бус улсын бүртгэлд Ү-22011******* дугаартай бүртгэгдсэн *******50 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг л хуулийн 11-р зүйлийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэн авах гэсэн гэдгийг дахин мэдэгдэж байна.

Иймд гомдлын дагуу бүрдүүлэн хүргүүлсэн материалыг хянан үзэж шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмлөх эрхийг тогтоож өгсөн Б дүүргийн 2-р хороо 15-р хороолол, Дамдинбазарын гудамж, 1 байрны ******* тоот хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үүргийг Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай гэр бүл “Г******* м******* к*******” ХХК-аас гэрээний үндсэн дээр тухайн орон сууцыг худалдаж авсан. Орон сууцны төлбөрийг байгууллагын дансанд нь 100 хувь шилжүүлж төлөлт хийсэн байгаа. Орон сууц худалдан авалттай холбоотой эрхээ бүртгүүлэх гэхэд бол Улсын бүртгэлийн байгууллагаас “Г******* м******* к*******” ХХК-д тодорхой хэмжээний асуудал байсан учир бүртгэл хийлгэж чадаагүй байдаг. Энэ хүрээнд бид нар “Г******* м******* к*******” ХХК-г Иргэний хэргийн шүүхэд өгсөн байгаа. Иргэний хэргийн шүүхээс бол манай өмчлөлийг баталгаажуулж, шүүхийн шийдвэр гаргаж шийдвэрлэсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулаад тухайн орон сууцын өмчлөх эрхийг Д.О*******ийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар 18.3-д заасан шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч ашиглагдаж, өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болгон түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэг, шүүхийн арбитрын шийдвэрийг хавсаргана гэсний дагуу бүх шийдвэр юмнуудыг хавсаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бичгийг хавсаргаад мэдүүлгийг гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэхээс татгалзсан байгаа. Татгалзсан шалтгаан нь “Г******* м******* к*******” ХХК-аас энэ жагсаалт ирүүлээгүй байна. Мөн газрын эрх нь бүртгэлийн үүрэг барьцаанд бүртгэлтэй байна гэдэг мэдэгдлүүдийг. Миний хувьд газрын эрхийг ерөөсөө хүсээгүй, зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмчлөх эрхээ бүртгүүлье гэдэг хүсэлт тавьсан. Мөн энэ мэдүүлгийн тухай Улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3-д заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж байдаг. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас үнэхээр эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. “Г******* м******* к*******” ХХК бас эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн нэг байгаа. Энэ барилгыг 100 хувь эзэмшиж байгаа. Харин ч “Г******* м******* к*******” ХХК схем зургаа гаргаад энэ барилгын энэ хэсгийн энэ талбайтай орон сууц нь энэ хүний өмчлөлд шилжих нь зөв юм гэж бичиг өгөөд хавсаргаад өгсөн байж байгаа. Нэг эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд Прокурорын газрын албан бичгээр тэмдэглэл хийлгэсэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл шилжих боломжгүй байна гэсэн мэдэгдэл өгсөн байгаа. Тэр прокурорын газарт мэдэгдээд Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгосон албан бичгээр мэдэгдээд, үл хөдлөх хөрөнгө битүүмжлэлээс гарсан юм уу, үгүй юм уу гэдгийг лавлах боломжтой байсан. Улсын бүртгэлийн байгууллага мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас миний үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх эрхийг удаа дараа хойшлуулж, бүртгэхээс татгалзсан шийдвэрээс болж би олон сар жилээр хохироод явж байна. Монгол Улсын бараг бүх шүүхээр энэ асуудалд дамжиж байна. Энэ асуудал иргэний хэргийн шүүх, эрүүгийн хэргийн шүүх одоо Захиргааны хэргийн шүүх дээр явж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан энэ улсын бүртгэлийн   газарт  бүртгэх  үүргийг  нь  оногдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:  

1/Д.О*******ийн нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаартай Б дүүргийн 2 дугаар хороо 15 дугаар хороолол Дамдинбазарын гудамж 1 хаягтай эд хөрөнгийн мэдээлэл цахим мэдээллийн санд байхгүй байх бөгөөд холбогдох хайлтыг хийхэд “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ү22041******* дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол Дамдинбазарын гудамж 1 байр бүртгэлтэй байна.

