| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0160/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Я.Дина
Шүүгдэгч: Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Иш овогт Н-н Т-д холбогдох 1735001320086дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1976 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Түргэн сумын дунд сургуулийн галч ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс дөрвөд, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОН76112174, Иш овогт Н-н Т.
Холбогдсон хэргийн талаар:Н.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутагт хохирогч Ц.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Т- гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Т нь Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутагт 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ц.Д-г зодож, түүнийэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Д-н “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед намайг гэрт байж байхад манай нөхөрлөлийн дарга Б утсаар ярьж “О гэх айлд хүрээд ирээч, бид нар найранд яваад ирлээ, өгсөн бэлэгнээс ирж ав” гэж дуудсан. Би Он гэрт очиход нөхөрлөлийн гишүүд Н гэх хүний хүүхдийн найрны ажилд яваад ирсэн архи ууж байсан. Би уг хүмүүстэй цуг байж байтал О гэх эмэгтэй нөхөрлөлийн дарга Б уруу уурлаж “миний аавыг үхэх үед чи ирээгүй” гэсэн утга бүхий үг хэлээд байхаар нь тэр хоёрын хажуунаас О-д хандаж “чи хүн үхэж байхад ирсэн хүмүүсийг бүртгэж байсан юм уу” гэж хэлсэн. Тэр үед О-ны нөхөр Т гэрийн хаалганы хажууд зогсоод бид нарын яриаг сонсож байсан. О гэрээс гараад явсан. Харин Т над уруу чиглэж ирээд миний гар уруу хөлөөрөө 2 удаа өшиглөж цохичоод эхнэрийнхээ араас явсан. Би гэртээ очоод амарсан боловч миний гар өвдөөд байсан. Өглөө нь босоход миний гар ямар ч мэдээгүй болсон байсан. Улмаар аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэхэд миний гарын яс хугарсан байсан. Н.Т нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад бэлэн 1180000 /нэг сая нэг зуун наян/ мянган төгрөгийг 4 хувааж өгсөн. Мөн нэг портер түлээний мод /хожуул/ бэлдэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэжлэх зүйл байхгүй” /хх-ийн6-9 тал/гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-н “Би нөхөр Н.Т-тэй 1998 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болж сайхан амьдарч байна. Нөхөр маань тайван даруу зантай, архи уусан үедээ чимээгүй байж байгаад унтдаг. Уг нь миний нэр О юм. Анх иргэний үнэмлэх авах үед аав маань миний нэрийг Ц гэж иргэний бүртгэлд бүртгүүлсэн байсан. Үүнээс хойш иргэний үнэмлэх дээрх нэр Ц, харин хүмүүс хуучин нэрээр маань О гэж дууддаг юм. ...Нөхөр маань ирж надад “би Д гарыг хугалсан юм байна” гэж хэлсэн. Би нөхөрлөлийн дарга Б-д хандаж “миний аав нас барахад чи ирээгүй” гэж хэлсэн. Тэр үед Д хажуунаас надад хандаж хүн нас барсан байхад яахаараа ирсэн хүмүүсийг бүртгээд байж байдаг юм бэ?” гэсэн утга бүхий зүйл ярихад нь миний нөхөр Т уурлаж Д-г өшиглөсөн” /хх-ийн16-18 тал/гэх мэдүүлэг,гэрч Ч.Д-н“...Д, Т-н эхнэрт нас барсан аавынх нь талаар яриад байхаар нь Т уурлаж өшиглөсөн. Т эхнэр Ц гэрээс аваад гарах гэж байхдаа эргэж хараад Д-н гарны хэсэгт өшиглөсөн” /хх-ийн 19-20 тал/ гэх мэдүүлэг, гэрч С.