2/Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол Дамдинбазарын гудамж 1 байрыг иргэн Д.Гын гаргасан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтээр "Г******* м******* к*******" ХХК-н өмчлөлд анх 90%-н гүйцэтгэлтэй орон сууцны зориулалтаар бүртгэсэн байна. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгээр барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020/117 дугаартай дүгнэлтийг үндэслэн 100%-н гүйцэтгэлтэй болгож бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Дээрх эд хөрөнгөд Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-189/13725 дугаартай албан бичгийг үндэслэн 1 байрны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын өмчлөлд салгаж бүртгэхгүй гэрчилгээ олгохгүй байхыг мэдэгдсэн мэдэгдэл бүртгэлтэй байна. Тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хэсэгчлэн сэргээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01-189/9039 дугаартай албан бичигт нэр бүхий иргэд болон Д.О*******ийн нэр дээр гэрчилгээ гаргахыг мэдэгдсэн албан бичгийг ирүүлсэн байна.

3/Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох тухай заасан бөгөөд 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох" гэж зааж өгсөн. Мөн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-н 5.7 дугаар зүйлд зааснаар захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална гэж заасан байдаг.

Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол Дамдинбазарын гудамж 1 байрны өмчлөгч “Г******* м******* к*******” ХХК нь өнөөдрийн байдлаар захиалагч иргэдийн нэр дээр гаргах жагсаалт болон холбогдох нотлох баримтыг манай байгууллагад ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Манай “Г******* м******* к*******” ХХК нь Б дүүргийн 22-р хороо, Дын гудамж, 101А тоот орон сууцыг барьж 2019 онд 100% ашиглалтад оруулсан байдаг.

Нэхэмжлэгч нь 2019 оны 11-р сарын 12-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан Б дүүргийн 22-р хороо, Дын гудамж, 1 байрны ******* тоот хаягт байрлах 53.76 мкв талбай бүхий орон сууцыг "Орон сууц захиалгын гэрээ”-гээр худалдан авсан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

Манай компани гэрээнд заасан үүргийн дагуу өөрийн барьж ашиглалтад оруулсан дээрх орон сууцны гэрчилгээг 100% төлбөрөө төлсөн захиалагч тус бүрийн дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2020 оны 02 дугаар сарын   04-ний  өдрийн  322 тоот  албан бичгээр, Б дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн 325 тоот албан бичгээр, 2023 оны 04-р сарын 04-ний өдрийн 52 тоот албан бичгээр, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 тоот албан бичгээр тус тус хандаж байсан болно.

Гэтэл Б дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газар нь тодорхой бус, үндэслэлгүйгээр компаниас өгсөн баримтыг хүлээн авахаас татгалзаж, эсхүл манай компаниас огт албан бичиг, жагсаалт гаргаж өгч байгаагүй мэтээр иргэдэд ойлгуулж, нөгөөтэйгүүр манай захиалагч нарыг хохироож, тэдэнд хүндрэл учруулж байна.

Дээрх орон сууцны 100%-ийн гэрчилгээг гаргахад компанийн зүгээс шаардлагатай бүхий л бичиг баримтыг Улсын бүртгэлийн газарт хэдийнээ гаргаад өгсөн ба тухайн бичиг баримтад үндэслээд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гарсан байдаг, мөн хууль хяналтын байгууллагаас тавигдсан хориг бүрэн чөлөөлөгдсөн байдгийг үүнд дурдах нь зүйтэй байх гэж үзэж байна.

Мөн Чингис хаан банкны барьцаанд байгаа тухай яригддаг бөгөөд дээрх орон сууцны барилга нь ямар ч компани, хувь хүний барьцаанд байдаггүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс дэмжиж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байгаа. Өөрөөр хэлбэл 2022 оны Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр Иргэний хуульд заасан гэрээний хуулийн 80-90 дүгээр зүйлд зааснаар Д.О******* шударга өмчлөгчөөр тогтоогдсон. Шударга өмчлөгчөөр тогтоогдсон эд хөрөнгийн эрхийг бол улсын бүртгэлийн байгууллага үндэслэлгүй гэж татгалзаж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас татгалзаж байгаа татгалзлаа өөр өөрөөр тайлбарлаж явдаг. Хуулийн этгээдэд нэг өөр тайлбар, энэ шүүх хуралдаанд нэг өөр тайлбар өгч байна. Бүртгэлийн тухай хуулийн 21.8-д заасан ийм бүртгэлийн жагсаалтыг ирүүлээгүй гэдэг үндэслэлээр тайлбарлааг. Барилгын компанийн зүгээс удаа дараа энэ жагсаалтууд болон холбогдох баримтуудыг хүргүүлж байсан. Хүргүүлж байсан гэдэг нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн энэ албан бичгээр 50 хуудас баримтыг буцааж олгож байна гэдгээрээ тодорхой харагдана. За татгалзлын нэг үндэслэл нь Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн гэдэг асуудал байгаа. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн албан тоотуудаар Д.О******* болон нэр бүхий иргэдийн өмчлөх эрх сэргэсэн. Эдгээр иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх хүсэлт гаргаж байгаа нь үндэслэл бүхий байсан. Гэтэл нэгэнт шүүхээр тогтоогдсон бусдын өмчлөх эрхийг бүртгэхгүйгээр татгалзаж байгаа үндэслэл нь үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар э бүртгэх эрх нь бол улсын бүртгэлд байсан боловч татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Д.О*******ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн  тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Д.О******* нь “Г******* м******* к*******” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр № тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Б дүүргийн 22 дугаар хороо, Дын гудамж, 1 байрны 5   давхрын  *******  тоотод  2  өрөө,  53,76  м.кв талбайтай орон сууцанд 54,340,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 20,924,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-нд орсон сууцны гэрчилгээг авахдаа төлж барагдуулахаар гэрээнд тусгаж, улмаар “Г******* м******* к*******” нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

2.“Г******* м******* к*******” ХХК-иас өөрийн барьж ашиглалтад оруулсан Б дүүргийн 22 дугаар хороо, Дын гудамж, 1 байранд захиалга өгсөн иргэдээс 100 хувь төлбөрөө төлсөн захиалагч тус бүрийн  болон Д.О*******ийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулахаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 322 дугаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт, мөн оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаар,  2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар, мөн 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар, 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгүүдийг Б дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст  ханджээ.

3.Мөн нэхэмжлэгч Д.О*******ээс “Г******* м******* к*******” ХХК-д холбогдуулан Б дүүргийн 22 дугаар хороо, Дын гудамж, 101А байрны  5 давхрын ******* тоот хаягт байрлах, 53,76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01087 дугаар шийдвэрээр Д.О*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Г******* м******* к*******” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Улмаар нэхэмжлэгч Д.О******* маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст  өргөдөл, хүсэлт гаргажээ.

5.Гэтэл Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр “...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, өнөөдрийн байдлаар Чингис хаан банктай 2018 онд байгуулсан №ББГ-2018/ЗГ/ тоот барьцааны гэрээ бүртгэлтэй, мөн нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2019 оны 355 тоот прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын 2022 оны 4-166/2598, 4-179/10827 дугаартай албан бичгээр дээрх газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаарт бүртгэлтэй барилгын захиалагчдын жагсаалтыг тус хэлтэст ирүүлээгүй, Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2020 оны 403 тоо прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-189/13725 тоот албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна...” гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

6.Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 189 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч В.Дэлгэрцэцэгийн 2021 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 162606*******/189/12 дугаар шийдвэрээр “...”Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1 тоот хаягт байрлах *******50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэх эрхийг түдгэлзүүлсэн, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гарын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4-189/13725 дугаар албан бичгээр “...төлбөр төлөгч “...”Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, 22 дугаар хороо, 15  дугаар  хороолол,  Дын  гудамж, 1 тоот хаягт байрлах *******50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчдын өмчлөлд салгаж бүртгэхгүй, гэрчилгээ олгохгүй байхыг мэдэгдье” гэж дурдан Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

7.Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 183 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Х.Эгын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22250164/03 дугаар шийдвэрээр “...“...”Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 101А тоот хаягт байрлах *******50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 2021 оны 4-189/13725 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, хоригийг буцаан хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

8.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 189 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Сийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189/07 дугаар шийдвэрээр “...Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн 2021 оны 4-189/13725, 4/26120, 4/297*******, 2022 оны 4-152/*******5, 1-167/11007 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаартай  Б дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1 байранд байрлах 11, 16,*******,39,50  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, ...тус байрны ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Д.О*******... нарын өмчлөлд бүртгэж, бусад орон сууцны хоригийг хэвээр үлдээсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 01-189/9039 дүгээр албан   бичигт ... “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн 2021 оны 4-189/13725, 4/26120, 4/297*******, 2022 оны 4-152/*******5, 2-167/11007 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийн бүртгэлийн Y-222041******* дугаартай Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1 байранд байрлах 11, 16, *******, 39, 50 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, тус байрны ...******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Д.О*******ийн өмчлөлд бүртгэж, бусад орон сууцны хоригийг хэвээр үлдээж, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэхийг мэдэгдье” гэж дурдан Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9.Гуравдагч этгээд “Г******* м******* к*******” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Лавлагаа авах тухай” 289 дүгээр албан бичгээр “... “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчийн Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1 хаягт байршилтай  Y-22041******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагдсан эсэх ...” хүсэлтийг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт,  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт  гаргах тухай” ******* дугаар албан бичгээр “... Г******* м******* к*******” ХХК-ийн нэр байгаа Y-22041******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагааг гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №11-1567101 дугаар албан бичгээр “...Эрхийн улсын бүртгэлийн Y-22041******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр "Г******* м******* к*******” ХХК бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна...” гэж, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлаагаар  “Г******* м******* к*******” ХХК-ийн өмчлөлийн Y-22041******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь аливаа этгээдийн барьцаанд байгаа талаарх тэмдэглэгээ хийгдээгүй талаарх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

          Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой   эд  хөрөнгийн  бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд  дараах  мэдээллийг  тусгана” гээд 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус хуульчилсан.

        Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь ..., үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заажээ.

         8.Дээрх хуулийн заалтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01087 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 01-189/9039 дүгээр албан   бичиг зэргийг үндэслэж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл, хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.

        9.Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн байх тул өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх нөхцөл үүссэн байхад хариуцагчаас “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 -д  “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөдлөх журам”-ын 5.7-д  “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална.” гэж заасан  үндэслэлээр нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

          10.Учир нь захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтын шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 1 байрны ******* тоот хаяг дах 53.76 м.кв талбай бүхий орон сууцыг Д.О*******ийн өмчлөлд бүртгэхийг даалгасан, мөн гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх хүсэлтийг удаа дараа  гаргасан ба үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, прокурорын зөвшөөрөл, барьцаанд байгаа гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна.

          11.Иймд дээрх үндэслэлээр “Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 1 байрны ******* тоот 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.О*******т шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэж    үл  хөдлөх  эд   хөрөнгийн   гэрчилгээг  гарган  өгөхийг  Б дүүргийн   улсын  бүртгэлийн  хэлтэст  даалгах”  тухай  нэхэмжлэлийн  шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг  тус тус заасныг баримтлан Д.О*******ээс Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 1 байрны ******* тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.О*******ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагчид  даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