С-н“…Тухайн үед Ц согтож Б-д хандаж “миний аавыг нас барах үед чи ирээгүй” гэж хэлсэн. Тэр үед хажуунаас Д нь Ц-д хандаж “чи хүн нас барсан байхад яасан завтай юм бэ” гэсэн зүйл яриад байсан. Энэ үед Ц уурлаад гэрээс гараад явсан. Араас Ц-н нөхөр Т гэрээс гарах гээд явж байтал Д Т-д хандаж “хадам аав чинь улсын сайн малчин байсан юм уу” гэсэн зүйл ярсан. Т уг яриаг сонсоод уурласан бололтой Д рүү эргэж очоод гарны хэсэгт 2 удаа өшиглөсөн юм” /хх-ийн 21-22-р тал/гэх мэдүүлэг, гэрч Н.Ч-н “…Ц нөхөр Т гэрээс гарах гээд явж байгаад Д-н хэлсэн үгэнд уурлаж гар луу нь өшиглөсөн” /хх-ийн 23-24-р тал/гэх мэдүүлэг, гэрч Н.Г-н“…Ц.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 25-нд бусдад зодуулсан гэж үзүүлсэн. Баруун талын шууны дунд хэсгээр хавантай, тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. Рентгенд зураг авч үзэхэд шууны гадна ясны 3/1-ээр хугарсан байсан. Тухайн үед гипс тавьж өгч эмийн эмчилгээ зөвлөж явуулсан” /хх-ийн 28-29-р тал/гэх мэдүүлэг, гэрч А.Х-н “2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байх өглөөний 09 цагийн үед Н.Т манайг эрт ирж “урьд орой Д-н гар луу өшиглөсөн байна, надтай цуг яваад гарыг нь бариад өгөөч” гээд гуйгаад байхаар нь хамт Д-н гэрт очсон. Намайг очиход Д орон дээр хэвтэж байсан ба гар нь нэлээн зовиуртай байсан. Би гэмтсэн гарыг үзэхэд шуу нь хугарсан байдалтай байх шиг байсан тул гарыг нь барилгүйгээр “эмчид үзүүлж зураг авхуул” гээд явуулсан” /хх-ийн 30 тал/гэх мэдүүлэг,шүүгдэгч Н.Т-н хэргээ хүлээн мэдүүлсэн “Миний эхнэр Г.Ц-н аав Г нь 2013 онд нас барсан ба ажил явдалд нь найз Ш.Б ирж оролцоогүй байсан. Ш.Б-н ажил явдалд оролцоогүй асуудлаар миний эхнэр Г.Ц нь найз Ш.Б-тай ярилцаж байхад хажуунаас Ц.Д миний эхнэрт хандаж “чиний аав аймгийн аварга малчин байсан юм уу,улсын сайн малчин байсан юм уу?Хүн бүр очих ёстой юм уу" гэсэн утга бүхий хэрүүл маргааны шинжтэй зүйл яриад байхаар нь би уурлаж Ц.Д-г өшиглөсөн юм. Уг өшиглөлтийн улмаас Ц.Д-н баруун гарын яс хугарч гэмтэл учирсан.Би Ц.Д-н хохиролд бэлнээр 1,180,000 төгрөг болон 1 портер машинаар түлээний мод бэлдэж өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтзэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд тухайн өдөр шүүгдэгч Н.Т, хохирогч Ц.Д нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсч, хоорондоо үл ойлголцсон байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч Н.Т хохирогч Ц.Д-н баруун гар хэсэгт 2 удаа өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Ц.Д-н баруун гарын шууны богтос яс хөндлөн хугарсан зөрөөтэй, гипс тавигдсан байна. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 634 дүгээр дүгнэлт /хх-ийн 11 тал/, хохирогчийн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 14, 27-29, 36-41 тал/-аар тогтоогдсон байх тул прокуророосЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогчийн гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 57 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Хэргийн 49 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Н.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоосон ба түүндял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дах хэсэгт заасан журмын дагуу хянан үзэж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолоор хүсэлтийг хангасан байх тул шүүх Н.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж,прокурорын санал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иш овогт Н-н Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА